| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00740/и |
| Дугаар | 00814 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 00814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 31-ын 1714 тоотод оршин суух Гөрөөч овогт Магсарын Баатар / РЭ62062873/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч М.Баатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Баатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие М.Баатар нь 1978 онд Мөрөн сумын 1-р 10-н жилийн 8-ын б ангийг төгсөж Улаанбаатар хотын Налайхын уул уурхайн ТМС-ын өрмийн мастерын ангид элсэн орж 1980 онд төгсөөд Өмнөговь аймгийн Цогт-цэций суманд коксний нүүрсний уурхайд өрмийн мастераар ажиллаж байгаад мөн ондоо цэргийн албанд татагдаж АА-ын 126-р нэгтгэлийн 169-р ангид 1980-1983 онд цэргийн алба хаасан Цэргийн алба хааж ирээд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймагт Геологийн яамны харьяа зураглалын экспедицийн 1-р ангид өрмийн мастераар 1986 оны 2-р сарын 27-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлын дагуу шилжиж Хөвсгөл аймгийн Усны аж ахуйд 1986 оны 2 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн 1995 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал өрмийн мастераар ажилласан юм.
Одоо Зураглалын 1-р экспедицид, Усны аж ахуйд ажиллаж байсан байдлаа тогтоолгож өндөр насны тэтгэвэрт орох шаардлагатай байгаа юм. Иймд үүнийг тогтоож өгнө үү
Нэхэмжлэгч М.Баатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оноос хойших хугацааг улсаас тогтоож өгөхөд тогтоолгочихсон тулд 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Би нэхэмжлэлдээ 1995 оны 12 дугаар сарын 31-ныг тогтоолгох тухай гаргасан байгаа. Үүнийг багасгаж 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Геологи , уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Зураглалын экспедицийн 1-р ангид /Хөвсгөл аймагт байсан/ 1984 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл өрмийн мастераар, 1986 оны 2 дугаар сарын 27-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газарт өрмийн мастераар ажиллаж байсан болох нь доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн “Хөвсгөл геологи” ХКомпаниас 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гаргаж өгсөн Мөрөн дэх Зураглалын экспедициэд ажиллаж байсан Магсарын овогтой Баатарын 1984-1986 онуудын цалингийн тодорхойлолтыг түвэрлэн хүснэгтээр ирүүлсэн баримт,
Монгол Улсын засгийн газрын өмч хувьчлалын 54-р тогтоолын дагуу тус байгууллага нь “Хөвсгөл Геологи” ХК болж улсын бүртгэлд 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн гэх Хөвсгөл геологи ХКомпаний захирлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай албан бичиг,
Геологи , уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Зураглалын экспедицийн 1-р ангийн даргын 1984 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай ...Магсар овогтой Баатарыг өрмийн 3-р зэрэгтэй 1984-03-14 ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай... гэх тушаалын хуулбар, Хөвсгөл аймаг архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан
Геологи , уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Зураглалын экспедицийн даргын 1984 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай “”Ажилд авах, ажил өөрчлөх, ажлаас чөлөөлөх, ажил хүлээлцэх комисс томилох тухай” ...өрмийн 6-р бригадын ажилчин М.Баатарыг 1984 оны 5-р сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс өрмийн 5-р зэргийн мастераар тус тус өөрчлөн томилсугай... гэх тушаалын хуулбар, Хөвсгөл аймаг архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан
Геологи , уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Зураглалын экспедицийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “” ажлаас чөлөөлөх тухай” ...өрмийн мастер М.Баатарыг 1964 оны 1-р сарын 21-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх тушаалын хуулбар, Хөвсгөл аймаг архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан
Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдөр гаргаж ирүүлсэн Магсар овогтой Баатар Усны аж ахуйг удирдах газарт 1986 оны 02 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сарын дуусталхи хугацаанд ажиллан авч байсан цалин хөлсийг түүвэрлэн ирүүлсэн цалингийн тодорхойлолт, /эх хувиар/
Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 3 дугаар сарын 28 дугаартай “өрөмдлөгийн мастер, ажилчдын мэргэжлийн зэрэг батлах тухай” ... Өрөмдлөгийн мастер, ажилчдын мэргэжлийн зэргийг хавсралтаар баталсугай ... хавсралтын 12-т Магсар Баатар мастер хуучин зэрэг-5, шинээр олгосон-4 ... гэсэн бичигттэй тушаалын хуулбар2 хуудас, Хөвсгөл аймаг архивын алба хуулбар үнэн 2011.12.21 гэсэн тэмдэг дарагдсан
Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 3 дугаар сарын 10 өдрийн 31 дугаартай “1986 онд ажиллах үйлдвэрлэлийн бригад, цех, отрядын бүрэлдэхүүнийг батлах тухай” хавсралтын 2 дугаар хэсэг Гүн өрмийн 2-р бригад гээд 6-д нь Магсар Баатар ажилчин мэргэжлийн зэрэг 4 гэх тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан
Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 14 дугаар сарын 149 дугаартай “ Ээлжийн амралт олгох тухай” 1. Гүн өрмийн Г.Санжжав даргатай бригадын ээлжийн өрмийн мастер Магсар овогтой Баатарын 1986 оны ээлжийн амралтыг 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэж ажлын 26 хоногоор болож олгосугай... гэх тушаалын хуулбар, Хөвсгөл аймаг Архивын алба хуулбар үнэн огноо 2011.12.21 гэсэн тэмдэг дарагдсан
Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1989 оны 2 дугаар сарын 25 өдрийн 18 дугаартай “1989 онд ажиллах үйлдвэрлэлийн бригад, цех, отрядын бүрэлдэхүүнийг батлах тухай” хавсралтын 2 дугаар хэсэг Гүн өрмийн нэгдсэн бригад гээд 2-д нь Магсар Баатар ээлжийн мастер мэргэжлийн зэрэг 5 гэх тушаалын хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Архивын алба хуулбар үнэн огноо 2011.12.21 гэсэн тэмдэг дарагдсан
Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 20 өдрийн 84 дугаартай “Шагналт цалин олгох тухай” хавсралтын 2 дугаар хэсэг Санжжав даргатай Гүн өрмийн нэгдсэн бригад гээд 2-д нь Магсар Баатар 25% гэх тушаалын хуулбар 2 хуудас, Хөвсгөл аймгийн Архивын алба хуулбар үнэн огноо 2011.12.21 тэмдэг дарагдсан
Гэрч Л.Мягмарсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Хөвсгөл аймгийн Геологиос 1986 онд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажиллахаар 10 мастер шилжин ирсний нэг нь М.Баатар юм. М.Баатар нь 1986 онд манай байгууллагад шилжин ирснээс хойш өрмийн мастераар 1995 оныг дуустал ажилласан. Би 1975-1995 онуудад Хөвсгөл аймгийн Усны ах ахуйг удирдах газарт өрмийн мастераар тасралтгүй 22 жил ажилласан...гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ням-Одын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:”... М.Баатар нь 8 дугаар анги төгсөөд Налайхын Уул уурхайн ТМС-д 1978-1980 онд суралцан төгсөөд тэндээс 1980-1983 онуудад цэргийн алба хаагаад 18983 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Геологид өрмийн мастераар ажиллаж байгаад 1986 онд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажиллахаар тэндээс шинжин ирсэн юм. М.Баатар нь 1986 оноос 1995 оныг дуустал Усны аж ахуйг удирдах газарт тасралтгүй ажиллаж байсан. Би 1985-1995 онд Усны аж ахуйг удирдах газарт 10 жил өрмийн мастераар ажилласан.....” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин Нэхэмжлэгч М.Баатарын 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Зураглалын экспедицийн 1-р ангид ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Баатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гөрөөч овогт Магсарын Баатар / РЭ62062873/-гГеологи , уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Зураглалын экспедицийн 1-р ангид /Хөвсгөл аймагт байсан/ 1984 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл өрмийн мастераар, 1986 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газарт өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Зураглалын экспедицийн 1-р ангид ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Баатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА