Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 151

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Г, Ж.Т, А.З, хариуцагч АМГТГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан “Б.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГД-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Б.И” ХХК, /РД:26650../

            Хариуцагч: АМГТГД

            Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б.И” ХХК-ийн MV-0168.. дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайг шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд  дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргахыг АМГТГД-д даалгах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б.И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19~ний өдрийн 184/ШШ2018/00652 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т заасныг баримтлан "Б.И" ХХК, "Э.Х" ХХК нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан "техникийн мэдээлэл худалдах, худалдан авах" болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1273 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2018/01475 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ингээд манай компани нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 19/11 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ашигт малтмалын ашиглалтын МV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад оролцохгoйгээр, давуу эрхтэйгээр тухайн компанийн нэр дээр сэргээн эзэмшүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч АМГТГД-ын
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/3784 дугаартай албан бичгээр "Хэдийгээр техникийн мэдээлэл худалдах, худалдан авах тухайн гэрээг иргэний хэргийн 3 шатны шүүхээр хууль бус гэж тооцсон хэдий боловч ашигт малтмалын ашиглалтын МV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гараагүй тул 106 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оруулахгүйгээр уг тусгай зөвшөөрлийг танай компанийн эзэмшилд сэргээж бүртгэх үндэслэлгүй байна" гэж татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг хүлээж аваад АМГТГД Х.Х-д 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/89 дугаар бүхий албан бичгээр Ашигт малтмалын ашиглалтын МV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлал, тогтоолын дагуу хүчингүй болгож "Б.И" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэсэн гэсэн гомдол гаргасан боловч АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаартай албан бичгээр дээрх шүүхийн тогтоолын дагуу ашигт малтмалын ашиглалтын МV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Гэтэл дээрх хууль бусаар татгалзаад байгаа ашигт малтмалын ашиглалтын М\/-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 04 дүгээр сарын 30 ны өдрийн 286 дугаар шийдвэр Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2852 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар 19-ний өдрийн 312 дугаар тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 457 дугаар шийдвэрүүдээр хүчингүй болсон байна.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол, АМГТГД-ын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/200 дугаар шийдвэрээр өөрийн компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөлтэй талбайд өмнө хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын хэмжээг баталгаажуулснаар тус компани нь тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр оролцох давуу эрхтэй болсон.

Хэдийгээр Ашигт малтмалын газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3/4411 тоот мэдэгдлээр “Б.И” ХХК-д давуу эрхтэй сонгон шалгаруулалтад оролцохыг мэдэгдсэн боловч “Э.Х” ХХК-д давхардуулан мэдэгдэл хүргүүлснээр иргэний хэргийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр дээрх сонгон шалгаруулалт явагдаагүй байна.

“Б.И” ХХК-д 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МV-0168.. тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2010 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус олгосон. Шүүхийн шийтгэх тогтоолд тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь буруу гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Засгийн газрын 216 дугаар тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/200 дугаар шийдвэрээр "өөрийн компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөлтэй талбайд өмнө хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлын хэмжээг баталгаажуулснаар сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцох" нь анх хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан “Б.И” ХХК-д хамааралтай зохицуулалт болохоос тусгай зөвшөөрөл хэлцлээр шилжүүлэн аваад хэлцэл нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусад тооцогдсон этгээдэд хамааралгүй юм.

Иймд АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б.И” ХХК-ийн МV-0168.. тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж
байсан талбайд шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэй оролцуулах захиргааны акт гаргахыг АМГТГД-д даалгаж өгнө үү.”

Жич. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаатай холбоотойгоор Кадастрын хэлтсийн даргыг хариуцагчаар татсан шаардлагаас татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б.И” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэй оролцуулах захиргааны акт гаргахыг АМГТГД-д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“Б.И” ХХК-д 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х******* аймгийн Д******* сумын нутагт орших “Х*******" нэртэй 44.62 га талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-0154.. дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон бөгөөд тус компани уг тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасныг хүлээн авч, хянаж үзээд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

“Б.И” ХХК-иас өөрийн эзэмшлийн Х******* аймгийн Д******* сумын нутаг орших “Х*******” нэртэй 44.62 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын М\/-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг ТР-0081.. дугаарт бүртгэн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх тухай өргөдлийн дотоод хяналтын хуудас нээж, өргөдлийн бүрдүүлбэрийг хянан үзээд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр “Э.Х” ХХК-д шилжүүлснийг Кадастрын бүртгэлийн Уул уурхайн кадастрын компьютержсон системд бүртгэж мөн уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Энэхүү шийдвэрийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын
Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6-2708 тоот албан бичгээр “Э.Х” ХХК-д хүргүүлж, мэдэгдсэн байна.

“Э.Х” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын М\/-0168.. тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасны дагуу 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төлж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад бичилт хийлгэж байсан байна.

“Э.Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-0168.. тоот тусгай зөвшөөрөл нь нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрөлд орж, уг тусгай зөвшөөрлүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дахь заалтуудыг зөрчиж олгосон болохыг Баянгол дүүргийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор хянан хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн. Улмаар дээрх шүүхийн тогтоол болон Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай 457 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 366 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.

Энэхүү журам нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн талбайд хууль, журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгсөн болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоодог. Ийнхүү гарсан зардлыг баталгаажуулж, босго үнэ тогтоосон талбайнуудад 2015 онд сонгон шалгаруулалт явуулж 30 гаруй талбайд сонгон шалгаруулалтыг явуулж, тусгай зөвшөөрөл олгоод байна. АМГТГД-ын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/200 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтын “босго үнэ”-ийг тогтоох, баталгаажуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлыг баталгаажуулах, зардлын тооцоо нийлсэн баримтыг баталгаажуулах ажил хийгдэж байна.

“Б.И” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэй оролцуулах захиргааны акт гаргахыг Ашигт малтмал газрын тосны газрын даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ...” гэж асуудал хариуцсан нэгж бүрийн эрх хэмжээ, чиг үүргийг салган зааглаж хуульчилсан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь газрын даргад хуулиар эрх хэмжээ олгогдоогүй, мөн хэрэгжүүлдэг чиг үүргээс нь хэтэрсэн хууль зүйн хувьд хэрэгжих боломжгүй шаардлага юм.

Мөн АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 тоот албан бичгээр “Б.И” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/89 тоот албан бичгийн хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хянан хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч тус албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож улмаар хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй төдийгүй хэрэгжих боломжгүй юм.

Иймд тус компанийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “Э.Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Б.И” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

1. АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох гэх шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч нь анх шүүхэд дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийнхээ хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж, Кадастрын хэлтсийн даргын дээд шатны албан тушаалтан болох АМГТГД-д өргөдөл гаргаж, дээрх 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэжээ.

Үүнд нь АМГТГД хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариуг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 албан тоотоор өгсөн байна. Харин одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, уг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу өгсөн хариуг захиргааны акт гэж үзэж хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахыг хүсэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь захиргааны акт гэж үзээд байгаа 1/3918 тоот урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар өгөөд байгаа хариу нь захиргааны акт биш юм. Түүнийг эс зөвшөөрвөл, буруу гэж үзвэл тэрхүү хариунд хянагдсан захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийг л шүүхэд гаргах учиртай.

Иргэн хуулийн этгээд нь захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус
болохыг тогтоолгох гэх зэрэг шаардлагыг шүүхэд гаргах боломжтойгоос биш урьдчилан шийдвэрлэх журмаар өгсөн хариуг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох зэрэг шаардлага гаргах боломжгүй бөгөөд, тэрхүү хариу нь хүчингүй боллоо гээд зөрчигдсөн гэж үзээд байгаа хууль ёсны эрх, ашиг сонирхол нь сэргэхгүй тул энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой юм.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргуулахаар хандах боломжтой ба одоо гаргаад байгаа нэхэмжлэлээс харахад чухам 106.3.1-ийн аль хэсэгт заасан шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа нь ч ойлгомжгүй байна.

2. “Б.И” ХХК-ийн МV-0168.. ашигт малтмалын ашиглалтын
тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайд шүүхийн шийдвэрээр
тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон
шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэй оролцуулахыг даалгах
шаардлагын тухайд,

МV-0168.. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь “Э.Х” ХХК-ийн нэр дээр байхдаа шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл хэрэв сонгон шалгаруулалтад өмнө нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан этгээдэд ямар нэгэн давуу эрхтэй оролцуулах бол тэрхүү эрх тусгай зөвшөөрлийг хамгийн сүүлд эзэмшиж байсан этгээдэд л ирэх юм. Түүнээс биш өмнө нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад шилжүүлсэн аль нэг компани тийм эрх эдлэх боломжгүй.

Нөгөө талаар хариуцагч буюу АМГТГД нь энэхүү шаардлагыг биелүүлэх эрх хэмжээ, чиг үүрэг байхгүй буюу хариуцагчид хамааралгүй шаардлагыг гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б.И” ХХК “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ашигт малтмалын ашиглалтын MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн шийдвэрлэсэн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэх тухай хүсэлтээ бичгээр гаргаснаар “АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б.И” ХХК-ийн MV-0168.. дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайг шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргахыг АМГТГД-д даалгах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулах “Геологи, уул уурхайн, кадастрын хэлтсийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Б.И” ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Х******* аймгийн Д******* сумын нутагт орших Х******* нэртэй 34,62 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0154.. дугаартай тусгай зөвшөөрлийг анх эзэмшиж байгаад Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.

Улмаар нэхэмжлэгчээс уг тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Э.Х” ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдлийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр “Э.Х” ХХК-д шилжүүлснийг кадастрын бүртгэлийн уул уурхайн кадастрын системд бүртгэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтад тэмдэглэл хийгдсэнээр тусгай зөвшөөрөл “Э.Х” ХХК-д шилжсэн. Мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6-2708 тоот албан бичгээр “Б.И” ХХК-ийн эзэмшиж байсан MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг “Э.Х” ХХК-д шилжүүлсэн мэдэгдлийг гуравдагч этгээдэд мэдэгдсэний дагуу “Э.Х” ХХК-иас уг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлж байсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”, 49.4-д “Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасныг зөрчөөгүй. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 285 дугаар магадлал,  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны мөн оны 312 дугаар тогтоол болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 457 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг “Э.Х” ХХК-д шилжүүлсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 366 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд эдгээр үйл баримттай талууд маргаагүй.  

Харин нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/00652 тоот шийдвэрээр “Б.И” ХХК, “Э.Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосныг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 286 дугаар шийдвэрээр MV-0168.. тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Б.И” ХХК-иас “Э.Х” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус байсан тул  MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр давуу эрхтэйгээр “Б.И” ХХК-ийн нэр дээр сэргээн эзэмшүүлэх тухай хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 19/11 дугаартай албан бичгээр хариуцагчид гаргажээ.

Хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/3784 дугаартай албан бичгээр “... сонгон шалгаруулалтад оролцуулахгүйгээр уг тусгай зөвшөөрлийг танай компанийн эзэмшилд сэргээн бүртгэх үндэслэлгүй ...” гэсэн  хариу өгсний дараагаар нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/89 дугаар албан бичгээр “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлал, тогтоолын дагуу ашигт малтмалын ашиглалтын MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Б.И” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэх хүсэлтийг дахин гаргасан. АМГТГДас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгээр “...MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн шийдвэрлэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс хууль бус болохыг тогтоож, уг 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б.И” ХХК-ийн MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайд шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтгүй, босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргахыг хариуцагч АМГТГД-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон.

АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг захиргааны актын шинжийг агуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргасан.

Тус 1/3918 тоот албан бичиг нь нэхэмжлэгч “Б.И” ХХК-ийн АМГТГД-д гаргасан хүсэлтэд хариу өгсөн албан бичиг байх бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар татгалзжээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно,”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж зааснаар  1/3918 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн хувьд гаргасан хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж, үр дагавар бий болгож байх тул захиргааны актын шинжийг агуулаагүй гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Харин ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн уг албан бичиг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх,  зөрчсөн тохиолдолд энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд шүүх дүгнэлт хийж, шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгчийн маргаж буй хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 тоот албан бичиг нь дараах үндэслэлээр холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгчээс хүчингүй болгохоор хүсэлт гаргасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр “Б.И” ХХК-ийн MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг “Э.Х” ХХК-д шилжүүлснийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр “...Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны ... 70 дугаар шийтгэх тогтоолоор нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон байх тул хүчингүй болгосон шийдвэрийг Кадастрын системд зохих журмын дагуу бүртгэсүгэй” гэсэн нь тус MV-0168.. тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор дээрх 286 дугаар шийдвэр хүчингүй болсонд тооцогдоно.

Харин хариуцагч байгууллагын кадастрын системд MV-0168.. тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохын өмнө эзэмшигчээр нь “Э.Х” ХХК бүртгэлтэй байсныг тухайн MV-0168.. тоот тусгай зөвшөөрөл  нь анх ямар компанийн эзэмшилд байсан, хэзээ, хэрхэн өөр компанид шилжсэн, одоо хүчин төгөлдөр эсэх зэргийг нотолж буй тусгай зөвшөөрлийн түүхчилсэн бүртгэл гэж ойлговол зохино.

Өөрөөр хэлбэл, кадастрын мэдээллийн санд уг тусгай зөвшөөрлийн сүүлийн эзэмшигчээр “Э.Х” ХХК бүртгэлтэй байх боловч MV-0168.. тоот тусгай зөвшөөрөл нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон тул Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 286 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, эрх зүйн үйлчлэлгүй тусгай зөвшөөрлийг буцаж анхны эзэмшигч “Б.И” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн сэргээн бүртгэх боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн 2019 оны 1/3918 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэснийг нэхэмжлэгчийн тодорхойлсноор “хууль бус татгалзал” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул уг албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн “Б.И” ХХК-ийн MV-0168.. дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайг шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд  дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргахыг АМГТГД-д даалгах” шаардлагын тухайд.

Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор[1] “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. Энэхүү журмаар Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж олгосон 106 тусгай зөвшөөрлийг шүүхээс хүчингүй болгосонтой холбогдуулан 106 тусгай зөвшөөрлийн талбайд хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга, ил тод, олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлж сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалт явуулах комисс, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын санал үнэлгээ өгөх зэрэг асуудлыг зохицуулсан.

Тус журмын 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүний албан хаагч болон мэргэжлийн холбоодын гишүүдийн бүрэлдэхүүнийг төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална гэж заасны дагуу АМГТГД-ын 2018 оны  А/200 тоот тушаалаар[2] шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох, баталгаажуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлыг баталгаажуулах актын загварыг 2 дугаар хавсралтаар, зардлын тооцоо нийлсэн баримтын загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан байна.

Энэ нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.” гэж заасныг зөрчөөгүй байна.

 Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлд сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлагыг журамлаж, 4.1-д “Сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдсан тухайн талбайд тогтоосон сонгон шалгаруулалтын босго үнийг төлөх санхүүгийн чадвартай хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулна.” гэж зааснаар сонгон шалгаруулалтын босго үнийг төлөх санхүүгийн чадвартай ямар ч хуулийн этгээд оролцох эрхтэй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1–11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8–11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13–11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ.” гэж хариуцагч байгууллагын хэлтэс, нэгжийн эрх хэмжээ чиг үүргийг салган зааглаж хуульчилсан.

Мөн АМГТГД-ын 2018 оны А/200 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан геологи хайгуулын ажил болон бусад баримтаар нотлогдсон зардлыг баталгаажуулсан актыг, 3 дугаар хавсралтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын тооцоо нийлсэн актыг тус тус ажлын хэсгийн дарга бөгөөд Кадастрын хэлтсийн дарга хянаж, гарын үсэг зурж баталгаажуулахаар байна.

Эдгээрээс дүгнэхэд шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр аж ахуйн нэгжийг оролцуулахаар хуульчилсан болон журамласан ямар нэгэн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон “...ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэй оролцуулах захиргааны акт гаргахыг хариуцагч АМГТГД-д даалгах...” шаардлага хангагдах эрх зүйн үндэслэл байхгүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00652 дугаар шийдвэрээр[3] “Б.И” ХХК, “Э.Х” ХХК-ийн  хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэл нь талууд хамтран ажиллахаар тохиролцож Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг байгуулж хамтран ажиллахаар тохиролцсоноо үгүйсгээгүй, харин жоншны уурхайд хамтран ажиллахаар тохирсон уг гэрээ хүчинтэй байхад тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин  төгөлдөр бусад тооцсон байна. 

Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй боловч уг шаардлага нь холбогдох хуульд заасан хэмжээнд хэрэгжих учиртай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж зааснаар “Б.И” ХХК, “Э.Х” ХХК-ийн  хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул уг гэрээг үндэслэж “Э.Х” ХХК-д шилжсэн MV-0168.. тоот тусгай зөвшөөрөл нь  нэхэмжлэгч “Б.И” ХХК-ийн нэр дээр буцаад шилжихээр байна.

Гэвч энэхүү тусгай зөвшөөрөл нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, эрх зүйн үйлчлэлгүй болсон тул “Б.И” ХХК-ийн эзэмшилд буцаан  шилжүүлэх боломжгүй.

Шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжтой байх зарчмын дагуу, мөн дээр дурдсан Иргэний хуулийн зохицуулалтаар нэгэнт “Б.И” ХХК-ийн өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхээр хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл нь эрх зүйн үйлчлэлгүй, хүчингүй болсон тул нэхэмжлэгч гуравдагч этгээдээс учирсан хохирлоо гаргуулах хууль зүйн үр дагавар бий болно. 

Мөн дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хоорондох “Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01475 тоот тогтоолоор[4] хамтран ажиллах гэрээг хүчинтэй байхад тусгай зөвшөөрлийг  худалдах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон нь талууд хамтран ажиллахаар тохирсноо үгүйсгэж маргаагүй тохиолдолд хамтран ажиллах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байхаар байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 4 тэрбум гаруй төгрөгийн зардал гаргаснаа, мөн гуравдагч этгээдээс холбогдох зардлыг гаргасан талаар тайлбарлаж мэтгэлцсэн боловч хэн аль нь  холбогдох баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8. Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж зааснаас гадна энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай төдийлөн хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Б.И” ХХК, “Э.Х” ХХК-ийн  хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосноор талуудын хооронд өмнө нь байгуулсан жоншны уурхайд хамтран ажиллахаар тохирсон  гэрээтэй холбогдуулан талууд маргаагүй, хугацаа нь дуусгавар болоогүй тохиолдолд  уг гэрээ хүчин төгөлдөр  байх боломжтой байна.

Иргэний эрх зүйн харилцаагаар тодорхойлогдох гэрээний маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаанд хамаарахгүй тул шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчдын иргэний шүүхийн журмаар маргах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

Дээр дурдсан үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс тухайн тусгай зөвшөөрлийн талбайд өөрсдийн зарцуулсан зардлыг энэхүү журмын дагуу баталгаажуулснаар хариуцагчийн 2018 оны А/200 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоож, баталгаажуулснаар 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1-д зааснаар тухайн талбайд тогтоосон сонгон шалгаруулалтын босго үнийг төлөх санхүүгийн чадвартай аливаа хуулийн этгээд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ Захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биөлүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3.4-т “захиргааны актыг  гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн байгууллагад даалгах...” гэж тус тус заасан.

Иймд шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд  дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргах эрх Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 216 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмаар АМГТГД-д олгогдоогүй байх тул нэхэмжлэгчийн дээрх агуулга бүхий захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б.И” ХХК-ийн “АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, АМГТГД-ын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3918 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Б.И” ХХК-ийн MV-0168.. дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан талбайг шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын талбайд дахин сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр давуу эрхтэйгээр оролцуулах захиргааны акт гаргахыг АМГТГД-д даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] 1 дүгээр хавтас хэргийн 245 дахь хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 121 дэх хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх хуудас