Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00846

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Хонин онход овогт Жамсранжавын Улаанбаатар /ЦГ60021711/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ж.Улаанбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1960 онд төрсөн, Политехникийн Дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. Төгссөн үеэсээ эхлэн аймгийнхаа Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Ус суваг нийтийн аж ахуйн компани, Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны инженер, засварын инженерээр ажиллаж ирсэн. Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны засварын инженерээр албан үүргээ гүйцэтгэж Завхан аймагт ажиллах хугацаандаа 2015 оны 5 сарын 8-ны өдөр ходоодны хорт хавдрын улмаас ухаан алдаж улмаар өнөөдрийг хүртэл эмчлүүлж бие эрүүлжиж ажил үүргээ гүйцэтгэх чадвартай болсон. Улмаар эрхэлж байсан ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр Дулааны станц ТӨААТҮГ-ын захирал н.Мөнхсайхантай 2017 оны 1 сарын                  7-ны өдрөөс эхлэн удаа дараа уулзахад тэрээр бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа, таныг удахгүй албан тушаалд чинь томилно гэсэн албаны хүний, тэр тусмаа байгууллагынхаа даргын үгэнд итгэж ийм шийдвэрийг гаргахыг хүлээж өдий хүрсэн. 2017 оны 02 сарын                   17-ны өдрөөр очиход байгууллагаас 2016 оны 01 сарын 08-ныөдрөөр намайг халсан тухай өмнөх даргын шийдвэрийг гардан авч шүүхэд хандахад хүргэж байна. Иймд гомдол гаргах

 

хөөн хэлэлцэх хугацааг тасарсан гэж үзэх үндэсгүй болно. Намайг хүнд өвчтэй эмчлүүлж байхад байгууллагаас нэг ч төгрөгийн тусламж, дэмжлэг, тэтгэлгийг олгоогүйд, мөн ОМ-1 шийдвэрийг байгууллагаас гаргаагүйд өмнөх даргад гомдолтой явдаг. Уг шийдвэр нь 2016 оны 1 сарын 8-ны өдрөөр гарсан байх ба 2016 оны 1 сарын 3-ны өдрийн 0080220 тоот актыг үндэслэж гээд эрүүл мэндийн улмаас групп тогтоолгох болсон тул мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ. Энэ шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдлээс гадна надад ямар нэг хөлдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл ийм шийдвэрийг өгөлгүйгээр халсан нь хөдөлмөрийн хууль түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй, миний хөдөлмөрлөх үүргийг ноцтой зөрчиж хохироосон байна. Иймд намайг Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Завхан Ховд аймагт томилолтоор явж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тэгээд манай ар гэрийнхэн намайг группт оруулах гэсэн боловч ажлаас халагдсан тушаал авч ирж байж группт орно гэснийх нь дагуу ажлаас халагдсан тушаал авсан юм шиг байсан. Би тухайн үед хөдөлмөрийн чадварыг 90 хувиар алдсан байсан учир энэ талаар сайн мэдэхгүй өнгөрөөсөн. 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхэлж би Мөнхсайхан даргатай хэд хэдэн удаа уулзсан. Намайг орон тооны өөрчлөлт гарвал ажилд авна гэж хэлж байсан боловч 2017 оны 02 сарын 17-ны өдөр ажлаас халсан тухай тушаал өгсөн. Би сургуулиа төгсөж ирсэнээс хойш Ус суваг Дулааны станцуудад тасралтгүй ажиллаж байсан ба улсад 2 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарна. Иймд намайг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ар гэрийнхэний зүгээс биеийн байдал тийм муу байгаа үед тийм зүйлийг надад хэлэхэд хэцүү байсан байх. Би ажлаас халагдсанаа үнэхээр мэдээгүй. Сүүлд энэ байгууллагаас надад халсан тушаал өгөхөд би ажлаас халагдсанаа мэдсэн. Энэ талаар эхнэрээсээ утсаар асуусан. Тухайн үед эхнэр маань Солонгос улс руу ажил хийхээр явсан байсан. Групп тогтоолгох гээд тийм тушаал авсан гэж л хальт утасны наана цаанаас ярьсан гэв.

Хариуцагч байгуулллагын гүйцэтгэх захирал ажилтай Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Улаанбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дулааны станц, дулааны шугам сүлжээ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ба уг байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын №21 дүгээр тушаалаар татан буугдсан байна. Дээрх шийдвэр нь Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын шийдвэр биш болно. Ж.Улаанбаатар нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нийт жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба энэ нь хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд Ж.Улаанбаатарыг Дулааны станц, дулааны шугам сүлжээ ТӨААТҮГ-ын дулааны инженерийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох үндэслэл үгүй болно гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Ж.Улаанбаатар нь тухайн үед манай байгууллагад ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтээ гаргасан байсан. Үүний дагуу Ж.Улаанбаатарыг ажлаас чөлөөлсөн байгаа. Мөн Ж.Улаанбаатар гуайн хөдөлмөр эрхлэх чадвар одоог хүртэл  60 хувьтай байгаа. Иймд  манай байгууллага улсын онцгой объектод хамаарагддаг учир хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан хүнийг авч ажиллуулах боломжгүй байгаа юм. Тухайн үед Ж.Улаанбаатар нь дулааны инженер гэх орон тоон дээр ажиллаж байсан. Одоо шинээр байгууллагадсан байгууллагын орон тоонд дулааны инженер гэх  орон тоо байхгүй байгаа юм. Ж.Улаанбаатар гуайн өмнө ажиллаж байсан байгууллага нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2016 оны 4 сард татан буугдаад шинээр Төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдөн байгуулагдсан. Уг байгууллагыг шинээр  байгуулагдахаас өмнө Ж.Улаанбаатар гуайн халагдах тушаал гараад ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Иймд дээрх нэхэмжлэл нь өмнөх байгууллагад хамааралтай асуудал учраас Ж.Улаанбаатарыг одоо шинээр байгууллагадсан Дулааны станц ТӨААТҮГ-т эгүүлэн ажилд томилох боломжгүй юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь дэмжиж оролцож байна. Ж.Улаанбаатар албан үүргээ гүйцэтгэж яваад хурц хордлого буюу ходоодны хорт хавдрын улмаас мөн ажлын ачаалал ихдэж ядарсны улмаас бие нь муудаж хурц хордлогод орсны улмаас ухаан алдан унаж хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан байсан. Ж.Улаанбаатар тухайн үед хүнд өвчний улмаас биеийн байдал нь 90 хувьтай, үхэх, сэхэхийн зааг дээр байхад байгууллагын зүгээс тус дэм болсон зүйл байдаггүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно гээд хууль өөрөө заагаад өгчихсөн байдаг. Нийгмийн даатгалын төв байгууллага нь өөрөө хөдөлмөрийн яам, журам гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 5 сарын 31-ний өдрийн  63 дугаар тушаалд ажлаас халагдсан тушаал заавал байхыг шаарддаг. Тухайн үед байгууллагын даргаар Алтангэрэл гэдэг хүн ажилладаг байсан. Энэ хүн тухайн үед Ж.Улаанбаатарыг өвчтэй, зовлонтой байх үед ажлаас нь халъя гэж халаагүй байдаг. Тухайн хүний тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал байсан учраас тухайн байгууллагын зүгээс уг тушаалыг гаргасан байдаг. Ж.Улаанбаатар нь халагдсан тушаалаа мэдээгүй нь Иргэний хуульд зааснаар тухайн хүнийг зориуд санаатайгаар халаагүй, дүр исгэж ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнийг хариуцагч тал янз бүрээр ашиглаж тайлбарлаж байна. Зөвхөн Ж.Улаанбаатарын биеийн эрүүл мэндийн байдлыг үндэслээд дүр исгэн өмнөх байгууллагын дарга уг тушаалыг гаргасан байдаг. Мөн тухайн үед Ж.Улаанбаатарын эхнэр нөхрөө ажлаас нь бүр мөсөн гаргах зорилготой очоогүй байдаг. Ж.Улаанбаатар нь ажлаас

чөлөөлсөн тухай  тушаалаа  2017  оны  02  дугаар  сарын  17-ны  өдөр мэдээд 2017 оны                 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасан юм.

            Иймд Ж.Улаанбаатарыг ажилд эгүүлэн тогтоож, тэтгэвэрт гарах боломжийг нь олгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Дулааны станц төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны засварын инженерээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бие муудаж эмчлүүлсэн ба биеийн байдал сайжирч хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувь гэж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гарсан тул ажилдаа эргэж орох гэтэл намайг ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдэхгүй байж байгаад 2017 оны 02 сарын 17-ны өдөр тушаалыг гардаж авсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж, хариуцагч нь Ж.Улаанбаатарыг 2016 оны 01 сарын 08-ны өдрийн Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. Энэ байгууллага 2016 оны 01 сарын 21-ний өдөр татан буугдсан, мөн нэхэмжлэгчийн өөрийн группт орж байгаа учир ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ байгууллагадаа тавьсан баримт архивын бичиг баримтнаас гарч ирсэн  учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Улаанбаатарыг Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.Энэ байгууллага 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр татан буугдсан учир шинээр байгуулагдсан Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани хариуцахгүй гэж хариуцагч маргадаг боловч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөрөнгө, барилга, боловсон хүчин, тоног төхөөрөмжин дээр суурилан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд түүнд өмнөх байгууллагын эрх, үүргийг шилжсэн гэж үзэх үндэстэй байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардан авсан үүнээс өмнө би ажлаас чөлөөлөгдсөн талаараа огт мэдээгүй гэж маргадаг.

Гэвч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Дулааны станц дулааны шугам сүлжээний  ашиглалтын

 

өмнөх захиргаа ТӨААТҮГазар гэж дээд буландаа бичсэн дунд хэсэгтээ Захирлын                   тушаал –“Б”,   доод   буландаа   Эхэлсэн   2016.01.04,  Дууссан  2016.05.23,  хуудасны  тоо:38 гэсэн бичиглэл бүхий хаягтай бор өнгийн хавтсаар үдэж цэгцэлсэн баримтыг ирүүлсэн бөгөөд үүний 16-18 хуудсанд  нэхэмжлэгч  Ж.Улаанбаатарыг ажлаас чөлөөлсөн тушаалын эх хувь, түүний Хөдөлмсөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон актны хуулбар хувь, Хөвсгөл аймгийн ДСДШС-ний газрын захиргаанд: Миний бие өвчний учир группэд орж буц тул ажлаас чөлөөлж өгнө үү 2017.1.8 өргөдөл бичсэн Ж.Улаанбаатар утас 88026217 гэрийн хаяг 1-9-2 тоот гэсэн хар өнгийн балаар бичсэн баримт зэргийг нэхэмжлэгчид хуралдааны явцад танилцуулахад би бичээгүй харин гэр бүлийн бичсэнийг үгүйсгэхгүй гэж тайлбарласан боловч танилцуулсан баримттай холбоотой санал хүсэлтийг авахад дээрхи баримтыг нотлох баримтаас хасуулах эсхүл шалгуулах тухай хүсэлтийг гаргах зэргээр маргаагүй,

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нотариатчаар гэрчлүүлэн ирүүлсэн бөгөөд үүнийгээ өвчний учир групп авахаар бүрдүүлэн өгсөн материалаас авч нотариатаар гэрчлүүлсэн тухайгаа тайлбарласан зэргээс ажлаас чөлөөлсөн тушаалыг  тушаал гарснаас хойш 1 жил 1 сар 16 хоногийн дараа мэдсэн гардан авсан гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчиж нэхэмжлэлээ гаргасан байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Улаанбаатар нь өөрийнхөө ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардан авснаа 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдөр гэдгээ нотлож чадаагүй бөгөөд энэ талаар баримт ирүүлээгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан боловч нэхэмжлэгч Ж.Улаанбаатар нь чөлөөлөгдсөн тушаалаа 1 жил гарны дараа мэдсэн гардан авсан гэдгээр тайлбарладаг. Гардан авсан мэдсэн өдрөөс хойш хугацаанд бол ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээр тайлбарлаагүй учир дээрхи 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 

Иймд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай Ж.Улаанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн                 129.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн                                   өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.Улаанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА