Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 146

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан “С.Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОӨГ, ОӨГ-ын МШК тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “С.Ф ” ХХК, /РД:61564../,

            Хариуцагч: ОӨГ,

Хариуцагч: ОӨГ-ын МШК,

Гуравдагч этгээд: С.Ж.Ч.К

            Нэхэмжлэлийн шаардлага: “ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С.Ф” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компанийн зүгээс хуульд заасны дагуу ОӨГт хандан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “Барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлдэг бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” гэсэн заалтын 5.1.1-д “Үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглээ, нэр томьёо дангаар байвал”, 5.1.2-д “Тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс гэсэн” хуулийн заалтыг тус тус зөрчиж тус газраас Д******* гэх барааны тэмдгийг бусдад олгосон гэж үзэж гомдол гаргасан.

Уг гомдлыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Хууль зүй,
дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 тушаалаар
баталсан Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын
ажиллах журмын дагуу Маргаан таслах комиссоос хянан шийдвэрлэхдээ
оролцогч буюу “С.Ф” ХХК-ийн хууль ёсны эрхийг хангаагүй юм. Учир нь
дээрх журмын 4 дүгээр зүйлд гомдол гаргагч талын маргаан шийдвэрлэх
ажиллагаанд оролцох эрхийг зохицуулсан байх бөгөөд 4.10-д “Комиссын
хуралдааны товыг маргааны оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь
хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор
явсан/-гүйгээр хуралдаанд ирээгүй нь маргааныг хуралдаанаар хэлэлцэн
шийдвэр гаргахад саад болохгүй” гэж зохицуулсан байна.

Гэтэл Маргаан таслах комиссоос манай компани буюу гомдол гаргаж буй Г.Г надад огт мэдэгдээгүй бөгөөд оролцох эрхээр хангалгүйгээр дээрх маргаан бүхий тогтоолыг гаргасан явдал нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж эрхээ хамгаалуулахаар эрх бүхий этгээдэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхийг хангаагүйгээр барахгүй хэт нэг талыг барьж үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтгүй тогтоол гарах үндэслэл болсон. Нөгөө талаар дээрх журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай буюу “С.Ф” ХХК-ийн захирал Г.Г миний бие гадаад улсад явж байсан болох нь гадаад паспортын хуулбараар тогтоогдож байгаа болно. Ийнхүү маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй явдал нь гаргасан гомдлын үндэслэлийг тайлбарлах, мэтгэлцэх боломжгүй нөхцөлийг үүсгэж улмаар маргаан бүхий тогтоол гарснаар хуулийн хүрээнд бизнес эрхлэгч манай компанийн шударгаар эд хөрөнгө олж авах, өмчлөх, захиран зарцуулах болон хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бизнесийн үйл ажиллагаа эрхийг ноцтой зөрчиж байгаа болно.

Уг тогтоолыг хүчингүй болгосноор дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хангагдана гэж үзэж байна.

2. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй”, 5.1.2-т “Тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрсийг барааны тэмдэгт тооцохгүй” гэж зохицуулсан.

Маргаан бүхий тогтоолыг гаргахдаа гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарыг дурдсан байх бөгөөд Д******* гэх үг нь шүлсээ залгих, хэл амаа долоох гэсэн утга санааг гаргах бөгөөд өөр бусад үгтэй нийлж утга санаа гаргадаг гэх тайлбарыг хийсэн байна. Үүнээс үзвэл манай компанийн хэрэглэсэн “Дашида үхрийн махтай амтлагч” гэсэн сав баглаа боодол нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй бөгөөд бусдын эрхийг ноцтой хөндсөн үйлдэл биш гэж үзэж байна. Харин ч Оюуны өмчийн газраас Д******* гэх үгийн утгыг бүрэн гүйцэт тодруулалгүй бусдад барааны тэмдгийн эрхийг олгосон явдал нь хуулийн дээрх заалт болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбараар нотлогдож байгаа юм.

3. Маргаан таслах комиссын тогтоолд 2009 болон 2012 онд Д******* гэх барааны тэмдгийг С.С.С-д олгосон олгосон гэх тайлбарыг хийж холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн тайлбарыг хариуцагчийн зүгээс хийсэн байна. “С.Ф” ХХК нь хоол амтлагчийг Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортоор оруулж ирэн 2017 оны 08 дугаар сараас эхлэн савлан зах зээлд борлуулсан. Ийнхүү гаргахдаа сав баглаа боодлын талаарх судалгааг 2017 оны 03 дугаар сараас эхлэн хийж “Дашида үхрийн махтай амтлагч” гэх нэр бүхий савалгааны загварыг гаргасан.

Бүтээгдэхүүн савлан борлуулах үйл ажиллагааг эхлэхдээ Оюуны өмчийн газрын www.publish.ipom.mn цахим хуудаснаас мэдээлэл авсны үндсэн дээр боломжтой гэж үзсэн болно. Энэхүү цаг хугацаанд Д******* гэх үг болон Д******* үхрийн махтай амтлагч гэсэн үг ямар нэг байдлаар хамгаалагдаагүй байсан. Гэтэл ОӨГ маргаан таслах комиссод гаргасан тайлбартаа 2009 болон 2012 онд бүртгэсэн гэх худал тайлбар гаргасан байна. Нөгөө талаар манай компанид “А э А” ХХН-ээс ирүүлсэн албан тоотод 2012, 2017 гэх зөрүүтэй оныг дурдсан байгаа нь бидний шүүлт хийхэд бүртгэгдээгүй байсан гэдгийг давхар баталж байгаа болно.

4. Маргаан таслах комиссын тогтоолыг үндэслэн “А э А” ХХН-ээс манай компанид барааны тэмдэг хууль бусаар ашиглахыг зогсоох тухай гэсэн албан тоотыг ирүүлж үйл ажиллагаа, борлуулалтаа зогсоож нөхөн төлбөр төл гэх агуулга бүхий зүйлийг уг шаардлагад дурдаад байгаа билээ.

Маргаан таслах комиссын хууль зөрчиж маргаан хянан шийдвэрлэсэн тогтоолоос үүдэн манай компанийн хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж улмаар нөхөн төлбөр гэх үндэслэлгүй асуудал үүсээд байгааг энд дурдах нь зүйтэй.

Монгол Улсын хуулийн этгээд болох “С.Ф” ХХК нь хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оюуны өмчийн газраас гуравдагч этгээдэд олгосон Д******* гэх үгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг зөрчиж олгосны улмаас манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар уг хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж шийдвэрлэсэн Маргаан таслах комиссын тогтоолын улмаас бизнес эрхлэгчийн шударга өрсөлдөөний үндсэн дээр хууль ёсны дагуу эрхэлж байгаа үйл ажиллагаа зогсоход хүрч байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг тодорхой харуулна.

Энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурдагдсан үндэслэл бүхий нөхцөл байдал арилж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэлтэй юм.

Иймд ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ОӨГ болон ОӨГ-ын МШК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...С.С.С-ны дээр 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн анхдагч огноотой 40-0008074, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн анхдагч огноотой 40-0009971 дугаартай Д******* дүрсэн барааны тэмдгийг олон улсын ниццийн 30 дугаар ангилалд эрхийн хамгаалалт хийлгэсэн байна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн анхдагч огноотой 40-17329 дугаартай Д******* үгэн барааны тэмдгийг бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэсэн байна.

“С.Ф” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссод Д******* барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь “С.Ф” ХХК-д хурлын тов мэдэгдсэн боловч ямар нэгэн байдлаар албан хүсэлт ирүүлээгүй тул Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 4.10 дахь хэсэгт “Комиссын хуралдааны товыг маргааны оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор явсан/-гүйгээр хуралдаанд ирээгүй нь маргааныг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахад саад болохгүй” гэж заасны дагуу хуралдааныг хийсэн.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал”, 5.1.2 дахь хэсэгт “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж тус тус заасан байна. Гэтэл Д******* барааны тэмдэг нь дээр дурдсан хүчин зүйлүүдийн алинд ч хамаарахгүй байгаа тухай Барааны тэмдгийн шинжээч Л.Ггийн тайлбарт дурдагдсан байна.

Уг гомдолд 2017 оны 03 дугаар сараас эхэлж судалгаа хийсэн гэжээ. 2017 оны 03 дугаар сарын байдлаар 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн анхдагч огноотой 40-0008074, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн анхдагч огноотой 40-0009971, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн анхдагч огноотой 40-0017329 дугаартай бүртгэлүүдийн мэдээлэл http:\\publish.ipom.mn цахим хуудсанд байршсан байсан.

Д******* барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 5.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж бүртгэсэн гэх гомдол үндэслэлгүй байх тул Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 09 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Манай компани нь 1975 оноос хойш Бүгд Найрамдах Солонгос улсад төрөл бүрийн хоолны амтлагч бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол хийж эхэлсэн. Монгол Улсад 2009 оноос Оюуны өмчийн Д******* барааны тэмдгийн 30 дугаар ангилалд бүртгэгдсэн анхдагч нь юм. Мөн 2011, 2013 онуудад Англи болон Солонгос хэл дээр бүртгүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сард Д******* барааны тэмдгийг Монгол хэл дээр үгэн хэлбэрээр бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Д******* гэдэг үгийг хоолны амтлагч гэсэн ерөнхий нэр томьёог агуулдаг гэсэн тайлбарыг хэлдэг. Солонгос хэлний албан ёсны толь бичгээс харахад иб масил Д******* гэж бичигдсэн байдаг. Энэ үгийг Монголоор орчуулбал урууландаа хүргэмгүй амттай гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр Д******* гэдэг үг нь амтлагч гэсэн үг биш юм. Солонгосчууд хоолны амтлагчийг төрлөөс нь шалтгаалан янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ Д******* гэсэн утгаар ярьдаггүй.

Нэхэмжлэгч нь Д******* үхрийн махны амтлагчны сав баглаа боодлын загварыг 2017 оны 03 дугаар сараас эхлэн судалгаа хийж, 08 дугаар сараас зах зээлд нэвтрүүлсэн гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлээ гаргасан боловч өнөөдрийг хүртэл хангалттай нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. 2017 оны 03 дугаар сард цахим системээр Д******* гэдэг үгийг хайж үзэхэд олон төрлийн барааны тэмдэг гарч ирэх боломжтой. Хэрэв шаардлагатай гэж үзвэл урьдчилсан хайлтын сангаас Д******* гэх барааны тэмдгийг хайлгах бүрэн боломжтой байсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад н.С гэх хүнд маргаан шийдвэрлэх комиссын хуралдааны товыг мэдэгдсэн байдаг. Тэгэхээр миний харж байгаагаар нэхэмжлэгч тал санаатайгаар хуралдааныг удаашруулж, хууль бусаар барааны тэмдгийг ашиглаж, ашиг олох гэсэн далд ашиг сонирхол харагдаж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №67, №68 дугаартай нэмэлт тайлбаруудыг ОӨГт хүргүүлж байсан. Тэгэхээр өөрсдөө тайлбараа бичгээр гаргаж өгч байсан болохоор тэдний оролцох эрхийг хангаагүй гэдгийг няцааж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С.Ф” ХХК-иас “ОӨГ-ын МШКын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд амаар болон шүүхэд бичгээр гаргасан тайлбар, маргааны үйл баримтад үнэлэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С.Ф” ХХК-иас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын оюуны өмчийн маргаан шийдвэрлэх комиссод хандан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/41 тоот албан бичгээр Д******* гэсэн барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг зөрчиж олгосон болохыг тогтоож, Д******* барааны тэмдэг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.

Уг гомдлыг хэлэлцэх хурлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад товлосон бөгөөд хурлын товыг нэхэмжлэгч компанийн хэвлэмэл хуудсан дахь 757532.. тоот утсаар 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэхэд 991217.. дугаарыг мэдүүлж, тус компаниас товлогдсон хуралд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа албан ёсоор илэрхийлээгүй боловч хурлыг хойшлуулж, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад дахин товлосон бөгөөд хурлын товыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 991217.. дугаарын утсаар мэдэгдсэн боловч хуралд мөн л ирээгүй, хуралд оролцох боломжгүй тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлээгүй тул Маргаан шийдвэрлэх комиссын дарга, нийт гишүүдийн 50 хувиас дээш ирцтэйгээр, хариуцагчаас Оюуны өмчийн газрыг төлөөлж барааны тэмдгийн шинжээч Л.Г, гуравдагч этгээдээр Бүгд Найрамдах Солонгос улсын С.Ж.Ч корпорацыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан гомдлыг хянан хэлэлцэж, мөн өдрийн 09 дугаартай тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгосныг Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/88 дугаар тушаалаар баталгаажуулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг 1 дүгээр хавсралтаар, бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар баталсан байна. Уг журмын 6 дугаар зүйлд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулж, талуудыг хуралдаанд оролцох эрхээр 2 удаа хангасан байх боловч гомдол гаргагчаас энэ эрхээ эдлээгүй буюу хуралдаанд өөрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

Хэдийгээр “С.Ф” ХХК-ийн захирал Г.Г нь тухайн үед гадаадад явж байсан, уг маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй нь гомдлын үндсийг тайлбарлах, мэтгэлцэх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн гэх боловч гомдол гаргагчаас хүндэтгэх үзэх шалтгаанаа нотолж мэдэгдээгүй, хуралдааныг хойшлуулах хүсэлтийг албан ёсоор ирүүлээгүй тул уг нөхцөл байдлыг хариуцагч мэдэх боломжгүй, үүний улмаас гомдол гаргагчийн анх гаргасан гомдол, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/67 тоот албан бичиг, 18/68 тоот албан бичгээр өгсөн нэмэлт тайлбарын хүрээнд гомдлыг хэлэлцсэн нь Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 4.10-д “Комиссын хуралдааны товыг маргааны оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор явсан/-гүйгээр хуралдаанд ирээгүй нь маргааныг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахад саад болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.

Маргааны үйл баримтыг дурдвал, С.С.С-ны дээр 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн анхдагч огноотой 40-0008074, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн анхдагч огноотой 40-0009971 дугаартай Д******* /солонгос болон англи үсгүүдээр/ дүрсэн барааны тэмдгийг Олон улсын Ниццийн 30 дугаар ангилалд эрхийн хамгаалалт хийлгэсэн байна. Мөн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн анхдагч огноотой 40-17329 дугаартай Д******* үгэн барааны тэмдгийг бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэсэн нь хүчин төгөлдөр байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг тусгайлан хуульчилсан тухайлбал 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.”, 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.”, 12.3-д “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ.”, 12.3.1-д “Бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх; 12.3.2.бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах.”, 12.3.3-д “Бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх.”, 12.3.4-т “Бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах.”, 12.3.5-д “Бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.6-д “Энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” гэж тус тус заасан.       Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал”, 5.1.2-т “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж тус тус заасан бөгөөд Д******* барааны тэмдэг нь дээр дурдсан хүчин зүйлүүдийн алинд ч хамаарахгүй байна.

Тодруулбал다*******буюу Д******* гэх үг нь Англи хэлний “smack one`s lips” гэсэн хэллэгтэй утга ижил бөгөөд “шүлсээ залгих, хэл амаа долоох” гэсэн утга санааг илэрхийлдэг. 입 맛 을 다******* /ibmas-eul dasida/ буюу “Иб масил Д*******” гэх хэллэг нь “Арааны шүлс асгарам амттай”, “уруул хүргэмээргүй сайхан амт” гэх санааг илэрхийлэх үед хэрэглэгддэг. Монгол хэлний “Дээд уруулдаа ч хүргэмгүй, дэргэдэх хүндээ ч өгөмгүй” гэх зүйр үгтэй нэгэн адил утга санаа бүхий хэллэг гэж   “Г м” ХХК албан ёсоор орчуулснаас үзэхэд Д******* гэх үг нь тухайн бараа үйлчилгээг тодорхойлсон нэр гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч “С.Ф” ХХК нь “... хоол амтлагчийг БНСУ-аас импортоор оруулж ирэн 2017 оны 08 дугаар сараас эхлэн савлан зах зээлд борлуулсан. Ийнхүү гаргахдаа сав баглаа боодлын талаарх судалгааг 2017 оны 03 дугаар сараас эхлэн хийж “Дашида үхрийн махтай амтлагч” гэх нэр бүхий савалгааны загварыг гаргасан. Бүтээгдэхүүн савлан борлуулах үйл ажиллагааг эхлэхдээ Оюуны өмчийн газрын www.publish.ipom.mn цахим хуудаснаас мэдээлэл авсны үндсэн дээр боломжтой гэж үзсэн болно. Энэхүү цаг хугацаанд Д******* гэх үг болон Д******* үхрийн махтай амтлагч гэсэн үг ямар нэг байдлаар хамгаалагдаагүй байсан” гэж тайлбарлах боловч  2017 оны 03 дугаар сарын байдлаар 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн анхдагч огноотой 40-0008074, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн анхдагч огноотой 40-0009971, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн анхдагч огноотой 40-0017329 дугаартай бүртгэлүүдийн мэдээлэл албан ёсны сайт болох http://publish.ipom.mn цахим хуудсанд байршсан байсан, D******* гэх утгаар интернетэд хайлт хийхэд амтлагч С.Ж.Чг корпорацын бэлтгэн гаргадаг амтлагч бүтээгдэхүүн болох нь хангалттай нотлогддог, дээрх үйл баримт нь нийтэд илэрхий бөгөөд www.publish.ipom.mn системд хайлт хийж үзэхэд гарахгүй байх боломжгүй, одоо ашиглаж байгаа системтэй холбоотойгоор алдаа гарч байгаагүй гэх тайлбарыг шинжээч Л.Г гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчээс дээрх үйл баримтыг тодруулж, баталгаажуулахаар холбогдох тайлбар, баримтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/8483 тоот албан бичгээр болон 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн урьдчилсан хуралдаанаар шаардсан боловч нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д******* барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж бүртгэсэн гэх хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул ОӨГ-ын МШКын 2019 оны 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч авах, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгчтэй гэрээ байгуулах, хэргийн материалтай танилцуулах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцах, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамтран хариуцагч татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүх хангаж, талуудад мэтгэлцэх боломжийг хангах үүднээс тухай бүр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэж байсан.

Харин сүүлийн 2 удаагийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт түүнд хавсаргасан баримтыг судлан холбогдох байгууллагуудаас тодруулахад эмчийн магадлагаанд бичигдсэн онош зөрүүтэй /зүүн хөлний улны хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөлний өсгийн ясны хугарал гэж бичигдсэн/ байснаас гадна Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс[1] “...2018, 2019, 2020 онуудад манай эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлээгүй, эмч Г.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 21-23-ны хугацааны үзлэгт шүүлт хийхэд тухайн иргэнд үзлэг бүртгэгдээгүй байна”, Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс[2] “...Амбулаторийн тасгийн эрхлэгчийн тамга тэмдгээр баталгаажаагүй тул үндэслэлгүй баталгаа байна...” гэх нотлох баримтууд ирснийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах хүсэлтийг дахин тодруулах шаардлагагүй гэж шүүх үзсэн. 

Хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, хэрэг маргааныг хуулийн хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх зарчмын үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь уг үүргээ биелүүлээгүйн дээр шүүхээс хурал хойшлох бүрт нэхэмжлэгчид хурлын товыг мэдэгдэж, тэрээр хүлээн авсан болох нь шүүхэд гаргасан хүсэлтүүдээр нотлогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1,  5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С.Ф” ХХК-ийн “ОӨГ-ын МШК-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал