Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0556/З |
Дугаар | 221/МА2016/0158 |
Огноо | 2016-03-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2016/0158
"О т" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "О т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "О т" ХХК-ийн өргөдөлд дурдсан "Г б" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй 15426,26 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: "О т" ХХК 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-025523 дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших Хур нэртэй 22121 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ. Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхэд "О т" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангаагүй байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн дүгээр зүйлийн 19.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасны дагуу 19 дүгээр зүйлийн 19.2.5 хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6/2114 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Иймд "О т" ХХК-иас гаргасан Захиргааны илт хууль бус актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Глобал балыш ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Талын толгод-1 нэртэй газарт 8031,76 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байдаг. Энэхүү өргөдлийг хянаж олгох боломжтой гэж үзээд 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/415 тоотоор Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Аймгийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 7 дугаар хариугаар санал дэмжигдсэн бөгөөд улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, Төрийн сан дахь 900000712 тоот дансанд 803,2 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг төл гэсэн мэдэгдэл ирсэн. Үүний дагуу эхний жилийн төлбөрийг 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлж, Ашигт малтмалын газарт төлбөрийн баримтыг өгч бүртгүүлсэн болно. Гэвч 2010 оны 04 дүгээр сард Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг түр зогсоосон гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүлээлгэж өгөөгүй өдийг хүргэсэн.
"О т" ХХК нь 2015 оны 03 дугаар сард Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж өргөдлийг давхцуулан гаргасан тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-ыг баримтлан Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "О т" ХХК-ийн өргөдөлд дурдсан "Г б" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй 15426,26 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2010 оны 332 дугаар шийдвэрээр "Г б" ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт, нэхэмжлэгч компанийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлийн шаардлагад нийцүүлэн гаргасан нь тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал:
Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичгийн бүрдэл болон хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж, 19 дүгээр зүйлийн 19.1 дах хэсэгт заасан ажиллагааг хийхэд "О т" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь хуульд заасан дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь ХА-016040 дүгээр өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байсан байна.
2. "О т" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл, Засгийн газрын бүрэн эрх 9.1.11 хэсэгт заасны дагуу 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан төрөөс тогтоосон өргөдлөөр олгох талбайд хамаарахгүй байсан байна. Энэ нь Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайг Зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн мэргэжилтний зураг зүйн шүүлтээс тодорхой харагдаж байгаа мөн Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн Дотоод хяналтын хуудас зэргээс дээрх хоёр үндэслэлийг хангахгүй байсан нь нотлогдож байна.
3. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2010 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль 2010 онд батлагдаж, уг хуулиар Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосон бөгөөд энэ нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт орж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчин бүрдэж, хэрхэн ямар хэлбэрээр олгох эхлэх нь нийгэм, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд хүлээлт үүсээд байсан. ...Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр анх удаа авахтай холбоотой VPN төхөөрөмж хэрэглэх, өргөдөл цахимаар хүлээн авах систем нь 7 хоногт 120 өргөдөл хүлээн авах хүчин чадалтай... зэргийг олон нийт, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах, тус үйл ажиллагаа эхлэхтэй холбогдон аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулах, өргөдлийн дугаарыг цахимаар олгох, VPN төхөөрөмжийг хэрэглэх зааварчилгаа товхимлоор гаргах зэрэгт шаардлагатай санхүүгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Ашигт малтмалын газар 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сард 2 долоо хоногийн хугацаанд нийтэд мэдээлж, аж ахуйн нэгжүүдэд өргөдлийн дугаарыг цахимаар хэрхэн олгох, VPN төхөөрөмжийг хэрэглэх зааварчилгааг өгч сургалт зохион байгуулж ажилласан. Өөрөөр хэлбэл, yэхэмжлэгч Оргил тэмүүлэл ХХК-ийн хувьд VPN төхөөрөмжөөр нэвтрэхэд "Г б" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай хянагдаж байгаагаар харагддаг бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон гэсэн нь үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн хувьд шийдвэрлэгдэх шатандаа байгаа өргөдлийн талбайтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө зориудаар давхцуулж гаргасан мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харилцаа үүсэхгүй юм.
4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасны дагуу мөн 19 дүгээр зүйлийн 19.2.5 хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3. хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 884 дүгээр шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/8125 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.
5. Харин "О т" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангаагүй байсан бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дах хэсэгт өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах гэж заасны дагуу давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргах эрх нь нээлттэй байсан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 002 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх "О т" ХХК-ийн манай гаргасан өргөдлийн солбицол дээр Глобал балыш ХХК-ийн ХА-016040 дугаартай 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын "О т" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын Глобал балыш ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, Глобал балыш ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй 15426,26 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай шаардлагуудыг хянан шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтууд, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч "О т" ХХК нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл ямар нэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлээгүй, хэргийг хэлэлцэж эхлэх үед ч тухайн шаардлагаа дэмжиж байсан бөгөөд нотлох баримтыг шинжлэн судалсны дараа хэргийн оролцогчоос нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг тодруулах явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, хангаж шийдвэрлэжээ.
Ингэснээр шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх заалтаар тогтоосон шүүх хуралдааны дэгийг алдагдуулсан төдийгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч байгууллагад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, хариу тайлбарыг нь авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, нотлох баримт гаргаж өгөх эрх зөрчигдсөн байна.
Гэвч хариуцагчаас энэ талаар гомдол гаргаагүй, түүнчлэн шүүхийн дээрх алдаа нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийх замаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
Анх Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Талын толгод-1 нэртэй, 8031.76 гектар газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг Глобал балыш ХХК-аас гаргасныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, N24610Х дугаарт бүртгэн, хуульд заасан ажиллагааг явуулсны эцэст Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр тухайн өргөдөл гаргасан 8031.76 гектар талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг олгож, энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн, Глобал балыш ХХК мэдэгдлийг хүлээн авснаар тусгай зөвшөөрлийн эхний төлбөрийг төлсөн[1] нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Харин "О т" ХХК 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Глобал балыш ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн зарим хэсэгт давхцуулан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч өргөдөл гаргасан, үүнтэй нь холбогдуулж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуульд нийцжээ.
Тодруулбал, "О т" ХХК-ийн өргөдөлд шүүлт хийх явцад 22121,47 га талбайн 6695,21 га талбай нь өмнө олгогдсон Талын толгод-1 талбайтай давхацсан нь тогтоогдсоноор тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, энэ тухай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6/2114 дүгээр мэдэгдлийг хүргүүлж, давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжтойг мэдэгдсэн хариуцагчийн үйлдэл Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д /хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх/, 19 дүгээр зүйлийн 19.2.5 /хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах/-д заасныг зөрчөөгүй байна.
Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д зааснаар захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагад акт гаргахыг даалгах боломжтой.
Гэтэл шүүх "О т" ХХК-аас "Г б" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар хандаагүй буюу хандсан тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн асуудлын талаар ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байхад шууд даалгаж шийдвэрлэсэн нь тухайн байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэх агуулгатай болжээ.
Түүнчлэн "О т" ХХК-д ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдөл бүртгэх, хянан шийдвэрлэх, ялангуяа 19.3 /Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана/, 19.4 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ/, 19.6 /Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ/-д заасан ажиллагаануудыг үгүйсгэсэн байна.
Нэхэмжлэгч компанийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдлөөс нь татгалзсантай холбогдуулж "Г б" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын дагуу тусгай зөвшөөрөл олгохоор зарласан талбайд тухайн давхацсан гэх талбай хамаарсан нь тухайн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл, 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар шийдвэр гарах үед "О т" ХХК-ийн ямар нэг эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байснаас гадна Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 332 дугаар шийдвэрээр олгосон талбайд Засгийн газрын тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор зарласанд гуравдагч этгээд "Г б" ХХК-ийг буруутгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа анхан шатны шүүх хуралдааны явцад татгалзсан гэх боловч энэ талаар тэмдэглэлд тодорхой тусгагдаагүй, анхан шатны шүүх ч татгалзлыг батлалгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй байх үүднээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, буруу баримталсан, улсын тэмдэгтийн хураамжийг алдаатай хуваарилсан зэргийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэн 1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.2.5, 19.6-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар шийдвэрийн "Г б" ХХК-д холбогдох хэсэг, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 230 дугаар шийдвэрийн "О т" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Глобал балыш ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаагүй 15426,26 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР