Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1017

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

яллагдагч Н.Бийн өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Нацагдорж,

хохирогч Н.Шүрэнбатын өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1152 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 43 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Н.Бт холбогдох 1802001030130 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон халх овгийн Н-н Б, 1980 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “Х” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт /Чингэлтэй дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай/, одоо Баянгол дүүргийн ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,

Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20.00 цагийн орчимд БНСУ-ын Чанвон аймаг Жихан хотын Ёонвун дүүрэгт байрлах “Веег-700” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Шыг “Мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний шанаан тус газар нь цохиж улмаар үргэлжлүүлэн мөн өдрийн 23.00 цагийн орчимд Б.Шын түр оршин сууж байгаа БНСУ-ын Чанвон аймаг Жихан хотын Ёонвун дүүрэгт байрлах ажилчдын байрны дээврийн хэсэгт байх гэрт нь очиж Б.Шын нүүрэн тус газар нь зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д “гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн, эрүүгийн хуульд заасан бусад байдлыг, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” нотолно гэж заажээ.

1. Хохирогч Б.Ш, яллагдагч Н.Б нарын мэдүүлэгтэй холбогдуулж  “Веег-700” нэртэй бааранд ямар ямар хүмүүс байсан эсэхийг тодруулж гэрчээр мэдүүлэг авах, мөн баарны гадна болон дотор талын камерын бичлэгт үзлэг хийж холбогдох баримтуудыг БНСолонгос Улс, Монгол Улс хоёрын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын гадаад харилцааны хэлтсээр дамжуулан холбогдох шалгалтыг явуулах энэ нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой,

2. Яллагдагч Н.Бийг БНСолонгос Улсын хуулийн байгууллагаас 50.000 воноор торгосон нь Б.Баттүшигийн дээрхи үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн байна. Иймд дээрхи зүйлийг тодруулахын тулд тус улсын цагдаагийн байгууллагаас холбогдох баримтуудыг мөн гаргуулж авах,

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж  буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн  байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно гэх үндэслэлээр Н.Бт холбогдох эрүүгийн 1802001030130 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1152 дугаартай захирамж нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж чадаагүй ба үг, үсэг, утга найруулгын алдаа ихтэйгээс гадна дан ганц яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөн, хэрэгт авагдаагүй баримтыг үнэлж, хөдөлбөргүй тогтоогдсон мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...”, 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй”, 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх,... тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Б нь Б.Шыг мөнгө зээлсэнгүй гэх шалтгаанаар санаатайгаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн орчимд БНСУ-ын Чанвон аймаг Жихан хотын Ёонвун дүүрэгт байрлах “Веег700” гэх газарт болсон ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13/236 тоот албан бичгийн хамт ирүүлсэн БНСУ-ын Интерполын үндэсний төв товчооноос “...БНСУ-ын цагдаагийн байгууллагын бүртгэлд үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын 16, Yongjae-ro. Jinhae-gu. Changwon-si. Gyeongsangnam-do хаягт байрлах “700 Веег” гэх газар гадаад улсын хоёр иргэн харилцан зодолдсон байна. Хохирогч Батаа /1977 онд төрсөн, 010-4540-7308 дугаарын утастай/ гэгч нь хамт амьдардаг хүндээ хэд хэдэн удаа цохиулсан байна. Сэжигтэнг шийтгүүлэхгүй байх үүднээс хохирогч гомдол гаргаагүй байна. Гадаад улсын хоёр иргэний хооронд зодоон болсон талаар тухайн газар байсан хүмүүс гэрчилдэг боловч бүртгэлд авагдаагүй байна. Сэжигтэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй байсан учир хяналтын камерын бичлэг бэхжүүлж аваагүй байна. /БНСУ-д бусдын биед халдсан гэмт хэрэгт хохирогч гомдол гаргахаас татгалзсан тохиолдолд прокурор хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй байдаг/ гэсэн утгатай зодоон болсон эсэхийг эрэн сурвалжилсан мэдээллийг ирүүлсэн байгаа нь тухайн асуудал нь хохирогч Б.Шын мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон асуудал юм. Мөн камерын бичлэг хадгалагдаагүй болохыг давхар нотолсон байтал камерын бичлэгийг авах шаардлагатай гэж биелэгдэх боломжгүй заалт оруулан хэргийг буцааж байгаа нь ойлгомжгүй байгаа нь шүүх илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн яллагдагч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нараас гаргасан яллах дүгнэлтэд дурдагдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй баримтат мэдээлэл болгон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн “...Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, 1.6 дугаар зүйлийн 1-д Монгол улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харъяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зарчим зөрчигдсөн. Учир нь Солонгос Улсад болсон асуудалдаа Н.Б нь захиргааны хариуцлага хүлээсэн байтал энэ талаар шалгалгүй нэг хэрэгт нэг удаа хариуцлага хүлээлгэх хуулийн зарчим алдагдаж дахин тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн Монгол улсад шалгаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Ш нь согтуурсан байсныг Солонгосын цагдаа нар авч яван эрүүлжүүлсэн, тэнд байхдаа бусадтай зодолдсон асуудал байсан, Шүрэнбат, Баттүшиг нарыг торгосон байтал энэ талаар тодруулаагүй...” гэх нотолгооны ямар ч эх сурвалжгүй асуудлыг анхан шатны шүүх “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа л ял оногдуулна” гэж хуульчилжээ. Гэтэл яллагдагч Н.Бийг БНСУ-ын хуулийн /цагдаагийн байгууллагаас/ 50.000 воноор торгосон нь Б.Баттүшигийн дээрхи үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн байна.” гэж урьдаас хөдөлбөргүй тогтоосон гэж шууд дүгнэж, энэ талаарх баримтыг холбогдох газраас гаргуулан авч хэрэгт хавсаргуулахаар зайлшгүй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийж гүйцэтгэхийг даалгаж хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон хуучин үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал ба энэ нь Монгол улсын Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хэрэглэгдэх ойлголт. Гэтэл анхан шатны шүүх эх сурвалжгүй, нотлогдоогүй асуудлыг тогтоогдсон мэтээр дүгнэж, гадаад улсад шийтгэгдсэн бол Эрүүгийн хуульд заасан хууль буцаан хэрэглэх ойлголтоор яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх талаар тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжийн тухайд: Анхан шатны шүүх 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1152 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасныг, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж заасныг тус тус удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн.

Бусад хууль зөрчсөн асуудлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэсэн заалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй болох нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах тухай шүүх шийдвэрээ гаргаснаас хойш 23 хоногийн дараа захирамжийг прокурорын байгууллагад ирүүлсэн, энэ талаар прокуророос 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буюу 23 хоногийн дараа биечлэн очиж асуухад шүүгчийн туслахаас хугацаа алдсан нь үнэн, энэ талаараа тайлбарлах шаардлагагүй гэсэн болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэсэн заалтыг зөрчиж прокурор шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж санал хүсэлт гаргах эрхээр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Н.Бт холбогдох эрүүгийн 1802001030130 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1152 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх байр суурьтай байна. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан гурван үндэслэл байгаа. Прокурорын эсэргүүцэлд тодорхой дурдсан учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

Хохирогч Н.Шүрэнбатын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Тус захирамжид “Beer 700” нэртэй бааранд болсон үйл явдлыг бичсэн бичлэгийг авах талаар дурдсан байдаг. “Beer 700” нэртэй бааранд тухайн хохирогчид учирсан гэмтлийг аваагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

Яллагдагч Н.Бийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн гэмт хэргийг шийдвэрлэх үед үйл явдал болсон газрын бичлэг болон гэрчийн мэдүүлгийг аваагүй. Энэ нь нотолбол зохих байдлыг алдагдуулсан байна. Мөн гэмтэл учирсан гэж байгаа нь имплант хийлгэсэн шүдний доод талын эрүүний яс цуурсан. Энэ нь эмчилгээ буюу импдант хийлгэж байх явцад цуурсан ясаа Н.Бийн цохилтын улмаас үүссэн гэж байна. Ийм учраас эмчилгээ хийсэн имплантийн дэлгэрэнгүй өвчний түүхийг хэрэгт хавсаргаж, мөн тухайн баарны эзнийг гэрчээр асууж өгнө үү. Тухайн эрүүлжүүлэх дотор Шүрэнбат ороод Солонгос хүнтэй зодолдоод нүүрэндээ цохиулсан. Энэ талаар хэрэгт хавсаргаж өгнө үү. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Солонгос улсад болсон явдлыг тогтоож, гэм бурууг нь нотлох гэж оролдож байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заагдсан үйл ажиллагааг хийж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Яллагдагч Н.Бийн өмгөөлөгч Д.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1152 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Н.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1152 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Бт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ