Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0149

 

Иргэн З.Хын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн З.Хын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартааДээрх тогтоолтой холбоотой асуудал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш даруй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Их эзэн Чингис хааны талбайтай холбоотой олон мэдээ мэдээлэл гарсан. Иймд тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлдээ Д.Сүхбаатарын үр удам болж төрсөн бид дээд өвгийнхөө баатарлаг нэр төрөөр бахархах, хайрлан хамгаалахыг үүргээ гэж бодсон ба бидний эрхэм нэр төр, алдар хүндийг ноцтойгоор зөрчсөн гэж нэхэмжилж байгаа нь өөрөө Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлтэй зөрчилдөж байна. Яагаад гэвэл алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой ойлголт юм.

Мөн хуульд гучинцар нэр төрийг өвлөх болоод зөрчигдөнө гэж шууд заасан заалт байхгүй болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, 25.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, дээрх тогтоолыг хүчингүй болгохыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг захиргааны хэргийн шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно гэх хуулийн үндэслэлээр хэргийн оролцогчоос нэхэмжлэлээ нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээж аваагүй. Иргэн З.Хын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь дээр дурдсан шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагатай нэгэн адил бөгөөд шүүхээс ...маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч болон иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, субъектив эрхийг бодитоор зөрчсөн нь тогтоогдохгүй байна... дүгнэсэн байдаг. Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нийслэл хотын төв талбайн нэртэй холбоотой 79 дүгээр тогтоолыг 2013 онд батлан гаргасан бөгөөд тухайн тогтоолыг хүчингүй болгуулах нэгэн адил нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг маргааныг шүүхээс нэгэнт шийдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулгад даалгуулах гэж уг нэхэмжлэлийн үндэслэлээ өвөг эцэг Д.Сүхбаатарын баатарлаг үйл хэргээр бахархах, нэр төр, алдар хүнд, эрх ашгийг үл хүндэтгэсэн, түүнчлэн үүнээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг нь нийгмээс ирж байгаа гадны нөлөөллийн улмаас хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж тодорхойлсон.

Иргэний хуульд тодорхойлсон нэр төр, алдар хүнд нь талбайн нэр өөрчлөгдсөнөөр иргэдийн нэр төр, алдар хүнд гутаагдсан эсэх мөн тухайн иргэнд ямар бодит хохирол бий болсон тодорхойлж, түүнийг нотолсон зүйл байхгүй энэ талаар шүүхийн тогтоолд дүгнэлт өгөөгүй зэргээс үзэхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тогтоогдоно гэж үзэж байна.

Иргэн З.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 79 дүгээр тогтоол буюу маргаан бүхий актыг тус хурлаас 2013 онд батлан гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар тогтоолын асуудлаар 2015 онд шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол хугацааг сэргээх хүсэлтээ шүүхэд гаргаж мөн хуулийн 12.3-т заасны дагуу шийдвэрлүүлэх ёстой байсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 37 дугаар тогтоолын 3-т ... Хуулийн 12 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд шууд гаргах нэхэмжлэлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь гаргаж чадаагүй бол иргэн, хуулийн этгээд, байгууллага нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай гомдлоо шүүхэд гаргах бөгөөд шүүх уг гомдлыг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгч нараас энэ талаар хүсэлт гаргасан болон шүүхээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн захирамж, шийдвэр гаргаагүй, мөн хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдлыг шийдвэрлээгүй юм. Анхан шатны шүүхийн 2015 оны 847 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Дээрх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас дүгнэж үзвэл хэдийгээр захиргааны актад хөөн хэлэлцэх хугацааг ярьж болох хэдий ч хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч талаас үгүйсгэсэн баримт гаргаагүй ... гэсэн дүгнэлт хийж байгаа нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөнийг харуулж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн талаар тогтоолын үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нь тухайн тогтоолыг нэрлэсэн нэртэй холбоотой асуудлаар өнгөц тайлбар хийж нэр өөрчлөх эрхгүй гэсэн дүгнэлт, мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3, 2012 онд батлагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн холбогдох зүйлд Нэгдсэн хурал-тай холбоотой бэлтгэл ажлын зохицуулалтыг Тэргүүлэгчдийн хурлыг зохицуулсан зохицуулалт мэтээр ташаа тайлбарлан хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, холбогдох материал нь 1 хоногийн өмнө тараагдаагүй хууль зөрчсөн гэх хууль хэрэглээний алдааг гаргасан байна. Хууль тогтоомжоор нийслэл хоттой холбоотой олон асуудлыг цар хүрээ, цаг хугацааны хувьд тулгамдсан зэрэг онцлогт тохируулан Нэгдсэн хурал-ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд, Тэргүүлэгчдийн хурал-ыг мөн хуулийн 20 дугаар зүйлд тус бүр ялган зохицуулсан ба хуралдааны дэг мөн харилцан адилгүй байдгийг харгалзан үзээгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт илт утга агуулгын зөрүүтэй дүгнэлтийг хийсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх шүүх эрх мэдлийн байгууллага нь хөндлөнгийн байх тусгай шаардлагыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа огт явуулаагүй атлаа ийнхүү шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч нарын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг ноцтойгоор зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаагаас шүүхийн шийдвэр ойлгомжгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч З.Хаас анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах [1] тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулгад даалгах-аар өөрчилсөн[2],

нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэлэлцсэн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх-ээр[3],

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай 79 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгахаар,

харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг тогтоолыг илт хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх[4] гэж нэхэмжлэлийн шаардлагын талаар өөр байдлаар тайлбарласаар иржээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэлд тусгахаар заасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүх мөн зүйлийн 32.5.2-т заасан асуудлыг буюу захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа, түүний үндэслэлийг нэхэмжлэгчээс зайлшгүй тодруулах ёстой бөгөөд ингэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл буюу шүүхийн хянан шийдвэрлэх маргаан тодорхой болно.

Гэтэл анхан шатны шүүх тухайн асуудлыг бүрэн гүйцэт тодруулж, хэргийн оролцогчдын маргаж байгаа зүйлийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөх тухай 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Талбайн нэр өөрчлөх тухай 79 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг даалгах гэсэн шаардлагыг хянан шийдвэрлэсэн агуулгаар тусгагдсан нь шүүх хуралдааны тэмдэглэл дэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас зөрүүтэй байгаа, мөн Тогтоох нь хэсэгтээ тогтоолыг хүчингүй болгохыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах гэсэн шаардлагыг шийдвэрлэсэн зэрэг нь шүүх дээрх шаардлагыг хангаагүйтэй холбоотой бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.4-д заасантай нийцэхгүй.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1/, акт илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэх /70.2.3/, захиргааны акт гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах /70.2.4/ тухай нэхэмжлэлийн шаардлагуудын аль нэгийг нь эсхүл хамтатган гаргасан эсэхээс шалтгаалж шүүхээс явуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээ болон дүгнэлт өгөх асуудал тодорхойлогдоно.

Тухайлбал, актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан бол шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан тохиолдлууд, ялангуяа энэхүү захиргааны хэргийн тухайд нэхэмжлэгчийн тодорхойлсон захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захиргааны акт гаргах эрх хэмжээгүй этгээд гаргасан, утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлүүдэд, түүний дотор хуульд гудамж, талбайн нэр өөрчлөх эрхийг хариуцагчид олгоогүй гэдэгт дүгнэлт өгөх ёстой.

Харин актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэж үзсэн бол маргаан бүхий акт болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Талбайн нэр өөрчлөх тухай 79 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлд буюу тухайн тогтоол хууль тогтоомжид нийцсэн эсэхэд,

захиргааны акт гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шаардлага гэж үзвэл хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх, акт гаргахыг даалгах үндэслэлтэй эсэхэд шаардагдах нотлох баримтуудыг бүрдүүлсний эцэст дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Гэтэл анхан шатны шүүх зөвхөн маргаан бүхий актыг хүчингүй болгох буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны Талбайн нэр өөрчлөх тухай 79 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх замаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Үүний зэрэгцээ актыг хүчингүй болгох шаардлагын хамт, түүнийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хамтад нь шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой биш тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Үүнээс гадна анхан шатны шүүх маргаан бүхий акт хууль бус эсэхэд дүгнэлт өгөхдөө холбогдох нотлох баримтуудыг дутуу цуглуулсан байна.

Юуны түрүүнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтууд болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2/05 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг хамаарч үйлчлэх эсэх, өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан ямар журам, дэгээр явагддагийг тодруулах байжээ.

Маргаан бүхий актыг батлагдахаас өмнө Монгол Улсын 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцогдсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлд заасныг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журам-ыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид үйл ажиллагаандаа мөрдөх ёстой эсэхэд дүгнэлт өгөхийн зэрэгцээ мөрдөх ёстой гэж үзсэн бол хариуцагчийн тайлбартай уялдуулж тухайн тогтоолоор баталсан Нийслэлийн гудамж, талбайн нэрийн асуудал эрхэлсэн комисс тухайн үед ажиллаж байсан эсэхийг хэрэгт авагдсан маргаан бүхий акттай холбоотой хурлын тэмдэглэлээс өөр бусад баримтуудыг цуглуулах замаар тогтоож, комисс үйл ажиллагаа явуулж байсан бол уг журмын 3.1 /Нийслэл Улаанбаатар хотын зам талбайд нэр өгөх, нэрийг өөрчлөх, нэрэмжит болгох саналыг яам, тусгай газар, нийслэл дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд албан бичгээр комисст гаргах ба комисс тухайн нутаг дэвсгэр нутгийг хариуцсан Сууц өмчлөгчдийн холбоо, орчны байгууллага, аж ахуйн нэгж болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсны үндсэн дээр судлан боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ/-д заасан ажиллагааг гүйцэтгэсэн эсэхийг тогтоох зэргээр талбайн нэрийг өөрчилсөнтэй холбоотой бүхий л баримтыг цуглуулсны эцэст дүгнэлт өгөх байжээ.

Ялангуяа хариуцагчийн Эзэн богд Чингис хааны талбай болгох санал хүсэлт удаа дараа ирүүлсэн, холбогдох тооцоо судалгааг хийсэн гэх тайлбартай холбоотой нотлох баримтуудыг зайлшгүй цуглуулах шаардлагатай.

Энэ нь шүүхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болно.

Эдгээрээс гадна шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д заасныг зайлшгүй тодруулах, өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны Талбайн нэр өөрчлөх тухай 79 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгч З.Хын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тэр нь ямар баримтаар тогтоогдож байгаад дүгнэлт өгөх шаардлагатай.

Шүүх тухайн зорилгоор шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төрсөн эх Д.Сүхжаргалмааг гэрчээр оролцуулсан боловч гэрчийн мэдүүлэг авахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасныг тодруулаагүй нь буруу бөгөөд энэ нь тухайн мэдүүлгийг үнэлэх боломжгүйд хүргэж байгааг анхааруулах нь зүйтэй.

Дээр дурдсан ажиллагаанууд гүйцэтгэгдээгүй нөхцөлд давж заалдах шатны шүүх шууд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР