Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00845

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгой 3-р гудамжны 16-а тоотод оршин суух, Тогоруутан овогт Даамаагийн Дашпэлжээгийн /РС64101001 / -ийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч,ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Дашпэлжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Дашпэлжээ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Даамаа овогтой Дашпэлжээ миний бие 1964 онд төрсөн, 53 настай. Миний бие 1982 оны 1-р сарын 09-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар анх ажилд орсон. Тэр цагаас хойш уг цэцэрлэгтээ тасралтгүй ажиллаж  байгаад 1998 оны 03-р сарын 17-ны өдрийг дуустал асрагчаараа ажилласан. Одоо би  Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байх үеийн буюу 1982 оны хөдөлмөрийн дэвтэр устаж алга болсон, 1995 оноос хойшхи хөдөлмөрийн дэвтэр дутуу бичигдсэн, тамга тэмдэг дутуу дарагдсан байна. Мөн миний ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, гарсан тушаал шийдвэрүүдэд миний нэрийг Д.Дашпэлжээ гэдгийг Дашпилжээ гэж “э" үсгийг “и” үсгээр андуурч бичигдсэн байна. Үүний улмаас миний ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр баримт бичиг маань Дашпилжээ гэж нэрийн зөрчилтэйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироод байна. Намайг ажлын хамт олон, гэр бүлийнхэн, хамаатан садан, нутгийн хүмүүс Дашаа л гэж дууддан бөгөөд миний нэрний ар талын Пилжээ, Пэлжээ гэдгийг нь анзаарч мэдэх хүн ховор. Тухайн үедээ ч би сайн анзааралгүй яваад байлаа.

          Иймд миний Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар 1982 оны 11-р сарын
өдрөөс 1998 оны 03-р сарын 17-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, мөн
1982-1998 оныг хүртэлх Даамаа овогтой Дашпилжээгийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд
орсон, гарсан тушаал шийдвэр, цалингийн тодорхойлолт зэрэг баримт бичгийн жинхэнэ
эзэмшигч нь Даамаа овогтой Дашпэлжээ би мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн , мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгосноор  өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсээс Даамаан Дашпилжээд нээж олгосон №008244 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгт 1982 оны 11 дугаар сарын 9-ний өдрөөс 1998 оны 3 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл асрагчаар  ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны даргын 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дугаартай “ ... хүүхдийн цэцэрлэгийн асрагчаар Д.Дашпилжээг 11 дүгээр сарын 09-нөөс .... тус тус томилсугай” гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын  хуулбар,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай “ ... асрагч Д.Дашпилжээ ... нарыг 1998 оны 3 дугаар сарын 17-наас тус тус үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Даамайн Дашпилжээд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон №008244 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгт 1982-1995 онуудад асрагчаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын Тамгын газрын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн цалин хөлсний түүвэр,

Гэрч Г.Ичинхорлоогийн  2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:”... Д.Дашпэлжээ нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэгийн сумын Хүүхдийн цэцэрлэгт 1982 оны 11 сараас эхлэн асрагчаар анх ажиллаж эхлэсэн бөгөөд 1998 оныг 3 сарыг хүртэл  ажилласан. Түүнийг манайд ажиллаж байхад нь Даамаан Дашпэлжээ гэж нэрлэж, дууддаг байсан бөгөөд бичилтийн хувьд “Пэлжээ”, “ Пилжээ” гэж хоёр янзаар бичигддэг байсан. Би түүний нэрийг “Дашпэлжээ”  гэж “Э” бичдэг байсан.Ганцхан л энэ Даамаан Дашпэлжээ байсан. Би Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгт 1978-1992 оныг хүртэл тогоочоор тасралтгүй ажилласан ...” гэх мэдүүлэг,

Харин нэхэмжлэгчид гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10/398 дугаартай “.... Тус аймгийн Цэцэрлэг сумын цэцэрлэг, яслийн эрхлэгчийн тушаал манай архивт байхгүй тул Д.Дашпилжээд  холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон №008244 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь  Тогоруутан овогт Даамаан Дашпэлжээ /РС64101001/  мөн болохыг  тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн                   135.2.6-д зааснаар Тогоруутан овогт Даамаан Дашпэлжээ / РС64101001 / -г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хүүхдийн цэцэрлэгт 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1998 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дашпэлжээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА