Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2042

 

 “ВАА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01424 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ВАА” ХХК-ийн, хариуцагч С.Мт холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 111 436 000 төгрөг, алданги 55 718 000 төгрөг, нийт 167 154 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ВАА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Ц.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ВАА” ХХК нь С.Мтай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, LR Discovery 4 маркийн автомашины үнийг 225 400 000 төгрөгөөр тохирч худалдсан авсан ба урьдчилгаа төлбөрийн 89 964 000 төгрөгт С.М нь өөрийн эзэмшлийн Wolkswagen Touareg маркийн автомашиныг өгч, үлдэгдэл төлбөр болох 135 436 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр тохирсон.

Гэвч хариуцагч нь уг төлбөрөөс 24 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 111 436 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон тухай албан бичиг ирүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтаан төлөхөө мэдэгдсэн. Гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр тохиролцсон.

Төлбөрийн хуваарь гарган төлөх боломжоор хангаж өгөхөөр манай компани Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч талууд эвлэрч чадаагүй. Иймд худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 111 436 000 төгрөг, алданги 55 718 000 төгрөг нийт 167 154 000 төгрөгийг С.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан 167 154 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ВАА” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамжид 993 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВАА” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... уг гэрээгээр 2014 онд Их Британи улсад үйлдвэрлэгдсэн Дисковери маркийн автомашины үнийг 225 400 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна” гэжээ.

Гэтэл шүүх уг автомашиныг 2014 онд үйлдвэрлэгдсэн эсэхийг тодруулаагүй, тодруулах боломжийг хариуцагчид олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 болон 25.1.2-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримтад тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох боломжийг олгоогүй.

Шүүх хуралдаанд зарласан өдөр болох 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр товлосон цагаас хоцорч магадгүй нөхцөл байдал үүссэн тухай, мөн хариу тайлбарыг шүүх хуралдаанд биечлэн танилцуулна, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих хүсэлт байгаа хэмээн гэж хуралдаан эхлэхээс өмнө утсаар шүүгчийн туслах Х.Хишигсүрэнд мэдэгдсэн. Хурлаас 15 минут хоцорч очиход шүүх хуралдаан эхэлчихсэн, дуусаж байсан.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... гэрээний 2.3-т худалдан авагч тал ... төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 55 718 000 төгрөг гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой бус байсан гэж үзэх боломжтой бөгөөд алдангийг хэрхэн тооцох байсныг тооцолгүй шууд 50 хувиар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөнөөс гадна шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “ВАА” ХХК, хариуцагч С.Маас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 111 436 000 төгрөг, алданги 55 718 000 төгрөг, нийт 167 154 000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадаст 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан байх ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүгчээс тогтоосон хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлээгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан буюу нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан нөгөө талын тайлбарыг няцаагаагүй гэж үзэх үндэслэл бий болжээ. /хх-18/

            Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн WF-1434 тоот автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь Эл А Дисковери-4 маркийн автомашиныг 225 400 000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийн 40 хувь буюу 89 964 000 төгрөгт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн Волксваген тоарэг /Wolkswagen touareg/ маркийн автомашиныг урьдчилгаа төлбөр болгон өгч, үлдэх 60 хувь болох 135 436 000 төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүйгээр худалдагчид төлөх үүрэг хүлээн, зээлийн эргэн төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож баталгаажуулжээ. /хх-8-11/

Зохигчид төлбөрийн хэмжээг 2 хувааж төлөхөөр дээрх байдлаар тохирохдоо хүүгийн талаар гэрээнд заагаагүй, бичгийн гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь буруу байна. Учир нь зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээс гадна талууд төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцдог.

Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй учир шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн С.Маас худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр болох 111 436 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Гэрээний 2.3 дахь хэсгийн “худалдан авагч тал нь гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс өдрийн 0.3 хувийн алдангийг худалдагч талд төлөх”-өөр тогтоосон заалт нь гэрээний 40 хувийн урьдчилгаа төлбөрт тооцон авах автомашиныг худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгт хамааралтай байна. Нэхэмжлэгч тал дээрх гэрээний 2.1.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт тооцогдох автомашиныг хариуцагчаас хүлээн авсан байх тул гэрээгээр тохиролцоогүй үүргээс алданги шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын талаар зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөж, шүүхийн шийдвэрт 55 718 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.3 дахь хэсэгт нийцэх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, харин хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг хангасан үнийн дүнг 111 436 000 төгрөг болгон, үлдэх 55 718 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг өөрчилж, хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/01424 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Маас 111 436 000 /нэг зуун арван нэгэн сая дөрвөн зуун гучин зургаан мянган/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Вагнер ази автоматив” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс үлдэх 55 718 000 /тавин таван сая долоон зуун арван найман мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “993 720” гэснийг “715 130” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 993 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ОТГОНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    Ч.ЦЭНД