Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/547

 

 

 

 

 

 

2022         04          11                                        2022/ШЦТ/547

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баттэргэл,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Г.У. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.У.т холбогдох 2206 00000 0736 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жим интернэшнл” ХХК-д борлуулагч ажил эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, Х. ургийн овогтой Г.ийн У., Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.У. нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 13-299 тоотод хохирогч Г.Э.ийг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, сулрал, зүүн хацрын төвгөр, хоёр өвдөгт зулгаралт, баруун шуу, өвдөгт цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У.ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би торгуулийн ялыг гурав хувааж төлөх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол гаргасан баримт /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э.ийн өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн үед манай гэрт У., Өнөрчимэг, Хонгорзул нар манай хүүхдийг үсээ авсан гээд найранд ирсэн юм. Бид хэд 2,5 литрийн савлагаатай шар айраг уугаад 23:00 цагийн үед тарах гэж байхад У. манай нөхөртэй муудалцаад шууд зодолдоод эхэлсэн манай нөхрийн хамар, амнаас цус гаргасан болохоор би өөрийн нөхрөө өмөөрөөд очих үед намайг шууд миний нүүр хэсэгт цохиж аваад миний үүдэн шүдийг цохиж хугалчхаад гэрээс гараад явах гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд явуулахгүй гээд гэрээсээ гараад хашаан дотор би явуулахгүй гэх үед намайг газарт унагаагаад миний нүүр хэсэгт цохиод хашаанаас гараад над руу чулуу аваад шидсэн. ... Би өөрийн шүдийг бүтэн болгомоор байна. ... У. манай нөхөртэй маргалдаад зодолдоод эхэлсэн, тэгэхээр нь би нөхрөө өмөөрөөд очих үед миний нүүр ам хэсэгт цохисон. Миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон намайг зодоод байхаар нь би биеэ хамгаалж нүүрэн тус газар нь маажсан байхаа. Одоогийн байдлаар 170,000 төгрөг болсон байгаа. У. уучлал гуйж надад 50,000 төгрөг өгсөн...би өөрийнхөө эмчилгээний зардлыг барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх.08, 10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Орхоны өгсөн: “... У.ыг одоо гэр лүүгээ яв гэсэн чинь чи намайг хөөлөө би байж байгаад явмаар байна гээд надтай маргалдаж эхэлсэн тэгээд бид 2 зууралдаж миний нүүрэн лүү 2 удаа, би зөрүүлээд 1-2 удаа цохилцоод байж байтал манай эхнэр Э. бид хоёрын дундуур орж ирээд У. нь 3-4 удаа нүүрэн тус газарт нь цохисон. ... надад гомдол, санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.У.ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр өдөр 15 цагийн үед найз Түвшээтэй хойшоо Сэлхийн лагер руу нохой гөлөглөсөн гэхээр нь нохойг нь харах гээд явж байтал Орхон Түвшээ рүү залгаад гэрт хүрээд ирээд гэж дуудсан. Бид 2 Дарь Эх рүү гэр лүү нь замаараа ороод гарсан. Орхон эхнэртэйгээ, найзуудтайгаа 2 литрийн савлагаатай Нийслэл пиво уугаад байж байсан. Тэгээд бид 2 хамт нийлж уусан, орой болоход манай Түвшээ дүүгээ дуудаад гэр лүүгээ явсан. Би үлдсэн байсан дахиж 2 литрийн нийслэл 2-3-г уусан. Орхон нэлээн согтсон байсан. Орхон гэртээ агсан тавихаар нь би уурлаад хэрэлдээд бид 2 маргалдсан. Бид 2 барилцаж аваад хэд хэд цохилцсон. Эхнэр нь хажуугаар орж ирээд над руу дайраад нүүр ам ураад байхаар нь би эрүү хавьцаа нь нэг удаа цохисон...”,

“...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.ийн нүүр хэсэгт нэг удаа халдаж буюу баруун гараараа шүд хэсэгт нь нэг удаа цохиж, шүдийг нь хугалсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр хийсэн үйлдэлдээ гэмшиж Э.ээс уучлалт гуйж, эмчилгээний зардал болох 250.000 төгрөг барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх.15, 34-35/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2418 дугаартай:

“1. Г.Э.ийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, сулрал, зүүн хацрын төвгөр, хоёр өвдөгт зулгаралт, баруун шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх.19-20/,

Шүүгдэгч Г.У.ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.25-29/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.29-30/,

Хохирогч Г.Э.ийн хохирол нөхөн төлбөр авсан, гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх.41-42/,

Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.44/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.45/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.У. нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 13-299 тоотод хохирогч Г.Э.ийг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, сулрал, зүүн хацрын төвгөр, хоёр өвдөгт зулгаралт, баруун шуу, өвдөгт цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол гаргасан баримт /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э.ийн өгсөн: “...Бид хэд 2,5 литрийн савлагаатай шар айраг уугаад 23:00 цагийн үед тарах гэж байхад У. манай нөхөртэй муудалцаад шууд зодолдоод эхэлсэн манай нөхрийн хамар, амнаас цус гаргасан болохоор би өөрийн нөхрөө өмөөрөөд очих үед намайг шууд миний нүүр хэсэгт цохиж аваад миний үүдэн шүдийг цохиж хугалчхаад гэрээс гараад явах гэхээр нь би цагдаад дуудлага өгөөд явуулахгүй гээд гэрээсээ гараад хашаан дотор би явуулахгүй гэх үед намайг газарт унагаагаад миний нүүр хэсэгт цохиод хашаанаас гараад над руу чулуу аваад шидсэн. ... Би өөрийн шүдийг бүтэн болгомоор байна. ... У. манай нөхөртэй маргалдаад зодолдоод эхэлсэн, тэгэхээр нь би нөхрөө өмөөрөөд очих үед миний нүүр ам хэсэгт цохисон. Миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон намайг зодоод байхаар нь би биеэ хамгаалж нүүрэн тус газар нь маажсан байхаа...” гэх мэдүүлэг /хх.08, 10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Орхоны өгсөн: “... У.ыг одоо гэр лүүгээ яв гэсэн чинь чи намайг хөөлөө би байж байгаад явмаар байна гээд надтай маргалдаж эхэлсэн тэгээд бид 2 зууралдаж миний нүүрэн лүү 2 удаа, би зөрүүлээд 1-2 удаа цохилцоод байж байтал манай эхнэр Э. бид хоёрын дундуур орж ирээд У. нь 3-4 удаа нүүрэн тус газарт нь цохисон. ... надад гомдол, санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.У.ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Орхон нэлээн согтсон байсан. Орхон гэртээ агсан тавихаар нь би уурлаад хэрэлдээд бид 2 маргалдсан. Бид 2 барилцаж аваад хэд хэд цохилцсон. Эхнэр нь хажуугаар орж ирээд над руу дайраад нүүр ам ураад байхаар нь би эрүү хавьцаа нь нэг удаа цохисон...”,

“...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.ийн нүүр хэсэгт нэг удаа халдаж буюу баруун гараараа шүд хэсэгт нь нэг удаа цохиж, шүдийг нь хугалсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр хийсэн үйлдэлдээ гэмшиж Э.ээс уучлалт гуйж, эмчилгээний зардал болох 250.000 төгрөг барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх.15, 34-35/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2418 дугаартай:

“1. Г.Э.ийн биед зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал, сулрал, зүүн хацрын төвгөр, хоёр өвдөгт зулгаралт, баруун шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх.19-20/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амартүвшиний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Г.У.ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.У.ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.У.ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Г.У.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Г.У. нь хохиролд 250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Г.Э. нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Г.У.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Г.У.ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.У.т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Г.У.т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.У. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х. ургийн овогтой Г.ийн У.ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.У.т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.У.т сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.У. нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Э. нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.У.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ОЛЗОД