Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясгалангийн Баттулга |
Хэргийн индекс | 165/2022/0026/Э |
Дугаар | 2022/ШЦТ/33 |
Огноо | 2022-04-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Нын Сд холбогдох 2217000480026 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Нын С /РД: /, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2000 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Зараагийн ........ тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, ах, эгч, 5 дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халуун тогоо рестораны орчим Б.Нтэй маргалдаж улмаар түүнийг үстэж газар унагаж толгойн ар дагз болон нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь толгойн ар дагз орчмын няцарсан шарх, дагзны хуйхан дор цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2022 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө хохирогч Нтэй анх удаа уулзсан. Нийг сайн танихгүй, А гэдэг охинтой ирсэн болохоор маргаан үүссэн. А нь намайг дэлгүүрт худалдагч хийдэг байхад хэл амаар доромжилдог байсан. Хохирогч Нийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг хоорондоо муудалцаад, зодолдоод, гараараа цохиж би учруулсан. Би тухайн өдөр 3 ширхэг 500 граммын лаазтай пиво уусан байсан. Хохирогчид бэлнээр 190 000 төгрөг өгсөн. Хохирогчид гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос сонсгосон ял буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэнэ гэснийг зөвшөөрч байна. Миний буруу гэж бодож байна гэв.
2. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ. “2022 оны 03 дугаар сарын 08-ны орой 23 цаг өнгөрч байхад манай эгчийн найз Заяа ирээд бид гурав Халуун тогоо ресторанд суух гээд байж байтал Заяа нь тэнд зогсож байсан махлагдуу шар үстэй эмэгтэй бас нэг туранхай бор эмэгтэй хоёртой маргалдсан. Заяа нь бид 2 дээр ирээд намайг хүнтэй андуураад нөхөртэйгээ хардсан гэхэд манай эгч Б хүн андуураад байна гэтэл нөгөө махлагдуу эмэгтэй нь хашаанаас гарах уу гээд зууралдаад бид нар халуун тогооны баруун хаалгаар хойд талд нь гараад Б, З хоёртой нөгөө эмэгтэй хэрэлдээд байхаар нь би болиулах гээд дундуур нь ороод салгаад махлагдуу шар үстэй эмэгтэйг холдуулсан чинь хойшоо ухарч байгаад гэнэт намайг үсдээд 4 хөллүүлж дараад миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа мөн хамар руу цохиод миний хамар мурийсан. Мөн зүүн хойд дагз хэсэгт язраад цус гарсан. Эмнэлэгт очиж 1 оёдол тавиулсан. Миний толгой хагарч, хамар мурийсан байгаа. Тэр эмэгтэй намайг зодож гэмтэл учруулсан. Тухайн үед тэнд бид хоёроос өөр зодолдсон хүн байхгүй. Би тэр эмэгтэйд гар хүрэх боломж ч байгаагүй намайг үсдээд дарсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 190 000 төгрөгийн хохиролоо бүрэн авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21, 23 хуудас/
3. Гэрч Б.Б өрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Найз А ирээд бид гурав Халуун тогоо ресторанд шөнийн 00 цаг болж байхад очиход суух ширээ байгаагүй учир үүдэнд гараад зогсож байтал А ирээд надад энд байгаа хоёр эмэгтэй намайг хүнтэй андуураад нөхөртэйгөө хардаад доромжлоод байна гэхээр нь би за андуурч байгаа биз дээ гээд дотогшоо орох гээд хаалган дээр ирсэн чинь махлагдуу шар үстэй эмэгтэй манай найзыг хэл амаар доромжлоод байхаар нь би чи хүн андуураад байна, наадах чинь 3-н сартай жаахан хүүхэдтэй тэгэх хүн биш гэж хэлэхэд үгүй би андуураагүй гээд хашаанаас гаръя гээд намайг сугдаад баруун талын хашааны хаалгаар нь гараад хойд талд нь очоод надад хандаад үзэх үү, зодолдох уу угаасаа найз эмэгтэй чинь манай нөхөртэй явалддаг гээд дайраад байсан. Манай дүү Н дундуур ороод нөгөө эмэгтэйг цааш нь түлхээд жаахан холдоод гэнэт л махлагдуу шар үстэй эмэгтэй Нийн үснээс нь зулгаагаад доошоо дарсан толгой руу нь гараараа цохиж байсан. А бид хоёр очоод салгасан. Манай дүүгийн хамар гэмтсэн байсан. Бас толгой арын дагз хэсэгт язраад оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 08-ны орой найз Н.С хамт мартын 8-н тэмдэглээд Гранд бааранд гурав гурван ширхэг 0.5 граммын лаазтай боргио нэртэй пиво уугаад Халуун тогоо ресторанд очиход ширээ байхгүй гээд гадаа нь зогсож байсан чинь бид хоёрын хажуу талд нэг эмэгтэй байсан. С тэр эмэгтэйг таньдаг бололтой нөхрийнх нь нэрийг асуугаад чи өмнө намайг хэл амаар доромжилж байсан эмэгтэй мөн үү гэхэд тэр эмэгтэй эхэндээ үгүй гэж байгаад за за тиймээ мөн байна гээд өнгөрсөн юм яриад яахав дээ гээд тэр 2 гар бариад салаад нөгөө эмэгтэй цаашаа яваад өгсөн. Удалгүй дөрвүүлээ болоод бид хоёр дээр ирээд нэг нь С рүү гэрэл тусгаад янз бүрийн юм ярихгүй гэвэл ийшээ гарах уу гээд цамцнаас зулгаагаад хашааны баруун хаалгаар гараад хойд талд нь очоод хэрэлдээд зогсож байгаад цагаан цайвар цамцтай эмэгтэй С нүүр рүү гараараа цохисон. Нэг харсан чинь С нөгөө цагаан цамцтай эмэгтэйтэй зууралдаад газар унасан дээр доороо ороод зодолдож байгаад босоод ирсэн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Өөр тэнд хоорондоо зодолдсон хүн байхгүй. Цагдаа дээр ирэхэд нөгөө цагаан цамцтай эмэгтэйн зүүн чих цус болсон байгаа харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
5. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Болорцэцэг эгчтэй Халуун тогоо рестораны гадаа юм яриад зогсож байтал хамт явж байсан найз нь гээд эмэгтэй нэг махлаг шар үстэй эмэгтэй бас нэг жижиг эмэгтэй хоёртой маргалдсан. Болорцэцэг эгч тэд нар дээр очоод юм ярьж байгаад тэд нар бөөндөө Халуун тогооны баруун хаалгаар гараад маргалдаж зогсож байгаад Б эгчийн дүү Нандиатай нь нөгөө махлагдуу шар үстэй эмэгтэй барьцалдаж аваад үсдээд доош нь дараад тэр хоёр зодолдсон. Яг хэн хэнийгээ хаана, хаана нь хэдэн удаа цохисоныг нь хараагүй. Нээх удаагүй цагдаа нар хүрээд ирсэн. Н эгчийн толгойноос цус гараад нил цус болсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
6. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би У найзтайгаа Ариунгэрэлийг гаргаж өгөөд буцаад орох гэж байтал үүдэнд өмнө нь харж байгаагүй С гэх охин найзтайгаа зогсож байсан. С гэх охинтой хамт байж байсан охин нь надад хандаж чи Чойрын аль сургуулийг төгссөн юм бэ гэж асуухаар нь би Чойрынх биш гэж хэлээд орох гэсэн чинь С над руу хараад чи намайг танихгүй байна уу гэхээр нь би танихгүй байна гэсэн чинь би Сувдаа байна, танай нөхрийг Хуягаа гэдэг биз дээ, танай гэр Сүмбэрийн 2 тоотод байдаг биз дээ, танай нөхөр шаймы ирүүтэй, Санота-6 маркийн автомашин унадаг биз дээ гэж асуухаар нь би манайх Сүмбэрийн 1 тоотод байдаг, манай нөхөр шаймгар биш, Санота-7 маркийн машин унадаг байсан гэтэл С та нарын ямар маркийн машин унах надад ямар хамаатай юм гэж уурлахад нь хамт явж байсан охин нь одоо боль манай найз Чойрынх биш уучлаарай хүн андуураад байна гэсэн чинь С би хүн андуурдаг хүн биш, чи манай нөхөртэй явалддаг байсан биз дээ гээд бид хоёр бага зэрэг маргалдсан. С согтуу байсан болохоор нь би тоолгүй орхиод орох гэсэн чинь оруулахгүй уурлаад байсан. Манай найз Б нь С дээр очоод эгчийн дүү андуураад байна, чи бид нараас дүү юм байна, бид нар нөхөр хүүхэдтэй хүмүүс, тайвшир гэж хэлтэл С намайг лалар, янхан, пизда гэж хараасан. Б нь тэгж болохгүй гэж хэлсэн чинь С нь Бийг хоёулаа ийшээ гараад үзье гээд сугдаад баруун тийш хашаанаас нь гараад явсан. Н, С, Б, Стэй хамт явж байсан охин нар нь хоорондоо хэрэлдэж муудаад байж байтал С нь Нандинцэцэгийг үсдээд бид нараас зайдуу аваад гарсан. Нийн толгой болон хамраас цус гараад нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-38 хуудас/
7. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар дүгнэлтэнд: “Б.Нийн биед толгойд зүүн дагз орчмын няцарсан шарх, дагзны хуйхан дор цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.03.09-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 43-44 хуудас/
8. Хохирогч Б.Нийн хохирлын баримтууд, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, хохирогчийн үзлэг оношлогоо хийлгэсэн баримтууд /х.х-ийн 52, 65-68 хуудас/
9. Сүмбэр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /х.х-ийн 53, 59 хуудас/
10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 83, 86-87 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.С нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халуун тогоо рестораны орчим Б.Нтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг үсдэж газар унагах, толгойн ар дагз болон нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь толгойн ар дагз орчмын няцарсан шарх, дагзны хуйхан дор цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Н.С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сувд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н, гэрч Б.Б Б.Б, Л.О, Э.А нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.
Мөн шүүгдэгч Н.С нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Н.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Н.С нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Н.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгчийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Н.С нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.С анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Сд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй ба харин торгох ялаар шийтгэж тодорхой хугацаа тогтоож өгсөнөөр ажил, хөдөлмөр эрхэлж төлж барагдуулах боломжтой гэж үзлээ.
Хохирогч Б.Нт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч Н.С нь хохирогч Б.Нт халдсан үйлдлийн улмаас бие махбодид нь толгойн ар дагз орчмын няцарсан шарх, дагзны хуйхан дор цус хуралт, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би 190 000 төгрөгийн хохирлоо бүрэн авсан гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгч Н.С бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нын С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА