Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1827

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

   Дугаар 101/ШШ2017/01827

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххх тоотод оршин суух, 27 настай, эрэгтэй, Бо. Т. /РД: ......./ нэхэмжлэлтэй

Хариуцагч: хххххххххтоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, Х.Сд /РД: хххххх/ холбогдох

50.697.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Т нь Х.Сд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 39.000.000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 1 сарын 14 хувийн хүүтэй зээлэн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан юм.

            Х.С нь нэг ч удаа хүү төлөөгүй  ба Х.С 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тохиролцооны гэрээ гэх баримт үйлдэн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хүүнд 5.000.000 төгрөг төлнө гэсэн. Дээрх мөнгийг 2 хувааж Тын эхнэр Т.Цын Хаан банк дахь дансанд шилжүүлсэн юм.

            Үүнээс хойш огт мөнгө төлөөгүй бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулан төлбөр төлөх хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөр тогтож нийт 60.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Энэ нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл, хүү, алдангийн талаар харилцан тохиролцсон тохиролцоо болно.

            Үүний дараа Х.Сгийн Эрма ББ ХХК-иас зээлэндээ тооцож 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл өтгөрүүлсэн аньс, нэрс, чацарганы шүүс, дармал нэрс зэрэг нийт 4.602.000 төгрөгийн бүтээгдэхүүн авсан. Мөн 2016 оны 9 дүгээр сард 500.000 төгрөг өгсөн. 

            Төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон 60.000.000 төгрөгөөс 2 удаа тасалж шилжүүлсэн нийт 5.000.000 төгрөгийг хасахгүй байсан. Нэхэмжлэгч маань андуураад хассан юм шиг байна лээ. Төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон 60.000.000 төгрөгөөс 4.602.000 төгрөг болон сүүлд өгсөн 500.000 төгрөгийг хасахад 54.898.000 төгрөг болж байх боловч 50.697.920 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

           

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Тээс Х.С миний бие 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 39.000.000 төгрөгийг өөрийн бизнест хөрөнгө оруулж ашгаасаа 14 хувь өгнө гэж хэлж авсан. 2014 оны 6 дугаар сараас миний бизнес ашиггүй болж 1 сар ч ашигтай ажиллаагүй, ашиг аваагүй юм.

Иймд миний бие ашиг гэж мөнгө төлөхөд хэцүү байгаа ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21.047.920 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 29.650.000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Х.Сд холбогдуулан 50.697.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Т нь Х.Стай харилцан тохиролцож, түүнд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 39.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар, сарын 14 хувийн хүүтэй зээлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба гэрээнд зээлсэн мөнгийг 40.000.000 төгрөг гэж тусгасан ч 39.000.000 төгрөг зээлсэн талаар зохигчид хэн аль нь маргахгүй байгаа болно.

 Зээлдэгч буюу хариуцагч Х.С нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талууд мөн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулан дээрх гэрээний үүрэгт буюу үндсэн зээл, хүү, алдангид Х.С нийт 60.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Тт төлөхөөр харилцан тохирчээ.

Дээрх зээлийн болон төлбөр барагдуулах гэрээ бүр нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд талууд дээрх гэрээнүүдэд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5-6 дугаар тал/

 

            Хариуцагч Х.С нь зээлийн төлбөрт 5.000.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд төлөх талаараа 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тохиролцооны гэрээ гэх баримт үйлдсэн талаар талууд хэн аль нь маргаагүй.

            /ХХ-ийн 21 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч Тын эхнэр гэх Т.Цын Хаан банк дахь хххххх тоот дансанд хариуцагч Х.С нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2.600.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2.400.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг  төлсөн талаар хэн аль нь маргаагүй.

            /ХХ-ийн 53-54 дүгээр тал/

 

            Зээлдэгч буюу хариуцагч Х.С нь зээлийн төлбөрийг төлөх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн компанид үйлдвэрлэсэн  өтгөрүүлсэн аньс, нэрс, чацаргана болон дармал нэрс зэрэг бараа бүтээгдэхүүн болон 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 100.000 төгрөг, мөн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 200.000 төгрөг Тын эхнэр гэх Т.Цын Хаан банк дахь хххххх тоот дансанд шилжүүлэн, бүгд 4.802.000 төгрөг төлсөн нь бараа хүлээн авсан баримтууд болон мөнгөн шилжүүлэгийн баримтуудаар тогтоогдлоо.

            Нэхэмжлэгч Т нь зээлийн төлбөрт бараа хүлээн авсан талаараа маргаагүй болохыг дурьдлаа.

            /ХХ-ийн 35-46, 48, 51-52 дугаар тал/

 

            Хэргийн 47 дугаар талд 76.000 төгрөгийн, 49 дүгээр талд 308.600 төгрөгийн бүтээгдэхүүн бусдад өгсөн гэх баримт байх боловч уг барааг хэн хүлээн авсан нь тодорхой бус, хүлээн авагчын гарын үсэггүй тул зээлийн төлбөрөөс хасах боломжгүй. 

            Мөн хэргийн 50 дугаар тал дахь “300.000 төгрөг Тимур” гэсэн баримт нь бусдад мөнгө хүлээлгэн өгсөн баримт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй.

           

            Хариуцагч Х.С нь 2016 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч Тт 500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

           

            Нэхэмжлэгч Т нь хариуцагч Х.Сгийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн нийт 5.000.000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон 60.000.000 төгрөгөөс хасч тооцон нэхэмжлэлээ гаргасан тул уг мөнгө нэхэмжлэлийн шаардлагаас хасж тооцогдох учиртай.

 

Хариуцагч Х.С нь зээлийн болон төлбөр барагдуулах гэрээгээр тохирсоны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Т түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х.Сгийн гүйцэтгэх ёстой үүрэг:

-60.000.000 төгрөг -5.000.000 төгрөг -4.802.000 төгрөг -500.000 төгрөг =49.698.000  төгрөг.

 

Иймд хариуцагч Х.Сгаас 49.698.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 999.920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Х.Сд 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон        

            ТОГТООХ нь:

                                                                                             

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Х.Сгаас 49.698.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 999.920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 411.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сгаас 406.440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН