| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/0283/И |
| Дугаар | 1751 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 1751
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2017/01751 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххх2 тоотод оршин суух, Х.Бы /РД: .........../ нэхэмжлэлтэй
53.581.138 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашмаа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сангийн яамны Төрийн сангийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр,
Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхдалай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 255 дугаар тушаалаар Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдон ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Х.Быг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсөвт хохирол учруулсан гэх хэрэгт шалгаж албан үүргээ биелүүлэхийг 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор түдгэлзүүлсэн. Уг тогтоолыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч З.Баасанням үйлдэж, Нийслэлийн прокурорын газрын туслах прокурор С.Хишигжаргал зөвшөөрөл олгосон байсан.
Тухайн үед Х.Б нь гэмт хэрэг үйлдээгүй гэх үндэслэлээр албан үүргийг түдгэлзүүлэхгүйгээр шалгаж өгөхийг хүссэн боловч мөрдөн байцаагч, прокурор хүсэлтийг хүлээн аваагүй.
Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ингээд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Б/170 дугаар тушаалаар Х.Быг Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд эргүүлэн томилсон.
Дээрхи хууль бус ажиллагааны улмаас Х.Б нь 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 2 жил, 9 сар, 12 хоног ажилгүй, цалингүй хохирсон.
Энэ хугацаанд Х.Быг эрүүгийн хэрэгт сэжигтэнээр татан 72 цаг баривчлан, яллагдагчаар татсан, мөн тэрээр гадагш явахгүй гэсэн баталгаатай байсан. Мөн Батлан хамгаалах яамны сайдын 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/21 дүгээр “Албан тушаалын орон сууц хуваарилах тухай“ тушаалаар орон сууц олгохоор шийдвэрлэсэн байсан боловч эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үндэслэлээр олгоогүй тул төрийн алба хаасны төлөө нийгмийн асуудал шийдвэрлэгдэх боломж хязгаарлагдаж давхар хохироосон.
2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд сард 1.391.141 төгрөг, 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд сард 1.591.570 төгрөг авах байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ... баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, ... этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцна“ гэсний дагуу ажилгүй байсан хугацааны цалин 51.781.138 төгрөг, уг эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс 1.800.000 төгрөг, нийт 53.581.138 төгрөгийг төрийн сангаас буюу Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашмаа шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Д.Дашмаа би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Х.Бы нэхэмжлэлтэй хэрэгт төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна.
Х.Б нь Эрүүгийн 201301000484 дугаартай хэрэгт шалгагдаж байх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 51.781.138 төгрөг, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны хөлс 1.800.000 төгрөг, нийт 53.581.138 төгрөг төрийн сангаас гаргуулахаар нэхэмжилжээ.
Х.Б нарт холбогдуулан шалгасан эрүүгийн 201301000484 дугаартай хэргийн материалыг үзэхэд дараахь байдлууд тогтоогдсон байдаг. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар О.Бархасбадь 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Б.Бат-Олзвой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Дээрх хэрэгт Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Х.Быг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй 3 үйлдэлд зайлшгүй холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдсон байдаг. Уг эрүүгийн хэрэгт Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Хэрэгт шалгагдах хугацаанд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлд заасан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн хуулийн 75 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч албан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр, шүүх, прокурор нь тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрхтэй гэж заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ авсан байна.
Тус прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн мн/02-1 дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай“ тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээр дурьдсан нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд дээрх эрүүгийн хэргийн шалгах асуудал нь цар хүрээ ихтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа нь өргөн цар хүрээ хамарсан байснаас мөрдөн байцаалтын ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн, түүнчлэн Х.Быг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн 201301000484 дугаартай хэрэгт үндэслэлгүй холбогдуулан шалгаж үндэслэлгүй албадлагын бусад арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлгүй тул Х.Бы 53.581.138 төгрөг нэхэмжилснийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сангийн яамны Төрийн сангийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Бы нэхэмжлэлтэй гэмт хэргийн улмаас учирсан хохирол 53.581.138 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд иргэний хэрэгтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт эх үүсвэрийг нь 100 хувь төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан буюу Засгийн газрын тусгай санд Засгийн газрын нөөц сан багтана гэж заасан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт хуулийн 6.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, 28.3 дахь заалтуудыг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас мөнгөн хөрөнгө гаргадаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэхь хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заажээ.
Үүний дагуу жил бүр хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад дээрх үндэслэлээр буюу төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны нөхөн төлбөр гэж тодорхой хэмжээний төгрөг батлагддаг бөгөөд 2017 онд 6.057.700.000 төгрөг тусгагдсан байна. Иймд иргэн Х.Бы хохирлын мөнгийг Хууль зүй, дотоод хэргийг яамнаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 53.581.138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Б нарт холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 273 дугаар зүйлийн 273.2-т зааснаар үүсгэсэн 201301000484 тоот эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буйтай холбогдуулан Х.Быг 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтэнээр баривчлан 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтэнээр цагдан хорихоос татгалзсан, гадагш явахгүй байх таслан сэргийлгэх арга хэмжээ авсан, мөн тус газрын мөрдөн байцаагч 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай“ тогтоолоор Х.Быг 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгосон байна.
Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хэрэгсэхгүй болгох санал гарган прокурорт хүргүүлсэн ба Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай“ тогтоолоор дээрхи хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба тогтоол хүчин төгөлдөр болсон талаар зохигч маргаагүй.
/ХХ-ийн 12-14, 57-80 дугаар тал/
Х.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Б/170 тушаалаар түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон байна.
/ХХ-ийн 15-17 дугаар тал/
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3-т заасан буюу тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул Х.Бд хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн ба тэрээр 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин болон мөрдөн байцаалтын явцад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс тус тус нэхэмжилсэн.
Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Х.Б нь 2013 оны 1 дүгээр сард 1.223.600 төгрөг, 2013 оны 2 дугаар сард 1.558.681 төгрөг, 2013 оны 3 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 1.391.141 төгрөгийн цалин авч байсан нь Х.Бы цалингийн карт болон түүний цалингийн талаарх тус яамны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн лавлагаагаар тогтоогдлоо.
Тэрээр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажил үүргээ гүйцэтгэх болсон ба 2014 оны 1 дүгээр сарын цалин 1.391.141 төгрөгийг хүлээн авсан тул 2014 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалинг нь гаргуулах үндэслэлтэй.
Х.Б нь 2014 оны 2 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд сард 1.391.141 төгрөг, 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд сард 1.590.570 төгрөгийн цалин тус тус авах байсан нь Х.Бы цалингийн талаархи Батлан хамгаалах яамны санхүүгийн хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн лавлагаагаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 6-11, 18-20, 96 дугаар тал/
Мөн тэрээр мөрдөн байцаалтын явцад хууль зүйн туслалцаа авахад 1.800.000 төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бусдад төлсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдлоо.
/ХХ-ийн 21-22 дугаар тал/
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн бол учирсан хохирлыг төр хариуцахаар, мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2-т “...390.1.5-д заасан хохирлыг улсын төсвөөс нөхөн олгох“-оор заасан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас уг мөнгийг гаргуулах үндэслэлтэй.
Иймд Х.Бд 2014 оны 2 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 11.129.128 төгрөг, 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин 39.764.250 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 1.800.000 төгрөг, нийт 52.693.378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 887.760 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, түүний төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Батлан хамгаалах яаманд даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 52.693.378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 887.760 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Бы төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нь бичилт хийхийг Батлан хамгаалах яаманд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч Х.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425.855 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР