| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00738/и |
| Дугаар | 00839 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 00839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1961 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 23-03 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Жанчивын Нэргүй /ХЛ61031009/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ж.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нэргүй нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.Нэргүй нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар 1980 оны 08 дугаар сарын 25-наас 1984 оны 07 дугаар сарын 25 хүртэл ажилласан. 1984 онд Элсэлтийн шалгалт өгч, МУИС-т элсэн орсоноор тус ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга дарагдаагүйн улмаас ажилласан жил тооцогдоогүй.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар 1980 оны 08 дугаар сарын 25-наас 1984 оны 07 дугаар сарын 25 хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд бичээч, бага ангийн багшаар 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 06 дугаар сарын 19-ны 47 дугаартай “...багш Ж.Нэргүй 6-р сарын 25 наас 8 дугаар сарын 07 хүртэл 36 хоног...” гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 02 дугаар сарын 05-ны 08 дугаартай “...1 ба 3 дугаар ангийн багш нарын бүтээл...” гэх Уралдаан дүгнэх тухай тушаалын хуулбар,
МУИС-ийн ректороос 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ж.Нэргүйд нээж олгосон №329731 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 10 дугаар сарын 24-ний 28 дугаартай “...6.Жанчивийн Нэргүйг бичээчээр 1981 оны 09 сарын 01-нээс...ажиллуулсугай.” гэх Ажилчдыг ажилд авах ба зарим ажилчдын хөдөлмөрийн түр гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБСургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан 1981-1984 оны цалингийн түүвэр,
МУИС-ийн улсын шалгалтын комиссын 22851 дугаартай диплом, дүнгийн жагсаалтын хуулбар
Хамт олны фото зураг
Гэрч Д.Даваахүүгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “....Ж.Нэргүй нь Тариалан сумын 10 жилийн сургуульд 1980-1984 онд бага ангийн багшаар, бичээчээр ажиллаж байгаад 1984 оны намар МУИС-ийн биологийн багшийн ангид элсэн суралцахаар явсан ...” гэх,
Гэрч П.Зоригтын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ”... Би 1983 оны 8 дугаар сард Тариалан сумын 10-н жилийн сургуульд түүх нийгмийн ухааны багшаар багшаар ажиллахаар томилогдон очиход Ж.Нэргүй нь тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Тэгээд бид хоёр 1983-1984 оны хичээлийн жилийг дуустал хамт ажиллаж байгаад Ж.Нэргүй нь 1984 оны хавар конкурс өгч улмаар МУИС-ийн биологийн ангид элсэн суралцахаар хувиар авсан. Тэгээд намар нь хичээлийн жил эхлэхэд би хүмүүжлийн эрхлэгчээр томилогдон ажилаа авахад Ж.Нэргүй нь сургуульдаа явах гээд ажилаа хүлээлгэн өгч байсан.Тэр үеэс хойш хоорондоо тааралдаагүй бөгөөд сүүлд 1997 онд намайг 2 дугаар сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхад Ж.Нэргүй нь 3 дугаар сургуульд багшилж байгаа гээд олимпиадаар уулзалдсан. Намайг 1983 онд очиход 10 дугаар анги төгссөөд багшилж байгаа курссийн багш нар гээд Ж.Нэргүй, П.Оюунчимэг, Д.Доржпагам нар байсан. Тухайн курссийн багш нар нь сургуульдаа 3 доошгүй жил ажилласаны дараагаар конкурссэнд орж цаашид суралцах эрхээ авдаг байсан бөгөөд Ж.Нэргүй нь МУИС-ийн биологийн, П.Оюунчимэг нь МУИС-ийн математикийн, Доржпагам нь Ховдын монгол хэлний багшийн ангид тус тус суралцаж дээд мэргэжилтэй багш нар болцгоож байсан. Би 1983-1988 онуудад Тариалан сумын 10-н жилийн сургуульд түүх нийгмийн багш, хүмүүжлийн эрхлэгчээр байгаад 1988 онд Арбулаг сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллахаар шилжсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн 1980 оны 8 дугаар сарын 25-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын дунд сургуульд ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох дараахь хугацааны лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБСургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай Тус сургуулийн архиваас 1980 он, 1981 оны 1- 8 сар, 1982 оны 1-2 сар, 9-12 дугаар саруудын цалингийн цэс байхгүйг нотолсон тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гөрөөчин овогт Жанчивын Нэргүй /ХЛ61031009/-г Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд бичээч, бага ангийн багшаар 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тариалан сумын дунд сургуульд багш, бичээчээр ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нэргүйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА