Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Х.Түмэнцогт /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Халзан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч: Д.Дашравдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч Боржигон овогт Долгорсүрэнгийн Дашравданд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027000700089 дугаартай, 146/2021/0086/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хашаат сум, 5 дугаар баг, ********** багийн төвд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 213 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох ял, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Д.Дашравданд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, Боржигон овогт Долгорсүрэнгийн Дашравдан /РД: *************/, Хоч нэр Бүлтээнээ гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Дашравдан нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, Мойлтын 11-01 тоотод оршин суух Ё.Намжимын эд хөрөнгийг Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дашравдан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би гэрч гээд байгаа Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нарыг огт танихгүй. Би Д.Хурц-Эрдэнэ, Г.БатЭрдэнэ, Ц.Доржсүрэн нарт схем зураг зурж өгсөн зүйл огт байхгүй. Надад хадаганд боосон чулуун бурхан байхгүй. Би 2017 оны 08 дугаар сарын үеэр Хархорин суманд Ё.Намжимын гэрт ирсэн байхад Ц.Доржсүрэн над руу залгаад чи хаана байна гэхээр нь би Хархорин суманд байна гээд би хоёр “Найман зуу” гэх дэлгүүрийн урд талд уулзаж мэнд солиод өнгөрсөн. Тухайн үед Ц.Доржсүрэн надад хэлэхдээ Архангай аймгийн Цэнхэр сум ороод буцаж явна гэж хэлсэн. Би Ц.Доржсүрэнг ямар хүмүүстэй хамт явааг нь бол мэдээгүй. Би тухайн өдөр Хархорин сум орж ирэх шалтгаан байгаагүй. Н.Бямбасүрэн ах намайг Хархорин сум ороод өгөөч гэсэн болохоор далимд нь Эрдэнэ зуу орж ном уншуулах гэж хамт ирсэн. Би Архангай аймгийн Хашаат сум орж хоночхоод өөрийнхөө мал байдаг айл болох н.Мөнх-Очир гэх айл руу явах гэж байсан. Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нартай утсаар ярьж энэ хэрэгт холбогдох гэж Хархорин сум орж ирсэн зүйл байхгүй. Тухайн өдөр хөдөөгөөс надтай хамт н.Бямбасүрэн ах, эхнэр н.Золзаяа, хүүхэд гурав хамт ирсэн. Орой н.Бямбасүрэн ах хадлангийн трактороо унаад эхнэр, хүүхэд нь хөрш айлынхаа хүнтэй явсан байсан. Би мал руугаа явж байх замдаа н.Бямбасүрэн ахын гэрээр дайрч архи уугаад нэлээн согтсон. н.Бямбасүрэн ахын хойд талд манай ангийн хүүхэд н.Энхжаргалынх байдаг тэднийд очиж монгол архи, айраг уугаад согтоод тэндээ унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь босоод н.Бямбасүрэн ахынд иртэл ийм асуудал болсон байна гэж надад хэлсэн... Би гэм буруугүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Дэжидийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Э.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 9- 11 дүгээр хуудас/, гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 63-66 дугаар хуудас/, гэрч Д.Хурц-Эрдэнийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 68-71 дүгээр хуудас/, гэрч Ц.Доржсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 73-77 дугаар хуудас/, Улсын ерөнхий прокурорын гомдлыг хүлээн авахаас татгалзах тогтоол /1 дүгээр хх-ийн 209-210, 212-213 дугаар хуудас/, гэрч Б.Тунгалагийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрч У.Орхонсэлэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 646 дугаартай тогтоол /1 дүгээр хх-ийн 226-234 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 245 дугаар хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн санал /1 дүгээр хх-ийн 216-225 дугаар хуудас/, Д.Дашравдангийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар /2 дугаар хх-ийн 80-81 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/86 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 153-161 дүгээр хуудас/, Хэрэг бүртгэлтийг хаах тухай 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 235-237 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-4 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарыг 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг Мойлтын 11-01 тоотод оршин суух Ё.Намжимын гэрт нэвтэрч Ямандаг, Дамдинчойжоо бурхныг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж тус сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарыг тус тус 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээ, хязгаарын дотор хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Дашравдан нь 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, Мойлтын 11-01 тоотод оршин суух Ё.Намжимын эд хөрөнгийг Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

хохирогч Б.Дэжидийн ...2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө Д.Дашравдан манай ээжийнд ирсэн байсан. ...Сүүлд нь бурхан олдсоноос хойш Д.Дашравдан манай хамгийн бага эрэгтэй дүү Б.Гантөгс рүү утсаар залгаад ...та нар бурхнаа олчихсон юм чинь гомдолгүй гээд хэлчихвэл яасан юм бэ гэж гуйсан байна лээ. ...Д.Дашравдан над руу утсаар залгаад Гантөгсийг чинь буудаж ална гээд айлгаад байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Э.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Доржсүрэнгээс ямар учиртай Д.Дашравдан гэж нэртэй захиалагч гараад ирсэн юм бэ? гэж асуутал Д.Дашравдан нь олон хүүхэдтэй хүн учир би өрөвдөөд нуучихсан юм гэж хэлж байсан. ...Уг гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл боломж, бололцоо мэдээ мэдээллийг Д.Дашравдан өгсөн байсан. Бат-Эрдэнэ, Хурц-Эрдэнэ, Доржсүрэн нар Хархорин суманд бурхан байгаа гэдгийг мэдэх боломж байхгүй шүү дээ... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

гэрч Д.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед ганцаараа мотоциклтой Бямбасүрэн ахынхаасаа ирлээ гээд ирсэн. Архи уучихсан ирсэн. Манайд хоноод маргааш өглөө нь 07-08 цагийн хооронд явсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/,

гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хэрэг учрал гарах өдрөөс 2 гаруй сарын өмнө Ц.Доржсүрэн бид хоёр Дашравдантай уулзсан. ...Манай хамаатанд маш дээр үеийн алтан шармал бурхан байна хүмүүс 300.000.000-400.000.000 сая төгрөгөөр авах санал олон удаа тавьж тэрийг хулгайлж авч болно. Гэрт нь дүлий хөгшин, жоохон охин байгаа. Тэр охин нь утсаар оролдож байгаад унтаад өгдөг гэж хэлсэн. Би судалж бүх зүйлийг тооцоолж үзээд эргээд холбоо барьж хэлнэ гээд бид гурав салсан. 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Ц.Доржсүрэн нь Д.Дашравдантай уулзаж ярилцаад ирлээ гээд Д.ХурцЭрдэнэ бид хоёр дээр ирсэн. Д.Дашравдангаас Ё.Намжим гэх айлын гэрийн хаягийг цаасан дээр зуруулчихсан ирсэн. Цэнхэр өнгийн балаар бичгийн цагаан цаасан дээр зуруулчихсан байсан. Мөн хэрэг үйлдэх өдрийн өмнө нь Д.Дашравдан нь Доржсүрэнтэй утсаар яриад “би Хархорин суманд ирсэн байна өнөө шөнө би хүүгийнхэн гэрт хөдөө очиж хононо эмгэн, охин хоёр гэртээ үлдэнэ гэж хэлсэн” бид гурав Хархорин сумын төвд орж ирээд Дашравдантай утсаар холбогдож дахин Ё.Намжимын гэрийг тодруулж залгасан. Учир нь зурж өгсөн бүдүүвч зургаар олохгүй байсан юм. Утсаар ярих үедээ хаана байгаа талаар яриагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 63-66 дугаар хуудас/,

гэрч Д.Хурц-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хэрэг гарах үеэс ойролцоо 2 сар гаруй хугацааны өмнө Д.Дашравдан нь Ц.Доржсүрэн, Г.БатЭрдэнэ нартай Улаанбаатар хот 1 дүгээр хороололд уулзаж нэг бурхны дүрстэй чулуу үзүүлж байх үедээ уг хэргийг үйлдэх санаа анх гаргасан. Дашравдан нь “Өвөрхангай аймгийн Хархорин суманд үнэтэй 2 ширхэг бурхан манай хамаатны айлд байгаа тэрийг хулгайлчих, зараад мөнгийг хуваагаад авмаар байна. Хулгайлах тохиромжтой цагийг сонгоод би хэлж мэдээлэл өгнө гэж хэлсэн байдаг. Уг өдрөөс 2-3 хоногийн дараа Ц.Доржсүрэн нь Г.Бат-Эрдэнэ бид 2-ын амьдарч байсан нийтийн байранд ирээд Ё.Намжим гэх айлын гэрийн байршил хаягийг цагаан цаасан дээр цэнхэр балаар заалгаад зуруулчихсан барьж ирсэн. Тэнд бид нар хоорондоо Хархорин явж уг 2 ширхэг бурхан хулгайлах төлөвлөгөө боловсруулсан. Д.Дашравдан түрүүлж Хархорин сум ороод хулгайлах боломжтой цаг хугацааг судалж байгаад хэлнэ тэрний дараа бид гурав Улаанбаатар хотоос Хархорин сум руу гарахаар болж тохиролцсон юм. Уг тохиролцож ярилцсанаас хойш 2 сарын дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д.Дашравдан нь Ц.Доржсүрэн рүү утсаар яриад “Бурхан байгаа айл Намжим хөдөө нүүх гэж байх шиг байна. Одоогоор гэрт нь дүлий эмгэн, сурагч охин хоёр байна. Та гурав энэ 7 хоногийн 5 дахь өдөр хүрч ирээд ав гэж хэлсэн талаар Доржсүрэн нь Бат-Эрдэнэ бид 2-т хэлсэн. Бид гурав Улаанбаатар хотоос Хархорин сум руу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Хархорин суманд орж ирээд утсаар ярьсан чинь би хөдөө айлд хонох гэж байна. Хар авахаар газар байж болохгүй байх гэж хэлээд утсаар дахин Ё.Намжимын гэрийн хаягийг зааж өгсөн. Бид гурав гэгээтэй байх үед очиж үзээд шөнө хулгай хийхээр болоод сумаас хойш Баянголын цайны газар хоол идээд шөнө нь бурхан хулгайлсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

гэрч Ц.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын үед буюу хэрэг үйлдэх өдрөөс 2 сарын өмнө Г.Бат-Эрдэнэ бид хоёр Дашравдантай Улаанбаатар хотод 1-р хороололд уулзсан. ...Ё.Намжимын бурхны талаар Д.Дашравдан ярьж эхэлсэн. Манай хамаатангийн настай хөгшинд “Ямандаг” нэртэй үнэтэй бурхан байдаг. Хүмүүс 100.000.000 нэг зуун сая төгрөгөөр худалдаж авна гэж ирж байсан. Манай том хүүхэд оюутан болсон мөнгө төгрөгийн хэрэгтэй байна. Ё.Намжимын гэрт нэг 10 жилийн охин дүлий эмгэн хоёр байгаа ороод авахад мэдэхгүй гэж хэлж байсан. Д.Дашравдан хулгай хийх тохиромжтой цаг хугацааг судалж байгаад Г.Бат-Эрдэнэ, Д.Хурц-Эрдэнэ бид гуравт хэлэхээр болж салсан. ...Хэрэг гарах өдрөөс 10 гаруй хоногийн өмнө Д.Дашравдан нь над руу утсаар холбогдож би Улаанбаатарт ирчихсэн байна. Ойрын хугацаанд дахин ирж чадахгүй байх та гуравт Ё.Намжимын гэрийг заагаад өгье гэж хэлсэн. БатЭрдэнэ бид хоёр Дашравдантай драгон дээр уулзаж Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ нарын амьдарч байсан нийтийн байранд очсон. Ё.Намжим гэх айлын гэрийн хаягийг цагаан өнгийн бичгийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар зураад схем зураглал хийж надад өгсөн. Хэрэг гарах өдрөөс 2-3 хоногийн өмнө Д.Дашравдан утсаар над руу залгаад Ё.Намжим хөдөө явах гээд байна. Та гурав өнөөдөр, маргаашдаа багтаж гар одоогоор би Хархорин суманд ирчихсэн байна. Та гурвыг Хархорин суманд ирчихээр би хөдөө хүүгийнх нь гэрт очиж, мэдээлэл дамжуулна гэж хэлсэн. Тухайн үед Д.Дашравдан Хархорин суманд очиж Ё.Намжимын гэрээр орж судалгаа хийж боломжит цаг хугацааг болонгуут бид гуравт хэлсэн юм. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Г.Бат-Эрдэнэ, Д.Хурц-Эрдэнэ бид гурав Улаанбаатар хотоос гарч Хархорин сумын төвд орой 20-21 цагийн үед очсон. Би Дашравдантай Хархорин суманд ирсэн талаар утсаар ярьж Ё.Намжимын гэрийг дахин заалгасан. Схем зургаар олохгүй байсан. Д.Дашравдан хөдөө хүүгийнхээ гэрт байна гэж хэлсэн. Мөн гэрийнхэн хаалгыг хатавчаар нь гараа хийж онгойлгоод ороорой. Бурхан нь зүүн хойно авдар дээр гуу дотор байгаа. Охин нь баруун талын орон дээр унтаж байгаа утсаар оролдож байгаад шөнийн 02-03 цаг гэж унтана. Үүрээр нам унтана. Эмгэн дүлий учир хүн орж байгааг мэдэхгүй. Гэрт нь ороод хулгай хийгээд аваарай гэж хэлсэн. Бид гурав Архангай аймгийн Хотонт сум орж шатахуун авч, Хархорин сумын Баянголын цайны газарт хоол идээд шөнийн 03-04 цагийн үед гэмт хэрэг үйлдсэн. Маргааш нь Дундговь аймгийн төв дээр цайны газар хоол идээд сууж байх үед Д.Дашравдан утсаар над руу залгаад “Та гурав бурхнаа аваад явсан уу, хэргийн газар улаан өнгийн шингэн зүйл үлдсэн байна. Хэн нь гараа зүссэн юм бэ” гэж хэлж байсан. Мөн наад 2 ширхэг бурхнаа хэзээ зарах гэж байна. Зарвал миний хувийг хурдхан явуулна шүү. Надад мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш үе үе Д.Дашравдан утсаар холбогдож бурхнаа зарсан уу миний мөнгийг хэзээ өгөх гэж байна гэж үе үе залгадаг байсан. Бурхан зарж чадвал мөнгийг нь дөрөв хувааж Дашравданд өгнө гэж байсан. Энэ гэмт хэргийг Д.Дашравдан гэх залуу захиалсан нь үнэн... гэх мэдүүлэг /2 дугаар ххийн 73-77 дугаар хуудас/,

гэрч Б.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний санаж байгаагаар хэрэг гарах өдрөөс 2-3 хоногийн өмнө Д.Дашравдан нь Хархорин суманд ирсэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/,

гэрч Б.Бямбасүрэнгийн ...Д.Дашравдан гэнэт ирээд бид хоёр 2 шил архи хувааж уугаад Д.Дашравдан машинаа үлдээгээд миний мотоциклыг аваад явсан. ...Ээжийн бурхан дээрэмдүүлдэг шөнө Д.Дашравданд өгч явуулдаг миний мотоцикл Даюун маркийнх байсан. Д.Дашравданг Бүлтээнээ гэж дууддаг. ...Би ээжийн бурхан алга болчихлоо гэж үүрээр сонсоод ээжийндээ ирчихсэн байхад Д.Дашравдан манайд очоод өөрийнхөө машиныг аваад араас ээжийнд хүрээд ирсэн байсан. Ээжийнд Д.Дашравдан байж байгаад явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийг Д.Дашравдан санаачилж, зохион байгуулсан талаар өгсөн мэдүүлгүүдийг энэ хэрэгт мэдүүлэг өгсөн бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэгтэй харьцуулан шинжилж нотлох баримтаар үнэлсэн болно.

2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, Мойлтын 11-01 тоотод оршин суух Ё.Намжилын эд хөрөнгийг Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд Д.Дашравдан нь шунахай сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай идэвхтэй үйлдлээр, гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, зохион байгуулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйл баримт дээрх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Дашравданд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, төлөвлөсөн... хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ, 2-т гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно гэж заасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Дашравданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дашравданг Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд Д.Дашравдан уг гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутай гэж хорих ял оногдуулах гэм буруугийн, эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.

Иргэдийн төлөөлөгч Х.Түмэнцогт гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дашравданг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт гаргасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Д.Дашравданг гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгах дүгнэлтийг гаргахдаа хэрэг бүртгэлтийг хаах прокурорын тогтоол хүчинтэй, дээд шатны прокурор хүчингүй болгоогүй, Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Б.Дэжид, Э.Эрдэнэцэцэг, Д.Энхжаргал нарын мэдүүлгээр яллаад байна. Өөр яллах нотлох баримт байхгүй, гэмт хэрэг хангалттай нотлоогүй гэжээ.

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаагийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийг хаах тухай 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон байна /1 дүгээр хх-ийн 245 дугаар хуудас/

Гэрч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Э.Эрдэнэцэцэг, Д.Энхжаргал, хохирогч Б.Дэжид нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт байхгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Дашравданг Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд гэмт хэргийг санаачилж, зохион байгуулж гэмт хэргийг гүйцэтгэгчээр хамтран үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэргийг санаачилж, зохион байгуулагчаар хамтран оролцож зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Хохирогч хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хор аюул, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Долгорсүрэнгийн Дашравданд найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Д.Дашравданд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашравданд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөлд хамааруулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ шүүгдэгчийг урьд ял шийтгэлгүй гэж бичсэн байгаа боловч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудаар шүүгдэгч Д.Дашравдан нь урьд ял шийтгүүлж байсан байх тул улсын яллагч дахин ийм алдааг гаргахгүй байхыг анхааруулж байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Долгорсүрэнгийн Дашравданг зохион байгуулагчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Долгорсүрэнгийн Дашравданг 08 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашравданд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ДУЛМАА

ШҮҮГЧИД                        Б.САРАНТУЯА

                                       Ц.ДАГИЙМАА