Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгч Б.У  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Б.У-д холбогдох 2140000600057 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, яс үндэс халх, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... аймгийн .... сумын 1 дүгээр баг .. байрны ..2 тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай, М  овогт Б.У

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.У  нь 2021 оны 07 дугаар сарын 11-ны 23 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Т.Э-г бусадтай хардсаны улмаас биед нь халдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь “Зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан  “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У  шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

2140000600057 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Б.У-н 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:Би эхнэрийнхээ хамт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр амарч байхдаа хамт ажилладаг Б , Ч  нартай гэр бүлийн хүмүүсээ аваад Хэнтий аймгийн Баянмөнх сумын төвд, хажууд нь байх Хэрлэн гол дээр очиж амрах гээд Бор-Өндөр сумаас 17 цагийн үед явцгаасан. Баянмөнх сумын хойно Хэрлэн голын эрэг дээр 19 цагийн үед очоод байрлах газраа майхан бариад, хоол хийж идээд орой 22 цагийн үед лаазтай пиво ууцгаасан. Хүний гурав, гурван лааз пиво уугаад сууж байтал Э  гэнэт алга болчихсон. Би эхлээд бие засахаар явсан юм байна гэж ойлгоод хүлээсэн. Хүлээгээд сууж байхад нилээн удаан хугацаагаар ирэлгүй таг болсон. Тэгэхээр нь хамт ирсэн найзуудтайгаа Э-г хайж, тэр хавиар нилээн явсан. Э-г хайж яваад эргээд майхан дээрээ ирсэн чинь Э  ганцаараа майхан руу ирж байхаар нь очиж уулзаад “Чи яав аа, хаагуур яваад ирж байгаа юм бэ” гэж асуухад “Хүндэрчхээд ирлээ” гэхээр нь уурлаад нүүр рүү нь 2 удаа цохисон, тэгэхэд Э  газар унасан. Э-г газар унахаар нь хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд манай найзууд ирээд намайг салгаж холдуулсан. Тэгээд тусдаа унтаж амраад 2021 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Бор-Өндөр сум руу гарцгаасан. Бор-Өндөр суманд ирээд гэртээ хамт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/

Хохирогч Т.Э-н 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би Б.У-тай 1 жил 3 cap хамтран амьдарсан. Гэр бүлийн баталгаагүй. Би Б.У-н найзуудын хамт 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 17 цаг 30 минутын үед Баянмөнх сум руу зугаалгад явсан. Баянмөнх сумын Хэрлэн голын гүүрний хажууд 19 цагийн үед очсон. Тэр газраа байрлаад майхнаа барьж, хоолоо хийж идчихээд 22 цагийн үед 0.5 литрийн савлагаатай шар айрагнаас нэг хүн 3 ширхгийг ууцгаасан. Шар айраг уугаад сууж байхад шээс хүрээд байхаар нь тэнд байсан хүмүүст хэлэлгүй бие засахаар явсан. Бие засаж дуусчхаад нөгөө хэд рүү явсан. Би хэдэн минут бие зассан гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үед цаг хараагүй. Тэд нар дээр очсон Б.У  надад хандаад би чамайг баахан хайлаа, чи хаагуур явсан, голын эргээр эр хайж явж байгаад ирэв үү гэж хэлээд нүүр рүү цохихоор нь би унасан, унасны дараа хамар руу нэг цохисон, толгойн зулай хэсэг рүү 2, 3 удаа цохьсон. Тэгсэн найзууд нь хажуунаас нь салгасан. Бид хоёр өглөө болтол маргалдсан. ...2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед Б.У  гэрээс гараад явчхаад ирлээ гээд ирэхгүй байхаар нь утас руу нь элдвээр хэлсэн чат бичсэн. Б.У  22 цагийн үед гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Гэртээ ирээд бид хоёр маргалдсан. Маргалдаж байгаад Б.У  баруун хацар руу нэг удаа алгадсан, араас утсаа өөдөөс шидээд, ахиад дух руу цохисон. Тэгээд баруун зүүн хоёр мөр рүү 4, 5 удаа цохисон. Тэгээд цохиод байхаар нь би гал тогооны өрөө рүү гүйж ороод хүрэн иштэй хутга аваад нойлын өрөөнд ороод гэдсэндээ тулгаад зүүн гараараа хаалгаа хаах гээд өөрийнхөө гэдэс рүү хутгалсан. Би өөрийгөө гэмтээсний дараа эмнэлгийн байгууллага дуудсан эмч нар цагдаа дуудсан байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж шийдүүлсэн. Энэ өөрийгөө хутгалсан үйлдлийг шалгаж байх үед нь Б.У  намайг зодсон тухай хэлээгүй. Тухайн үед надад гэмтэл учраагүй байсан. Би 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Бор-Өндөр сумын Төмөр замын ажлынхаа Г  гэдэг эгчийн гэрт нь шар айраг уугаад сууж байх үед манай ажлын А , С  нар ирсэн. А , С  хоёр шар айрагнаас уугаагүй. Г  эгч бид хоёр л уусан. Би шөнө 00 цагийн үед Г эгчийн гэрээс гараад А-г гэрт маань хүргээд өг гэж хэлээд машинд нь суусан. Тэгсэн намайг сэр бос гээд хацар руу алгадаад байсан. Сэрээд босоод ирсэн Б.У  утсаараа бичлэг хийчихсэн зогсож байсан. Тэгээд Б.У  А-ны гэрээс гараад явахаар нь араас нь хувцсаа өмсөөд гараад гудмаар доошоо алхсан. Намайг алхаж байх үед Б.У  приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд миний бөгс рүү толиор нь мөргөсөн. Тэгээд намайг машиндаа суулгаад Г  эгчийн гэрт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь согтуу залгаад хайраа хоёулаа гэртээ очъё, гэхээр нь за гээд цуг очсон. Намайг гэрт ирсний дараа намайг яагаад хуурч байгаа юм бэ? гэж хэлээд миний хамар руу 4-5 удаа гараараа цохисон, толгой хэсэг рүү цохиод, өшиглөсөн, гэдэс рүү мөн 3-4 удаа өшиглөсөн. Энэ үед би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй. Миний хамар хавдчихсан байсан. Тэр үед гэрийнхэн ирээд л аваад явсан. Намайг А-ны гэрт унтаж байх үед Б.У  нь утсаараа бичлэг хийгээд миний фэйсбүүкээр ороод тавиад мөн идэвхтэй байсан бүх хүн рүү явуулчихсан байсан. ...Тэр үед цагдаагийн байгууллагад А.У-ыг өмөөрөөд зодуулснаа хэлээгүй. У  намайг зодсон талаар хэлчихвэл цагдаа нар шууд шоронд хийчих байх гэж бодсон юм. Би өөрийгөө хутгалах үед Б.У-ас өөр хүн байгаагүй, Дараа нь 06 дугаар сарын 18-ны өдөр зодуулж байх үедээ эгч Э  руу чатаар залгасан. Тэгээд Э  эгч Сэлэнгэ аймгаас ирж авч явсан. Зодуулсны дараа Г  эгчийн гэрт очсон. Хамгийн сүүлийн удаад найз Ч , Т хоёр эхнэрүүдийн хамт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

Гэрч Ш.Б-ийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Манай гэрт 2020 оны 10 дугаар сард ирсэн. Тэр үеэс хамт амьдарч эхэлсэн. Тэрнээс өмнө хамт амьдарч байсан үгүйг мэдэхгүй байна. Манай гэрт цуг амьдарч байх үедээ маргалдаж, муудалцаж байгаагүй. Бор-Өндөр сумын 2-р баг 48-10 тоотод 2021 оны 04 дүгээр сараас хойш амьдарч эхэлсэн. Тусдаа амьдраад хоорондоо маргалдаж муудалцаж байгаа надад мэдэгдэж байгаагүй. Т.Э  өөрийгөө хутгалчихлаа гээд нэг удаа эмнэлэг орж уулзсан. Эмнэлэг орж уулзахад өөрийнхөө гэдэс рүү дүрсэн байсан. Өөрөөс нь яагаад дүрсэн гэж асуухад хутгаа гэдэс рүүгээ орчихно гэж бодоогүй гэж хэлсэн. Тэгээд ээж рүү нь залгаж хэлэх гэсэн ээжид битгий хэлээрэй гээд уйлж унжаад залгуулаагүй. Би тэр тухай ар гэрийнхэнд нь хэлээгүй. Үүнээс хойш асуудал гаргахгүй байж байгаад 06 дугаар сард өөр хүнтэй явж байгаад тэрийг нь У  мэдээд нөгөө хүнийг нь зодсон байсан. Тэр хүн зодсон асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдсан. Энэ асуудлаас болж Т.Э-ын ах эгч хоёр нь Сэлэнгэ аймгаас ирээд аваад явсан байсан. Би тэр үед нь гэр орноор нь очоогүй. Манай эхнэртэй утсаар яриад уучлаарай гэж хэлсэн байсан. Сэлэнгэ аймаг явснаасаа хойш эхнэр бид хоёр руу ахиж ийм алдаа гаргахгүй гээд урт зурвасууд л бичээд байхаар нь нэг нь шоронд орж, нэг нь шороонд булагдах юм болох гээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэрнээс хойш найзаас нь асуусан Т.Э-ыг Бор-Өндөр суманд ирчихсэн байгаа гэж байсан. Тэгэхээр нь би энд байдаг гэрт нь очсон хаалгаа тайлахгүй байсан. Сэлэнгэ аймгаас ирснээсээ хойш У-тай хамт байж байгаад наадмын өдрүүдээр Баянмөнх сум руу зугаалгад явсан юм шиг байна лээ. Хөдөө очсон хойноо У , Э нар муудалцаад У Э-ын биед халдсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч Х.Б-н 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Ц , найз У , У-ын эхнэр Э , найз Ч , Ч-ийн эхнэр А  нартай хамт Баянмөнх сумын Хэрлэнгийн гүүрний хажууд очиж амарцгаасан. Хэрлэнгийн гүүрний хажууд очиход 0.5 литрийн шар айрагнууд ууцгаасан. У , Ч  бид гурав арай их уусан байх. Эхнэрүүд бага багаар уугаад л байсан. Бөөндөө ууцгаагаад юм яриад сууж байхад У-ын эхнэр Э  босоод явчихсан юм шиг байна лээ. Би тэрийг нь мэдээгүй. У  эхнэрийгээ хайгаад орилоод яваад байсан. Би өглөө ажлаасаа буугаад шууд явчихсан амраагүй байсан болохоор нилээн ядарчихсан, амархан согтсон байсан. Би юу болоод байгааг сайн ойлгоогүй. У  эхнэрийгээ хайж байгаад гараад ирэхээр нь цохисон юм шиг байна лээ. Би Ц , А  хоёртой хамт л сууж байсан. Сууж байгаад босоод очсон У , Т.Э хоёр муудалцчихсан, У  эхнэрийгээ цохичихсон байсан. Би Ч-тай хамт салгасан. Тэр хоёр маргалдаад байсан, У  ахиж гар хүрээгүй. Тэгээд би эхнэртэйгээ амарсан. Өглөө 09 цагийн үед Бор-Өндөр сум руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Гэрч Э.Ч-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр А , найз У , У-ын эхнэр Э , найз Б , Б-н эхнэр Ц  нартай хамт Баянмөнх сумын Хэрлэнгийн гүүрний хажууд очиж амарцгаасан. Хэрлэнгийн гүүрний хажууд очоод Сэнгүр нэртэй 0.5 литрийн шар айраг ууцгаасан. Уугаад сууж байхад У-ын эхнэр Э  байхгүй болчихсон байсан. Тэгсэн У  эхнэрийгээ голын эргээр хайж яваад олдохгүй 30-40 орчим минут хайсан. Хайж байгаад майхан дээрээ ирээд У  гэрэл тусгаад ахиад хайх гээд явсан өөдөөс нь Э  гараад ирсэн. У  эхнэрийгээ гараад ирэхэд хэд хэдэн удаа цохиод авахаар нь би очиж салгасан. Салгасны дараа хоорондоо маргалдаад байсан. Б  цуг ирж салгалцсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад буцаад майхан дээрээ ирцгээсэн. Өглөө нь Бор-Өндөр сум руу 09 цагийн үед гарсан. Бор-Өндөр суманд ирээд салцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Гэрч Т.Э-ийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гэртээ байх үед 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр миний төрсөн дүү Т.Э-ын хүү Т.Тэргэл “ээж зодуулчихсан байна” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь өөртэй нь ярих гээд залгахаар утсаа авахгүй байсан. Нэг цаг орчмын дараа утсаа авсан, утсаа авчхаад юм хэлэхгүй уйлаад л байсан. Аргадаж байж ярьсан би харъя гэхээр нь очиж авахаар болоод үүрээр 04 цаг өнгөрч байхад гарсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 18 цагийн үед очсон. Очоод Т.Э-ын гэрийн хаалгыг тогшсон тайлахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсөн цагдаа ирэхгүй байхаар нь очиж аваад гэрт нь очсон. Цагдаагаар хаалгыг нь онгойлгуулаад орсон. Гэрт нь орох үед Т.Э ганцаараа буйдан дээрээ суучихсан уйлаад байж байсан. Уйлаад байж байхаар нь очиж ярих гэсэн цагдаа нар та нар түр байж бай бид нар уулзчихаад дуудъя гэж хэлээд хэсэг хугацааны дараа дуудсан. Тэгээд дүүтэйгээ сайн ярилцаж байгаад цагдаа дээр очоорой гэж хэлсэн. Гэрт нь орох үед гэрийнх нь хаалга эвдэрсэн, блоконы 1 цонхийг нь аваад тавьчихсан байдалтай байсан. Миний дүүгийн зүүн талын нүд хавдаад улайчихсан, шилбэ хөхөрчихсөн зүүн далны доор хөхөрсөн байсан. Босож явж чадахгүй найгаад байсан. Гэрээс нь гараад цагдаа дээр ирээд эмнэлэгт үзүүлчхээд ир гээд явуулсан. Бор-Өндөр сумын эмнэлэг үзээд 13/а бичиж өгөөд Улаанбаатар хотод очиж үзүүл, тархины бичлэг хийлгэ гэж хэлсэн. Улаанбаатар хот руу шөнөдөө гараад Гэмтэл согогын төв дээр очиж үзүүлсэн. Улаанбаатар хотод очиж үзүүлчхээд Бор-Өндөр сумын цагдаад эмнэлгийн бичгүүдийг өгсөн. Бор-Өндөр сумын цагдаад бичиг өгчихөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу очиж хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. ...Би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг өнгөрч байхад өөрийн фэйсбүүк рүү орсон миний төрсөн дүү Т.Э-ын фэйсбүүкээс бичлэг ирсэн байсан. Тухайн бичлэгийг үзээд удаагүй байхад Т.Э  чатаар залгахаар нь авсан Б.У  байсан. Чатыг нь авсан миний дүү Т.Э-ыг аймаар зодчихсон, цус нөжтэй нь хольчихсон байхаар нь яаж байгаа юм бэ, гуйж аваагүй байж, аллаа ш дээ гэсэн өөдөөс согтуу орилоод байсан. Тэгээд удаагүй тасалчихсан. Тэрийг хараад би ээж, ахын хамт Бор-Өндөр сум руу гарсан. Чатаар залгаад удаагүй танихгүй дугаараас Т.Э  ярьсан. Залгаж яриад зугтаагаад гараад ирлээ гэхээр нь бид нар одоо гарч байна гээд очсон. Бор-Өндөр сум руу явах үед Т.Э-ын фэйсбүүкээс бичлэг тараагаад байсан. Би бичлэгийг нь битгий тараагаарай гээд гуйсан. Бор-Өндөр суманд шөнийн 02 цаг болж байхад орж ирсэн. Бид нарыг Бор-Өндөр сумын постон дээрээс тосч авсан. Гэрт ирээд юу болсон талаар ярилцацгаасан Б.У  юм дуугарахгүй байсан. Би нар тэгээд Т.Э-ыг аваад явлаа гээд аваад явсан. Бид нарыг ирэх үед Т.Э-ын нүүр нь хавтгай болтлоо хавдчихсан, толгой нь энд тэндээ бондойчхсон, бие нь хөх няц болчихсон байсан. ...Бид нар 06 дугаар сарын 18-ны өдөр ирээд өөрийгөө хутгалсан тухай мэдсэн. Хагалгаанд орсон том сорвитой болсон байсан. Тэр тухай Т.Э-аас асуусан өөрийгөө хутгалчихсан юм гэхээр нь чи өөрийгөө хутгалах хүн биш, эгчдээ юу болсон талаар асуусан Б.У намайг зодоод байхаар нь болиулах гээд хутга барьсан. Хутга бариад байх үед нь араас гүйгээд ирэхээр нь хутгаа хаана байгаагаа мэдэхгүй, сандарсандаа хутгалчихсан байсан гэж хэлсэн. Манай ээж рүү 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өглөө Т.Э-ын мастер нь залгаад Т.Э  яасан юм бол, эмнэлэгт хэвтчихсэн гэж байх юм, очиж уулзчихаад яръя, тань руу юу болсон талаар хэлье гэж байсан. Ээж рүү шөнө залгасан байсныг нь мэдээгүй, аваагүй байсан. Мастер нь очиж уулзаад юуны хагалгаанд орж байгаа талаар нь мэдсэнгүй, ямар ч байсан хагалгаанд орсон байна гэж хэлсэн. Бид нар тэр үед ирж уулзах гэсэн Корона гээд хөл хориотой байсан. Т.Э , Б.У  нар руу залгаж асуусан зүгээр гээд байсан. ...Миний дүүгийн хийсэн бичлэгийг Б.У  фэйсбүүк орчинд цацсан. Уг бичлэгээс болж ажлаас нь халсан, нэр хүндэд халдсан, сэтгэл санаагаар хохироосон. Энэ бичлэг тараасан асуудалд гомдолтой байна. Энэ бичлэг тараасан асуудлаар тусад нь гомдол гаргаж шалгуулна. ...Т.Э  ажлынхаа газрын хүмүүстэй шар айраг ууцгаасан гэсэн. Тэгээд Т.Э  уучхаад харих гэсэн ажлын газрын залуу нь хүргээд өгье гээд аваад гарсан гэсэн. Гадаа гараад салхинд цохиулаад тасарчихсан байна лээ. Нэг мэдсэн ажлын газрынхаа залуугийнд хэвтэж байсан гэсэн. Ажлын газрынхаа залуугийнд хэвтэж байх үед нь Б.У очоод бичлэг хийгээд алгадаж сэрээсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №338 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

                1. Т.Э-н биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

               4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.У-д гэм буруу, эрүүгийн хариуцлага халдаахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.У, хохирогч Т.Э  нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2020 оны 05 дугаар сараас гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 07 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Т.Э-г бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь

Хохирогч Т.Э-ын “...Тэд нар дээр очсон Б.У надад хандаад би чамайг баахан хайлаа, чи хаагуур явсан, голын эргээр эр хайж явж байгаад ирэв үү гэж хэлээд нүүр рүү цохихоор нь би унасан, унасны дараа хамар руу нэг цохисон, толгойн зулай хэсэг рүү 2, 3 удаа цохьсон. Тэгсэн найзууд нь хажуунаас нь салгасан...." гэх мэдүүлэг,

Гэрч Х.Б-ийн “...У  эхнэрийгээ хайгаад орилоод яваад байсан. Би өглөө ажлаасаа буугаад шууд явчихсан амраагүй байсан болохоор нилээн ядарчихсан, амархан согтсон байсан. Би юу болоод байгааг сайн ойлгоогүй. У эхнэрийгээ хайж байгаад гараад ирэхээр нь цохисон юм шиг байна лээ. Би Ц , А  хоёртой хамт л сууж байсан. Сууж байгаад босоод очсон У , Т.Э  хоёр муудалцчихсан, У  эхнэрийгээ цохичихсон байсан. Би Ч-тай хамт салгасан. Тэр хоёр маргалдаад байсан, У ахиж гар хүрээгүй...." гэх мэдүүлэг,

Гэрч Э.Ч-ийн “...Тэгсэн У  эхнэрийгээ голын эргээр хайж яваад олдохгүй 30-40 орчим минут хайсан. Хайж байгаад майхан дээрээ ирээд У  гэрэл тусгаад ахиад хайх гээд явсан өөдөөс нь Э  гараад ирсэн. У  эхнэрийгээ гараад ирэхэд хэд хэдэн удаа цохиод авахаар нь би очиж салгасан. Салгасны дараа хоорондоо маргалдаад байсан. Б цуг ирж салгалцсан...." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дүгээр сарын 23-ны өдрийн 338 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод нь халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Э-ын бие махбодод халдаж, зодох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Э  нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Э-ын бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байна.

   Хохирогч Т.Э нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 450,580 төгрөгийг шүүгдэгч Б.У нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн тухай баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, эр эмийн хардалт, үл ойлголцол нөлөөлжээ.

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулав.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М  овогт Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР