Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ч.Ганзориг, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД-0216/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дориг овогт Чойжилын Ганзоригт холбогдох эрүүгийн 201626020633 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Конплотт Монголиа” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1а хэсэг, Цэргийн хотхон 4-156б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ТБ71030215 регистрийн дугаартай,  Дориг овогт Чойжилын Ганзориг. 

 

Шүүгдэгч Ч.Ганзориг нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэст-2” нэртэй бариа заслын гадна өөрийн эзэмшлийн 95-96 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Ж.Оюунцэцэгийг зодож хүндэвтэр гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ганзориг мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Ганзоригийн өгсөн:

“... Би сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би Оюунцэцэгт 200,000 төгрөгийг хохирлын мөнгө гэж өгсөн. Оюунцэцэг ажлаасаа өөр залуутай гарч ирээд намайг залгахаар утсаа авахгүй байхаар нь уур хүрээд, маргалдаад, машин дотроо оруулаад хэд хэдэн удаа цохьсон. ... Оюунцэцэг бид хоёр эр эмийн харьцаатай болоод их удаж байгаа болохоор хардаад ийм үйлдэл гаргасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/            

 

Мөрдөн байцаалтад хохирогч  Ж.Оюунцэцэгийн өгсөн:

“... 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ажил дээрээ байтал манай урд гудамжинд амьдардаг Ганзориг гэх хүн залгаад байхаар нь утсаа аваагүй юм. Тэгээд 15 цаг өнгөрч байхад ажлаасаа гарахад ажлын гадна өөрийн машинтайгаа ирчихсэн байсан ба Ганзориг машинаасаа буугаад над дээр ирээд “чи хаачих гэж байгаа юм бэ” гэхээр нь би “Сараагийнх руу очих гэж байна” гэхэд Ганзориг хамт явъя, суу гэж хэлэхээр нь би суухгүй гэхэд Ганзориг миний ханцуйнаас татаж чирч яваад, машин руугаа оруулах гэхэд би эсэргүүцэж байгаад хальтраад унахад миний гэдэс рүү 1 удаа өшиглөөд, машин руугаа хүчээр чихэж, арын суудал дээр хэвтүүлээд, машины хаалгаа хаагаад, миний толгой нүүр рүү 2-3 удаа чанга цохихоор нь би  өдөөс нь эсэргүүцээд нүүр рүү нь цохиход Ганзориг миний баруун гарын хуруунуудыг үенийх нь эсрэг арагш хүчтэй дарсан. Би ёо ёо гэж хэлэхэд Ганзориг “яадаг юм, гарыг чинь хугалсан ч яадаг юм” гэсэн. Намайг зодож байхдаа “чи яагаад утсаа авдаггүй юм” гэж хэлсэн. ...Тэгээд Ганзориг машинаа асаагаад тоосгон граашнуудын дэргэд очиж зогсоход нь би машинаас буугаад цагдаад хэлнэ гээд зугтахад Ганзориг араас гүйж ирээд, миний дэгүүрээ өмссөн нөмрөгнөөс татахаар нь би нөмрөгөө тайлаад, хойшоо зугтчихсан. Ганзоригт зодуулж ноцолдож байхдаа куртикаа машинд нь тайлсан байсан. ... Нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэнд-Аюушийн өгсөн:

“... 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад эхнэр Оюунцэцэг миний гар утас руу залгаад урд айлын Зоригоо намайг зодсон, хувцас булаагаад авчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би яараад гэртээ ирэхэд эхнэр гэртээ ирчихсэн байсан ба яасан талаар асуухад Зоригоо залгаад байхаар нь утсаа аваагүй, ажлаасаа гараад явсан чинь ажлын үүдэнд ирчихсэн намайг утсаа авсангүй, уулзсангүй гээд машиндаа чирч оруулаад, нүүр ам руу цохиж зодсон. Машинаас бууж зугтсан гэсэн. Оюунцэцэгийн дух нь баруун хэсэгт бага зэрэг шалбарчихсан, баруун гуя цээж нь хөхөрчихсөн, баруун гарын долоовор болон дунд хуруу хавдчихсан хөдөлгөж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэвэлмаагийн өгсөн:

“... 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг болж байхад манай өрөөнд Бест массажны газрын ажилтан эмэгтэй дух нь хавдчихсан, аль ч билээ нэг гар нь цус болсон, гадуур хувцасгүй, дэгүүрээ футболк өмссөн ирсэн. Би тэгэхээр нь хүйтэн өвлөөр шалдан юу болов гэхэд би гадаа хүнд зодуулчихлаа, та надад нөхрийхөө куртикийг өгчих би маргааш танд буцаагаад оруулаад өгье гээд өмсөөд гарсан. ... Миний гар хавдчихлаа, аймар өвдөөд байна гээд куртик өмсөөд гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Алтантуяагийн өгсөн:

“... би гараад иртэл ах намайг машин дотроо хүлээж  байсан . Тэгээд ахыг харсан чинь нүүрийг нь самардчихсан машин нь дотроо салон нь шавар болчихсон, цамц куртик нь урагдсан, уруул нь хавдчихсан байсан. Юу болсныг асуухад сая хүнтэй тааралдаад муудалцаад гээд өөр юм хэлээгүй. Ямартай ч эмэгтэй хүнд зодуулсан байна гэж бодсон...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Алтаншагайгийн өгсөн:

“... 2016 оны 02 сарын 13-ны өдөр гаднаас өмнө харж байгаагүй эмэгтэй дээгүүрээ нимгэн ханцуйгүй цамцтай, үс нь сэгсийчихсэн, дух нь хавдчихсан, гар нь цус болчихсон байдалтай орж ирээд манай эхнэрт би танай хажуугийн массажны газрын эмэгтэй байна, би гадаа хүнд зодуулчихлаа, намайг зодсон хүн миний хувцасыг аваад явчихлаа, би нүцгэн үлдлээ гээд айж сандарч байснаа надад өмсүүлчихээр куртик байна уу гэсэн. Энэ үед хөгшин бид 2 сандраад миний хар өнгийн куртикийг өгөөр гаргасан. .. Маргааш нь ...тэр эмэгтэй миний хурууг хугалчихсан байна гээд баруун гарын хуруугаа боолгочихсон байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Доржпүрэвийн өгсөн:

            “... Массажны гадаа хаалгыг хүн нүдээд Оюунцэцэгийн утас дуугараад байсан. Оюунцэцэгийн дуслыг залгачихаад, гар утсыг нь авч өгөхөд Оюунцэцэг залгасан дугаарыг хараад миний явалддаг залуу Зоригоо байна. Намайг юу хийж байна гэж шалгаж байх шиг байна. Хаалгаа тайлахгүй ээ гэсэн. Бид 2 ажлаас нь гартал гадаа мөнгөлөг саарал өнгийн машинаас нэг залуу бууж ирсэн. Энэ үед Оюунцэцэг энэ нөгөө эр эмийн харьцаатай Зоригоо ирж байна гэсэн. Зоригоо гэх залуу шууд Оюунцэцэгийг заамдаж авсан. Энэ үед Оюунцэцэг Зоригоо гэх залууг өшиглөх гээд хөлөө савлаад байсан. ... 1 цаг орчмын дараа Оюунцэцэг танихгүй дугаараас залгаад Зоригоо намайг машинд оруулж өшиглөж зодоод, хувцас ураад,
гар утас, ажлын түлхүүр, гадуур хувцас зэргийг аваад, би зугтсан гэж хэлсэн. Оюунцэцэгээс яагаад чамайг зодсон юм гэхэд чамтай хардсан юм шиг байна лээ гэсэн. Оюунцэцэгт дусал хийх үед ямар нэгэн гэмтэлгүй байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2167 дугаартай:

            1. Оюунцэцэгийн биед баруун гарын 2-р хурууны 2-р шивнүүрийн далд хугарал, дух, баруун гуя, цээж, баруун гарын 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 31-р хуудас/,

 

     - Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 45-46-р хуудас/

     - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай  тэмдэглэл /хавтаст хэргийн 47-р хуудас/

               -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59-р хуудас/

               - Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 54-55-р хуудас/

  - Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт /хавтаст хэргийн 60-65-р хуудас/

  - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн70-72-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Ч.Ганзориг нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бэст-2” нэртэй бариа заслын гадна өөрийн эзэмшлийн 95-96 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Ж.Оюунцэцэгийг зодож, бие махбодид нь баруун гарын 2-р хурууны 2-р шивнүүрийн далд хугарал, дух, баруун гуя, цээж, баруун гарын 1-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл  санаатай учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Ч.Ганзоригийн  ... Би сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би Оюунцэцэгт 200,000 төгрөгийг хохирлын мөнгө гэж өгсөн. Оюунцэцэг ажлаасаа өөр залуутай гарч ирээд намайг залгахаар утсаа авахгүй байхаар нь уур хүрээд, маргалдаад, машин дотроо оруулаад хэд хэдэн удаа цохьсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна ... гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ж.Оюунцэцэгийн ... 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ажил дээрээ байтал ... Ганзориг миний ханцуйнаас татаж чирч яваад, машин руугаа оруулах гэхэд би эсэргүүцэж байгаад хальтраад унахад миний гэдэс рүү 1 удаа өшиглөөд, машин руугаа хүчээр чихэж, арын суудал дээр хэвтүүлээд, машины хаалгаа хаагаад, миний толгой нүүр рүү 2-3 удаа чанга цохихоор нь би  өдөөс нь эсэргүүцээд нүүр рүү нь цохиход Ганзориг миний баруун гарын хуруунуудыг үенийх нь эсрэг арагш хүчтэй дарсан. Би ёо ёо гэж хэлэхэд Ганзориг “яадаг юм, гарыг чинь хугалсан ч яадаг юм” гэсэн. ... Нэхэмжлэх зүйл байхгүй гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч  Ц.Цэнд-Аюушийн “.... 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад эхнэр Оюунцэцэг миний гар утас руу залгаад урд айлын Зоригоо намайг зодсон, хувцас булаагаад авчихлаа” гэсэн. ... яасан талаар асуухад Зоригоо залгаад байхаар нь утсаа аваагүй, ажлаасаа гараад явсан чинь ажлын үүдэнд ирчихсэн намайг утсаа авсангүй, уулзсангүй гээд машиндаа чирч оруулаад, нүүр ам руу цохиж зодсон гэсэн. Оюунцэцэгийн дух нь баруун хэсэгт бага зэрэг шалбарчихсан, баруун гуя цээж нь хөхөрчихсөн, баруун гарын долоовор болон дунд хуруу хавдчихсан хөдөлгөж чадахгүй байсан...”гэх,

гэрч Ч.Алтантуяагийн “...би гараад иртэл ах намайг машин дотроо хүлээж  байсан . Тэгээд ахыг харсан чинь нүүрийг нь самардчихсан машин нь дотроо салон нь шавар болчихсон, цамц куртик нь урагдсан, уруул нь хавдчихсан байсан. Юу болсныг асуухад сая хүнтэй тааралдаад муудалцаад гээд өөр юм хэлээгүй. Ямартай ч эмэгтэй хүнд зодуулсан байна гэж бодсон ...” гэх,

гэрч Б.Доржпүрэвийн “... 1 цаг орчмын дараа Оюунцэцэг танихгүй дугаараас залгаад Зоригоо намайг машинд оруулж өшиглөж зодоод, хувцас ураад,
гар утас, ажлын түлхүүр, гадуур хувцас зэргийг аваад, би зугтсан гэж хэлсэн. Оюунцэцэгээс яагаад чамайг зодсон юм гэхэд чамтай хардсан юм шиг байна лээ гэсэн ...” гэх,

гэрч У.Алтаншагайгийн “...2016 оны 02 сарын 13-ны өдөр гаднаас өмнө харж байгаагүй эмэгтэй дээгүүрээ нимгэн ханцуйгүй цамцтай, үс нь сэгсийчихсэн, дух нь хавдчихсан, гар нь цус болчихсон байдалтай орж ирээд манай эхнэрт би танай хажуугийн массажны газрын эмэгтэй байна, би гадаа хүнд зодуулчихлаа, намайг зодсон хүн миний хувцасыг аваад явчихлаа, би нүцгэн үлдлээ гээд айж сандарч байснаа надад өмсүүлчихээр куртик байна уу гэсэн. ... Маргааш нь тэр эмэгтэй миний хурууг хугалчихсан байна гээд баруун гарын хуруугаа боолгочихсон байсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2167 дугаар дүгнэлт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай  тэмдэглэл зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ганзоригт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Ч.Ганзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ч.Ганзориг нь хохирогчид 200,000  төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч Ж.Оюунцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Ганзоригт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

 

1. Шүүгдэгч Дориг овогт Чойжилын Ганзоригийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ганзоригийг 1 (нэг) жил 2 (хоёр) сар хорих ял шийтгэсүгэй.

 

 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Ганзоригит оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзоригт оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх  дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Верна аксент” маркийн, 95-96 УНК улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ганзоригт авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ