Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0237

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“О” ХХК, “М” ХХК-уудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9122 дугаар шийдвэртэй, “О” ХХК, “М” ХХК-иудын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх зарим ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин барилгажуулагчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож, улмаар “Багц-БГД-2” дээр төсөл хэрэгжүүлэгчээр Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно. Гэвч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “дотор дугтуйн битүүмжлэлийг хангаагүй” гэсэн үндэслэлээр үнэлгээний хорооны дүнг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэж, энэ тухай манай компанид 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн болно. Сонгон шалгаруулалт зохион байгуулагчид, үнэлгээний хороо нь анх сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахдаа компаниудын материалыг нэг бүрчлэн задалж, нээж байсан ба энэ үедээ дугтуйн битүүмжлэлийн талаар ямар нэгэн асуудал тавиагүй бөгөөд Үнэлгээний хороо зохих ёсоор үнэлж, дүнгээ гаргаж, манай компани (“О” ХХК)-д хамгийн сайн үнэлэлтийг өгч, урьдчилан шалгаруулсан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.9-д заасан нөхцөлүүдийг тусган, дүгнэлтээ гарган Нийслэлийн Засаг даргад танилцуулсан тухайгаа ч манай компанид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотдоо мөн дурдаад, сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар шийдвэрлэснээ мэдэгджээ. 04/1230 тоот албан тоотын агуулгаас харахад Үнэлгээний хороо нь нэгдсэн үнэлгээгээр манай компанийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулсан. “О” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Г миний бие Баянгол дүүргийн Засаг дарга Д.О-той биечлэн уулзахад “Үнэлгээний хороо үнэлээд багц 2 дээр хамгийн өндөр оноо авч шалгарсанд баяр хүргэе, бүх материалуудыг Нийслэлийн Засаг дарга батламжлах ёстой” гэж мөн мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга батламжлаагүй бөгөөд шалтгаан нь дугтуйн битүүмжлэл нь хангагдаагүй байсан явдал гэж үзсэн байна. Улмаар төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах шийдвэрийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргажээ.

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.11, 6.12-т зааснаар Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргана гэсэн байдаг. Эндээс харахад Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хороо дүгнэлтдээ “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.9-д заасны дагуу буюу “6.9-д “Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгасан байна, 6.9.1-д төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ, 6.9.2-т төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо, 6.9.3-т төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын болон бусад чадавхын үнэлгээ” зэргийг тусгасан эсэхийг л нягталж, тусгасан бол төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргах ёстой, тусгаагүй бол батламжлахаас татгалзах ёстой болохоос нэгэнт анх сонгон шалгаруулалтын материал хүлээн авахдаа, тусгай хороо шалгасан, нягталсан дугтуйн битүүмжилж дутуу гэх мэт шалтгаанаар сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох, дахин явуулах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл, эрх хэмжээгүй буюу Үнэлгээний мэргэжлийн хорооны үйл ажиллагааг шууд нэг бүрчлэн шүүн тунгаах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Үнэлгээний хорооны нэгэнт гаргасан урьдчилсан дүн, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад танилцуулсныхаа дараа хууль, журамд заагдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу манай компанийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийж, Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Засаг даргаас ирсэн хариу нь бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж чадаагүй болно. Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах Багц-БГД-2 дээр дахин сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгож, Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргаагүй Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

“О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршиж буй ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 39 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах талаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах” тухай А/977 захирамж гарсан.

“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна” гэж заасны дагуу манай газар нь Баянгол дүүрэг дэх дахин төлөвлөн барилгажуулах 39 барилгыг 10 багц болгон хуваан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн төслийг хүлээн авах урилгыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зарлан, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/124 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Манай байгууллага нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Үнэлгээний хорооны гишүүд болон төсөл ирүүлсэн хуулийн этгээд, иргэдийн төлөөллийг байлцуулан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдээс ирүүлсэн төслийг Үнэлгээний хороонд хүлээлгэн өгсөн. Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл тус бүрийн битүүмжлэлийг шалгаж, самбарт тэмдэглэл хөтлөн оролцогчдод танилцуулсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...Сонгон шалгаруулалт зохион байгуулагчид, Үнэлгээний хороо нь анх сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахдаа компаниудын материалыг нэг бүрчлэн задалж, нээж байсан ба энэ үедээ дугтуйн битүүмжлэлийн талаар ямар нэгэн асуудал тавиагүй...” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа болох нь дээр дурдсан тайлбараар нотлогдож байна. “О” ХХК нь нэхэмжлэлдээ “Манай компани нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, улмаар “Багц-БГД-2” дээр төсөл хэрэгжүүлэгчээр Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно” гэжээ. Үнэлгээний хорооноос “Урьдчилсан шалгаруулалтын явцад БГД-2 багцад төслийн санал ирүүлсэн оролцогч байгууллагаас гомдол гарсан тул хууль зүйн үнэлэлт, дүгнэлт гаргуулж үнэлгээний хороог дахин хуралдуулах шаардлагатай байгаа болно. Иймд маргаантай байгаа БГД-2, БГД-8 багц дээр үнэлгээний хорооны хурлыг дахин хийж санал дүгнэлтийг тусад нь гаргах бөгөөд маргаангүй байгаа оролцогчдын төслийн санал ирүүлсэн 7 багц дээр урьдчилан шалгаруулсан тул оролцогч аж ахуй нэгжүүдэд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан батламжилж, “Гурван талт гэрээ”-ний загвараар гэрээ байгуулах эрх олгуулах тухай захирамж гаргуулахаар журмын дагуу Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэв” гэсэн дүгнэлт гарсан. /Багц-БГД-2 дээр төсөл хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн “Х” ХХК-иас Үнэлгээний хороонд албан бичгээр гомдол ирүүлсэн./ Үнэлгээний хороо нь журмын 6.8-д заасны дагуу дүгнэлтээ гарган төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн байна. Үнэлгээний хороо хуралдаж төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт хандсан ба 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн болох талаар “О” ХХК-д мэдэгдсэн. Мөн Үнэлгээний хорооны дарга Д.О уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсаны дагуу Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 07/1310 дугаартай албан бичгээр “Үнэлгээг хуульд нийцүүлэн ил тод, нээлттэйгээр дахин зохион байгуулах нь зүйтэй” гэсэн хариу өгсөн. Баянгол дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах талаар хийгдсэн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн болно. Иймд нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн дэд захирал Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нийслэлийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар зарлагдсан сонгон шалгаруулалтын Багц–2-т анх зарлахад оролцсон. Бид Хятадын томоохон хөрөнгө оруулалтыг оруулж ирж сонгон шалгаруулалтад оролцсон. Манай компаниас сонгон шалгаруулалт болоход 2 төлөөлөгч очиж зураг аваад бичлэг хийхэд “О” ХХК, “М” ХХК зэрэг 3 компани битүүмжлэлгүй гэсэн тэмдэглэгээ өгөгдөж, бүр самбар дээр бичигдсэн байдаг. Үнэлгээний хорооноос шүүхэд хэргийн материалд гаргаж өгсөн нийт 10 багцад яг энэ компаниуд материал нь шаардлага хангаагүй гэдэг. Бид оролцох зааварчилга, журмыг 300000 төгрөгөөр худалдаж авч журмын дагуу материалаа өгсөн байдаг. Энэ материалд 3.8-д заасны дагуу дотор битүүмжлэлгүй бол тэнцээгүй гэж үзнэ гэсэн заалт байдаг. Эдгээр компаниудын материал ирсэн боловч битүүмжлэлгүй гэж баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Бид тухайн үед манай компани битүүмжлэл тал дээр алдаа дутагдал гаргаагүй. Манай компани 04 дүгээр сарын 03-ны өдөр Үнэлгээний хорооны дарга Д.О-д анх гомдол гаргасан. Үүндээ Зааварчилгааны 3.8-д заасан дотор битүүмжлэл сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй бол оролцох саналыг тэнцээгүй гэж үзнэ гэж заасан тул уг асуудлыг Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтдаа анхаарна уу гээд хавтаст хэргийн 30 дугаар хуудас байгаа зураг, оролцох зааварчилгааны зөрчлийг балаар тэмдэглэж гомдолдоо хавсаргаж өгсөн. Гэтэл 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга н.Анараас танай компани шалгараагүй гэсэн бичиг ирсэн. Д.О даргаас ямар нэгэн хариу аваагүй тул 04 дүгээр сарын 07-ны өдөр Э.Б даргад мөн гомдол гаргасан байдаг. Энэ гомдолдоо “М” ХХК болон “О” ХХК Зааварчилгааны 3.8-д заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор битүүмжлэл тэнцээгүй гэж заасныг илт зөрчсөн байхад анхаарч үзээгүй үнэлгээ хийсэн байна. Мөн өмнөх гомдлоо хавсаргаад сонгон шалгаруулалтад бид нар цэцэрлэг, сургууль, хорооны үйлчилгээ, эрчим хүчний хяналт, агаар цэвэршүүлэх систем эко орчныг гаднын хөрөнгө оруулалтаар шийднэ гэсэн энэ зүйлүүдийг огт авч үзээгүй байна гээд Э.Бат-Үүл даргад гомдол гаргасан. Дараа нь 04 дүгээр сарын 15-ны өдөр ингэж үнэлгээг гаргах ёстой байсан гэдгээр албан бичгээр гомдол гаргасан. Гомдол гаргаснаар сүүлд Д.О дарга, Нийслэлийн Хуулийн хэлтэст хуулийн дүгнэлт гаргуулахаар албан бичиг явуулсан байсныг хавтаст хэргээс харлаа. 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга н.Г гэж хүнээс танайхаас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шинжилгээ хийсэн. Төсөл сонгон шалгаруулалтын зааварчилгааны 3.8-д Дотор битүүмжлэл сонгон шалгаруулалтад заасан баримт бичгийн шаардлага хангаагүй бол оролцох саналыг тэнцээгүйд тооцно гэж заасан. Үнэлгээг хуульд зааснаар дахин нээлттэй, ил тод явуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Үнэлгээний хороо 05 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж Багц-2-т төсөл сонгон шалгаруулалт дахин зарлахаар шийдвэрлэж 05 дугаар сарын 19-ний дотор олон нийтэд нээлттэй зарласан эцсийн санал авах хугацаа 06 дугаар сарын 12-ны өдөр танайх дахин оролцоно уу гэсэн бичгийг авсан. Бид оролцохоор хоцорч очиход өөр ямар нэгэн компани санал өгөөгүй учраас санал хүчингүй болж 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дахин зарлахаар боллоо 06 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг хүртэл материал авна гэсний дагуу тус өдөр материалаа өгөөд шалгарсан байдаг. Өнөөдрийг хүртэл бид батламжаа авч чадахгүй байгаа нь “О” ХХК Багц-2-ны эхний сонгон шалгаруулалтад гомдол гаргаснаас болоод шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байдаг. Энэ хугацаанд батламжаа авчихвал гэрээ хийх, нураалтын ажил, хөрөнгө оруулагч мөнгөө оруулах гээд хүлээгээд байгаа учир манай компанийн шийдвэр шударга үнэн болсон. Иймд “О” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, журам зөрчсөн. Бүх багцад эдний компани түншлэлээрээ оролцсон байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох нэхэмжлэлийг гаргасан болно. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Б.А Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон захирамж гаргажээ. “М” ХХК-иас Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр Багц-БГД-3 дээр шалгарсан “М” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. “М” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх зарим ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин барилгажуулагчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож, “Багц-БГД-3” дээр төсөл хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Үнэлгээний хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.9-д заасан нөхцөлүүдийг тусган, “М” ХХК-ийг сонгон шалгаруулалтад хэрхэн шалгаруулсан тухай дүгнэлтээ гарган Нийслэлийн Засаг даргад танилцуулсан бөгөөд энэ тухайгаа ч манай компанид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1231 дүгээр бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотдоо дурдсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга батламжлаагүй. “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.11, 6.12-т зааснаар Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргана гэсэн байдаг. Эндээс харахад Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хороо дүгнэлтдээ “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.9-д заасны дагуу “Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгасан байна”, 6.9.1-д төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ”, 6.9.2-т “төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо”, 6.9.3-т “төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын болон бусад чадавхын үнэлгээ” зэргийг тусгасан эсэхийг л нягталж, тусгасан бол төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргах ёстой. Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хорооны дүгнэлтийг батламжлаагүй нь 2012 оноос хойш Баянгол дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Төмөр замын” гэх шар байрнуудад төсөл хэрэгжүүлж, их хэмжээний зардал гаргаж, тухайн байрны оршин суугчидтай гэрээ хэлцэл хийж байсан манай компанийн болон тухайн байрнуудын оршин суугч, иргэдийн эрх ашгийг ноцтой хөндөж, төсөл хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа юм. “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” батлагдахаас өмнө манай компани сайн дураараа иргэд оршин суугчидтай тохиролцож, гэрээ хэлцэл хийж, иргэдийг нүүлгэх, байрыг буулгах буюу дахин барилгажуулах төслийг эхлүүлэхэд бэлэн болоод байсан. Гэвч журам батлагдсанаар зайлшгүй сонгон шалгаруулалтад оролцох ёстой болсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцож, урьдчилсан үнэлгээгээр шалгарсан. Харин Нийслэлийн Засаг дарга уг урьдчилсан үнэлгээг батламжлаагүй нь 3-4 жилийн төлөвлөгөөт үйл ажиллагаа, оюуны болоод эдийн засгийн зардлыг үр дүнгүй болгоод байна. Иймд Захиргааны хэргийн шүүхээр Үнэлгээний хорооны урьдчилан шалгаруулсан дүгнэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6.11, 6.12-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргыг батламжлахыг даалгах тухай шийдвэрийг гаргуулж, манай компанид ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудад дахин барилгажуулах төслийг манай компанид хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

“М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршиж буй ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 39 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах талаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах” тухай А/977 захирамж гарсан. “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна” гэж заасны дагуу манай газар нь Баянгол дүүрэг дэх дахин төлөвлөн барилгажуулах 39 барилгыг 10 багц болгон хуваан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн төслийг хүлээн авах урилгыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зарлан, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Үнэлгээний хорооны гишүүд болон төсөл ирүүлсэн хуулийн этгээд, иргэдийн төлөөллийг байлцуулан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдээс ирүүлсэн төслийг Үнэлгээний хороонд хүлээлгэн өгсөн. Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл тус бүрийн битүүмжлэлийг шалгаж, самбарт тэмдэглэл хөтлөн оролцогчдод танилцуулсан. Төслүүдийн битүүмжлэлийг шалгах явцад Төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн “М” ХХК-ийн төслийн санал нь дотор битүүмжлэл алдагдсан байсныг тогтоон 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төслийн саналыг хүлээлцсэн акт хөтлөн, төслөө ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд танилцуулан Үнэлгээний хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулсан. Үнэлгээний хорооноос “БГД-З дугаар багц буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо 21, 35, 36 дугаар байрууд дээр 64 оноогоор “М” ХХК-ийг урьдчилан шалгаруулсан болно. Үнэлгээний хороо нь журмын 6.8-д заасны дагуу дүгнэлтээ гарган төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн байна. Журмын 6.12-д “Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно.” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг дарга үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт, төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг болон холбогдох баримтыг нягтлан үзээд “М” ХХК нь үнэлгээний хороонд төсөл ирүүлэхэд, уг төсөл нь дотор битүүмжлэл алдагдсан байх тул төсөл сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Манай байгууллагаас зарласан урилгын дагуу төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдээс албан бичгээр ирсэн хүсэлтийг үндэслэн “төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ийг олгодог. Уг баримт бичигт төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.8-д “Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор дугтуйн битүүмжлэл шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ” гэж заасан байна. Баянгол дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах талаар хийгдсэн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн болно. Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай “Г” ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн БГД-3 төсөлд холбогдох журам, сонгон шалгаруулалтад оролцох санал гаргагчдад өгөх зааварчилгаанд заасан шаардлагуудыг бүрэн хангаж, тендер хүлээн авах хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тендерийн материалыг хүлээлгэн өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүдээс ерөнхий шаардлагыг хангасан гэж үзэж, төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан. Иймд бид ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журмын 6 дугаар зүйлийн 6.12-т “Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно” гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэх эрхээ баталгаажуулж, цаашид төсөлтэй холбоотой ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 006 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 33.5, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан, тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг Багц-БГД-2 дээр дахин сонгон шалгаруулж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийг Багц-БГД-2, нэхэмжлэгч “М” ХХК-ийг Багц-БГД-3 дээр урьдчилсан байдлаар тус тус шалгарсан тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

заалдах гомдолдоо:

заалдах гомдолдоо:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “О” ХХК болон “М” ХХК-иудаас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “”О” ХХК-ийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл сонгон шалгаруулалтын Багц-БГД-2-т төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, “О” ХХК, “М” ХХК-иудын ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр Багц-БГД-2, Багц-БГД-3 дээр шалгарсан “О” ХХК, “М” ХХК-иудыг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхээс “... тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг Багц-БГД-2 дээр дахин сонгон шалгаруулж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр өөрчилж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс Үнэлгээний хороо дүнгээ гаргаж, манай компаниудыг урьдчилсан байдлаар шалгаруулсан байхад Нийслэлийн Засаг дарга батламжилсан захирамж гаргаагүй нь эрх ашгийг зөрчиж байна хэмээн маргасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр “Багц-БГД-2” дээр нэхэмжлэгч “О” ХХК, “Багц-БГД-3” дээр нэхэмжлэгч “М” ХХК урьдчилсан байдлаар шалгарч, “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын 6.11-д заасны дагуу Үнэлгээний хороо дүгнэлтээ Нийслэлийн Засаг даргад танилцуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга дээрх журмын 6.12-т заасны дагуу дүгнэлт үндэслэлтэй эсэхийг хянаад Үнэлгээний хорооны дарга Д.Оросоод “...ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцох санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.8-д “...дотор дугтуйн битүүмжлэл сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ” гэж заасныг зөрчиж, нэр бүхий шалгарсан гэх компаниуд нь дотор дугтуйн битүүмжлэлгүй материал ирүүлсэн байх тул үнэлгээг хуульд нийцүүлэн ил тод, нээлттэйгээр дахин зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Улмаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч компаниудад Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр урьдчилсан байдлаар шалгарсан ч төсөл сонгон шалгаруулалтад оролцох санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.8-д заасны дагуу дотор дугтуйн битүүмжлэлийг хангаагүй тул дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Учир нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах үйл ажиллагаатай холбогдон үүссэн харилцааг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулахаар шийдвэрлэсэн, уг журмын 1.5-д “Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг төсөл сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжүүлнэ”, 6.11-д “Үнэлгээний хороо нь төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, нийслэлийн Засаг даргад танилцуулна”, 6.12-т “Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно” гэж тус тус зохицуулснаас үзэхэд Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хорооны дүгнэлтийг шууд баталгаажуулах бус шалгаруулалт холбогдох журам, зааварчилгаанд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаад дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батламжлахаар байна.

Уг төслийг хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн оролцогч хуулийн этгээд нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох санал гаргагчид өгөх зааварчилгаанд заасан шаардлага нэг бүрийг хангасан байх ёстой бөгөөд сонгон шалгаруулалтын “Оролцох санал гаргагчид өгөх зааварчилгаа”-ны 3.8-д[1] “... Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор дугтуйн битүүмжлэл сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ” гэж заасныг зөрчсөн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хэдийгээр Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийг урьдчилсан байдлаар шалгаруулсан ч Нийслэлийн Засаг дарга дээрх журмын 6.12-т заасан эрхийн дагуу урьдчилсан байдлаар шалгарсан нэхэмжлэгч хуулийн этгээдийг журмын 3.8-д заасныг зөрчсөн гэж үзэж, батламжлахгүйгээр дахин сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд “Үнэлгээний хороо шалгаруулсан байхад Засаг дарга үндэслэлгүйгээр батламжлахгүй байна” хэмээн тайлбарлаж байгаа нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журам зөрчсөн байхад шүүх тэдгээрийг Багц-БГД-2, Багц-БГД-3 дээр урьдчилсан байдлаар шалгарсан гэж үзэж, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх тогтоох хэсгийн нэг дэх заалтаараа захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээрх хуулийн заалт нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд шүүх аль болохоор хөндлөнгөөс оролцохгүй байх, алдааг нь өөрөөр нь зөвтгөх агуулга бүхий зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай болохыг захиргааны байгууллага өөрөө санаачилж, дахин шалгаж тодруулсны үндсэн дээр шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлнэ.

Хариуцагч нар гаргасан захиргааны актаа хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гэж гэж маргаж байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Хаус Жэйд” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9122 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл сонгон шалгаруулалтын Багц-БГД-2-т төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, “О” ХХК, “М” ХХК-уудын ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр Багц-БГД-2, Багц-БГД-3 дээр шалгарсан “О” ХХК, “М” ХХК-иудыг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 болгож өөрчлөн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Х” ХХК-иудын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээд “Х” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

           

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 30 дахь тал