Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1016

 

187

 

 

 

 

 

 

 

Г.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

хохирогч С.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнжаргал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Оын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Бэд холбогдох 1810016070478 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Барга овгийн Г-н Б, 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн тоглоомын талбай дээр С.Оын нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Г-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бэд мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бээс 260.440 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнжаргалд олгож,

шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би дахин эмнэлэгт үзүүлж, хувийн эмнэлгээр явахад 3.200.000 төгрөгөөр хагалгаанд орно гэж хэлсэн. Надад амьсгалахад хэцүү байгаа бөгөөд удаан ингэж явах юм бол мэдрэлд нөлөөлнө гэсэн. Тийм учраас эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү.” гэв.

Хохирогч С.Оын хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Томограф баримт, эмчлүүлэгчийн карт дээр бичиж өгсөн баримт байна. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд хамар нь сайн засагдаагүй байна гэж хэлсэн. Хамрын хагалгаанд ороход 100 хувийн баталгаа гаргаад 3.200.000 төгрөг болно гэсэн. Г.Б нь миний хүү С.Оыг их заналтай дуудаж зодсон байсан. Мөн дөрвөн хүүхэд байсан бөгөөд нэг нэгээр нь дарамталсан байсан. Мөн хэрэг гарснаас хойш нэг ч удаа ирж уулзаагүй. Г.Б нь эхнэр, хүүхэдтэй гэж ярьдаг. Гэвч хэрэг гарах үед Одгэрэл гэх хүнтэй үерхэж байгаад гэнэт эхнэр, хүүхэдтэй болчихсон. Г.Б нь аавтайгаа ч хамт амьдардаггүй. Манайд тосгон жижиг тул бид нэг нэгийгээ сайн мэднэ. Г.Б нь яг хэрэгт холбогдоод ирэхээр би эхнэр, хүүхэдтэй гэж байгааг гайхаж байна. Миний хувьд хүүхдийнхээ эрүүл мэндээр хохирч үлдмээргүй байна. Одоо зүүн талын хамрын нүх нь битүү буюу амьсгалж чадахгүй. Энэ нь цаашдаа мэдрэлдээ нөлөөлнө гэсэн. Надад төлбөр гаргах боломж байхгүй учраас эмчилгээний зардлыг гаргаж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо 2.020.040 төгрөгийг нэхэмжилсэн байна. Прокурорын зүгээс хохирлыг өөрсдөө гаргаж, дараа нь иргэний журмаар жич нэхэмжлээд явах нь цаашид илүү хэрэгтэй болов уу гэж үзэж байна. Хэрвээ Г.Бийг одоо хохирлыг гаргуулахаар заавал хэдий хугацаагаар гаргах, хохирлыг цувуулж өгсөөр байгаад хохирогчийн эмчилгээний үр дүн байхгүй болох эрсдэлтэй. Тийм учраас тодорхой хэмжээгээр өөрсдөө эмчилгээгээ хийлгэж байгаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй учир энэ шийдвэр нь хохирогчид илүү хэрэгтэй гэж үзэж байна. Мөн ял шийтгэлийн хувьд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал тавьсан. Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах хохирлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй С.Оыг зодож, нүүрэн тус газарт мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Бийн “...С.Оыг дуудахад ирээд хэгжүүрхээд байх шиг байхаар нь би мөргөсөн.” гэх мэдүүлэг /х49/,

хохирогч С.Оын “...Г.Б “яасан олон дуудуулдаг юм, чи тийм том болчихсон юм уу” гээд намайг гараараа цохих гэхэд нь гараараа хаасан. Мөрөн дээр хоёр гараа тавиад “ахын дүү” гэж хэлээд нүүр рүү мөргөсөн. Тэгэхэд миний хамарнаас цус гарсан.” гэх мэдүүлэг /х-8-9/,

гэрч О.Болдын “...С.Оыг дуудаад юм ярьж байгаад хүзүүн дээр нь хоёр гараа тавиад толгойгоороо нэг удаа мөргөхөөр нь Улаанаа ах Буянаа хоёр салгасан.” гэх мэдүүлэг /х-11-12/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...С.Оын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 8154 дугаартай шинжээчийн дүгнэлт /х-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин анхан шатны шүүхээс Г.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь, Г.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр эрхэлдэг болон орлогын талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул торгох ялыг биелүүлэх боломж байгаа эсэхэд бодит дүгнэлт хийх, нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, мөн түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ял тохироогүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заадах шатны шүүхийн эрх хэмжээг “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ...хүндрүүлж болно” гэж тодорхойлон заасан тул шүүгдэгч Г.Бэд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж шийдвэрлэв.

Хохирогч С.Оаас өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс компьютер, томограф шинжилгээ хийлгэсэн, эмчилгээ болон эм тарианд нийт 260.440 төгрөгийн зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд гаргасан байх тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс дээрх хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нь үүнээс өөр баримтыг гаргаагүй байна. Иймд хохирогч С.Оын гаргасан “...хохирол төлбөрт нэмж 2.020.440 төгрөг гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсантай холбогдон гарсан бусад бүх зардлыг шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч С.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-н Бийг 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бэд мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бэд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.О нь өөрийн эрүүл мэндэд учирсантай холбогдон гарсан бусад зардлыг шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ