Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Ц.Сүхбат, шүүгдэгч М.Золбоо, түүний өмгөөлөгч С.Энхбат /ҮД:0213/, гэрч М.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 25 дугаар байр 78 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД: ГЮ82061878/ Хатагин овогт Мөнхөөгийн Золбоод

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021380 дугаар 185/2016/0083/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Золбоо 2016 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон-28” нэртэй караоке баарны гадна хохирогч Б.Бодьбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн 2016 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лондон-28 нэртэй караоке баарны гадна хохирогч Б.Бодьбаатарын Нокиа-3310 маркийн гар утсыг дэвсэж хагалж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Золбоогийн: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Лондон 28” караокений гадна сууж байхад хүргэн Бодьбаатар халамцуу явж байхаар нь үр хүүхэд чинь өвчтэй байхад чи ингээд яваад байх юм ямар учиртай юм бэ, яах гээд байгаа хүн бэ гэхэд өөдөөс танд ямар хамаатай юм гэхээр нь бид хоёр барьцалдаж аваад би хоёр, гурван удаа алгадсан. Би утсыг нь дэвсэж, хана руу саваагүй. Хохирогч өөрөө тухайн үед утсаа барьсан байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Аззаяагийн: Хэрэг болдог өдөр Бодьбаатар шөнө дунд над руу согтуу залгаад өөрийнхөө фэйсбүүк хаягнаас “хар, танай ах чинь намайг ийм болгосон, ах чинь намайг зодсон, минийг утсыг эвдсэн” гэж хэлсэн. Тухайн үед Бодьбаатар нилээн ууртай байсан. Би утсыг чинь үнэхээр манай ах хагалсан юм уу гэхэд би өөрөө хагалсан гэж хэлсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бодьбаатарын: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны ...02 цагийн орчимд ... эхнэр Аззаяагийн ах Золбоо...  ...Би та хоёрын амьдралд оролцохгүй гэсэн хэрнээ –Чи яагаад миний дүүтэй хамт байхгүй байгаа юм бэ, чи шоудаад гадуур тэнээд яваад байна уу гэхээр нь би - Дүү нь ажил муутай байна, байрны лизинг өгч байна, шоудаж барьсан асуудал байхгүй ээ гэтэл –Худлаа шаагаад бай, чи манай ээжийг зодож байна, миний дүүг зовоож байна гэж хэлээд уруул, нүүр, толгой хэсэг рүү маш их цохиж, боогоод өшиглөөд цохисон... ...Ер нь манай эхнэр бид хоёрын хоорондох асуудлаас болсон. Гараараа уруул хэсэг рүү 3 удаа цохьсон. 2 шанаа хэсэг рүү зөндөө цохьсон, 2 удаа цээж хэсэг рүү хөлөөрөө жийсэн, хоолой гараараа боосон. Чихний хэнгэрэг өвчтэй болсон, дээд урууландаа 4 оёдол, доороо 3 оёдол тавиулсан. Бусад гэмтэл нь эдгэсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Уг хэргийг хөнгөвчлөн шийдвэрлэж өгнө үү... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн №5673 тоот:

  1. Бодьбаатарын биед дээд, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: гэрч А.Даваанямын мэдүүлэг /хх-36/, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-41/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-42-43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч М.Золбоо 2016 оны 4 сарын 27 ноос 28-нд шилжих шөнө хүргэн дүү Б.Бодьбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэргээс шинжилсэн хохирогч Б.Бодьбаатарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хэлтсийн үзлэг хийсэн 5873 тоот актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдон нотлогдов. Харин хохирогч Б.Бодьбаатарын “Нокиа-3310” маркийн гар утсыг гэмтээсэн гэх үйлдэл нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан эд зүйлийн үнэлгээгээс өөр нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүйгээс гадна хохирогч Б.Бодьбаатар …мөрдөн байцаагч байцаалтанд хүргэн ахыг утсыг авч хана руу шидсэн болгож мэдүүлэгт оруулсан байна. Утасны талаар гомдол гаргаагүй байхад яагаад ЭХТусгай ангийн 153.1-ээр эрүүгийн хэрэгт шалгаж байгааг ойлгохгүй байна. …Тиймээс бодит байдал дээр би өөрийнхөө утсыг эвдсэн… гэсэн хүсэлтийг прокурорын хяналтад гаргасан нь шүүгдэгч М.Золбоог Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгө гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Золбоо ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-46/ нотлогдов.

Шүүгдэгч М.Золбоо анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, чин санаанаас гэмшиж байгаа, гэм хорын хохирол арилсан, хохирогч Б.Бодьбаатар шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй болсон тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 208.1.3, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Прокуророос Мөнхөөгийн Золбоод Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Мөнхөөгийн Золбоог Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Мөнхөөгийн Золбоод холбогдох эрүүгийн 201625021380 дугаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.       
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Мөнхөөгийн Золбоог эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.    
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Золбоо цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Золбоод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ү.ТҮМЭНЖАРГАЛ