Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Г.Э , Б  овогт Б.Ц  нарт холбогдох 2140000750076 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... аймгийн .. суманд .. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 1, ... аймгийн ... сумын 1 дүгээр багт оршин суух,

урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШТЦ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай Б  овогт Г.Э .

 

Монгол Улсын иргэн, ... аймгийн .. суманд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн .. сумын .. дүгээр баг, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Б  овогт Б. Ц .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э , Б.Ц  нар нь 2021 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баянмөнх сумын ... дүгээр баг ... тоотод буюу Б.Ц -н гэрийн хашаанд хохирогч Н.Э-ны эрх чөлөөнд бүлэглэн халдаж зодсоны улмаас биед нь хүзүүний зүүн хажуу ар хэсэг, зүүн шууны дотор, дээд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн далны гадна дээд хэсэг болон баруун далны доод хэсгүүдийн зулгарсан шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан  “Бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э , Б.Ц  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

2140000750076 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Г.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн:Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр баг Шовх гэх газар мал маллаж байхад үед найз Б.Ц  намайг утсаар дуудахаар нь би Баянмөнх сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 5-4 тоотод байх гэрт нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Ш-ийн хамт очсон. Б.Ц-ын гэрт очоод архи ууцгаасан. Архи ууж байгаад Б.Ц  унтаад өгсөн. Б ээжийнхээ гэр лүү яваад өгөхөөр нь би араас нь Ш-ийн хамт очсон. Бид хоёрыг Л  гуайн гэрт орох үед танихгүй эрэгтэй хүн согтуу сууж байсан. Л  гуай бие муу хүүхэд айгаад байна гэхээр нь би гар гэсэн гарахгүй болохоор нь дагуулаад гарсан. Дагуулж хашаанаас гараад танаас хүүхэд айгаад байна гэсэн чинь намайг түлхэж унагаад доороо хийгээд 2-3 удаа цохихоор нь би түлхэж босгочхоод яваад өгсөн. Тэгээд Б.Ц-ын гэрт очиж унтсан. Унтаж сэрээд 09 сарын 21-ний өдөр архи ууцгаасан. Би архи уугаад унтаж байх үед намайг Б.Ц 15 цагийн үед өчигдөр намайг цохисон залуу ирэхээр нь дуудаж сэрээсэн гэсэн, би тэр үед юу болсон гэдгийг санахгүй байгаа юм. Би орой 21 цагийн үед л сэргэсэн. Тэгээд буцаж унтаад маргааш өглөө нь сэрээд нойл орсон байх үед Б.Ц-н хашаанд намайг цохисон Н.Э  гэх хүн ирчихсэн байсан. Намайг нойлоос гараад очихоос өмнө Б.Ц  Н.Э-тай муудаад барьцалдаад хашааны гадаа гарчихсан байсан. Б.Ц Н.Э-г цохисон үгүйг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би хашааны гадаа араас нь гарч очоод миний нүдийг яагаад ийм болгосон юм гээд мөргөөд хашаа руу түлхээд 1 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд л би хашаа руу орсон. Н.Э  хашааны гаднаас яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 96-98 хуу/

 

Шүүгдэгч Б.Ц-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын ... дүгээр баг ... тоотод байрлах гэртээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Б , найз Г.Э р, түүний эхнэр Ш  бид дөрөв архи уусан. Архи ууж байгаад би 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ тасраад унтсан. Унтсанаас хойш тэд нар хэзээ гарсан, хэзээ орж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Би тасраад 09 дүгээр сарын 21-ний өглөө босоод шараа тайлаад ахиад архи ууцгаасан. Архи уугаад сууж байх үед 15 цагийн үед гаднаас Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Н.Э  гэж хүн ганцаараа орж ирсэн. Гэрийн үүдэнд ирээд намайг нутгийн шинжгүй хүн зодлоо гэсэн. Тэгсэн Г.  өчигдрийн хүн байна гэж хэлээд шууд барьж аваад Г.Э  мөргөхөөр нь би хажуунаас нь нэг удаа цохисон. Тэгсэн Н.Э  хашаанаас зугтаагаад гараад явчихсан. Архи ууж байхад Н.Э мотоцикльтой ирээд намайг нутгийн шинжгүй хүнтэй элбэж зодлоо гээд цуг явъя гэхээр нь мотоциклынх нь ард суугаад 17 цагийн үед бид хоёр Баянмөнх сумаас баруун урагш 1-2 км газар очсон. Тэнд очоод Н.Э-тай хэсэг маргалдсан. Маргалдаж байх үед Н.Э  хоосон архины шил барьчхаад газар сэндийчээд байсан. Тэнд маргалдаж байгаад Н.Э  мотоциклтойгоо цаашаа явахаар нь би гэр лүүгээ буцаад явсан. Буцаж гэртээ ирээд унтаж амарсан. Гэртээ ирээд унтаж амарч байх үед 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед Н.Э манай гэрт орж ирээд малгай, дурангаа хайж явна гэхээр нь чи манайхаар яахаараа хайдаг юм гэж хэлээд ганц хоёр удаа алгадаад авсан. Гэрийн гадаа тэгж алгадаж байх үед Г.Э  нойлоос гарч ирэхээр нь энэ нөгөө чамайг зоддог нөхөр мөн үү гэсэн мөн байна гэж Г.Э  хэлээд нэг удаа мөргөсөн. Н.Э  хашаанаас гарахаар нь Г.Э барьж аваад хашаанд шахаж байгаад ахиад 1-2 удаа мөргөсөн байх. Би дахин нэмж цохиогүй. Тэгж хашаанд шахаж байхад Н.Э  цээж нүцгэн байсан. Тэр үед биед нь гэмтэл байсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Тэгээд Н.Э  зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 11-113 хуу/

 

Хохирогч Н.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би Баянмөнх сумын хойд талд гарч Э  гэх айлд хоноод өглөө 07 цагийн үед босоод зүүн урагшаа давхиад Б гэх айлаар орж хоол унд идчихээд буцаж Баянмөнх сумын төв орсон. Баянмөнх сумын төв ороод онгорхой хашаа байхаар нь айл асуух гэсэн Г.Э , Б.Ц  нар согтуу байсан. Би Б.Ц-ын гэрт 15 цагийн үед очсон. Би хашаанд ортол Г.Э  гарч ирээд энэ өчигдөр яваад байдаг хүн байна, чи яах гэж яваад байгаан гэж хэлээд, чи архи аваад ир гэхээр нь би байхгүй гэж хэлсэн, Г.Э  байлгадаг болгоно оо гэж хэлээд намайг барьж аваад мөргөсөн, мөргөхөөр нь би газар унасан, дээрээс Б.Ц , Г.Э хоёулаа өшиглөөд чирээд зодсон. Тэр хоёр элбээд зодоод байхаар нь би мотоциклоо унаад зугтаагаад цагдаагийн байр луу очсон, цагдаа байхгүй байхаар нь эмч дуудаж үзүүлсэн. Тэнд эмчид үзүүлчхээд арай гайгүй болохоор нь Ц-ын гэрт буцаж очоод Ц-тай уулзаад цг Баянмөнх сумаас гарсан. Баянмөнх сумаас гараад 1, 2 км газар яваад ярилцсан. Газар буугаад ярилцаж байсан Ц  газраас архины шил аваад газар шидэж хагалаад хагархайгаар нь шилэн хүзүү, гарыг маань зүсээд чамайг ална гэж хэлсэн. Би чи яагаад намайг ингээд байгаа юм, би адуу мал хайгаад явж байна ш дээ гэсэн, би чамайг хадамтайгаа хардсан гэж хэлсэн. Шил хагалж шилэн хүзүүг минь зүсээд толгойг чинь огтолно муу писда минь гэж хэлсэн. Бас миний баруун гарыг зүссэн. Намайг тэгж зүсээд байхаар нь би тэнд орхичхоод мотоциклтойгоо яваад өгсөн. Тэндээс яваад баруун урагшаа гэр лүүгээ явах гэсэн чадахгүй байхаар нь айлд очиж цусаа угаачхаад буцаж Баянмөнх сумын төв орж Баяраа гэх найзынхаа гэрт очсон. Намайг Б-ийн гэрт очиход 18 цаг өнгөрч байсан. Энэ өдөр нүүр их хавдсан, шилэн хүзүү, гарын шуу шилээр зүсүүлсэн. Нурууны арьс зулгартал өшиглөсөн. Энэ гэмтлүүдийг Г.Э , Ц нар хамт учруулсан. Ингэж зодуулж байх үед 15 цаг өнгөрч байсан. ...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 08 цагийн үед Ц-ын гэрээр очсон. Гэрээр нь очих үед Ц  зүүн орон дээр эхнэртэйгээ согтуу арх нь гараагүй хэвтэж байсан. Би гэрт ороод та нар намайг яагаад ингэж зодож байгаа юм бэ гэсэн чинь Ц  яадаг юм писда минь гэхээр нь би гэрээс гараад гэрийнх нь баруун урд талын булангаас малгайгаа авсан. Малгайгаа авсан Ц  гарч ирээд хөөе хоёулаа үзье одоо би жинхэнэ чамайг ална гэхээр нь би чамтай зодолдохгүй ээ гэсэн Ц  гэрээс Э-ыг дуудаад нөгөө хүн чинь ирчихсэн байна, энэ мууг одоо алъя гэсэн, гэрээс Э  цээж нүцгэн гарч ирээд намайг барьж аваад цохиж газар унагаахаар нь босоод ирсэн ахиж мөргөхөөр нь би зугтаагаад хашаанаас гарсан. Намайг барьж аваад блокон хашаатай шахаж байгаад ахиад нүүр лүү маань 2-3 удаа цохисон. Тэр үед Ц  намайг 2-3 удаа нүүр лүү маань цохисон. Тэгсэн Ц-ыг эхнэр нь аваад явчихсан. Ц-ыг цааш явахаар нь би Э-ыг түлхэж холдуулаад цаашаа зугтаасан. Би Ц-ын хашаанд явган очсон. Тэндээс зугтаагаад найз Б-ийн гэрт ирээд цусаа угаагаад хоол унд идчихээд гэр лүүгээ явсан. Энэ өдөр миний хамар, нүүр нэмж хавдсан. Өөр гэмтэл учраагүй. Уг гэмтлийг Ц , Э  нар учруулсан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 120-122 хуу/

 

Гэрч Л.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөр Э-ын хамт 2021 оны 09 сарын 20-ны өдрийн орой Баянмөнх сумын төвд байдаг Л  эгчийн гэрт очсон. Бид хоёр Л  эгчийнд очиход тэдний гэрт нэг танихгүй эрэгтэй хүн байсан. Л  эгч тэр хүнийг гэрээс гарахгүй хүүхэд айлгаад байхын гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тэр хүнийг та эндээс гараач хүүхэд нь айгаад байна гэж хэлсэн, тэгтэл тэр хүн манай нөхрийг хоёулаа эндээс гаръя чамд ямар хамаатайн юм гээд манай нөхөртэй зууралдаж тэдний гэрээс гарч хашааны гадна талд гараад манай нөхрийг цохиж унагаж доороо оруулаад нүүр лүү цохиод байсан. тухайн үед тэр хүн халамцуу юм шиг байсан. Тэгээд би тэр хүнийг боль гэж татаж байгаад салгаж явуулсан. Тухайн үед тэнд өөр зүйл болоогүй. Харин маргааш өглөө нь сумын төв дээр нөхөр бид хоёр Ц-ын гэрт байж байхад нөгөө өчигдөр орой манай нөхөртэй муудаад байсан хүн Ц-ын гэрт ирсэн. Тэгээд өчигдөр орой намайг зодсон хүн мөн байна гээд манай нөхөр болон Ц-тай бас муудалцаж зодолдоод байсан. Тухайн үед би Ц-ын гэрт байсан, тэр гурав гэрээс гарч хашааны дотор муудалцаж байгаад нөгөө хүн гараад явсан би яг юу болсныг хараагүй, хэн нь хэнийг зодсон эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 26-27 хуу/

 

   Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргааш өглөө буюу 2021 оны 09 сарын 21-ний өдрийн өглөө 08 цагийн орчимд манай гэрт нөгөө хүн, намайг зодсон хүн хаана байна гээд ороод ирсэн. Тухайн үед манай гэрт Э , эхнэр Ш , манай төрсөн дүү Э , манай нөхөр Ц  нар байсан. Тэгээд Э босоод тэр хүнтэй маргалдаж гэрээс гарч манай хашаан дотор бас зодолдсон. Манай нөхөр Ц мөн зодоонд оролцсон тэгээд тэр хүн манай хашаанаас нүүр нь цус болсон байдалтай гарсан мөн Э-ын нүд улайчихсан цохиулсан шинжтэй гэрт орж ирсэн. Мөн маргааш өдөр буюу 2021 оны 09 сарын 22-ны өдөр нөгөө Э-тай маргалдсан хүн манай хашаанд малгайгаа хайж явна гэж ирсэн тухайн үед Э  манай гэрт халамцуу байсан тэгээд бас маргалдаж байгаад нөгөө хүн явсан харин тухайн үед зодолдох маргалдах зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 30-31 хуу/

 

Гэрч Я.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..маргааш өглөө нь би хүргэн ах Ц-ын гэрт байж байхад нөгөө хүн гаднаас орж ирээд Э  болон Ц  ахтай маргалдаж гэрээс гарч хашааны дотор зодолдож байгаад гараад явсан. Тухайн үед хүний нүүр нь цус болсон байсан. Э  ахтай нилээд удаан зодолдсон мөн Ц бас зодолдсон байх би гэрт байсан болохоор сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 60-61 хуу/

 

Гэрч В.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын эрүүл мэндийн төвд ажил дээрээ байх үед 2021 оны 09 сарын 21-ний 15 цагийн үед ахуй үйлчилгээний төв дээр зодуулсан хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу ганцаараа очсон. Намайг ахуй үйлчилгээний төв дотор орох үед коридорт нь цэвэр усны сав барьчихсан, нүүр, гар нь цус болчихсон байсан. Тэр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орилоод байж байсан. Би тэр хүнийг машиндаа суулгаад эмнэлэг дээр авч очсон. Эмнэлэг дээр цусыг нь угаагаад амин үзүүлэлтүүдийг нь үзсэн зүгээр байсан. Намайг эмчилгээ хийж байхад эгчтэйгээ ярина гэхээр нь утсаараа яриулсан Би Баянмөнх суманд байна, би зодуулчихлаа, та намайг ирж ав гэж хэлсэн. Тэр эгч нь би П  гэдэг хүнийг танина хүргээд өгчих гээд хэлсэн. Би цусыг нь цэвэрлэсэн биед нь ямар ч гэмтэл шарх, хавдсан зүйл байхгүй байсан. Хамраас нь цус гоожоод тэрийгээ нүүр, гартаа наалдуулчхсан байсан. Тэр хүн намайг очих үед цээж нүцгэн, явган өмд гуталтай өөр юмгүй байсан. би цусыг нь цэвэрлэж өгчхөөд Пагма гуайн гэрт хүргэж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 60-61 хуу/

 

Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багт нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 09 сарыг 21-ний өдөр хөдөө гэртээ байж байхад манай нөхөр Э-ын таньдаг Э  гэх хүн манай гэрт мотоциклтой ганцаараа ирсэн. Тухайн үед тэр хүн 2 адуу хайж явна гээд манайд ирсэн. Манайд цай хоол идээд манай нөхөртэй 0.5 литрийн Ерөөл архи хувааж уугаад 2 цаг шахам болоод манайхаас Баянмөнх сумын төв орно гэж хэлээд явсан. Би тухайн өдрийн орой 18 цагийн орчимд сумын төвийн гэртээ нөхөр Э-ын хамт ирсэн. Тэгээд гэртээ байж байх үед Э  манай сумын гэрт 21 цагийн орчимд орж ирсэн. Манайд орж ирэхдээ нүүр нь битүү хавантай, цус болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад Ц  найзтайгаа элбэж намайг зодчихлоо гэж хэлсэн. Э  манай гэрт хоноод өглөө 07 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явлаа гэж хэлээд манайхаас явсан дахин эргэж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 56-57 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №90 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Н.Э-ны биед хүзүүний зүүн хажуу ар хэсэг болон зүүн шууны дотор дээд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн далны гадна дээд хэсэг болон баруун далны доод хэсгүүдийн зулгарсан шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх хүзүүний зүүн хажуу ар хэсэг болон зүүн шууны дотор дээд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд нь мохоо ирмэгтэй, бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарт гэм буруу, эрүүгийн хариуцлага халдаахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Э , Б.Ц  нар нь 2021 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 5-4 тоот хашаанд бүлэглэн, хохирогч Н.Э-ны эрх чөлөөнд халдан зодож, бие махбодод  хүзүүний зүүн хажуу ар хэсэг болон зүүн шууны дотор дээд хэсгүүдийн өнгөц зүсэгдсэн шарх, зүүн далны гадна дээд хэсэг болон баруун далны доод хэсгүүдийн зулгарсан шарх, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн болох нь

Хохирогч Н.Э-ны “...Г.Э  гарч ирээд энэ өчигдөр яваад байдаг хүн байна, чи яах гэж яваад байгаан гэж хэлээд, чи архи аваад ир гэхээр нь би байхгүй гэж хэлсэн, Г.Э  байлгадаг болгоно оо гэж хэлээд намайг барьж аваад мөргөсөн, мөргөхөөр нь би газар унасан, дээрээс Б.Ц , Г.Э  хоёулаа өшиглөөд чирээд зодсон. ...Энэ өдөр нүүр их хавдсан, шилэн хүзүү, гарын шуу шилээр зүсүүлсэн. Нурууны арьс зулгартал өшиглөсөн. Энэ гэмтлүүдийг Г.Э , Ц  нар хамт учруулсан. Ингэж зодуулж байх үед 15 цаг өнгөрч байсан. ...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 08 цагийн үед Ц-ын гэрээр очсон. ...Би гэрт ороод та нар намайг яагаад ингэж зодож байгаа юм бэ гэсэн чинь Ц  яадаг юм писда минь гэхээр нь би гэрээс гараад гэрийнх нь баруун урд талын булангаас малгайгаа авсан. Малгайгаа авсан Ц гарч ирээд хөөе хоёулаа үзье одоо би жинхэнэ чамайг ална гэхээр нь би чамтай зодолдохгүй ээ гэсэн Ц  гэрээс Э-ыг дуудаад нөгөө хүн чинь ирчихсэн байна, энэ мууг одоо алъя гэсэн, гэрээс Э  цээж нүцгэн гарч ирээд намайг барьж аваад цохиж газар унагаахаар нь босоод ирсэн ахиж мөргөхөөр нь би зугтаагаад хашаанаас гарсан. Намайг барьж аваад блокон хашаатай шахаж байгаад ахиад нүүр лүү маань 2-3 удаа цохисон. Тэр үед Ц намайг 2-3 удаа нүүр лүү маань цохисон...” гэх мэдүүлэг

 

 Гэрч Б.А-ын “...2021 оны 09 сарыг 21-ний өдөр хөдөө гэртээ байж байхад манай нөхөр Э-ын таньдаг Э  гэх хүн манай гэрт мотоциклтой ганцаараа ирсэн. ...Тэгээд гэртээ байж байх үед Э манай сумын гэрт 21 цагийн орчимд орж ирсэн. Манайд орж ирэхдээ нүүр нь битүү хавантай, цус болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад Цогоо найзтайгаа элбэж намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Э  нь хохирогчийг мөргөх, цохих, өшиглөх, блокон хашаанд нуруугаар нь шахах, шүүгдэгч Б.Ц  нь хохирогчийг цохих, өшиглөх зэргээр үйлдлээрээ бүлэглэн оролцжээ.

Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг буюу хэдэн гэмт хэргийг санаатайгаар үйлдэх гэмт үйл ажиллагаанд хоёр ба түүнээс дээш этгээд санаа зорилго, үйл ажиллагаагаараа нэгдэн хамтран үйлдсэнийг ойлгоно. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдэх нь нэг хүний үйлдсэн гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн аюулын шинж, учруулсан хор уршиг, хохирлын хэмжээгээр их байдаг учир хууль тогтоогчид хүндрүүлэн үзэж, ялыг чангатгажээ.

Хохирогчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан, тухайн гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

   Иймд шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирогч Н.Э  нь шүүгдэгч нараас өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч Г.Э , Б.Ц  нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Шүүгдэгч нарыг Эүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.Ц  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас /хх-н 134 хуу/-аар, шүүгдэгч Г.Э  нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШТЦ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь ял шалгах хуудас /хх-н 135 хуу/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Э-ын хувийн байдлын талаар гэрч Б.Ө-ын өгсөн: “Г.Э  нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. 2019 онд Г  гуайн бие муудсанаас хойш Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багт мал маллаж байгаа. Эхнэр хүүхэд байхгүй, хэрэг учрал болох үед Ш  нь Г.Э-тай хамт амьдрахаар Баянмөнх суманд ирчихсэн байсан, салаад Улаанбаатар хот явчихсан. Өөрийн гэсэн мал байхгүй, аав, ээжийнхээ малыг хардаг. Бүх мал нь ээжийнх нь нэр дээр байдаг. Надад дээр гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй. Архи согтууруулах ундаа баг зэрэг хэрэглэдэг. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын гүүрийг хариуцан цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг. Энэ ажлаа цаг тухайд нь сайн гүйцэтгэдэг. Зан аашийн хувьд энгийн дараахан ааштай...” гэх мэдүүлэг /хх-н 63-64 хуу/

Шүүгдэгч Б.Ц-ын хувийн байдлын талаар гэрч Б.Ө-ын өгсөн: “Б.Ц  нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 5-4 тоотод эхнэр Л.Б  дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Манай сумын зорилтот бүлэгт амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого багатай тул хамрагдсан. Баянмөнх сумын халаалт, дулааны шугамын Алаг адуут баян ХХК-нд үндсэн ажилтнаар ороод орон тооны цомхотголоор хасагдсан. Өөрт оногдсон ажлаа маш сайн хийдэг, ажилд сайн, нийгмийн идэвхтэй, олон нийтийн арга хэмжээнд сайн оролцдог. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан, одоо өөрийн санаачлагаар архи согтууруулах ундааны зүйлээс гарах хүсэлт тавьж Архидалтгүй Хэнтийчүүд дэд хөтөлбөрийн хүрээнд 10 сарын 15-ны өдөр спрал тавиулсан. Одоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Баянмөнх сумын мал нядалгааны газарт туслах ажилтнаар ажиллаж орлого олдог. Өөр орлогын эх үүсвэр байхгүй. Зан байдлын хувьд олны дунд нэр хүндтэй, хэрүүл уруул хийдэггүй, төлөв даруухан хүн.” гэх мэдүүлэг /хх-н 63-64 хуу/

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарыг тус бүр 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг дурдсан дүгнэлтийг

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э , Б.Ц  нар нь өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, тус бүр 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай улсын яллагчийн санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарт тус бүр гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, Г.Э , Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт Г.Э , Б  овогт Б.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э , Б.Ц  нарыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Э , Б.Ц нарыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э , Б.Ц  нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Э , Б.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.БАТБАЯР