Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч Ч.Э

Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н Ү-т холбогдох 2140000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... аймгийн .... сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ... регистрийн дугаартай Б овогт Д.Ү

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.Ү нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед ... сумын ...дүгээр баг, ... тоотод оршин суух хаягтай Ч.Э-н гэрт хонох үедээ авдран дотор нь байсан /бэлнээр/ 680,000  төгрөгийн нууцаар, хууль бусаар авч бусдад 680,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ү шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр архи ууж явж байгаад шөнө 11 цагийн үед согтуу орж хоносон гэсэн. Зарим зүйлээ сайн санахгүй байна. Эхнэр нь айлд гэдэс цэвэрлэнэ гээд явах гэж байсан. Тэгээд унтсан. Нэг харсан Э авдраа уудалж мөнгө авч байсан. Тэгээд бэлэн мөнгөтэйг нь харсан. Тэгээд тэр бэлэн мөнгийг тоолоогүй тэр чигээр нь аваад халааслаад гараад явсан. Тэгээд хоёр шил архи, идэж уух юм гоймон аваад явж байтал манай найз таарсан тэднийг очоод дахиад уусан. Маргааш нь согтуу тэдний үүдээр явж байхыг авгай нь олж хараад авчирсан” гэв.

Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр манай эхнэр айлын идэшний гэдэс арилгана гээд явсан. Д.Ү бид хоёр манай гэрт үлдсэн. Би цалингаа аваад авдартаа 700,000 төгрөг хийсэн байсан. Надаас манай найз 20,000 төгрөг зээлчих гэж хэлсэн. Тэгээд би авдараа онгойлгоод 20,000 төгрөг авсан. Намайг авдараа цоожлож байхад  мөнгө байгааг нь Д.Ү харсан. Би орой ажилтай учраас унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад мөнгийг нь маань аваад гарсан байсан. Би мөнгөө алдсан гэдгээ ажилд гарахынхаа өмнө мэдсэн. Манай эхнэр байхгүй байсан учраас тамхи авах гэсэн чинь мөнгө байхгүй байсан” гэв.

2140000000080 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Д.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд айлуудаар архи ууж явж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө найз Э-ийн Бор-Өндөр сум 4-р баг Геологийн байранд очиж унтсан. Би унтаад өглөө нь сэрсэн Э, Э-ийн эхнэр Б хоёр байсан. Тэгээд Б хөдөө явлаа гээд яваад өгсөн. Эгэрийнхээ зүүн хойд талын авдарнаас мөнгө авсан. Тэр үед нь нилээн их л мөнгө байх шиг байхаар нь би Э-д ямар их мөнгөтэй юм бэ гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хэвтэж байсан Э хойд орон дээрээ унтаад өгөхөөр нь би өмднийхөө түдүүлнээс зүүчихсэн байсан түлхүүрийг нь өмдтэй нь хамт орны хөлнөөс аваад мөнгө авч байсан шаргал өнгөтэй модон авдрыг нь онгойлгосон гялгар ууттай мөнгө ил байхаар нь аваад халаасандаа хийгээд түлхүүртэй өмдийг нь буцаагаад байсан газар нь тавьсан. Би мөнгө авч халаасандаа хийхдээ тоолоогүй, хэдэн төгрөгийн дэвсгэртүүд байсныг нь сайн анзаарч хараагүй, хальт харахад 10.000 төгрөгийн дэвсгэртүүд л байх шиг байсан. Би мөнгийг нь аваад шууд гэрээс нь гараад идэж уух юм авч идсэн, архи авч уусан. Би 11 сарын 21-ний өдөр хүртэл мөнгийг нь хэрэглээд яваад байсан 58.600 төгрөг үлдсэн байсан. Би үлдсэн мөнгийг Э-д өгсөн. Тэр үед цаг 11 цаг 30 минут болж байсан. Би гэхдээ яг нарийн минутаар нь санахгүй байна. Би архи уух гэж л авсан. Би нилээн согтолттой байсан архи бүрэн гараагүй байсан. Би хэдэн төгрөг авсан гэдгээ мэдэхгүй байна, авснаас 3 хоног үрээд 58,600 төгрөг үлдсэн байсан. Идэж уух юм, архи авсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25-р хуудас/

Хохирогч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө гэртээ эхнэр Б-гийн хамт байхад Ү буюу нүдэн Бааяа манай гэрт орж ирсэн. Би 11 сарын 20-ны өглөө босоод байж байхад эхнэр хөдөө яваад би Ү-н хамт гэртээ үлдсэн. Тэгтэл манай найз Энхтөр надаас 20,000 төгрөг зээлээч гээд утсаар ярихаар нь 10 цаг өнгөрч байхад би өөрийн бэлнээр авдрандаа хадгалж байсан 700.000 төгрөгөөс 20.000 төгрөг аваад хэвтэж байсан орныхоо гудсан завсраа хийгээд хэвтэж байгаад орой ажилтай байсан болохоор унтчихсан. Урьд нь манайд хүн орж ирээд юм хулгайлаад байдаггүй байсан болохоор санаанд ороогүй мөнгөө буцааж авдрандаа хийгээд цоожлоод түлхүүрийг нь өмдний халаасандаа хийгээд унтсан. Намайг авдарнаас мөнгө авч байхыг Ү хараад та ямар их мөнгөтэй юм бэ гэж хэлж байсан. Би хот руу эмчилгээнд авч явах мөнгө байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд 11-13 цагийн хооронд би унтаад сэрэхэд Ү гэрт байхгүй, авдарны түлхүүрийг өмдний халаасанд буцаагаад хийчихсэн, авдар цоожтой байхаар нь тухайн үед анзаараагүй байж байгаад 18 цагийн үед авдарнаас мөнгө авч тамхи авах гэтэл авдранд байсан мөнгө байхгүй байсан. Би тэгэхээр нь Ү-г аваад явчихлаа гээд тэр өдрөө хайгаад олоогүй. Тэр өдөр Ү надтай хамт гэрт байсан ба өөр хүн гэрт орж ирж, гараагүй. Тэгээд болсон явдлаа эхнэрийг орой гэрт ирэхээр нь хэлсэн. Өмнөх өдөр нь Ү ямар ч мөнгөгүй согтуу орж ирж гэрт унтсан. Мөнгөө алдсаны маргааш өдөр нь буюу 11 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад эхнэр гэрээс гараад Ү-г олоод гэрт оруулж ирсэн. Тэгтэл Ү согтуу байсан ба Ү-с эхнэр мөнгөө авъя гэтэл 58,600 төгрөг Ү-т байсан, мөн миний гэртээ ашиглаж байсан сахлын машиныг аваад явсан байсан ба Ү-ын халааснаас гарч ирсэн. Тэгэхээр нь би сахлын машинаа өөрөө авсан. Харин 58,600 төгрөгийг аваагүй шууд цагдаад хандсан. Харин Ү-с яагаад мөнгө хулгайлаад явчихваа гэхэд Ү би авчихсан юм яадаг юм бэ би төлчих чадвартай, бяруу өгчихье гэж хэлсэн. Би Хаан банкны виза карт захиалаад ирээгүй байсан тул цалингаа бэлнээр 700,000 төгрөг аваад авдрандаа хийсэн байсан. Тэр мөнгөнд 2 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт, 64 ширхэг 10,000 төгрөгийн дэвсгэрт байсан. Харин Ү-т миний 1 ширхэг 20,000 төгрөг, 3 ширхэг 10.000 төгрөг, 1 ширхэг 5,000 төгрөг, 3 ширхэг 1,000 төгрөг, 1 ширхэг 500 төгрөг, 1 ширхэг 100 төгрөг буюу нийт 58,600 төгрөг байсан. Ү нь уулын баяжуулах үйлдвэрийн баяжуулах фабрикт хэдэн cap урьд нь ажиллаж байсан. Тэр үеэс хойш таньдаг болсон. Төрөл садангийн холбоо байхгүй. Танил болохоор манайд ирж хоносон. Би одоо 680,000 төгрөгөө нэхэмжилж байна. Ү-н манайхаас авч явсан сахлын машиныг би өөрөө маргааш нь авчихсан учраас сахлын машин нэхэмжлэхгүй. Бүрэн бүтэн байгаа. 680,000 төгрөгөө авах шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/

 Хохирогч Ч.Э-н 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад гомдол санал, нэхэмжлэх  зүйл байхгүй. Би өөрийн Хаан банкны 5946018122 тоот дансаар өнөөдөр Ү-аас 600,000 төгрөг авсан. Цагдаагийн байгууллагад хураалгасан 58,600 төгрөгийг нэмээд авчих байх тэгээд үлдсэн 12,600 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 30-р хуудас/

Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би авдранд мөнгө байсныг би мэдээгүй байхад өөр хэн мэдсэн байх вэ гэж асуухад аав тэр өдөр авдранд байсан 700,000 төгрөгөөс 20,000 төгрөг авахад нүдэн Бааяа хараад ямар их мөнгөтэй юм бэ гэж хэлсэн гэж аав Э хэлсэн. Аав уурхайгаас цалингаа авчхаад 700,000 төгрөгийг авдрандаа хийгээд хадгалж байсан гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь би аавын гэр рүү ороход ээж Нүдэн Б-г бариад авсан гээд гэрт ээж, аав, Б 3 сууж байсан. Ээж Б-г бариад авсан гээд сууж байсан. Тэгэхээр нь би Б-д хандаж найз гэж явчхаад гэр оронд нь хоночхоод яагаад мөнгийг нь аваад хорлочхов гэж хэлэхэд Бааяа надад хэлэхдээ яадаг юм бэ би авчихсан юм оронд нь бяруу өгчихье гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би гараад явчихсан. Буцаад аавынд ороход Б-г цагдаа аваад явчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 22 цагийн үед ирэхэд нөхөр Э ажилдаа яваагүй, мөнгөө хулгайд алдчихлаа гээд сууж байсан. Ү- гэрт байхгүй байсан. Би юу болсон талаар нөхрөөс асуухад нөхөр хүнд 20,000 төгрөг өгөх гээд авдранд байсан ууттай 700,000 төгрөгөөс 2 ширхэг 10,000 төгрөг буюу 20,000 төгрөг аваад эргүүлээд үлдсэн мөнгө буюу 680,000 төгрөгөө авдранд хийхэд Ү хараад ямар их мөнгөтэй юм бэ гэж хэлж байсан. Тэгээд би санаанд ороогүй авдраа цоожлоод түлхүүрээ өмдний халаасандаа хийгээд унтчихсан хойгуур Ү авдарнаас мөнгө аваад явчихлаа гэж хэлсэн. Би шөнө болсон болохоор Ү-г хайгаагүй. Би 21-ний өглөө 08 цагийн үед байж болох газраар нь очиход байхгүй байсан. Тэгээд би хашаандаа явж байтал нохой хуцахаар нь эргээд хартал Ү хашааны урдуур явж байсан. Тэгэхээр нь би Ү-ыг гэрт оруулж ирээд халааснаасаа мөнгийг маань гарга гэхэд нөхрийн сахлын машиныг халааснаа гаргаж ирж өгсөн. Бас 58,600 төгрөг гаргаж ирсэн. Би тэр 58,600 төгрөгийг нь аваагүй цагдаад гомдол гаргахдаа цуг өгсөн. Ү-г гэрт оруулж ирээд юу болсныг асуухад нөхөр бид хоёрын дэргэд би авсан яадаг юм бэ, тэр мөнгийг чинь төлчихье, бяруу өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад цагдаад гомдол гаргасан. Ү-тай би ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Манай нөхөр Э-тэй хамт ажилладаг байсан. Тэгээд таньдаг болсон. Урьд нь манайхаар орж гардаг байсан. Одоо Ү-с хулгайлж авсан 680,000 төгрөгийг авах шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

              Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ү нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчим ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух Ч.Э-н гэрт хууль ёсоор нэвтэрсний дараа авдран дотор нь байсан 680,000  төгрөгийг нууцаар, хууль бусаар авч бусдад 680,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.Э-н “...Тэгтэл Ү согтуу байсан ба Ү-с эхнэр мөнгөө авъяа гэтэл 58,600 төгрөг Ү-т байсан, мөн миний гэртээ ашиглаж байсан сахлын машиныг аваад явсан байсан ба Ү-ын халааснаас гарч ирсэн. Тэгэхээр нь би сахлын машинаа өөрөө авсан. Харин 58,600 төгрөгийг аваагүй шууд цагдаад хандсан. Харин Ү-с яагаад мөнгө хулгайлаад явчихваа гэхэд Ү би авчихсан юм яадаг юм бэ би төлчих чадвартай, бяруу өгчихье гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,

Гэрч Г.Д-н “...Тэгэхээр нь би Бааяад хандаж найз гэж явчхаад гэр оронд нь хоночхоод яагаад мөнгийг нь аваад хорлочхов гэж хэлэхэд Бааяа надад хэлэхдээ яадаг юм бэ би авчихсан юм оронд нь бяруу өгчихье гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би гараад явчихсан. Буцаад аавынд ороход Бааяаг цагдаа аваад явчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Б-н “...би Ү-г гэрт оруулж ирээд халааснаасаа мөнгийг маань гарга гэхэд нөхрийн сахлын машиныг халааснаа гаргаж ирж өгсөн. Бас 58,600 төгрөг гаргаж ирсэн. Би тэр 58,600 төгрөгийг нь аваагүй цагдаад гомдол гаргахдаа цуг өгсөн. Ү-г гэрт оруулж ирээд юу болсныг асуухад нөхөр бид хоёрын дэргэд би авсан яадаг юм бэ, тэр мөнгийг чинь төлчихье, бяруу өгчихье гэж хэлсэн....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн  сэдэлтээр үйлджээ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан бага хэмжээний буюу 300,000 төгрөг түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хууль тогтоогч тайлбар хийсэн бөгөөд энэ хэргийн тухайд шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 680,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

Хохирогч Ч.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Надад гомдол санал, нэхэмжлэх  зүйл байхгүй. Би өөрийн Хаан банкны 5946018122 тоот дансаар өнөөдөр Ү-с 600,000 төгрөг авсан. Цагдаагийн байгууллагад хураалгасан 58,600 төгрөгийг нэмээд авчих байх тэгээд үлдсэн 12,600 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан Оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэх үүргийг хүлээлгэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан эрүүгийн хариуцлагын хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг 20,000 /серийн дугаар: AF5094406/ төгрөг, 3 ширхэг 10,000 /серийн дугаар: PS8917157, NZ4607196, АН1584060/ төгрөг, 1 ширхэг 5,000 /серийн дугаар: AN0441987/ төгрөг, 3 ширхэг 1,000 /серийн дугаар: AU2965643, AQ7820548, AV4612814/ төгрөг, 1 ширхэг 500 /серийн дугаар: AS2277551/ төгрөг, 1 ширхэг 100 /серийн дугаар: AQ6182128/ төгрөг нийт 58.600 төгрөгийг хохирогч Ч.Э-д олгохоор шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ү-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Д.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Ү-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан Д.Ү-т хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 58,600 төгрөгийг хохирогч Ч.Э /РД:.../-д олгосугай.
  7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Ү-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР