| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2022/0013/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/17 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Н.Н-н өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч Н.Н , Э.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Н, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э.Н нарт холбогдох эрүүгийн 2240000000012 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд ... оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай М овгийн Э.Н ,
Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд ... оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ... тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...регистрийн дугаартай Б овогт Н.Н .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон” хүнсний дэлгүүр, “Зулбаяр-2” хүнсний дэлгүүрүүдийн гадна талд согтуугаар Э.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан, харилцан зодолдож, түүний үснээс зулгааж, хөлийг өшиглөж, чулуугаар цохиж, түлхэж унагаасны улмаас баруун хөлийн тавхайд хүндэвтэр, толгой, баруун, зүүн бугалга, баруун гуяны баруун талд хөнгөн гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон” хүнсний дэлгүүр, “Зулбаяр-2” хүнсний дэлгүүрүүдийн гадна талд согтуугаар Н.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан, харилцан зодолдож, түүний үснээс зулгааж, нүүр, дух, гар, хамар, гуя хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н , Э.Н нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2240000000012 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Э.Н-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “Би, Н.Н , Н.Н-гийн нөхөр Г , Н.Н-гийн найз нарын хамт Н.Н-гийн найзынх нь гэрт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны 19 цаг 30 минутын үед пиво уусан. Пиво ууж байгаад Н.Н би согтож байна гээд хэвтээд өгсөн, тэгснээ босч ирээд муу ямаагаар явдаг янханыгаа аваад зайлаач гээд тавагтай идээ авч шидээд, ширээг нь өшиглөсөн. Тэгээд бид хоёр гэрт нь үстэлцээд зодолдсон. Тэгсэн Н.Н-гийн найз нь гэрт зодолдоод яахав дээ гарч зодолд гээд гэрээс гаргасан. Намайг гэрээс Г аваад гаргасан. Намайг гадаа байж байхад Н.Н гэрээс гарч ирээд чи наад ямаагаар явдаг янхантайгаа цуг яв гээд намайг үстсэн. Тэгсэн бид хоёрыг найз нь салгаад намайг хойд хаалгаар гараад яв гэхээр нь би хашаанаас нь гараад хойшоо явж байсан араас Н.Н намайг ямаагаар явдаг янхан минь гээд орилохоор нь би буцаад гудамны үзүүрт очсон. Хашааны буланд очоод хоёулаа хоёр биенийгээ үсдээд зодолдсон, тэгсэн Г голоор ороод салгаад намайг татаад унагасан Н.Н наад ямаагаар явдаг янхнаа өмөөрөөд үхлээ ш дээ гээд нөхрийгөө загнаад байсан. Тэгээд бид хоёр тэнд зодолдож байгаад Г.Г бид хоёрыг салгах үед Н.Н газраас том том чулуу аваад шидээд байсан. Би айгаад нөхрийнх нь араар орж нуугдсан. Тэгээд би газар унасны дараа миний хөл эвгүй болчхоод хэвтэж байгаад би ээж аав руугаа залгаад хөл эвгүй болчихлоо гээд хэлээдхэе гэсэн Н.Н утас булааж аваад хохь чинь ямаагаар явдаг муу янхан минь гээд утсыг маань өгөхгүй байсан. Тэгээд би утас өг л дөө гэсэн май гээд надруу шидсэн утас унтарчихсан. Утас унтарчхаар нь босоод хойшоо "Зулбаяр-2" хүнсний дэлгүүрийн үүдэнд явж байсан хойноос Н.Н хөөе муу ямаагаар явдаг янхан минь хүрээд ир гээд бархираад байсан. Тэгэхээр нь би цаашаа явахгүй хүлээгээд зогсож байсан араас ирэхээр нь үргэлжлүүлээд хоёр биенийгээ үстээд зодолдсон. Бид хоёр "Морьтон" хүнсний дэлгүүрийн үүдэнд хэдэн минут зодолдсон гэдгээ мэдэхгүй байна, "Зулбаяр-2" хүнсний дэлгүүрийн үүдэнд 1 цаг гаран зодолдсон. Тэнд зодолдож байх үед аав ээж хоёр ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний биед учирсан гэмтлүүдийг Н.Н учруулсан. Бид хоёр найзлаад 1 жил болж байгаа байх. Бид хоёр уг нь их дотно найзууд, тухайн үед архи уучихсан байсан учраас л хоорондоо хэрэлдэж, зодолдсон. Би нилээн их согтолттой байсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би сайн санахгүй байна. Би гомдолтой байна. Би цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 58-60 хуу/
Шүүгдэгч Н.Н-гийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цаг 40 минутын үед нөхөр Б.Г , найз Э.Н нарын хамт М.Э-ийн гэрт очсон. М.Э-ийн гэрийн хаягыг нь мэдэхгүй байна, гэр нь Морьтон хүнсний дэлгүүрийн урд талд байсан. М.Э-ийн гэрт очоод 2.5 литрийн шар айрагнаас 5 ширхгийг ууцгаасан. Энэ шар айрагнуудаас Б.Г , М.Э нар их уугаагүй, ихэвчлэн Э.Н бид хоёр л уусан. Гэрт нь шар айраг уугаад сууж байхад Э.Н надруу уусан ундааны саваа шидэхээр нь би яаж байгаа юм гээд боссон Э.Н яасан ч яадаг юм гээд бид хоёр хоорондоо муудсан. Бид хоёрыг муудсан манай нөхөр Б.Г Э.Н-ийг гэрээс аваад гарсан, М.Э намайг гэрт аваад үлдсэн. Тэр хоёрын араас М.Э бид хоёр гараад явсан. Тэгээд бид хоёр хашаанаас нь гараад "Морьтон" дэлгүүрийн урд талд муудсан. Морьтон дэлгүүрийн урд Э.Н бид хоёр хоорондоо зодолдсон. Зодолдохдоо бие биенийгээ үстээд дараад чирээд байсан. Бид хоёрыг Б.Г , М.Э нар голоор ороод салгахаар нь буцаж ирж муудалцаж хоорондоо үстэлцээд, хоёр биенийхээ хөл рүү нь өшиглөсөн. Бид хоёр зодолдож байх үедээ хоёр биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Э.Н утсаар яриад л яваад байсан. Намайг боль гээд М.Э салгах үед би Э.Н-ийг ална гээд дээгүүрх хувцаснуудаа тайлсан байсан, тэр үед юу болсон талаар мэдэхгүй байна хэсэг манарсан байх, Э.Н бас гадуурх куртикээ тайлаад дайрсан байсан. Морьтон дэлгүүрийн үүдэнд зодолдож байх үед Э.Н газар унасныхаа дараа хөл, хөл гээд байсан. Тэгээд би хөл чинь яасан гэсэн чамд ямар хамаатай юм гээд гүйгээд яваад өгсөн. Би тэнд тайлсан хувцаснуудаа өмсөөд Б.Г , М.Э бид гурав гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байхад М.Э нимгэн гараад ирсэн даарч байна гээд буцаад явсан. Тэгээд хойшоо явж байх үед "Зулбаяр-2" хүнсний дэлгүүрийн үүдэнд Э.Н зүүн талаас гүйж ирээд намайг үстээд авсан. Тэгээд би зөрүүлж үстээд хоёр биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Э.Н намайг үстээд газар унагаад чирсэн. Тэгээд бид хоёрыг зодолдож байх үед Э.Н-ийн аав, ээж дүү гурав нь ирсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан. "Морьтон", "Зулбаяр-2" хүнсний дэлгүүрүүдийн гадаа Э.Н-тэй зодолдсоны дараа нүүр хавдсан, толгой аймаар хөндүүр, бугалга гуя хөхөрсөн, зүүн талын дал хөндүүр, хоёр өвдөг хөхөрсөн байсан. Одоо миний үс маш ихээр унаж байгаа. Би Э.Н-тэй 2021 оны 09 дүгээр сараас хойш найзалж байгаа, бид хоёр найзууд, согтуурсан байсан учраас л хоорондоо муудсан, тэрнээс хоорондоо муудахаар зүйл байхгүй.
Надаас өөр халдсан хүн байхгүй, М.Э , Б.Г хоёр бид хоёрыг салгаад л яваад байсан. Би яг яаж хугалсан гэдгээ мэдэхгүй байна, би хойш нь түлхээд унагасны дараа л хөл хөл гээд байсан. Тэгээд хөл чинь яасан гэсэн хөл эвгүй болчихлоо гэхээр нь би татаад босгосон над руу ахиад дайрсан бид хоёрыг салгасан. Миний үс халцарсан юм байхгүй, одоо жоохон татахаар л үс маань унаад байгаа. Би нэлээн согтолттой байсан. Болсон зүйлээс зарим зүйлийг огт санахгүй байгаа. ... Би гэм бурууг хүлээн зөвшөөр байна.” гэх мэдүүлэг /хх-н 49-51 хуу/
Шүүгдэгч Э.Н-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн ”Би Н-тэй 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрт нь байх үед нөхөр нь ажлаасаа буугаад ирсэн. Тэгээд Н , Г бид гурав Г-ийн найзын гэр рүү явсан. Би нэрийг нь мэдэхгүй. Г-гийн найзын гэрт очоод 2,5 литрийн савлагаатай пиво уусан. Пиво уугаад сууж байгаад Н хэвтэж байгаад намайг нөхөртэйгээ хардаад “ямаагаар явдаг янхан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр айлд муудаад яахав гээд гэрээс нь гараад бид хоёр бие биенийгээ үстэж татсан. Н том чулуу авч шидээд би бултсан. Тэгээд Г-ийн найз хашаанаас яв гэхээр нь хашаанаас гараад явж байсан Н араас “ямаагаар явдаг янхан” гээд орилоод буцаад очсон. Тэгээд буцаж очоод “Морьтон” хүнсний дэлгүүрийн үүдэнд бид хоёр зодолдсон. Бид хоёр бие биенээ үстээд зодолдож байсан. Зодолдох үед Н намайг өшиглөөд чулуу шидээд байсан. Тэгээд зодолдож байх үед миний баруун хөл хуруугаараа эвгүй болоод өвдөөд байсан. Хөл өвдөөд байхаар нь аав ээж рүүгээ залгаж дуудсан. Бид хоёрыг зодолдож байх үед Г , Г-ийн найз хоёр салгасан. Тэндээс салаад “Зулбаяр 2” хүнсний дэлгүүрийн үүдэнд явж байх үед араас Н ирээд бид хоёр ахиад тэнд зодолдсон. Бид хоёрыг зодолдож байх үед аав, ээж хоёр ирсэн. Удалгүй цагдаа ирсэн. Надад учирсан бүх гэмтлийг Н учруулсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг “Морьтон” хүнсний дэлгүүрийн урд талд 2021 оны 12 дугаар сарын 10-ны 23 цаг 30 минутын үед болсон Зулбаяр-2 дэлгүүрийн үүдэнд бас зодолдсон. Намайг хэл амаар доромжилсноос болон бид хоёр зодолдсон. Миний найз байгаа юм Э. эг. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулна. Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-н 6-7 хуу/
Шүүгдэгч Н.Н-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн “Би Хэнтий аймгийн ... сумын .. дугаар баг ... тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би гэртээ байх үед 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын үед Э.Н над руу залгаад уурхайн цалин буучихсан юм уу гэхээр нь орчихсон ш дээ гэсэн төв орж юм авъя гээд Э.Н-ийн хамт Ажнай төв орж хүнс авсан. Ажнай төвд хүнс цуглуулаад явж байх үед Э.Н хоёр 0.5 литрийн савлагаатай "ESSA" нэртэй 2 ширхэг пиво авсан. Ажнай төвд хүнс авчхаад хойшоо Э.Н-ийг хүргэж өгөөд гэрийнх нь гадаа 0.5 литрийн савлагаатай "ESSA" нэртэй 2 ширхэг пивыг нэг нэгээр нь уусан. ...Тэгээд Э.Н-гийн хамт Зулбаяр-2 дэлгүүрээс "Нийслэл" нэртэй 2.5 литрийн пивоноос 3 ширхгийг аваад манай гэрт ороод Э.Н-гийн хамт уусан. Бид хоёр пиво ууж байх үед манай нөхөр Г ажлаасаа буугаад ирсэн. Манай нөхөр ажлаасаа буусны дараа Э манай нөхрийг дуудаад манайд хүрээд ир гээд гаднаас ирж авсан. Бид гурав машинд суугаад гэрт нь очоод өмнө нь ууж байсан 3 ширхэг 2.5 литрийн пивон дээрээ нэмээд 2 ширхгийг уусан. Э-ийн гэрийн хаягыг би мэдэхгүй байна. Морьтон дэлгүүрээс урагшаа байсан. Тэдний гэрт ууж дуусгаад 23 цаг өнгөрч байхад гэрээс нь Э.Н , манай нөхөр, Э нарын хамт гарсан. Э-ийн гэрт пиво уугаад сууж байх үед Э.Н надад хандаад найз хоёулаа зодолдчих уу, зодолдвол сайн найзууд болдог гэсэн гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм гэсэн ууж дууссан пивоны сав аваад над руу аваад шидэхээр нь яагаад байгаа юм гэсэн чамайг яасан ч яадаг юм, хоёулаа зодолдох уу гэхээр нь би бараг согтчихсон байна чамтай зодолдоод яахав дээ гэж хэлсэн. Тэгж маргасан Э.Н-ийг манай нөхөр авч гараад Э гэрт намайг аваад үлдсэн. Тэгээд гэр рүүгээ явган явж байх үедээ би Э.Н-т над руу сав шиддэг чи хэн бэ гэсэн чам руу ундааны сав шидсэн ч яадаг юм гээд хоорондоо маргалдсан. Тэгж маргалдаж байгаад Э.Н намайг үстээд доош нь дарсан манай нөхөр боль гээд салгасан. Бид нар "Морьтон" дэлгүүрийн урд талд зодолдож эхэлсэн. Тэгээд салгахаар нь би Э.Н-ийг чи яахаараа миний үснээс зулгаадаг юм гээд үстсэн. Намайг зөрүүлээд үстээд байсан. Тэгсэн бид хоёрыг манай нөхөр, Э хоёр голоор орж салгасан. Тэгээд Э.Н-ийг явуулсан. Тэгсэн явахгүй буцаад ирчихсэн байсан. Буцаж ирээд дахиад зодолдсон. Тэгээд зодолдож явж байгаад харсан "Зулбаяр-2" дэлгүүрийн урд талд ирчихсэн байсан. Тэнд болсон үйл явдлуудыг би нэг бүрчлэн санахгүй байгаа болохоор зарим зүйлийг мэдэхгүй байна. Тэнд муудалцаж байх үед Э.Н утсаар ярьсны дараа аав, ээж, дүү гурав нь ирсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Уг гэмтлүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг "Морьтон" хүнсний дэлгүүрийн урд талд Э.Н надад учруулсан. Зулбаяр дэлгүүр дээр очоод удаагүй байсан. ....Н-ийн уг гэмтлүүдийг би 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг "Морьтон" хүнсний дэлгүүрийн урд талд учруулсан.... Би эмчилгээ хийлгээгүй, надад Э.Н-ээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 13-15 хуу/
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа буугаад 20 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ харих үед гэрт эхнэр Н.Н , эхнэрийн найз Э.Н нар пиво уугаад сууж байсан. Намайг гэртээ очоод байх үед найз Э дуудаад байхаар нь эхнэр Н.Н , Э.Н нарын хамт Э-ийн гэрт очсон. Би гэрийн хаягыг нь сайн мэдэхгүй байна. Тэдний гэрт очоод бид 4 "Нийслэл" нэртэй 2.5 литрийн 5 ширхэг шар айраг байснаас 4 ширхгийг нь ууж дуусгаад сүүлийнхээс нь 1, 1 аягыг ууцгаасан. Шар айраг ууж байх үед Э.Н , Н.Н нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд салгаад Э.Н-ийг гэр рүүгээ яв гээд явуулахаар явахгүй буцаж ирээд байхаар нь би хашаанаас гаргаад хойшоо явуулсан. Хоёр удаа хашаанаас гаргаад явуулсан буцаж ирээд гурав дахь удаагаа гаргаад явуулсан харагдахгүй болохоор нь би эхнэрийгээ аваад хойшоо гэр рүүгээ явах гээд хашаанаас гарсан Э.Н яваагүй хашааны буланд зогсож байсан. Тэгээд тэр хоёр хоёр биенийгээ үстээд муудалцаж зодолдсон. Энэ зодолдсон газар нь Морьтон хүнсний дэлгүүрийн урд талд байсан. Тэр хоёр бие биенийгээ үстээд, бие биенийхээ хөл рүү өшиглөөд зодолдоод байхаар нь Э бид хоёр арай чүү гэж салгасан. Тэр хоёрыг салгаад хоёуланг нь аваад хойшоо гэр рүү явсан. Хойшоо яваад гэрийн гадаа буюу Зулбаяр-2 хүнсний дэлгүүрийн хажууд ирсэн Э.Н-ийн аав, ээж, дүү гурав нь хүрээд ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед Н.Н хоёр хоорондоо зодолдсон. Э.Н-ийн биед халдсан хүн байхгүй, би голоор нь орж салгасан. Тухайн үед их удаан зодолдсон байсан болохоор тэгээд гэр рүүгээ орсон. Н.Н , Э.Н нар манай гэрт 4 ширхэг 2,5 литрийн шар айраг уусан байсан ...Миний эхнэр Н.Н нь 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр З аймгийн Б суманд төрсөн. Одоо Бор-Өндөр сумын ... төв дотор ... тогооч хийдэг. Одоо ажиллаад 2 жил болж байна. Ааш зангийн хувьд даруухан, хүнтэй муудаад байдаггүй, тухайн үед согтуу байсан болохоор л тэгсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-н 17-18 хуу/
Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед найз Б.Г руу утсаар яриад манайд гэрт хүрээд ирээ шар айраг ууя гэж дуудсан. Манай гэрт Б.Г , эхнэр Н.Н , Э.Н нар ирээд 2.5 литрийн шар айрагнууд уусан. Гэрт сууцгааж байгаад Э.Н нь Н.Н рүүгээ ундааны сав аваад шидсэн. Тэгсэн Н.Н нь босч ирээд маргалдаад байхаар нь гэрээс гаргаад гэр рүүгээ яв гээд явуулсан. Гэрээс гараад явсны дараа хашааны хойд талд хашгираад байхаар нь гараад "Морьтон" дэлгүүрийн үүдэнд очсон чинь Н.Н , Э.Н хоёр биенийгээ үстээд хоорондоо дээр доороо ороод л зодолдоод байсан. Б.Г салгах гээд салгаж чадахгүй байхаар нь Н.Н-г татаад салгасан. Н.Н би алалцана гээд дээгүүрх бүх хувцсаа тайлчхаар нь би куртикэндээ хийгээд тэврээд "Зулбаяр-2" дэлгүүр рүү чиглээд гэр рүү нь явсан Н.Н намайг тавь гэсээр байгаад тавиулсан. Би тухайн үед дотуур өмдтэйгээ байсан болохоор тэгээд гэр рүүгээ орсон. Н.Н , Э.Н нар манай гэрт 4 ширхэг 2,5 литрийн шар айраг уусан байсан. ... Н.Н , Э.Н нар их хэмжээний согтолттой байсан. Юу болоод байгаа гэдгийг мэдэхгүй л байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-н 20-21 хуу/
Гэрч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Э.Н-тэй 2012 оноос найзалж эхэлсэн. Э.Н нь нөхөр, хүүхдийн хамт Бор-Өндөр сумын ... дугаар баг ... тоотод амьдардаг. Манай найз ажил хийдэггүй, гэртээ хүүгээ хараад нөхөр нь УБҮ-ийн харьяа Цагаан дэл уурхайд бутлах хэсэг дээр ажилладаг гэсэн. Нөхөр У нь 15 хоног гараад 15 амардаг. Хаяа нөхрийнхөө байхгүй үед найзуудаараа уулзаж жаахан ууж идэх юм гардаг. Гэхдээ байнга архи дарс ууж гадуур баараар ороод байдаггүй. Найз нөхдөөрөө ярьж байгаад нэг найзындаа цуглаад суучихдаг. Зөндөө л удаан найзалж, хамт баяраар наргиж ууж идэж байсан тэгэхэд ийм муухай зан гаргаж байхыг нь хараагүй, хүнтэй эвтэй байдаг, ер нь аятайхан аргалаад яваад өгдөг байсан. Багадаа бие муутай хүүхэд байсан гэж сонсож байсан тийм болохоор сургуульд суралцаж чадаагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 67 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №27 дугаартай
1. Э.Н-ийн биед баруун хөлийн тавхайн 3-р шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйхны орой хэсгийн үсний халцрал, баруун бугалганы дотор дунд хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэг, баруун гуяны гадна хажуу дээд хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх баруун хөлийн тавхайн 3-р шивнүүр ясны далд хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн, бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Н-гийн биед духны зүүн дээд хэсэг, хамрын баруун угалз хэсэг, баруун гарын алганы дотор хэсгүүдийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн далны дунд хэсэг, зүүн гуяны гадна хажуу дунд хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Н , Э.Н нар нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Морьтон, болон Зулбаяр-2 хүнсний дэлгүүрүүдийн ойролцоо хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, Э.Н-ийн биед хүндэвтэр, Н.Н-гийн биед хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Хохирогч Н.Н-гийн “...Э-ийн гэрт пиво уугаад сууж байх үед Э.Н-н надад хандаад найз хоёулаа зодолдчих уу, зодолдвол сайн найзууд болдог гэсэн гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм гэсэн ууж дууссан пивоны сав аваад надруу аваад шидэхээр нь яагаад байгаа юм гэсэн чамайг яасан ч яадаг юм, хоёулаа зодолдох уу гэхээр нь би бараг согтчихсон байна чамтай зодолдоод яахав дээ гэж хэлсэн. ...Тэгж маргалдаж байгаад Э.Н намайг үстээд доош нь дарсан манай нөхөр боль гээд салгасан. Бид нар "Морьтон" дэлгүүрийн урд талд зодолдож эхэлсэн. Тэгээд салгахаар нь би Э.Н-ийг чи яахаараа миний үснээс зулгаадаг юм гээд үстсэн. Намайг зөрүүлээд үстээд байсан. Тэгсэн бид хоёрыг манай нөхөр, Э хоёр голоор орж салгасан. Тэгээд Э.Н-ийг явуулсан. Тэгсэн явахгүй буцаад ирчихсэн байсан. Буцаж ирээд дахиад зодолдсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Н-ийн “...Тэгээд буцаж очоод “Морьтон” хүнсний дэлгүүрийн үүдэнд бид хоёр зодолдсон. Бид хоёр бие биенээ үстээд зодолдож байсан. Зодолдох үед Н намайг өшиглөөд чулуу шидээд байсан. Тэгээд зодолдож байх үед миний баруун хөл хуруугаараа эвгүй болоод өвдөөд байсан. Хөл өвдөөд байхаар нь аав ээжрүүгээ залгаж дуудсан. Бид хоёрыг зодолдож байх үед Г , Г-н найз хоёр салгасан. Тэндээс салаад “Зулбаяр 2” хүнсний дэлгүүрийн үүдэнд явж байх үед араас Н ирээд бид хоёр ахиад тэнд зодолдсон. Бид хоёрыг зодолдож байх үед аав, ээж хоёр ирсэн.....” гэх мэдүүлэг
Гэрч Б.Г-ийн “...Хоёр удаа хашаанаас гаргаад явуулсан буцаж ирээд гуравдахь удаагаа гаргаад явуулсан харагдахгүй болохоор нь би эхнэрийгээ аваад хойшоо гэррүүгээ явах гээд хашаанаас гарсан Э.Н явааагүй хашааны буланд зогсож байсан. Тэгээд тэр хоёр хоёр биенийгээ үсдээд муудалцаж зодолдсон. Энэ зодолдсон газар нь Морьтон хүнсний дэлгүүрийн урд талд байсан. Тэр хоёр бие биенийгээ үсдээд, бие биенийхээ хөл рүү өшиглөөд зодолдоод байхаар нь Э бид хоёр арай чүү гэж салгасан...” гэх мэдүүлэг
Гэрч М.Э-ийн “...Гэрээс гараад явсны дараа хашааны хойд талд хашгираад байхаар нь гараад "Морьтон" дэлгүүрийн үүдэнд очсон чинь Н.Н , Э.Н хоёр биенийгээ үсдээд хоорондоо дээр доороо ороод л зодолдоод байсан. Б.Г салгах гээд салгаж чадахгүй байхаар нь Н.Н-г татаад салгасан. Н.Н би алалцана гээд дээгүүрх бүх хувцсаа тайлчихаар нь би куртикэндээ хийгээд тэврээд "Зулбаяр-2" дэлгүүр лүү чиглээд гэр лүү нь явсан Н.Н намайг тавь гэсээр байгаад тавиулсан....” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27, 28 дугаартай дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогчийн Э.Н-ийн баруун хөлийн тавхайн 3-р шивнүүр ясны далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт, хохирогч Н.Н-гийн гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тус тус тусгасан, тухайн гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд Э.Н-гээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, Э.Н-гийн эмчилгээний зардалд Н.Н нь 100,000 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардалд 700,000 төгрөгийг 2022 оын 04 дүгээр сарын 04-ний дотор өгөхөө сайн дураар илэрхийлсэн байна. Энэхүү эмчилгээнд зарцуулагдана гэх 700,000 төгрөгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Гэхдээ энэхүү шийдвэр нь хохирогч Э.Н-ийг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хөндөхгүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын хоорондын бие биенээ үл хүндэтгэсэн, бүдүүлэг харилцаа, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.Н , Э.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Н.Н , Э.Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас /хх-н 85, 104 хуу/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н-ийн хувийн байдлын талаар гэрч Б.Г-н өгсөн: “Миний эхнэр Н.Н нь ...оны ... дугаар сарын ...-ний өдөр .... аймгийн ... суманд төрсөн. Одоо бид хоёр .. аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод гурван хүүхдийн хамт амьдардаг. Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг . төв дотор ... тогооч хийдэг. Одоо 2 жил ажиллаж байгаа. Ааш зангийн хувьд даруухан хүнтэй муудаад байдаггүй, тухайн үед согтуу байсан болохоор л тэгсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-н 17-18 хуу/
Шүүгдэгч Э.Н-гийн хувийн байдлын талаар гэрч Д.З-ийн өгсөн: “Би Э.Н-тэй 2012 оноос найзалж эхэлсэн. Э.Н нь нөхөр, хүүхдийн хамт ... сумын ... дугаар баг ... тоотод амьдардаг. Манай найз ажил хийдэггүй, гэртээ хүүгээ хараад нөхөр нь УБҮ-ийн харьяа Цагаан дэл уурхайд бутлах хэсэг дээр ажилладаг гэсэн. Нөхөр У нь 15 хоног гараад 15 амардаг. Хаяа нөхрийнхөө байхгүй үед найзуудаараа уулзаж жаахан ууж идэх юм гардаг. Гэхдээ байнга архи дарс ууж гадуур баараар ороод байдаггүй. Найз нөхдөөрөө ярьж байгаад нэг найзындаа цуглаад суучихдаг. Зөндөө л удаан найзалж, хамт баяраар наргиж ууж идэж байсан тэгэхэд ийм муухай зан гаргаж байхыг нь хараагүй, хүнтэй эвтэй байдаг, ер нь аятайхан аргалаад яваад өгдөг байсан” гэх мэдүүлэг /хх-н 67 хуу/-ийг тус тус өгчээ.
Шүүгдэгч Н.Н , Э.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор хангаж, тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Н.Н , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Э.Н нар нь тус тус зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт ял оногдуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, Н.Н, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР