Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Ч.М  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.М-д холбогдох 2240000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт .... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн .. сумын .. дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай ... овогт Ч.М. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М  нь .. аймгийн ... сумын .. дүгээр баг ... тоотод оршин суух өөрийн хашааны гадна талд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед согтуугаар Н.О-тай маргалдан, улмаар хоорондоо харилцан зодолдож, түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.М  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчоос уучлал гуйсан. Маш их гэмшиж байна” гэв.

 

2240000000015 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Ч.М-дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Би гэртээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бага зэрэг архи уучихаад унтаж байх үед хүн нүүррүү цохихоор нь би сэрсэн. Сэрээд харсан манай хадам ах Н.О  согтуу зогсож байсан. Миний зүүн талын хөмсөгнөөс цус гарсан байсан. Би нүүррүүгээ цохиулсан уурандаа Н.О  ахыг гэрээс дагуулж хашааны гадаа гараад хоорондоо маргалдаж зодолдсон. Бид хоёр зодолдохдоо хоёр биенийгээ цохиж өшиглөсөн, хэдэн удаа цохиж өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байна. Бид хоёрыг зодолдож байх үед манай эхнэр салгах гээд согтуу хүмүүс дийлдэхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн байсан. Манай эхнэр хүүхдүүдээс өөр хүн байгаагүй. Би согтсон байсан гэхдээ болсон зүйлийг санаж байна. Би өглөө нь ажлаас буусан байсан болохоор унтаж байсан юм. ...Бид хоёрт өс хонзон байхгүй, би шинийн нэгний өдөр Н.О  ах дээр очиж золгоогүй болохоор бид нарт гомдоод намайг унтаж байх үед цохисон байсан. Хоёулаа архи уучихсан байсан болохоор л муудсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрнө.гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42-р хуудас/

Хохирогч Н.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би .. аймгийн ... сумын .. дүгээр баг ... тоотод ганцаараа амьдардаг. Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байх үед ажлын ах Г надруу залгаад ах дээрээ ирж золго гээд дуудаад байхаар нь би ганцаараа гэрт нь очсон. Г  ахын гэрт очиод "Chingiss" нэртэй 0.75 литрийн архи хоёулаа хувааж уусан. Тэнд архи уугаад сууж байснаасаа хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь төрсөн дүү Н.М-ийн нөхөр Ч.М  зодолдож байсан. Тэгээд зодолдож байгаад би болъёо гээд орилсон. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод салсан. Салаад гэррүүгээ явсан. Би зодолдож байхдаа Ч.М-ыг хэдэн удаа цохисон, хэдэн удаа цохиулсан гэдгээ мэдэхгүй байна. Толгойн орой хэсэгт язарсан, зүүн, баруун нүд улайсан, нүдний ойролцоо бас зулгарсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Ч.М  учруулсан. Бид хоёр биенийхээ биед хэдэн удаа яаж халдсан талаар мэдэхгүй. Би ухаан орохоосоо өмнө халдсан гэсэн. Би ухаан орж сэргэснээсээ хойш Ч.М-ын  биед халдаагүй. Над дээр шиний 1, 2, 3-ы өдрүүдэд  ирж золгоогүй болохоор би тэр уурандаа архи ууж тасраад л шууд очсон юм шиг байна лээ. Намайг цохисон гэсэн. Би нилээн их хэмжээний согтолттой байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай

  1. Н.О-ын биед толгой орой хэсгийн хуйхны язарсан шарх, зүүн нүдний алимны салст баруун, зүүн нүдний зовхины хэсгүүд болон баруун, зүүн хацар хэсэг, баруун гуяны гадны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-н 22-23-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.М  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 1514 тоотод оршин суух өөрийн хашааны гадна талд 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед согтуугаар Н.О-тай маргалдан, улмаар хоорондоо харилцан зодолдож, түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Н.О-ын “...Нэг ухаан орсон чинь төрсөн дүү Н.М-ийн нөхөр Ч.М зодолдож байсан. Тэгээд зодолдож байгаад би болъёо гээд орилсон. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод салсан. Салаад гэррүүгээ явсан. Би зодолдож байхдаа Ч.М-ыг хэдэн удаа цохисон, хэдэн удаа цохиулсан гэдгээ мэдэхгүй байна. Толгойн орой хэсэгт язарсан, зүүн, баруун нүд улайсан, нүдний ойролцоо бас зулгарсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Ч.М учруулсан..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.М  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Н.О-ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Хохирогч Н.О  нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл тус тус нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогчийн зүй бус үйлдэл буюу унтаж байсан гэх шүүгдэгчийг “нүүррүү нь цохисон” гэх үйлдэл нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн тул дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Ч.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ч.М  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудас /хх-н 49 хуу/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.М-ын хувийн байдлын талаар гэрч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний нөхөр Ч.М  нь ... аймгийн ..суманд ... оны .. дугаар сарын ...-ний өдөр төрсөн. Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийг 1995 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Бор-Өндөр суманд харуулын албанд ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд 2001 онд цэрэгт татагдаад Дорнод аймгийн Халх голын хилийн цэргийн ангиад хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд харуулын албанд үргэлжлүүлж ажиллаж байгаад, Бор-Өндөр сумын Орос дэлгүүрт ажиллаж байсан. Тэгээд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажилд орсон. Одоо УБҮ-ийн .... ажилдаг. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй, том хүүг маань М.М  гэдэг Бор-Өндөр цогцолбор сургуулийн 10 дугаар ангид сурдаг, дунд хүү маань Ч.Б  9 дүгээр ангид сурдаг, бага охин маань М.Н  гэдэг 7 дугаар ангид суралцдаг. Ч.М  нь зан аашын хувьд цагаахан, уурлаад тэр дороо уур нь гардаг. Аягүй түргэн ууртай, дүрс гээд л уур нь гарчихдаг. Би ханилаад 25 жил болсон сайна.” гэх мэдүүлэг /хх-н 12-13 хуу/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.М нь ... аймгийн ... сумын ..дүгээр баг ... байранд амьдардаг, Уулын баяжуулах үйлдвэрт ....-р ажилдаг. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдийн том нь 16 настай, дунд хүү нь 13, 14 настай, бага охин нь 12 настай байх. Би Осибо гэх зооринд ажиллаж байхдаа танилцсан. Зан аашын хувьд хүнтэй боловсон харьцдаг, ажилдаа хариуцлагатай, жоохон түргэн ууртай хүн байдаг. Архи согтууруулах ундааны зүйл заримдаа хэрэглэдэг байх. Тамхи татдаггүй. Осибод ажиллаж байхдаа ачигч хийдэг байсан, тэрнээс хойш хэдэн онд уурхайд орсон талаар мэдэхгүй байна. Жолоочоор ажлаад 20 гаран жил болж байгаа байх. Ч.М  нь Сүхбаатар аймгийн гаралтай хүн. Өмнө нь хүнтэй муудаж байгаагүй. Аж амьдрал нь тогтчихсон, гайгүй амьдралтай хүн.” гэх мэдүүлэг /хх-н 46-47 хуу/-ийг тус тус өгчээ.

 

Шүүгдэгч Ч.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР