Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        03         25                                      2022/ШЦТ/445

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч С.Г., түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ийн Г.т яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 02879 0724 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Б. овогт С.ийн Г..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г. нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.А.гийн халааснаас Самсунг А21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр 5 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх юм. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-17/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-25/,

- Хохирогч Б.А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Нарантуул” худалдааны төвийн гутлын тасагт гутал үзэж яваад халааснаасаа Самсунг А21 загварын гар утсаа алдсан. Би гар утсаа халаасандаа тэмтрээд үзэхэд хажуу талаас эмэгтэй хүн шахаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/,

- С.Г.ийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төв дотор явж байсан эмэгтэйн халааснаас Самсунг А21 загварын гар утсыг хулгайлан авсан. Би үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Г. нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Алтайнхүүгийн халааснаас Самсунг А21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Г.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             С.Г. нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.Алтайнхүүгийн халааснаас Самсунг А21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-17/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22-25/,

- Хохирогч Б.А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Нарантуул” худалдааны төвийн гутлын тасагт гутал үзэж яваад халааснаасаа Самсунг А21 загварын гар утсаа алдсан. Би гар утсаа халаасандаа тэмтрээд үзэхэд хажуу талаас эмэгтэй хүн шахаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/,

            - С.Г.ийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төв дотор явж байсан эмэгтэйн халааснаас Самсунг А21 загварын гар утсыг хулгайлан авсан. Би үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.Г.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Г.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч нь гар утсаа буцаан авсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Г.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт С.ийн Г.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г.т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД