Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт  оршин суух Тэмээ овогт Ренчингийн Батсүх / ФД55071212/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч Р.Батсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Батсүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие  Ренчингийн Батсүх нь Эрдэнэт хот дахь Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд МХЗЭ-ийн элгээлтээр Хөвсгөл аймгаас хувиарлагдан 1976.8.20-оос номер 3 тоот тушаалаар Бетончноор томилогдож 1978.12 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан. Мөн 1982 оны 5 сарын 4 нөөс 1989 оны 10 сарын 21 нийг хүртэл Улаан толгойн сангийн аж ахуйд Гагнуурчин операторчин хийж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орсон боловч Бетончин хийж байсан үеийн ажлаас халагдсан тушаал байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр байхгүй шалтгааны улмаас тэтгэвэр зогсоогдсон тул 1976 оны 8 сарын 20-ноос 1978 оны 12 сарын 31-ныг дуустал бетончиноор, 1982 оны 5 сарын 4-нөөс 1989  оны 10 сарын 21нийг хүртэл Улаан толгойн сангийн аж ахуйд Гагнуурчин, операторчин хийж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү

Нэхэмжлэгч Р.Батсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэцэгмаа  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Батсүхийг төрсөн дүү нь байгаа юм. Миний ах тэтгэвэр тогтоолгосон байсан боловч зарим тушаал дутуу гэсэн үндэслэлээр тэтгэвэр нь зогсоогдсон байгаа тул шүүхээр  Эрдэнэт хотод , мөн Улаантолгойн сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацааг нь сэргээн тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд ахын минь ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд 1976 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бетончиноор, 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Улаантолгойн сангийн аж ахуйд гагнуурчин, слесарь, тракторын жолоочоор, 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус сангийн аж ахуйн механикжсан фермийн инженерээр, 1986 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл  мөн сангийн аж ахуйд  операторч, слесариар тус тус ажиллаж байсан болох нь доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1976 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 3 дугаартай “Ажилд томилох тухай” ...9. Рэнцэн Батсүх 19-нээс бетончиноор.. тус тус томилон ажиллуулсугай гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1977 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 391 дугаартай “Мэргэжлийн зэрэг шинээр олгох ба ахиулах тухай” ...14. Рэнчин Батсүх гагнуурчин 4 дүгээр зэрэг... гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1978 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 94 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” ...5. Рэнцэн Батсүх КПП-1 гагнуурчин 4-р сарын 15-наас ажилын 26 хоногоор... амралтыг олгосугай гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дахь Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1978 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 216 дугаартай “Чөлөө олгох тухай” ...КПП-1-ын гагнуурчин Рэнчин овогтой Батсүхэд 9 сарын 7-ноос 14-ныг хүртэл 7 хоногоор... тус тус чөлөө олгосугай гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас,

Улаан толгойн сангийн аж ахуйн даргын 1982 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай “Ажилд томилох ба  чөлөөлөх тухай” ...6. Батсүхийг үр тарианы 3-р бригдадад гагнуурчин- слесарьчаар 5-р сарын 1-нээс... тус тус томилсугай гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

 

Улаан толгойн сангийн аж ахуйн даргын 1985 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай “Ажилд томилох,  өөрчлөн томилох тухай” ...4. Үр тарианы 3-р бригадын тракторч Рэнцэнгийн Батсүхийг 1-р сарын 25-наас эхлэн саалийн механикжсан фермийн инженээр түр ..  тус тус томилж ажиллуулсугай гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Улаан толгойн сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 271 дугаартай “Ажилд томилон ажиллуулах ба ажлаас  чөлөөлөх тухай” ...Рэнцэнгийн Батсүхийг 12-р сарын 23-наас эхлэн нэгдсэн бригдад тракторчноор тус тус ажиллуулсугай... гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Улаан толгойн сангийн аж ахуйн даргын 1987 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд өөрчлөн томилох  тухай” ...1.Нэгдсэн бригадын тракторчин Рэнцэнгийн Батсүхийг Саалийн  механикжсан цогцолборт тэжээлийн цехийн ахлах операторч, слесараар 02 дугаар сарын 09 нөөс...өөрчлөн томилж ажиллуулсугай... гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Улаан толгойн сангийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 245 дугаартай “Ажлаас чөлөөлөх ажилд томилох” ...Рэнцэнгийн Батсүхийг тэжээл цехийн операторчны ажлаас 9-р сарын 22-ноос ...чөлөөлсүгэй... гэх тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг баримт,нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Р.Батсүхийн 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Улаан толгойн сангийн аж ахуйд ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэмээ овогт Ренчингийн Батсүх / ФД55071212/-г Эрдэнэт хотын Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд 1976 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бетончиноор, 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Улаан толгойн сангийн аж ахуйд гагнуурчин, слесарь, тракторын жолоочоор, 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус сангийн аж ахуйн механикжсан фермийн инженерээр, 1986 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тус сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1987 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл  мөн сангийн аж ахуйд  операторч слесариар, тус тус ажиллаж байсан  байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 9 дүгээр сарын 22-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Улаан толгойн сангийн аж ахуйд  ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА