| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00710/и |
| Дугаар | 00812 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багт оршин суух, Халх овогт Дагважамцын Пүрэвсүрэн /РС60011813/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Пүрэвсүрэн нь 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анх Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар томилогдож 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид 3 жил цэргийн алба хааж 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдөр халагдаж нутагтаа ирсэн юм. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин малчнаар томилогдон орж 1989 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал тасралтгүй ажилласан болно. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авч байсан боловч хаяж үрэгдүүлсэн архиваас шүүж үзэхэд ажилд томилсон, чөлөөлсөн, тушаал байхгүй зэрэг шалтгааны улмаас ажилласан жил маань тооцогдохгүй байна. Гэсэн хэдий ч намайг тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар сайн мэдэх, гэрчлэх, хүмүүс байгаа, архиваас цалин хөлсний лавлагаа гарч ирсэн тул дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд миний 1975 оны 11 сарын 01 ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20 хүртэл, 1981 оны 9 сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тус тус Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 11 сарын 01 ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20 хүртэл, 1981 оны 9 сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 сарын 31ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсанболох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн захиргаанаас 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975-1989 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргаж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын засаг даргын Тамгын газраас 2017 оны 6 дугаарсарын 29-ний өдөр олгосон цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, цалингийн цэсний хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын дарга хурандаа Х.Зоригтын 2010 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 468 дугаартай Дагважамцын Пүрэвсүрэн БХЯ-ны сайдын 1978.06.20-ны өдөр Хөвсгөл хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 378148 дугаарын батлахтай халагдсан гэх архивын лавлагаа
Гэрч Ч.Санжаагийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ... Д.Пүрэвсүрэн нь Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1975-1978, 1981-1993 онуудад тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Би 1970 оноос нэгдэл тартал буюу 1993 оныг хүртэл бригадын даргаар тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг,
Гэрч А.Оюунцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:... Д.Пүрэвсүрэн 3 дугаар анги төгссөн байх би тэгж санаж байна. Тэгээд сургуулиасаа гараад эцэг Дагважамц, эх Дашцэрэн нарын хамтаар мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч 1975 онд Хөвсгөл аймгийн Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригдад аав Дагважамцын туслах малчнаар анх нэгдлийн гишүүнээр элсэн орж байсан бөгөөд би бас тэр жил Уланбаатар хотын оёдлын техник мэргэжлийн сургуулийг төгсөөд ирж байсан. Тэгээд бидний хэдэн хүүхдүүд нэгдлийн гишүүнээр хамт элсэж байсан. Тэгээд нэгдэлдээ туслах малчнаар ажиллаж байгаад 1978 онд цэрэгт яваад 1981 онд цэргээс халагдаж тэр үеэс хойш нэгдэл тартал буюу 1993 оныг хүртэл малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг,нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халх овогт Дагважамцын Пүрэвсүрэн / РС60011813/-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1975 оны 11 сарын 01 ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 9 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА