| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0474/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/505 |
| Огноо | 2022-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/505
2022 04 04 2022/ШЦТ/505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,
улсын яллагч Я.Амарзаяа,
хохирогч С.Т.,
шүүгдэгч Ц.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х. овогт Ц.ын Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0754 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, Х. овогт Ц.ын Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мастер салон” үсчний газарт иргэн С.Т.тэй “ажилдаа дандаа хоцордог” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа С.Т.ийн толгойн тус газар цохиж, хуванцар аягаар зүүн нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б. мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үйл явдал болсон. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед 2 хүүхдээ харах хүнгүй үлдээчихээд, ажлын газрын эгч рүүгээ залгаад “өнөөдөр хэн ирэх вэ?” гэхэд хохирогчийг ирнэ гэж хэлсэн. Би С.Т. лүү залгаад “хаана байна?” гэж асуухад С.Т. “би очиж байна” гэж хэлсэн. Машины ухрах дуу гарч байсан болохоор би “гэрээсээ гарч байгаа юм уу?” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ? Би очиж байна гэж хэлж байна” гэж хэлсэн. Би ирэхэд нь “байнга хоцрох юм аа” гэж хэлэхэд надтай маргалдаад намайг удам судраар минь доромжилсон. Би хуванцар аягаар С.Т.ийн зүүн нүдний дээд зовхи хэсэгт цохиход цус гарсан. Ээж нь ирээд намайг элдвээр хэлсэн. Би С.Т.ийг эмнэлэг дагуулж явъя гэхэд явахгүй гэж хэлсэн. Би эмнэлэг рүү авч яваад оёдол тавиулсан. Би тохиролцъё гэж хэлсэн. Орой нь аав нь энэ болсон үйл явдлыг хэлээд “Миний охиныг яаж байгаа яаргачин бэ? Би цагдаад олон жил ажилласан хүн шүү.” гэж хэлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Т. мэдүүлэхдээ: “Тухайн байгууллага нь өглөөний 09:00 цагт онгойх ёстой. Би 08 цаг 55 минутад гэрээсээ гарч байсан. Би энэ хүнтэй адилхан тухайн байгууллагын ажилчин юм. Миний нүүрэн дээр насаараа үлдэх сорвитой болгосон. Би нүднийхээ дээр 2 оёдол тавиулсан. Миний өдрийн түрээс 30.000 төгрөг. Орлого 100.000 гаруй мянга байдаг. Миний эмчилгээний зардал 280.000 төгрөг болсон. Би 10 хоногийн ажил хийж олох байсан орлогоо нэхэмжилж байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч С.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ц.Б. нь ямар нэгэн үгийн зөрүү байхгүй миний дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авахад нь эргэж хараад гартаа барьж байсан цагаан өнгийн хуванцар аягаар зүүн нүд хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиж, цус гарахад нь цагдаагийн байгууллагад хандсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 14-16, 33-34/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2456 тоот: “С.Т.ийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,
- Ц.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мииний хувьд өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч С.Т.ийн эмчилгээ хийлгэсэн зардал болох 280.000 төгрөгийг өгсөн. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мастер салон” үсчний газарт иргэн С.Т.тэй “ажилдаа дандаа хоцордог” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа С.Т.ийн толгойн тус газар цохиж, хуванцар аягаар зүүн нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч С.Т.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ц.Б. нь ямар нэгэн үгийн зөрүү байхгүй миний дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авахад нь эргэж хараад гартаа барьж байсан цагаан өнгийн хуванцар аягаар зүүн нүд хэсэг рүү нэг удаа хүчтэй цохиж, цус гарахад нь цагдаагийн байгууллагад хандсан. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2456 тоот: “С.Т.ийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,
- Ц.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мииний хувьд өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч С.Т.ийн эмчилгээ хийлгэсэн зардал болох 280.000 төгрөгийг өгсөн. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Б.т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч баримтаар 280.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх бөгөөд С.Т. нь шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны түрээсийн төлбөр, орлоготой тэнцэх хэмжээний төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч тухайн үсчний газарт тодорхой ажлын байрыг хэдэн төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг эсэх, улмаар өдөрт хэдэн төгрөгийн орлого олдогтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн дараа дараагийн эмчилгээ нь тодорхой хугацааны дараа хийгдэж, үүнд холбогдох зардлын тооцоо тодорхой болох тул энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ, гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж шүүгдэгч Ц.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х. овогт Ц.ын Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б.т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хохирогч С.Т. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД