Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/522

 

   

 

 

 

 

2022         04          06                                        2022/ШЦТ/522

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

Улсын яллагч А.Амарсанаа,

Шүүгдэгч Х.Ц. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ц.д холбогдох 2106 04532 0681 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт, Б. овогт Х.ын Ц.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Х.Ц. нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел бааранд хохирогч О.О.тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт цохисны улмаас хохирогч О.О.ын биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ц.гийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.О.ын өгсөн: “... Намайг халзан толгойтой, махлаг ах нь намайг цохиж унагаагаад дараагаар нь миний хавирга нь дээр дэвссэн гэж бодож байгаа тэгээд миний хавирга хөндүүр болоод хавдсан байсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Би Сандэй дэлгүүрийн хажууд байдаг хувиараа бариа хийдэг хүн дээр 7 хоног бариулсан, тэгээд миний хувирга гайгүй болсон. Тэр 2 ах нэг малгайтай байсан малгайтай явж байсан нь эхнэртэйгээ хамт байсан, намайг зодсон ах нь ганцаараа явж байсан бас малгайгүй халзан толгойтой, хар өнгийн цамцтай ах байсан...”,

 “...тухайн үед би бэлэн мөнгөгүй байсан учир өөрийнхөө зөөврийн компьютерыг ломбардад 400,000 төгрөгөөр тавиад халдварт эмнэлгийн тз-л байдаг хувийн бариач дээр 7 хоног бариулсан миний тархи хөдөлсөн байсан гэж надад хэлсэн тэгээд миний эмчилгээний зардал нийт ойролцоогоор 400,000 төгрөг болсон. Би зөөврийн компьютероо одоо болтол авч чадаагүй байгаа сар бүр сунгуулаад явж байгаа нэг сар сунгахад 39,000 төгрөгөөр сунгуулдаг хүлээлгийн 10 хоногт орохоор 50,000 төгрөг болдог юм. Эмчилгээний зардал болох 400,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...”  гэх мэдүүлэг /хх.17, 19, 57/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Ц.гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн үед Г.Золбоотой гэрт нь очиж уулзсан тэгээд 19 цагийн үед Золбоогийн найзууд нь дуудаад гарсан Золбоо болон Золбоогийн Мийгаа нарын Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Сансарын туннелийн нэрийг нь мэдэхгүй караокед орсон тэгэхэд Золбоогийн 2 найз байсан нэгийг нь Тогтох гэдэг нэгнийхэн нэрийг санахгүй байна тэндээ бид нар нэг шил Эдэн гэх нэртэй 0,5 литрийн савлагаатай архи уусан тэгээд тэндээ нэг цаг суугаад доор баар байна гэхээр нь бид 5 доошоо бааранд нь орсон тэгээд бааранд нь ороод нэг шил Эдэн гэх нэртэй 0,75 литрийн савлагаатай архи ус ундаа авч уусан тэгээд тэндээ сууж байгаад Золбоо бид 2 тамхи татахаар гарсан тэгээд буцаад орсон чинь Золбоогийн эхнэр Мийгаа шатан дээр тааралдсан тэгээд шатаар дээшээ гараад явж байсан чинь 5-6 хүүхэн Мийгааг барьж аваад 4 нүдтэй бүдүүн бөгстэй өлөгчин гэж дайраад зодоод унасан тэгээд дундуур нь ороод салгасан салгаад байж байсан чинь өө энэ Хятадын эрлийз Өвөр Монгол пизда байна гээд намайг энд тэндээс цохиод байсан би дунд нь салгаад байсан тэгсэн тэр хүүхнүүд нь бүгдээрээ над руу дайраад энд тэндээс цохиод юм хум барьж авч шидээд байсан нэг хүүхэн нь миний хувцаснаас зуурчхаад тавихгүй байсан тэгээд байж байсан чинь гаднаас хамгаалагч нар гээд баахан залуучууд ороод ирсэн тэгээд хамгаалагч нар нь орж ирээд намайг үүдний буйдан дээр суу гээд суулгасан тэгээд над руу дайраад байсан орж ирсэн залуучууд хамгаалагч нарт нь нөгөө хүүхэн чинь энэ Өвөр Монгол залуу бид нартай зодолдоод байна энийг алъя муу хужаа гээд байсан тэгээд нэг хүүхэн намайг зуураад суусан байсан тэгээд байж байсан чинь цагдаа орж ирсэн тэгээд цагдаагийн хажууд намайг нэг хүүхэн нь үнсний сав шиг юмаар цохисон цагдаа орж ирсний дараа бас намайг энэ Өвөр Монгол гээд дайраад гүтгээд байсан.

Тэгээд цагдаа тэд нарын үгэнд нь ороод итгэсэн юм шиг байгаа юм тэгээд намайг регистрийн дугаараа хэл гэсэн тэгээд би эхний 2 үсгийг нь хэлээгүй байсан чинь буруу хэллээ гээд намайг гавлаад машиндаа суулгасан цагдаа орж ирсний дараа Золбоогийн эхнэр Мийгаа ухаан алдаад унасан байсан тэгээд наад хүн чинь ухаан алдаад унасан байна гэж хэлсэн чинь нөгөө хүүхнүүд нь тоож байгаа юм байхгүй наадах чинь худлаа ухаан алдаж унасан гэж хэлж байсан.

Тэнд юу болоод байгааг ч би сайн ойлгоогүй би салгах гээд байсан чинь над руу дайраад байсан тэгээд би салгаж дийлэхгүй юм байна жоохон холдох гээд холдсон чинь миний энд тэндээс зуураад тавихгүй байсан. Би баарны зөөгч охиныг санамсаргүй байдлаас болоод цохиж унагаасан....” гэх мэдүүлэг /хх.51-52/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11878 дугаартай:

“1. О.О.ын биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр.нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх.30-31/,

Шүүгдэгч Х.Ц.гийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.40-43/,

Бариач Н.Эрдэнэтуяагийн бичгээр гаргасан тайлбар /хх.44/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.46-47/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.50/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Х.Ц. нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел бааранд хохирогч О.О.тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт цохисны улмаас хохирогч О.О.ын биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.О.ын өгсөн: “... Намайг халзан толгойтой, махлаг ах нь намайг цохиж унагаагаад дараагаар нь миний хавирга нь дээр дэвссэн гэж бодож байгаа тэгээд миний хавирга хөндүүр болоод хавдсан байсан. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Би Сандэй дэлгүүрийн хажууд байдаг хувиараа бариа хийдэг хүн дээр 7 хоног бариулсан, тэгээд миний хувирга гайгүй болсон. Тэр 2 ах нэг малгайтай байсан малгайтай явж байсан нь эхнэртэйгээ хамт байсан, намайг зодсон ах нь ганцаараа явж байсан бас малгайгүй халзан толгойтой, хар өнгийн цамцтай ах байсан...”,

 “...тухайн үед би бэлэн мөнгөгүй байсан учир өөрийнхөө зөөврийн компьютерыг ломбардад 400,000 төгрөгөөр тавиад халдварт эмнэлгийн тз-л байдаг хувийн бариач дээр 7 хоног бариулсан миний тархи хөдөлсөн байсан гэж надад хэлсэн тэгээд миний эмчилгээний зардал нийт ойролцоогоор 400,000 төгрөг болсон. Би зөөврийн компьютероо одоо болтол авч чадаагүй байгаа сар бүр сунгуулаад явж байгаа нэг сар сунгахад 39,000 төгрөгөөр сунгуулдаг хүлээлгийн 10 хоногт орохоор 50,000 төгрөг болдог юм. Эмчилгээний зардал болох 400,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...”  гэх мэдүүлэг /хх.17, 19, 57/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Ц.гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би баарны зөөгч охиныг санамсаргүй байдлаас болоод цохиж унагаасан....” гэх мэдүүлэг /хх.52/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11878 дугаартай:

“1. О.О.ын биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр.нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх.30-31/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ц.гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Х.Ц.гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Ц.г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хохирогч О.О. эмчилгээний зардалд 400.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч бодит баримт гаргаагүй, хувь хүнээр бариа хийлгэсэн 280.000 төгрөгийн төлбөр төлсөн гэх бичгийн тайлбар байх бөгөөд шүүгдэгч уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Х.Ц.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэвч хохирогч О.О. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Ц.с жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Х.Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Х.Ц.гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Ц.д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Х.Ц.д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Х.Ц. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б. овогт Х.ын Ц.г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Ц.д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ц.д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ц. нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 280.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч О.О. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Ц.с жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Ц.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ОЛЗОД