| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00677/и |
| Дугаар | 008223 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 008223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багт оршин суух, Боржгон овогт Баасанжавын Мөрөн / РФ57071779 / регистрийн дугаартай.
Үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дэлгэрцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөрөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие Баасанжав овогтой Мөрөн нь нэгдлийн ажилчдын байрыг хувьчилж авсан бөгөөд одоо тэндээ амьдарч байгаа болно. Гэтэл одоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд 2009 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 152 тоот шийдвэрийн 212301633 дугаартай газрын гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мөрөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөрөнгийн Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүр 1970-аад оны үеэс л манайх уг байшинд амьдарч байсан. Манай өвөө, эмээ амьдарч байгаад одоо манай аав амьдарч байгаа. Аав маань Эрдэнэбулган сумын сангийн аж ахуйд ажиллаж байгаад хувьчлалаар уг байшингаа авсан байдаг. Тэгээд сумын А зэрэглэлийн газар учраас газрыг нь эзэмшүүлэх асуудал төвөгтэй байсан бөгөөд тэрнийг нь шийдвэрлэж газрын гэрчилгээ олгосон. Одоо дээр нь байгаа хувьчлалаар авсан дүнзэн байшингаа үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх гэтэл шүүхээр шударга өмчлөгч болохоо тогтоолгож ир гэсэн. Тэгээд шүүхэд хандах болсон юм. Манайх уг байшиндаа 40 гаран жил амьдарч байна.
Иймд уг үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөрөн нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг 3-1-16а тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосноор эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ авах зэрэг эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Баасанжав овогтой Мөрөн нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 3-1-16а тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь:
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “...Улаан байрнаас Халуун ус, Халуун уснаас тул сан, Тул сангийн байрнаас худалдаа бэлтгэлийн ангийн 4 айлын орон сууц, 4 айлын орон сууцнаас Улаан байрны хойд булан хүртэлх газарт иргэнд газар өмчлүүлэхийг зөвшөөрсүгэй ...” гэх Газар өмчлүүлэх асуудлыг түдгэлзүүлсэн заалтыг хүчингүй болгох тухай тогтоол, хуралдааны тэмдэглэлийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн дарагдсан хуулбар 6 хуудас,
“ Монгол Улсын Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар 000692249, Боржгон Баасанжав Мөрөн-д Хөвсгөл Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 152 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 212301633 дугаар бүхий 391,8 м2 газрыг 60 жилийн хугацаатай 4-р баг 3-1-16а тоотод газрын байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов. Газрын албаны дарга /сумын газрын даамал/ С.Урнаа 2017 оны 06 сарын 19 “ гэх бичилт бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, иргэний хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 1 хуудас, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг 1 хуудас,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Очирхуягийн 2017 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн 1/811 дугаартай “ Үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 13.5.1-д заасан нотлох баримтыг үндэслэн бүртгэдэг ба иргэн Б.Мөрөн /РФ57071779/-ийн өмчлөлийн гэх Эрдэнэбулган сумын 4-р багийн 3-1-16а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхэд нотлох баримт нь байхгүй байх тул шүүхээр шударга өмлөгчөө тогтоолгоно уу” гэх албан бичиг,
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн засаг дарга Б.Гал-Эрдэний 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 105 дугаартай “ 4-р багийн 3-р хорооны “А” тоот сангийн аж ахуйн байрыг Ч.Бадамсэд нь 1973 оноос хойш эзэмшин амьдарч байсан. 1992 оноос хойш Баасанжав овогтой Мөрөн /РФ57071779/ нь өөрийн нэр дээр хувьчлан авч одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн болно “ гэх албан бичиг,
Тухайн үл хөдлөх хөрөнгийн дөрвөн талаас нь авсан гэрэл зураг,
Гэрч Хорлоогийн Энэбишийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “ ... Мөрөн бид хоёр Эг-Үүрийн сангийн аж ахуйн 2 дугаар бригадад 1974-1992 онуудад трактор-комбайнчаар ажиллаж байсан. Манай сангийн аж ахуй нь тракторын жолооч, мэргэжилтнүүдэд буюу зоотехникч нябо, эдийн засагчаар ажиллахаар шилжин очсон хүмүүсийг байраар хангадаг байсан бөгөөд сангийн аж ахуйн мэдлийн 40 гаруй буюу 80-аад өрх байрлуулах хүчин чадалтай хоёр талаасаа ордог гурван өрөө дүнзэн байшинтай байсан байсан. Би ч гэсэн 1974-1995 онуудад тэр байранд амьдарч байгаад сангийн аж ахуй хувьчлагдахад нэг байрыг нь авч байсан. Манай сангийн аж ахуй 1992 онд хувьчлагдаж, сангийн аж ахуйн суурин дээр Наранмандал, Цогт-Өндөр, Баян-Өндөр гэсэн гурван компани байгуулагдаж байсан юм. 1992 онд сангийн аж ахуй тарахад надад буюу манай өрхийн 5 гишүүнд хүн тус бүр 10.000 төгрөгийн үнэ бүхий ягаан болон цэнхэр тасалбар өгч байсан юм. Би өрхийнхөө 50.000 төгрөгийн ягаан цэнхэр тасалбараар өөрийн амьдарч байсан албаны 3 өрөө байраа 30.000 төгрөгөнд тооцож авсан бөгөөд үлдэгдэл 20000 төгрөгөөр нь мал авч байсан. 1995 он хүртэл амьдраад сумынхаа Цолмонд 150000 төгрөгөөр зарсан. Б.Мөрөн миний л адил амьдарч байсан байраа авсан... ” гэх мэдүүлэг нэхэмжлэгчийн өөрийн хүсэлт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Дэлгэрцэцэгт олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтыг үндэслэн Баасанжав овогтой Мөрөн нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн 3-1-16а тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Эрдэнэбулган сумын Эг-үүрийн сангин аж ахуйн хувьчлалтай холбоотой баримт олдохгүй, холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн дарга Ж.Жаргалсайханы 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10/411 дугаартай Тус аймгийн Эрдэнэбулган сумын Эг-үүрийн сангийн аж ахуйн ажилчдын байрыг хувьчилсантай холбогдох баримт бичиг манай архивт байхгүй тул Б.Мөрөнд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэсэн албан бичгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Мөрөнгөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Баасанжав овогтой Мөрөн /РФ57071779/ нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 3-1-16 а тоот дахь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөрөнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА