Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1993

 

Р.О-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01874 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ж Э Э С” ХХК-д холбогдох

Хамтран ажиллахаар тохиролцсон баталгааны дагуу 70 000 ам.долларыг  зарласан ханш болох 2237,32 төгрөгөөр тооцон 156 612 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хамтран ажиллах гурван талд гэрээний тоног төхөөрөмж хуурамч, зориулалтын бусаас шууд гарсан нэмэлт зардлаас хариуцах 440 188 506,6 төгрөг болон мөн гэрээний дагуу гарсан үйл ажиллагааны нийт зардлаас хариуцах 244 913 241,3 төгрөг нийт 685 101 747,9 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.О 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Ж Э Э С" ХХК болон "Мөнхийн хаяа" ХХК-тай төмрийн хүдэр баяжуулах ажилд оролцохоор харилцан тохиролцож, "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 100 000 ам.долларыг 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын "Zhong tian trading" компанид шилжүүлсэн. "Ж Э Э С" ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваатай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, "Ж Э Э С" ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Р.О-д 130 000 ам.долларыг "Хамтран ажиллах гэрээ"-ний төлбөрт өгөхөөр тохиролцон "Харилцан тохиролцсон баталгаа" хэмээх баримт бичгийг үйлдсэн.

Уг мөнгөн дүнгээс 60 000 ам.долларыг компани төлж, үлдэгдэл 70 000 ам.долларыг төлөөгүй тул “Харилцан тохиролцсон баталгаа"-ны дагуу 70 000 ам.долларын зарласан ханш 2237,32 төгрөгөөр тооцон 156 612 400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ж Э Э С" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан. “Монголросцветмет” ХХК-иас 2012 онд зарласан Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайд оператор компани ажиллуулах PDD-21/2012 тоот тендэрт “Ж Э Э С” ХХК шалгаран, уулын ажлын гэрээний дагуу 2012 оны 4 дүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэсэн. “Монголросцветмет” ХХК-иас гэрээт ажлын хөлсөө төлөхгүй удааширсанаас “Ж Э Э С” ХХК болон гэрээт туслан гүйцэтгэгч бусад компаниудын санхүүгийн нөхцөл хүндэрсэн тул уулын ажлын гэрээг 2012 оны 8 дугаар сараас зогсоосон. Үүссэн өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар “Монголросцветмет” ХХК-ийн удирдлагатай уулзаж, ярилцлага хийснээр төмрийн хүдрийг өр төлбөрт авахаар тохирсон. Төлбөрт авах төмрийн хүдрийг боловсруулж, өөрсдийн алдагдлыг нөхөн талаар "Ж Э Э С" ХХК болон "МОНМАГ" ХХК, "Петро-Жамп" ХХК, Мөнхийн хаяа ХХК-иуд харилцан уулзалт зохион байгуулсны үр дүнд "Мөнхийн Хаяа" ХХК-ийн захирал З.Анхбаяр БНХАУ-ын Shanghai joyal Mining Machinery үйлдвэрийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж санал болгосон. 

Ийнхүү “Мөнхийн Хаяа” ХХК-ийн захирал З.Анхбаярын санал болгосон БНХАУ-ын Shanghai joyal Mining Machinery үйлдвэрийн төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмжөөр Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайн төмрийн хүдрийг зохих стандарт, норм, өгөгдсөн төлөвлөгөөний дагуу баяжуулах ажлыг хийж гүйцэтгэхээр “Ж Э Э С” ХXK, “Мөнхийн хаяа” ХХК, Р.О нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулсан. Гэрээний 5.1, 5.2, 5.6-д "Мөнхий Хаяа" ХХК, Р.О нар баяжуулах тоног төхөөрөмжийг худалдан авахад тус бүр 116 000 ам долларын хөрөнгө оруулалт хийх, “Мөнхийн хаяа" ХХК нь Баяжуулах үйлдвэрийг оруулж ирэн угсрах, хэвийн үйл ажиллагааг хангаж, эвдрэл гэмтлийг засварлах үүрэг хүлээсэн. "Мөнхийн хаяа" ХХК-ийн захирал З.Анхбаяр нь БНХАУ-ын ZHONG TIAN "RADING-гээс төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмжийг оруулж ирсэн бөгөөд Р.Оргил ZHONG TIAN TRADING-ийн Эрээн хот дахь AGRICULTURAL BANK OF CHINA-ийн данс руу 100 000 ам.доллар шилжүүлсэн. “Ж Э Э С" ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэр рүү тээвэрлэх, уурхайн ажиллах нөхцөлийг хангаж ажилласан. Түүнчлэн гэрээнд тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд хөрөнгө оруулах үүрэг хүлээгээгүй ч хамтын эрх ашгийг хэрэгжүүлэхийн төлөө санхүүжилтэнд 2013 оны 8 дугаар сарын 01-нд төмрийн хүдрийн эхний баяжмал 1595 тонн буюу 103 739 ам.доллартай тэнцэх баяжмалыг БНХАУ-ын ZHONG TIAN TRADING pyy вагонд ачилт хийлгэсэн. Гэрээнд төмрийн хүдэр баяжуулах зөөврийн төхөөрөмжийг талууд тэнцуү хувиар эзэмшинэ гэж заасан байдаг.

Баргилтын уурхайд төмрийн хүдрийг баяжуулах тоног төхөөрөмжийг гэрээнд зааснаар 2012 оны 12 дугаар сарын 10-ны дотор угсарч бэлэн болгох байсан ч 2013 оны 02 сард авчран угсралтын ажлыг 2013 оны 06 cap хүртэл хийж цаг хугацаа маш алдаж хохирсон. 2013 оны 6 дугаар сарын 01-нээс 2013 оны 11 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд 32 хоног буюу 650 цаг ажиллаж 13 000 тонн 45 хувь агуулга бүхий хүдэр баяжуулсан. Гэрээнд заасан цагаар ажиллавал 150 хоног, 2550 цаг ажиллаж 280 500 тн 51 хувиас дээш агуулгатай хүдэр баяжуулах үүргийг хүлээж байсан ч баяжуулах тоног төхөөрөмжийн техникийн бэлэн бус байдал, горимын дагуу ажиллаагүйгээс хангагдаагүй. Гэрээнд заасан чанараар тооцвол 29 100 тонн түүхий хүдрээс 18 000 тонн 51 хувь агуулга бүхий төмрийн хүдрийн баяжмал авах байсан. “Мөнхийн хаяа” ХХК-ийн оруулж ирсэн тоног төхөөрөмж нь гэрээнд зааснаар ажиллахгүй, хацарт бутлуур байнга хахах, эвдрэх буюу сул зогсолт их хийж, төмрийн хүдрийн агуулга 51 хувьд хүрэхгүй, цаг хугацаа алдаж, алдагдал хүлээсэн. “Мөнхий хаяа” ХХК нь тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахын тулд өөрийн эрх үүргээ “Трэйже Трэйд” ХХК-д шилжүүлсэн бөгөөд уг компани 50-60 төгрөгийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжинд оруулж хэвийн ажиллуулах үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй. Тоног төхөөрөмж нь зориулалтын бус гэдгийг 2013 оны 11 дүгээр сарын 15-нд шалган баталгаажуулж мэдсэн.      

Р.О-той харилцан тохиролцсон баталгааг 2013 оны 10 дугаар сарын 11-нд байгуулсан. Тухайн үед манай компани гэрээг цуцлах санал гаргалгүй, хамтран ажиллах талуудаа хүндэтгэн, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг “Мөнхийн хаяа” ХХК-д мэдэгдэн, хүлээцтэй хандсан. Гэтэл гэрээний В тал болох иргэн Р.О нь гэрээнээс гарч хөрөнгө оруулсан зардал болох 100 000 ам.доллараа буцаан авах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан. Баталгааг гаргах үед Р.О нь албан ёсоор гэрээнээс гараагүй байсан бөгөөд манай компани хөрөнгө оруулалтын мөнгийг нь буцааж төлж эхэлснээр Р.О-ын тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтын эзэмших эрх манайд шилжин манайх баяжуулах тоног төхөөрөмжийг эзэмших давуу эрхтэй болно гэж үзэж байсан. Гэтэл харилцан тохиролцсон баталгааг хийснээс 1 сарын дараа 2013 оны 11 дүгээр сарын 15-нд буюу тоног төхөөрөмж ажиллах боломжгүй нь эцсийн байдлаар тогтоогдсон тул гэрээний бүх талуудад гэрээ цуцлах албан тоот явуулсан. “Мөнхийн хаяа” ХХК-ийн захирал З.Анхбаяр Баргилтын төмрийн хүдрийн уурхай дээр байсан баяжуулах тоног төхөөрөмжийг авахаар ирэхэд "Ж Э Э С" ХХК-ийн үйлдвэр хариуцсан инженер н.Гансүх нь Р.О-д хөрөнгө оруулалтын зардал 100 000 ам.долларын үлдэгдлийг өгч тооцоогоо дуусгасан эсэхийг асууж баталгаа үзүүлэхийг хүссэн. З.Анхбаяр нь Р.Оргил руу тэр дороо ярьж мессеж ирүүлэхийг хүссэн бөгөөд н.Гансүхийн мобикомын 99116692 дугаарын утсанд Р.О-ын мобикомын 99112060 дугаарын утаснаас "бидний хоорондын тоног төхөөрмжийн тооцоо дууссан, тоног төхөөрмжийг өгч явуулна уу" гэсэн мессеж ирснийг н.Гансүх, Л.Цэрэндаваа захиралд үзүүлж баталгаажуулснаар тоног төхөөрөмж өгч явуулснын үйлдвэр хариуцсан инженерээр ажиллаж байсан н.Гансүх гэрчилнэ. Р.О-ын хөрөнгө оруулсан тоног төхөөрөмж манай эзэмшилд үлдэхгүй болсон тул дээрх баталгаа хэрэгжих үндэслэлгүй болсон. Р.Оргил 2013 оны 10 дугаар сарын 11-нээс 2016 оны 5 дугаар cap хүртэл уг баталгааны талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Манай компанийн санхүүгийн баримт бичиг, тооцоонд баяжуулах тоног төхөөрөмжтэй холбоотой асуудал дуусгавар болсон нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч "Ж Э Э С" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ..."Ж Э Э С" ХХК нь “Монголросцветмент” ХХК-ийн хөрс хуулалтын төлбөрийн авлагадаа 70 000 тонн түүхий төмрийн хүдрийг эхний ээлжинд хүлээн авсны дагуу Р.Оргил /В тал/ болон “Мөнхийн хаяа” ХХК /Б тал/ нар уг түүхий хүдрийг баяжуулахад зохих технологийн горимын дагуу тоног төхөөрөмж авч хөрөнгө оруулалт хийж баяжуулах түүний дагуу ашиг хүртэх гэрээний үндэслэл болсон. "Ж Э Э С" ХХК-ийн нэр дээр хүлээн авсан 70 000 тонн түүхий хүдрийг зохих стандарт технологиор баяжуулахад гэрээний 2.1 баримтлан "Төмрийн хүдрийг 51 хувиас дээш агуулгатай, баяжуулалтын хорогдлыг 35 хувиас ихгүйгээр баяжуулна" гэсэн гэрээний үүргийг Б болон В талууд ноцтойгоор зөрчсөн буюу технологи, стандарт бус тоног төхөөрөмжийг хуурамчаар худалдан авчирсан, төмрийн баяжуулалтын бус хайрга бутлуурын зориулалттай төхөөрөмжийн уурхайд нийлүүлсэн. Уг төхөөрөмж нь төмрийн хүдэр баяжуулалтын зориулалтын бус байсны дагуу "Ж Э Э С" ХХК нь дараах шууд нэмэлт зардал, санхүүгийн хохирол үүрч алдагдалд орсон. Үүнд: Тоног төхөөрөмж хуурамч буруу байснаас шууд 5 000 тн төмрийн хүдрийн баяжмал алдагдсан бөгөөд тухайн борлуулалтын үнэ 1 тонн баяжмал 65 ам.долларын үнээр тооцвол 325 000 ам.доллар буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 2 428,64 төгрөг буюу 789 308 000 төгрөг, 13 000 тонн 45 хувь агуулга гарцтай баяжмалыг борлуулах боломжгүй тул бид “Арвин хүдэр” ХХК-иар захин баяжуулах шаардлагаар гарсан шууд зардал арвин хүдэр талбай руу 23 км тээвэрлэлтийг нэг тонн 2 640 төгрөг, нийт 13 000 тонн зардал 34 320 000 төгрөг, 13 000 тонныг нойтон баяжуулалт гаргах нэг тонны 9 ам.доллар төлж нийт 117 000 ам.доллар буюу 284 150 880 төгрөг, Баяжуулалтыг шуудайлах нэг ширхэг 9 ам.доллар, 1 500 шуудайлсан нийт 13 500 ам.доллар буюу 32 786 640 төгрөг, 70 000 тн түүхий хүдрээс 29 000 тн-ыг баяжуулахад зохих ёсоор баяжмал гараагүй дээрх ихээхэн хэмжээний нэмэгдэл зардал гарах болсноор үлдэгдэл 30 000 тн түүхий хүдрийг өөрсдөө баяжуулах боломжгүй болж “Лут чулуут” ХХК-тай гэрээ байгуулж баяжуулсан. Нэг тонныг 6 000 төгрөгөөр баяжуулж нийт 180 000 000 төгрөгийн зардал төлсөн. Тиймээс уг гэрээний хүрээнд Б болон В талууд залилан хуурч зориулалтын бус тоног төхөөрөмж нийлүүлснээр зохих ёсны баяжуулсан төмрийн хүдрийн баяжуулалт гаргах боломжгүй болж нэмэлтээр нийт 1 320 565 520 төгрөгийн зардал гаргаснаар ашиг орлогыг алдсан. Р.О тоног төхөөрөмжийг гэрээний дагуу хангаагүйгээс үүссэн нэмэлт үйл ажиллагааны шууд зардлуудыг огт хариуцаагүйгээс гадна уг хуурамч тоног төхөөрөмжийн улмаас ашигт ажиллагаа алдагдаж, үйл ажиллагаа явах хугацаанд Р.О нь тоног төхөөрмж зориулалтын бус гэдгийг бүрэн мэдэж ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлээгүй, үүргээ хангаагүй, 3 талт гэрээнээс өөрийгөө гаргаж цуцлах удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Гэрээний эрх үүргээс зайлсхийж хөрөнгө оруулалтын 100 000 ам.доллар авч дууссан. Тиймээс Р.О хуурамчаар тоног төхөөрөмжийг нийлүүлэлтэд оролцож гэрээг цуцлан гарсныг үндэслэн дээрх үр дагавар хохирлыг хариуцуулж 440 188 506,6 төгрөгийг гаргуулна.

Гэрээгээр нийт 70 000 тн-ыг 2.2 заалтыг үндэслэн 31 хоногт баяжуулах бүрэн дуусгах буюу нэг сарын уурхайн үйл ажиллагааны зардал гарах тооцоо алдагдаж гэрээний үндсэн тоног төхөөрмжийн стандарт бус, гэрээний цаг хугацаанд хангаагүй, угсралтыг түргэн шуурхай хийгээгүй, мөн технологийн стандарт горимын бус дагуу байнгын эвдрэл гэмтлээр ажлын сул зогсолт хийгдсэн. Тоног төхөөрмжийн угсралт ажиллагаа дуусаж баяжуулах ажиллагаа 2016 оны 6 дугаар сараас эхлэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өөдр хүртэл явагдсан ба нийт 2550 цаг /тоног төхөөрмжийн бэлэн байдлыг 85 хувь тооцсон/ ажиллах байсан боловч нийт 560 буюу 32 хоног ажилласан байна. Тиймээс зөрүү 1900 цагийг сул зогсолтоор үр ашиггүй өнгөрч, зохих ёсны уурхайн зардлууд гарсан. Энэхүү хугацаанд гэрээний 2.2 үндэслэхэд цагт 110 тн баяжуулах хүчин чадалтай, ажиллавал зохистой 2550 цагт нийт 280 550 тн төмрийн хүдрийн баяжмал авахаар байсан боловч  29 100 тн төмрийн хүдрийг баяжуулсан. 2013 оны 01 дүгээр сараас эхлэн 5 сар дуустал тоног төхөөрөмжийн угсралт зардал 266 933 516 төгрөг, 2013 оны 6 сараас эхлэн 9 сарыг дуустал баяжуулалтын ажлын уурхайн зардал 367 807 516 төгрөг байна. Уг хугацааны хувьд уурхайн үйл ажиллагааны хугацаа тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдал хангагдаагүйгээс цаг хугацаа сунжирч төсвийн уурхайн зардал шууд нэмэгдэж нийт 734 739 724 төгрөгийн шууд төлөвлөгдөөгүй нэмэлт зардал гаргасан. Энэхүү зардлыг гэрээний 3.4-д зааснаар Р.О-оос уг зардлыг зохих хувь 244 913 241,3 төгрөг гаргуулна.

Иймд "Ж Э Э С" ХХК-иас нийт 2 055 305 244 төгрөгийг нэмэлт зардал гарсан бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасны дагуу Р.О хамтран хариуцах үүрэгтэй тул нийт 685 101 747,9 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хамтран ажиллах гэрээгээр тоног төхөөрөмжийг "Мөнхийн хаяа" ХХК хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь иргэн Р.О мөн, биш гэдэг асуудал хөндөгдөж байгаа бөгөөд сөрөг шаардлагын зардлын тооцоо гаргасан баримтгүй. Гэрээнээс үүдэлтэй аливаа хохирол Иргэний хуульд заасан шалтгаан, үндэслэл бүхий байх ёстой. Хамтран ажиллах гэрээнд зааснаар тоног төхөөөрөмжийг "Трэйже Трэйд" ХХК, "Мөнхийн хаяа" ХХК-д  Хятад Улсаас хариуцан оруулж ирсэн. Хариуцагч хууль зүйн үндэслэлгүй, бичгийн нотлох баримтгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1, 480.1.2, 479 дүгээр зүйлийн 479.4, 176 дугаар зүйлийн 476.1, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ж Э Э С" ХХК-иас 70 000 ам.доллар буюу 156 612 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.О-д олгож,

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасныг баримтлан Р.О-оос 685 101 747,9 төгрөг гаргуулах "Ж Э Э С" ХХК-ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 941 020 төгрөг, хариуцагч "Ж Э Э С" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 583 458 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч "Ж Э Э С" ХХК-аас 941 020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ж Э Э С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндаваа 2013 оны 10 дугаар сарын 11-нд "Харилцан тохиролцсон баталгаа" гэсэн баримтыг хийж өгсний дагуу “Ж Э Э С” ХХК нь Р.О-д 130 000 ам.доллар өгөхөөр тохирсон байдаг. Энэхүү тохиролцоог гэрч Р.Гансүхийн мэдүүлснээр Р.О нь гэрээнээс гарахыг удаа дараа шаардсан тул хийсэн гэдэг. Хамтран ажиллах гэрээний 7.2, 7.3 дахь хэсэгт заасан байна. Гэтэл Р.О дангаараа гэрээнээс гарахаа мэдэгдэж, зөвхөн “Ж Э Э С” ХХК-тай харилцан тохирч шийдэх эрх хэмжээ байгаагүй. Гэрч нарын мэдүүлснээр Р.О, “Ж Э Э С” ХХК нь Харилцан тохиролцсон баталгааг үйлдсэн байсан ч 2013 оны сүүл хүртэл Р.О гэрээнээс гараагүй байсан бөгөөд хамгийн сүүлд “Мөнхийн Хаяа” ХХК-ийн захирал О.Анхбаяр, “Трэйже Tpейд”-ийн захирал Г.Хасбагана, Р.О нар уулзаж харилцан тохирч гэрээг дуусгавар болгохоор болсон нь нотлогддог. Мөн тухайн уулзалтаар нэг зүйлийг тохирсон нь Р.О-ын хөрөнгө оруулсан 100 000 ам.долларыг хэрхэн буцааж өгөх талаар тохирсон байдаг. Үүнийг шийдэхдээ тоног төхөөрөмжийг авч буй “Трэйже Трейд” ХХК нь Оргилд 60 000 ам.долларыг гүйцээж өгөх, “Ж Э Э С” ХХК-иас Р.О-д төлсөн 40 000 ам.долларыг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Энэхүү тохиролцоо гэрчүүдийн мэдүүлэг, “Ж Э Э С” ХХК-иас явуулж байсан бичиг, “Мөнхийн Хаяа” ХХК-иас ирсэн бичиг зэргээр нотлогддог.

Шүүх "Харилцан тохирсон баталгаа"-г Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан "Баталгаа" байна гэж дүгнэсэн. Гэтэл Баталгааны гэрээгээр хэн нэгний үүргийг гүйцэтгэлд гуравдагч этгээд баталгаа гаргадаг. Гэтэл Хамтран ажиллах гэрээний нэг тал гэрээнээс гарах, нөгөө тал нь оруулсан хөрөнгийг буцаан өгөх асуудал нь баталгааны гэрээ огт биш юм. Иймд хэдий “Ж Э Э С” ХХК нь P.O-ын гэрээнээс гарах талаарх хүсэлтийг хүлээн авч, Харилцан тохиролцсон баталгааг гэсэн баримтыг үйлдсэн ч энэ нь хамтран ажиллах гэрээний шаардлагад нийцээгүй. Мөн хамтран ажиллах гэрээний талууд тус харилцан тохирсон баталгааг үйлдснээс хойш харилцан тохирч гэрээг дуусгавар болгосон нь гэрчүүдийн мэдүүлэг, харилцан илгээж байсан баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү дуусгавар болгохдоо Р.О-ын оруулсан хөрөнгө оруулалтыг “Ж Э Э С” ХХК бус харин сүүлд Хамтран ажиллах гэрээний нэг тал болж орж ирсэн “Трэйже Трейд” ХХК хүлээсэн болох нь нотлогддог. Мөн энэхүү тохиролцоогоор “Ж Э Э С” ХХК болон Оргилын харилцан тохирсон баталгаа хүчингүй болсон нь “Ж Э Э С” ХХК-аас Оргилд төлсөн 40 000 ам.долларыг “Трэйже Трейд” ХХК-аас “Ж Э Э С” ХХК-д буцаан өгсөн, Оргилд хөрөнгө оруулалтынх нь үлдэгдэл 60 000 ам.долларыг “Трэйже Трейд” ХХК олгохоор болсон зэргээс харагддаг. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай компани сөрөг нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 3.4, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасны дагуу Хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн алдагдлаас талуудад ногдох 440 188 506 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх эдгээр гаргасан зардал буюу алдагдал нотлогдохгүй байна гэж үзсэн. Гэтэл талуудын мэдүүлэг, харилцан илгээж байсан баримт зэргээс нийт 29 000 тн хүдэр баяжуулснаас 13 000 тн гарч 5000 тн алдагдсан гэдэг нь илэрхий харагддаг, мөн хавтаст хэрэгт үлдэгдэл хүдрийг баяжуулах, дахин баяжуулах зорилгоор байгуулсан гэрээнүүд, түүний дагуу төлсөн төлбөрийн баримтуудыг хавсаргасан. Шүүх нотлох баримтыг үнэлэлгүй нотлогдоогүй гэж дүгнэсэн нь алдаатай байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 440 188 506 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Р.О нь хариуцагч “Ж Э Э С” ХХК-д холбогдуулан хамтран ажиллахаар тохиролцсон баталгааны дагуу 70 000 ам.доллар буюу 156 612 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гурван талт гэрээний тоног төхөөрөмж хуурамч, зориулалтын бусаас шууд гарсан нэмэлт зардал, мөн гэрээний дагуу гарсан үйл ажиллагааны нийт зардлаас Р.О-ын хариуцах хувь болох нийт 685 101 747,9 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

“Ж Э Э С” ХХК нь “Мөнхийн заяа” ХХК болон Р.О нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Хэнтий аймгийн Дархан сумын Баргилтын уурхайн төмрийн хүдрийг зохих стандарт, норм, өгөгдсөн төлөвлөгөөний дагуу баяжуулах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсны дагуу нэхэмжлэгч Р.О 100 000 ам.доллар болох өөрийнхөө хувийг шилжүүлсэн, үүнээс хариуцагч компани нь 60 000 ам.доллар шилжүүлсэн талаар талууд маргаагүй, харин хамтын үйл ажиллагааны улмаас гарсан алдагдлыг хариуцах байсан гэж маргасан байна.

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Ж Э Э С” ХХК-ийн захирал Л.Цэрэндаваа, иргэн Р.Оргил нар “Харилцан тохиролцсон баталгаа”гэх баримтаар “Ж Э Э С” ХХК нь Р.О-д 130 000 ам.доллар олгохоор тохиролцов, энэ төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор олгох”-оор тохиролцсон байна. /1х 10х/ Харилцан тохиролцсон баталгаа гэх баримт болон “Ж Э Э С” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 174, мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 174, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 190/191/192 дугаар албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгч Р.О нь хамтран ажиллах гэрээнээс гарах талаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байна. /1 х 49-55х/

Дээрх албан бичгүүдийг “Ж Э Э С” ХХК-ийн захирал Л.Цэрэндаваа, Р.О нарын хооронд байгуулагдсан “Харилцан тохиролцсон баталгаа” гэх хэлцэлтэй харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс гарах Р.О-ын хүсэлтийг тухайн үед ногдох хувийг өгснөөр нэхэмжлэгч Р.О-ыг гэрээнээс гарсан гэж үзнэ. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.О-ыг гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг төлөхөөр заасан бөгөөд хариуцагч компаниас Р.О-ыг гэрээнээс гарах үед ямар хэмжээний өр төлбөр үүссэн байсан эдгээр зардлуудыг талуудад хуваан ногдуулах ёстой болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар эргэлзээгүй нотлоогүй.

Иймд хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч Р.О-ыг гарсан гэж үзэн уг гэрээний дагуу үлдэгдэл 70 000 ам.доллар буюу 156 612 400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хамааралтай заалтыг баримталсан нь буруу байх тул зөвтгөн залруулах боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01874 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “480 дугаар зүйлийн 480.1.1, 480.1.2, 479 дүгээр зүйлийн 479.4, 176 дугаар зүйлийн 476.1, 234 дүгээр зүйлийн 234.4” гэснийг “479 дүгээр зүйлийн 479.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж Э Э С” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 141 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА