Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Я.Б  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я.Б-т холбогдох 2240000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ... регистрийн дугаартай Б  овогт Я.Б. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 00 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Жаргалантын 7-704 тоотод хохирогч Б.Ц-ийн толгойн тус газар архины шилээр цохиж  улмаар эрүүл мэндэд нь толгой орой хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл  учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гадуур талбай дээгүүр явж байгаад, гэрээсээ түлхүүргүй гарчихжээ гээд танайд жоохон унтчихъя гээд орсон. Тэгээд унтаж байтал Ц  орж ирээд намайг татаж чангаагаад байсан. Ц  аль намар хонь авч өгье та бензиний мөнгө өгөөч гэхээр нь би 20,000 төгрөг өгсөн. Би таарахаараа миний дүү нөгөө хонь чинь яасан бэ, мөнгө яасан бэ гэж асуудаг байсан. ... Түүнээс биш дээрэлхэж мөнгө төгрөг нэхдэг байгаагүй. Ц  намайг унтаж байхад үстээд, орны уруу боогоод дараад байсан юм. Тэгээд би цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2240000000005 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Жаргалантад байх гэртээ эхнэрийн хамт архи уусан. Би гэртээ архи ууж байгаад Жаргалантын 7-704 тоотод Т гэдэг эгчийн гэрт ороод баруун талын орон дээр унтсан. Би тухайн үед согтсон байсан болохоор унтсан юм. Намайг баруун орон дээр нь унтаж байх үед гаднаас Б.Ц  ганцаараа орж ирээд намайг үстэж аваад дараад бос архи ууя, чи дандаа надаас мөнгө нэхдэг гээд байхаар нь би би жоохон унтаадхая гэсэн үснээс тавихгүй байхаар нь босоод ширээн дээр байсан "Хараа" нэртэй архины шилээр Б.Ц-ийн толгойн хэсэг рүү нэг удаа цохисон. Би Б.Цо-ийн толгой руу цохих үед архины шил хагараагүй. Намайг цохисны дараа толгойн орой хэсгээс цус нь гараад гоожиж байсан, хэр зэрэг язарсан гэдэг нь харагдахгүй байсан. Би толгой руу нь цохичихоод гүйгээд гэрээс нь гараад гэртээ очиж амарсан. Би Б.Ц-тэй өс хонзонгийн зүйл байхгүй, архи уучихсан согтуу унтаж байх үед үстээд байсан болохоор толгойруу нь архины шилээр нэг удаа цохисон. Би уг гэмтлийг учруулсан. Уг гэмтлийг Хэнтий аймгийн Бор-Өндөр 4 дүгээр баг Жаргалантын 7-704 тоотод байх Д.Т-ийн гэрт 2021 оны 12 сарын 21-ний 17 цагийн үед "Хараа" нэртэй архины шилээр толгойн нь 1 удаа цохиж учруулсан. Намайг унтаж байх үед үсдээд байсан болохоор нь уур хүрээд цохичихсон юм. Би дунд зэргийн л согтолттой байсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг. /хх-ийн 35-36-р хуудас/

Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ гарч Б , У  нарын хамт Бор-Өндөр сумын 3 дугаар баг Жаргалантын 7-704 тоотод Б-ын хашаанд "Хараа" нэртэй 0.5 литрийн архинаас 2 ширхгийг хувааж уусан. Тэнд Б-ын хашаан дотор архи ууж дуусаад Жаргалантын 7-705 тоотод байх Т гэх айлд орж архи уусан. Т  эгчийн гэрт орох үедээ хэдэн шил, ямар архи ууж байсан гэдгээ санахгүй байна. Тэдний гэрт ороод архи ууж байх үед Т  эгч, Б , У  нар байсан. Б  Т  эгчийн гэрт ороод орон дээр нь унтаад байхаар нь би бос гээд босгосон босч ирээд уурандаа уугаад дуусчихсан байсан "Хараа" нэртэй архины шилээр намайг сууж байхад араас миний толгой руу нэг удаа цохисон. Намайг цохисны дараа миний толгойны зулай хэсэгт хагараад цус гарсан. Миний толгой руу цохисон архины шил хагараад шилнүүд нь гэрээр тарчихсан байсан. Толгойноос цус гарахаар нь угаасан, миний толгой дээр Б  ус хийж өгөөд ахыгаа уучлаарай, ах нь чиний толгойг цохичихлоо гэж хэлж байсан. Миний толгойн цус нь тогтохгүй байхаар нь би гэрээс гараад гэрлүүгээ явсан. Гэртээ ирсний дараа цус нь тогтохгүй байхаар нь би эмнэлэг орж оёдол тавиулсан. Миний толгойг архины шилээр Б  цохих үед цаг 17 цаг өнгөрч байсан. ...Б  гэдэг хүний овгийг нь би мэдэхгүй байна. ...Би нилээн согтолттой байсан. Б  бараг тасарчихсан байсан байх. Гэрт орж ирээд л шууд унтаад өгсөн. Би өмнө нь энэ хүнтэй муудаж байгаагүй, яагаад гэдгийг нь мэдэхгүй байна, бид хоёрт муудсан зүйл байхгүй, архи ууж согтсон байсан учраас цохисон байх. Архи уусан байсан учраас хоорондоо хэрүүл маргаан хийсэн байх. Тэрнээс намайг зүгээр байхад цохихгүй байх. ... Би согтсон байсан учраас эхнэртээ буруу хэлчихсэн байна. Би гомдолтой байна хуулийн дагуу шалгуулна. Нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2021 оны 12 дугаар сарын 21-ний 14 цаг өнгөрөөгөөд гэрээс гараад явсан. Гэрээс гарч яваад орой 19 цаг гээд толгойнхоо зулай хэсгээс цус гарсан байдалтай, архи уусан гэртээ орж ирсэн. Гэрт орж ирэхээр нь юу болсон бэ гэж асуусан Ц.Б  намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би эмнэлэг орж үзүүлж мэсийн эмч Гантулгаар 3 оёдол тавиулсан. Эмнэлэг дээр байх үедээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би хэргийн талаар сайн мэдэхгүй, толгойгоо хагалуулсан болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ Ж-гийн хамт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ сууж байх үед гаднаас 16 цагийн үед Я.Б  гэдэг хүн орж ирсэн. Гэрт орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан. Гэрт орж ирээд манай баруун талын орон дээр унтсан. Я.Б-ыг унтаж байхад гаднаас Б.Ц согтуу Хараа нэртэй 0,5 литрийн хугас шил архи бариад орж ирсэн. Гэрт орж ирээд архиа ширээн дээр тавиад баруун орон дээр унтаж байсан Я.Б-ыг архи уу, гээд унтаж байхад үстэж татаж босгоод доош нь дараад байсан.  Тэгсэн Я.Б  ширээн дээр тавьсан байсан Хараа нэртэй 0,5 литрийн архины шилийг аваад Б.Ц-ийн толгой руу нэг удаа цохисон. Б.Ц-гийн толгойг цохисон архины шил хагараагүй. Би архины шилийг нь айгаад нойлын усанд хийчихсэн. Я.Б Б.Ц-гийн толгой руу архины шилээр нэг удаа цохисны дараа толгойнх нь оройноос цус гараад толгой нь эргээд босч чадахгүй байсан. Я.Б  Б.Ц-гийн толгой руу архины шилээр нэг удаа цохиод гэрээс шууд гараад явсан. Эргэж орж ирээгүй. Б.Ц  бас гэрээс ганцаараа гараад явсан. Я.Б  Б.Ц-гийн толгой руу цохисноос болоод толгойн оройноос их цус л гоожиж байсан. Манай гэрт орж ирэх үед Б.Ц  зүгээр байсан. Ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

Гэрч Н.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Жаргалантын 7-704 тоотод оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед очсон. Намайг очих үед Д.Туяа ганцаараа байсан. Гэрт нь очоод удаагүй байх үед гаднаас Я.Б  архи согтуу орж ирээд баруун талын орон дээр унтсан. Хэсэг хугацааны дараа Б.Ц  "Хараа" нэртэй 0.5 литрийн хагас шил архитай орж ирээд ширээн дээр баруун орон дээр унтаж байсан Я.Б-ыг үстээд татаад байсан. Тэгсэн Я.Б р босож ирээд ширээн дээр байсан "Хараа" нэртэй 0.5 литрийн архины шилийг аваад Б.Ц-ийн толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн Б.Ц-ийн толгойноос цус гараад байсан. Я.Б  архины шилээр толгойг нь цохичхоод шууд гэрээс гараад явчихсан. Б.Ц  толгойнойс нь цус гараад явж чадахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа цусаа гойжуулаад яваад өгсөн. Я.Б  Б.Ц-ийн толгойруу цохих үед архины шил нь хагараагүй, толгойруу нь цохисон архины шилийг нь Д.Т  эгч нойлдоо хаячихсан. Тэгээд тэр хоёр хүн эргэж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай

  1. Б.Ц-ийн биед толгой орой хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-н 24-25-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 цаг 00 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Жаргалантын 7-704 тоотод оршин суух Д.Т-ийн гэрт хохирогч Б.Ц-ийн толгойн тус газар архины шилээр цохиж улмаар эрүүл мэндэд нь толгой орой хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл  учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Ц-ийн “...Б  Т эгчийн гэрт ороод орон дээр нь унтаад байхаар нь би бос гээд босгосон чинь босч ирээд уурандаа уугаад дуусчихсан байсан "Хараа" нэртэй архины шилээр намайг сууж байхад араас миний толгой руу нэг удаа цохисон. Намайг цохисны дараа миний толгойны зулай хэсэгт хагараад цус гарсан...." гэх мэдүүлэг,

Гэрч Д.Т-н “...Я.Б-ыг унтаж байхад гаднаас Б.Ц  согтуу Хараа нэртэй 0,5 литрийн хугас шил архи бариад орж ирсэн. Гэрт орж ирээд архиа ширээн дээр тавиад баруун орон дээр унтаж байсан Я.Б-г архи уу, гээд унтаж байхад үстэж татаж босгоод доош нь дараад байсан. Тэгсэн Я.Б ширээн дээр тавьсан байсан Хараа нэртэй 0,5 литрийн архины шилийг аваад Б.Ц-ийн толгой руу нэг удаа цохисон. Б.Ц-н толгойг цохисон архины шил хагараагүй. Би архины шилийг нь айгаад нойлын усанд хийчихсэн. Я.Б  Б.Ц-ийн толгой руу архины шилээр нэг удаа цохисны дараа толгойнх нь оройноос цус гараад толгой нь эргээд босч чадахгүй байсан..." гэх мэдүүлэг,

Гэрч Н.Ж-гийн “...Гэрт нь очоод удаагүй байх үед гаднаас Я.Б  архи согтуу орж ирээд баруун талын орон дээр унтсан. Хэсэг хугацааны дараа Б.Ц  "Хараа" нэртэй 0.5 литрийн хагас шил архитай орж ирээд ширээн дээр баруун орон дээр унтаж байсан Я.Б-ыг үстээд татаад байсан. Тэгсэн Я.Б  босож ирээд ширээн дээр байсан "Хараа" нэртэй 0.5 литрийн архины шилийг аваад Б.Ц-ийн толгойн орой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн Б.Ц-гийн толгойноос цус гараад байсан. Я.Б архины шилээр толгойг нь цохичхоод шууд гэрээс гараад явчихсан..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Б  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.Ц-гийн толгой тус газар архины шилээр нэг удаа цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Б.Ц  нь мөрдөн шалгах ажиллагаанд “Нэхэмжлэх зүйл байхгүй. гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл тус тус нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогчийн зүй бус үйлдэл буюу унтаж байсан гэх шүүгдэгчийг “үстэж босгосон, доош нь дарсан” гэх үйлдэл нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн тул дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Я.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт Я.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Я.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Я.Б-ыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Я.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР