Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б-т холбогдох 2140000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...оны ... дүгээр сарын ...-ний өдөр .. аймгийн ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын .. дугаар баг ... тоотод оршин суух, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай Б овогт Ц.Б. 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг, ... тоотод буюу Г.Г-н гэрт хохирогч Г.Н-н хоолойн тус газар заазуураар 1 удаа зүсэж улмаар эрүүл мэндэд нь хүзүүний урд болон  зүүн хэсгүүдийг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий гэмтэл  учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Бшүүхийн хэлэлцүүлэгт: “Нарлаг хороололд найз Г-д нэлээн халамцуу очсон. Тэгээд найзтайгаа муудалцаад муухай юм болчихсон. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2140000000079 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад ямар ч санаа зорилго байхгүй байсан. Маазарч тоглож байгаад хоолойг нь зүсчихсэн юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35-р хуудас/

Хохирогч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг .. тоотод Г.Г-н гэрт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 16 цагийн үед орсон. Намайг орох үед гэрт Г.Г, П.Ц нар байсан. Би тэр хоёртой юм яриад сууж байхад гаднаас нэлээн халамцуу Н.Б орж ирсэн. Гаднаас орж ирээд суухгүй хоймор дээгүүр нь алхаад л том том дуугараад тоглож байгаа, агсан тавьж байгаа нь мэдэгдэхгүй намайг чи надаас хойно Бор-Өндөр суманд ирсэн, чам шиг муу хошного надаас хойно Бор-Өндөр суманд ирчхээд даам гарах гээд байгаа юм уу гэхээр нь би өөдөөс нь юм хэлээгүй л сууж байсан. Тэгээд Н.Б надруу дайраад байсан Г.Г бид хоёрын голоор орж салгаад чи манай гэрээс зайл гэж хэлээд буцаад суучихсан. Тэгсэн Н.Ббуцаж ирээд ширээн дээр байсан цэнхэр иштэй жижигхэн заазуурыг аваад эхлээд нэг удаа далайхаар нь би заазуурыг нь аваад ширээн дээр халуун савны цаад талд тавьсан. Тэгсэн дахиж аваад шууд миний хоолойг зүсчихсэн. Намайг зүссэний дараа шууд цус гарсан хараад алчуур тавиад нэгдсэн эмнэлэгт машинтайгаа хүргэж өгсөн. Эмнэлэг дээр очоод үзүүлсэн 7 оёдол тавьсан. Одоо миний биеийн байдал сайнгүй байна, гүрээний судаснаас жоохон зайтай л зөрсөн байна гэж хэлсэн гэсэн. Буглуулахгүй гээд эм ууж байгаа. Би Н.Б-г сайн мэдэхгүй, зүгээр нэрийг нь л мэднэ. Миний биед ямар учраас халдсан гэдгийг мэдэхгүй байна. Бид хоёрт өмнө муудаж байсан, өс хонзонгийн зүйл байхгүй. Би бага зэргийн согтолттой байсан. Н.Б нэлээн согтолттой байсан. Хэрэг учрал 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 16 цаг 30 минутын үед болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 16 цаг 45 минутад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехийн цахилгаанчны ажлаас буугаад эмнэлэг орж эхнэрийнхээ машиныг авах гээд явж байх үед эмнэлгийн жижүүр эмч залгаад таны дүү Г.Н хоолойн зүсэгдсэн байдалтай хүлээн авах дээр ирээд байна та хурдан хүрээд ир гэхээр нь очсон. Намайг очих үед Г.Н-н хоолойн цусыг эмч нар тогтоогоод цусыг нь цэвэрлэж байсан. Тэгээд эмчээр оёдол хийлгэчхээд Нарлагийн 4-421 тоотод байрлах гэрт нь машинаараа хүргэж өгсөн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Миний дүү Г.Н-н биед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлагийн нүүрний эгнээний зүүн талаасаа хоёр дахь хашаагүй гэрт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 16 цаг 30 минутын үед Н-ын Б гэх хүн зүссэн гэж Г гэх хүн хэлсэн. Г.Н-н хоолойг заазуураар зүссэн гэсэн. Тэр заазуур хэний заазуур гэдгийг мэдэхгүй байна. Би тэр хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч П.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг ... тоотод гэртээ нөхрийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байх үед гаднаас 16 цагийн үед Г.Н орж ирсэн. Гэрт орж ирээд гэрийн зүүн хойно хөргөгчний наад талд сандал дээр суугаад нөхөр бид хоёртой юм яриад сууж байсан гаднаас удалгүй Н.Б гаднаас архи уучихсан орж ирсэн. Гэрт орж ирээд Г.Н-н урд талд очоод суусан. Би гэрийнхээ баруун талын орон дээр буруу хараад бие өвдөөд хэвтэж байсан тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэр хоёр өмнө нь болж байсан юмаа яриад хэрэлдээд байх шиг байсан. Тэгж хэрэлдэхээр нь нөхрийгөө наад хоёрыгоо салгаад гарга гэж хэлсэн. Манай нөхөр голоор нь ороод салгасан. Тэр хоёрыг салгаад байх үед ширээн дээр байсан ногоон иштэй заазуурыг Н.Б аваад Г.Н-н хоолойг заазуураар шүргэх шиг л болсон. Тэгсэн Г.Н-н хүзүүнээс цус гарч байсан. Би тэрийг нь хараад яанаа юу болчихвоо гээд бушуухан шиг нүүр гарын алчуураар цусыг нь дараад нөхрийгөө Г.Н-г аваад эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад Н.Б-н машинд суулгаад эмнэлэг рүү тэд нар явцгаасан. Би гэртээ үлдсэн. Н.Б барьж байсан заазуураа ширээн дээр тавьсан байхаар нь аваад арчаад цааш нь хийсэн. Тэгээд тэр хоёр манай гэрээр ахиж ирээгүй. Г.Н,  Н.Б нар хоорондоо эхлээд хэрэлдээд сүүлдээ барьцалдаад авахаар нь манай нөхөр салгасан. Тэр хоёрыг салгасан чинь Н.Б ширээн дээр байсан заазуур аваад л шууд хоолойг нь зүсчихсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг ... тоотод гэртээ эхнэрийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байх үед гаднаас Г.Норж ирсэн. Гэрт орж ирээд гэрийн зүүн хойно хөргөгчний наад талд сандал дээр суугаад нөхөр бид хоёртой юм яриад сууж байсан гаднаас удалгүй Н.Б гаднаас архи уучихсан орж ирсэн. Гэрт орж ирээд Г.Н-н урд талд очоод суусан. Би газар гудас дэвсээд хэвтэж байсан. Тэр хоёр зүгээр сууж байгаад өмнө нь хоорондоо муудалцаж байсан асуудлаа яриад тэрэн дээрээ хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгж маргалдаж байгаад барьцалдаад авахаар нь голоор нь орж салгаад гудсан дээрээ хэвтсэн. Гудсан дээр хэвтээд удаагүй байхад Г.Н орчлоо ш дээ гэж хэлэхээр нь харсан Г.Н-н хоолойноос цус гарчихсан, Н.Б ширээн дээр байсан манай гэрийн хоол хийхдээ хэрэглэдэг заазуурыг барьчихсан зогсож байсан. Тэрийг нь хараад rap нүүрийн алчуураар Г.Н-н хүзүүг дараад эмнэлэг аваад явсан. Эмнэлэг рүү Н.Б-ын машинтай гурвуулаа явсан. Эмнэлгийн хүлээн авах дээр очоод үзүүлсэн аваад дотогшоо ороод явчихсан, би оёдлоо тавиулаад гараад ирэхээр нь ахтай нь хамт гэр рүү нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгчхөөд гэр рүүгээ орсон заазуурыг нь арчаад тавьчихсан байсан. Хэрэг учрал болох үед заазуур цус болоогүй зүгээр байсан. Энэ хоёр хоорондоо зодолдоогүй, маргалдаж сууж байгаад барьцалдаад авахаар нь би салгасан. Салгаад хэвтээд удаагүй байхад л хоолойг нь заазуураар зүсчихсэн байсан. Н, Н.Б хоёр жоохон үнэртүүлчихсэн байсан. Айхтар согтсон хүн байхгүй байсан. Манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэр хоёр хоорондоо маргалдаж байсан асуудлаа яриад хоорондоо муудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаартай

  1. Г.Н-н биед хүзүүний урд болон зүүн хажуу хэсгүүдийг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-н 25-26-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух Г.Г-н гэрт хохирогч Г.Н-ийн хоолойн тус газар заазуураар 1 удаа зүсэж бие махбодид нь хүзүүний урд болон  зүүн хэсгүүдийг хамарсан зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий гэмтэл  учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Г.Н-ийн “...Тэгээд Н.Б над руу дайраад байсан Г.Г бид хоёрын голоор орж салгаад чи манай гэрээс зайл гэж хэлээд буцаад суучихсан. Тэгсэн Н.Б буцаж ирээд ширээн дээр байсан цэнхэр иштэй жижигхэн заазуурыг аваад эхлээд нэг удаа далайхаар нь би заазуурыг нь аваад ширээн дээр халуун савны цаад талд тавьсан. Тэгсэн дахиж аваад шууд миний хоолойг зүсчихсэн. Намайг зүссэний дараа шууд цус гарсан хараад алчуур тавиад нэгдсэн эмнэлэгт машинтайгаа хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг,

Гэрч П.Ц-н “...Тэр хоёр өмнө нь болж байсан юмаа яриад хэрэлдээд байх шиг байсан. Тэгж хэрэлдэхээр нь нөхрийгөө наад хоёрыгоо салгаад гарга гэж хэлсэн. Манай нөхөр голоор нь ороод салгасан. Тэр хоёрыг салгаад байх үед ширээн дээр байсан ногоон иштэй заазуурыг Н.Б аваад Г.Н-ийн хоолойг заазуураар шүргэх шиг л болсон. Тэгсэн Г.Н-ийн хүзүүнээс цус гарч байсан. Би тэрийг нь хараад яанаа юу болчихвоо гээд бушуухан шиг нүүр гарын алчуураар цусыг нь дараад нөхрийгөө Г.Н-г аваад эмнэлэг яв гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,

Гэрч Г.Г-н “...Тэр хоёр зүгээр сууж байгаад өмнө нь хоорондоо муудалцаж байсан асуудлаа яриад тэрэн дээрээ хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгж маргалдаж байгаад барьцалдаад авахаар нь голоор нь орж салгаад гудсан дээрээ хэвтсэн. Гудсан дээр хэвтээд удаагүй байхад Г.Н орчлоо ш дээ гэж хэлэхээр нь харсан Г.Н-ийн хоолойноос цус гарчихсан, Н.Б ширээн дээр байсан манай гэрийн хоол хийхдээ хэрэглэдэг заазуурыг барьчихсан зогсож байсан. Тэрийг нь хараад rap нүүрийн алчуураар Г.Н-ийн хүзүүг дараад эмнэлэг аваад явсан. Эмнэлэг рүү Н.Б-ын машинтай гурвуулаа явсан..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Г.Н-ийн хоолойн тус газар заазуураар 1 удаа зүсэж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Г.Ннь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, бие биенээ үл хүндэлсэн харилцаа нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн  иштэй ажлын хэсэг 12,5 см, бариул 12 см, нийт 14,5 см урттай 1 ширхэг заазуурыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр хот тохижилт” Орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт өдөрт 8 (найм) цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн  иштэй ажлын хэсэг 12,5 см, бариул 12 см, нийт 14,5 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР