Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гурван богд овогт Гэндэнжавын Буянхишигт холбогдох 2117000000120 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г овогт Гын Б /РД: /, Төв аймгийн Зуунмод суманд 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ......... дүгээр хороо, ............ хойд талд ........ давхар шар нийтийн байранд оршин суух, “Нэг од” ХХК-д гэрээт харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, дээд боловсролтой, цэргийн ерөнхий инженер мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг,

урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.Нг ажлын байран дээрээ буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах, Засаг даргын тамгын газрын байранд байхад Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт хөгжмийн зэмсэг хүргүүлж байна, тээврийн хөлс буюу шатахууны зардал 206 000 төгрөгийг шилжүүл гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон Б.Нээс 206 000 төгрөгийг Төрийн банкны 100900463285 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар луу залгаж соёл хариуцсан ахлах гэдэг хүнтэй яриад Соёлын яамнаас хөгжим, техник төхөөрөмж өгөх гэж байна. Шатахууны зардал болох 206 000 төгрөг өөрийнхөө Төрийн банкны дансанд  шилжүүлж залилж авсан. Уг авсан мөнгөө байрны мөнгө, хоол хүнсэнд зарцуулсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохироосон хүнээ хохиролгүй болгоод, прокуророос 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ гэснийг зөвшөөрч байна. Өөр залилан хийсэн үйлдэл байхгүй, цагдаа прокурорт шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Буруу үйлдэл, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хүүгээ 2 сартайгаас нь хойш өсгөж хамт байгаа гэв.

2. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед намайг ажил дээрээ байж байтал Засаг даргын тамгын газрын дарга С нь яриад Улаанбаатар хотоос Соёлын яамнаас хөгжмийн зэмсэг ирж байгаа юм байна, буулгаж барих хүн яах билээ, чи энэ хүнтэй ярь гэхээр нь би 98811947 дугаар руу залгахад танай юмыг ачуулсан гэхээр нь би та над руу жолоочийнхоо дансыг явуулчих гэхэд 100900463285 Б гэсэн данс мессежээр ирсэн. Би уг хүнтэй ярьсны дараа Содном даргатай ярихад 206 000 төгрөг шатхууны үнэ гэж явуулах юм байна гэдгийг хэлээд данс руу 206 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө ажил дээрээ байж байхад С ах өрөөнд орж ирээд нөгөө хөгжмийн зэмсэг явуулна гэсэн хүн нь худлаа хүн байсан байна, Соёлын яамтай ярихад тийм хүн ажилладаггүй гэж хэлэхэд нь залилуулсан байна гэж ойлгосон. Дээрх шилжүүлсэн мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-9 хуудас/

3. Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн үед миний утас руу 98811947 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад Соёлын яамнаас ярьж байна, газрын дарга Эгэж хүн байна гэхээр нь би тасалсан чинь дахиж залгаад аймгийн Засаг даргын тамгын газрын даргын утасны дугаар хэрэгтэй байна, би яамны газрын дарга Э гэж хүн байна гэхээр нь би та утсаар нь яах гэж байгаа юм бэ гэхэд яамнаас хөгжмийн зэмсэг танайд өгөх гэж байна, тамгын даргатай чинь ярьна гэхээр нь би аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Сын дугаарыг өгсөн. Нөгөө хүн С даргатай өнөөдөр танай аймагт хөгжмийн зэмсэг явуулна, тээврийн хөлс болон хоолны мөнгө явуул гэж ярьсан байсан. С дарга тамгын газрын нягтлан бодогч Нямцэрэнд мөнгийг нь шилжүүл гэсэн үүрэг өгсөн байсан ба Н нь Төрийн банкны 100900463285 дугаарын данс руу 206 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Н тухайн өдөр 17 цагийн үед буюу ажил тарах үеэр нөгөө хүнтэй ярьсан болохоор төрийн сангаас тухайн үед мөнгө шилжүүлэх боломжгүй байсан тул өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлсэн байсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө ажилд ирээд Соёлын яам руу мэргэжилтэн М гэж хүнтэй яриад танай дарга Э хөгжмийн зэмсэг явуулна гэсэн танай яамнаас тийм шийд байна уу гэж асуухад манайхаас тийм шийдвэр гараагүй мөн манайд Эрхэмээ гэж газрын дарга байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар залилуулсан гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/

4. Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 14, 17,  18-21, 22-25 хуудас/

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 53, 68-100 хуудас/

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 122-124 хуудас/ зэрэг болно.

Шүүхийхэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Б.Нг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, Засаг даргын тамгын газрын байранд ажил дээрээ байхад нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газарт хөгжмийн зэмсэг хүргүүлж байна, тээврийн хөлс буюу шатхууны зардал 206 000 төгрөгийг шилжүүл гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон, Б.Нээс 206 000 төгрөгийг Төрийн банкны 100900463285 тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Г.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Г.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд хохирогчийн хайхрамжгүй байдлыг ашиглаж шүүгдэгч Г.Буянхишиг нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдлээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгчийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Харин Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэж эхлээгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 179 дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул уг ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Г.Б нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хорооллын 11 дүгээр байрны 35 тоотод оршин суудаг гэж бүртгэгдсэн боловч тус хаяг дээр байнга оршин суудаггүй ба Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны хойд талд 2 давхар шар нийтийн байранд байнга оршин сууж байгаа тул 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх, гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Нд учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Нээс 206 000 төгрөгийг Төрийн банкны 100900463285 тоот данс руу шилжүүлэн авч хохирол учруулжээ. Хохирогч Б.Н нь 206 000 төгрөгийг бэлнээр авсан, ямар нэгэн гомдол хүсэлт байхгүй гэсэн хүсэлтийг гаргасныг үндэслэн шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Гын Бийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх, гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА