Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0648/З |
Дугаар | 221/МА2016/0160 |
Огноо | 2016-03-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2016/0160
"Т к" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга, П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Л.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор "Т к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн 21119Х дугаар өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 21119Х дугаар өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: "И и т" ХХК-ийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан хайгуулын талбайд "Т к" ХХК нь 20058 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 21119Х өргөдөл гаргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт зааснаар ... тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэгэн байдлаар давхцаагүй... байх гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг биелүүлээгүй тул 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж хариу өгсөн байна.
Улмаар "Т к" ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг мэдсэнээс хойш 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай албан тоотоор өргөдөл хүлээн аваагүй талаар Ашигт малтмалын газарт гомдол гаргасан байна.
... Дээрх шийдвэр гарснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "Т к" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн "Т к" ХХК-ийн 21119Х дугаар өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 21119Х дугаартай өргөдлөөр "Т к" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч давж заалдах гомдолдоо: Ирвэс интр трейд ХХК-ийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан хайгуулын талбайд "Т к" ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 21119Х өргөдөл гаргасан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт зааснаар ... дугаар шийдвэрээр Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй ... байх гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг биелүүлээгүй тул 2008 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 1986 Тэргүүлэгчдийн 2005 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Улмаар "Т к" ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг мэдсэнээс хойш 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр өргөдөл хүлээн аваагүй талаар Ашигт малтмалын газарт гомдол гаргасан байна.
"Т к" ХХК-аас гаргасан гомдолд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6/4448 албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандах талаар тодорхой бичиж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д ... Энэ хуулийн 6.1.-д заасан байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө ... гэсэн заалтын дагуу хариуг өгсөн байдаг бөгөөд дээрх шийдвэр гарснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
1. Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг урд өмнө бид компанийн оршин байгаа хаягаар хүргүүлсэн талаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6/4448 албан бичгээр тодорхой хариуг өгсөн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Кадастрын хэлтэс нь үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.
2. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын 6 дугаар хэсэгт ... Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно ... гэж тайлбарлан өгсөн байна.
2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7/9973 дугаар албан бичгийг нэхэмжлэгч "Т к" ХХК-д шуудангаар хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэгчид албан ёсоор хүргүүлээгүй, мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу юм.
3. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 4845 дугаар захирамжид "Т к" ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн мэдэгдлийг хүлээн аваагүй гэж нэхэмжлэл гаргах хугацаа сэргээсэн байдаг. Тухай захирамжид ашигт малтмалын газар нь гомдол гаргах боломжгүй юм. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар ... нэхэмжлэгч энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ. ... гэж зааснаар шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж нь Ашигт малтмалын газрын эрх ашгийг зөрчсөн бөгөөд "Т к" ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийг Ашигт малтмалын газрын 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6/4448 албан бичгээр мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр 2014 оны анхан шатны шүүхийн 4865 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 451 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байна.
Кадастрын хэлтэс нь цаг тухай бүр нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн зарчимд нийцээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн "Т к" ХХК-ийн 21119Х дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, "Т к" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст буюу хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасан болон хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргасан гэх гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Мухар хувийн хоолой нэртэй газарт орших 2950, 639 гектар талбай бүхий 2821Х, 2822Х хайгуулын тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон талбайгаа Ирвэс интр трейд ХХК буцааж хүлээлгэн өгснийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн дарга 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр хүлээн авсан, "Т к" ХХК-аас тухайн талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар төрийн захиргааны байгууллагад 2008 оны 01 дүгээр сарын 04-нд өргөдөл гаргасныг хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн 21119Х дугаарт бүртгэсэн[1], уг өргөдлийг нь шийдвэрлээгүй байхад "Т к" ХХК-аас 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасныг мөн хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн 23061Х дугаарт бүртгэжээ[2].
Улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар "Т к" ХХК-ийн 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23061Х дугаартай өргөдөлд 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1407 дугаар шийдвэрээр сонгон шалгаруулалтын талбайтай давхацсан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгсөн боловч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаар тушаалаар тухайн шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгосноор Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2046 дугаар шийдвэр гарч, дээрх 1407 дугаар шийдвэрийн "Т к" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 23061Х дугаар өргөдлийг шийдвэрлэхийг даалгажээ[3].
Тухайн шийдвэрийн дагуу 23061Х дугаартай өргөдлийг хянан үзээд Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан, сонгон шалгаруулалтын журмаар олгогдох эрсдэлийн хуримтлал бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.12, 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 6-2399 дүгээр мэдэгдлээр мэдэгджээ[4].
Хариуцагч төрийн захиргааны байгууллага "Т к" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 23061Х өргөдлийг шийдвэрлэх явцдаа мөн компанийн 21119Х дугаар өргөдлийг шийдвэрлэж, 23061Х өргөдөлд өгснөөс өөр буюу 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрээр өргөдөлд тусгагдсан Мухар хувийн хоолой нэртэй хайгуулын талбай нь Дорнод аймгийн тусгай хэрэгцээний талбай /До-46/-тай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос мөн адил татгалзжээ[5].
Нэхэмжлэгч "Т к" ХХК дээрх 23061Х, 21119Х өргөдлийг шийдвэрлэсэн төрийн захиргааны байгууллагын дээрх шийдвэрүүдээс 21119Х өргөдлийг шийдвэрлэсэн буюу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийг сонгон гомдол гаргаж, үүнтэй холбогдуулж Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч хүлээн авч, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 4845 дугаар захирамжаар мөн өдрөөс эхлэн "Т к" ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээжээ.
Шүүх нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн тохиолдолд нэхэмжлэл гаргагч шүүгчийн захирамжид заасан хугацаанаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана/-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргах учиртай.
Гэтэл "Т к" ХХК нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор гаргалгүй, хугацаа хэтрүүлэн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авсан анхан шатны шүүхийн дардас, улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 /Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно/-д заасны дагуу хугацааг тоолон үзэхэд "Т к" ХХК-ийн нэхэмжлэл гаргах хугацаа 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Лхагва гарагаас эхлэн 30 дахь хоног мөн оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Баасан гарагаар дуусгавар болсон байна.
Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтыг зөрчжээ.
Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, "Т к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэл гаргагч "Т к" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар "Т к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч "Т к" ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1986 дугаар шийдвэрийн 21119Х дүгээр өргөдөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 21119Х дүгээр өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР