Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1020

 

                                                      М.Д-ад холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Л.Очбаяр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2407 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр М.Д-ад холбогдох эрүүгийн 1803004070246 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Бэсүд овгийн М.Д-, 1997 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/;

            М.Д- нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шөнийн зах”-ын баруун талд “Honda CRV” загварын, 68-18 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг засаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Нармандахыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн Прокурорын газраас: М.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6014 дугаартай дүгнэлтэд “Н.Нармандахын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан” гэж, шинжээчийн №706 дугаартай дүгнэлтэд “Н.Нармандахын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан” гэж тус тус зөрүүтэй байх тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилон аль шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулах, 2. Замын цагдаагийн албаны №332 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, 3. Хохирогч Н.Нармандахын өвчний түүх, хаана эмчлүүлсэн талаарх бичгийн нотлох баримтыг хэрэгт хавсарган ирүүлэх, 4. Зам тээврийн осол болсон газрын орчим камер болон хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байсан эсэхийг шалган тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудыг хийх нь зүйтэй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №6014 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Н.Нармандахын биед баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал тогтоогдсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус байсан тул Н.Нармандахын зүүн тавхайн яс, шагайн үений эгц, хажуу байрлалыг харуулсан рентген зургийн СиДи-г үндэслэж нэмэлт шинжилгээг хийлгэсэн ба №706 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “завь ясны дээд ирмэгт ташуу сэлтэрсэн, гадна шаантаг ясанд хөндлөн сэлтэрсэн хугарал буюу №6014 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй гэмтлийг тогтоож, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж үзсэн тул сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Замын цагдаагийн албаны №332 дугаартай дүгнэлтийг хэний хүсэлтээр, ямар шалтгаанаар дахин гаргуулах болсон талаарх үндэслэлээ тодорхой заагаагүй байх тул дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй. Харин дээрх техникийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан яллагдагч М.Д-ын зөрчил нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, хохирогч, яллагдагч нарыг мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

3.  Хохирогч Н.Нармандахын өвчний түүх, хаана эмчлүүлсэн талаарх бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан.

4. Зам тээврийн осол болсон газрын орчим дахь камерын бичлэг хэрэгт авагдаагүй боловч осол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зэрэгт тусгагдсан А, Б цэгийг хохирогчоор заалгаж, түүнийг нь осол гаргасан жолоочид танилцуулсныг тэрээр зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Л.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Зам тээврийн осол, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг хохирогчийн аман зурагт үндэслэж гаргасан. Тухайн осол болсон газарт үйлчилгээний байгууллага олноор төвлөрсөн байхад ойр орчим дахь камерын дүрс бичлэгийг авч шалгаагүй. Зам тээврийн оролцогч гэдэгт жолооч, явган зорчигчийн аль аль нь хамаарч байгаа. Тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт гарсан осол болгоныг жолоочийн буруу гэж үзэж болохгүй. Иймээс жолооч, явган зорчигчийн хэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг бодит байдалд үндэслэж тогтоох нь зүйтэй. Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээ бүхий гарсан. Өөрөөр хэлбэл 2 дахь шинжээчийн дүгнэлтийг ямар нотлох баримтад үндэслэн гаргасан нь тодорхойгүй байдаг. Дээрх байдлуудыг тогтоолгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч М.Д-ыг 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шөнийн зах”-ын баруун талд “Honda CRV” загварын, 68-18 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Нармандахыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, шүүгч хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “...мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай...” гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”,

- 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;”

- 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;”,

- 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж,

мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:”,

- 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч Л.Очбаяр нар нь “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” талаарх гомдол, хүсэлтээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шатанд бус анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад гаргасныг шүүх хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Хохирогч Н.Нармандахын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох асуудлаар дахин шинжилгээ хийлгэх, хохирогчийн өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой байх бөгөөд шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй болно.

            Иймд прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, М.Д-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2407 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Д-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл М.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                        ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                                Н.БАТСАЙХАН