| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00770/и |
| Дугаар | 00844 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 00844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, Хар дархад овогт Цанжидийн Оюунчимэг /РН63123069/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цанжид овогтой Оюунчимэг нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуульд 1982 оны 8 дугаар сарын 15-наас угаагчаар ажиллаж байгаад 1989 оны 11 дүгээр сарын 30-нд биеийн байдал муудаад эмчлүүлж байгаад группт орсон ба одоо ч хүртэл группт байгаа. Миний ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байна.
Иймд Ц.Оюунчимэг намайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8-н жлийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Улаан-Уул сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаартай “ ... Санжидын Оюуныг 1982 оны 8 дугаар сарын 21-наас угагчаар ... тус тус ажиллуулсугай” гэх Ажилчид томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын улсын тэтгэврийн байнгын комиссийн 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №17 дугаар тогтоолоор нээж олгосон ”Овог нэр-Цанжид овогтой Оюунчимэг, хүйс-эмэгтэй, төрсөн он, сар, өдөр-1963.12.30, регистрийн дугаар-РН63123069, улсад ажилласан нийт, тасралтгүй ажилласан жил -7 жил 1 сар, тэтгэвэр тогтоосон хөдөлмөрийн нөхцөл- хэв, группийн зэрэг-гурав, группт орсон шалтгаан- чих, тэтгэвэр олгох он, сар, өдөр эхлэх-1989.09.22, дуусах-1990.09.22, сард олгох тэтгэвэр-120 төгрөг, байнгын комиссын тогтоолын он, сар, өдөр-1989.11.15№17 ”гэх Группийн дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд 1982-1989 онуудад угаагчаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 11/181 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, цалингийн цэсний хуулбарууд,
Гэрч П.Одгэрэлийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:”... Намайг 1983 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8-н жилийн сургуульд багшаар ажилд ороход Ц.Оюунчимэг нь халуун усанд угаагчаар ажиллаж байсан бөгөөд сургуульдаа 1990 он хүртэл ажиллаад эрүүл мэндийн байдлыг улмаас группт орсон юм. Түүнийг манайхан “халуун усны Оюун” гэж дууддаг байсан ба ерөнхийдөө Оюун гэж нэрлэж сурсан, “Оюунчимэг” гэдэг бүтэн нэрээр нь нэрлэдэггүй байсан. Манай сургуульд галч Рагчаагийн Оюунчимэг, багш Эрдэнээгийн Оюунчимэг, Дамиагийн Оюунчимэг нар тус тус ажилладаг байсан. Би 1983-2010 онуудад Улаан-Уул сумын 10-н жилийн сургуульд багшаар тасралтгүй ажиллсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10/357дугаартай “.... Тус аймгийн Улаан-Уул сумын сургуулийн 1989 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Ц.Оюунчимэгийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар дархад овогт Цанжидийн Оюунчимэг /РН63123069/-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 8-н жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА