Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00103

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

          2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00557 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 630 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.А-

          Хариуцагч: П.Э-т холбогдох

          46,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Саруул, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: П.Э-т 2018-05-07-ны өдөр 30 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5%-н хүүтэй зээлүүлж, түүний 26.1 м.кв 2 өрөө орон сууцыг, 1435 м2,  газар зэргийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018-05-17-ны өдөр дууссан боловч  П.Э- зээлээ төлөөгүй. Мөн гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд 30 сая төгрөг, хүү 1,5 сая төгрөг, алданги 15 сая төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

       Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би 15 сая төгрөг л авсан.  Зээлийн гэрээний 30 сая төгрөгийг Г.Энхмандахын хамт 15 сая төгрөгөөр нь хувааж авсан. Тиймээс 15 сая төгрөгт оногдох хүү, алдангийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн зүйлийг П.Э-т шилжүүлж өгсөн нь П.Э- бүгдийг хариуцна гэсэн үг биш. Зээлийн болон барьцааны гэрээнд Г.Энхмандах, П.Э- нарын гарын үсэг байдаг. Хоёулаа зээлдэгчид. Хэрвээ Г.Энхмандах гэдэг хүн энэ зээлийн гэрээний 15 сая төгрөгийг аваагүй юм бол яагаад гарын үсэг зурсан юм. Г.Энхмандахын эрх ашиг хөндөгдөж байна. Хэрвээ зээлийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөс хангах асуудал яригдана. Тиймээс Г.Энхмандахыг зайлшгүй оролцуулах шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Сонгинохайрхын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 184/ШШ2019/00557 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг баримтлан П.Э-аас 46,500,000 төгрөг гаргуулан  Ц.А-од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид П.Э-аас 390,450 төгрөг гаргуулан Ц.А-од олгож, нэхэмжлэгчээс төлсөн 390,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 630 дугаар магадлалаар Сонгинохайрхын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 184/ШШ2019/00557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,500 төгрөгийг захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ. 

     Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019-02-28-ны өдрийн 184/ШШ2019/00557 дугаар шийдвэрт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн заалт нь хуульд нийцэж байна. Мөн иргэний хуулийн 281.1, 282.1, 232.4, 232.6, 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч миний хохирлыг барагдуулах, хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэх шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 172.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Ц.А- 2018-12-17-ны өдөр шүүхэд хандаж, П.Э-аас нийт 46,500,000 төгрөг шаардахдаа “...2018-05-07-ны өдөр 30 сая төгрөг зээлүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийг хүү 1,5 сая төгрөг, алданги 15 сая төгрөгийн хамт  гаргуулна...” гэжээ. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...30 сая биш 15 сая төгрөг авсан өөрт ногдох хэсгийг төлнө...” гэж маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, “...хариуцагчийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь хуульд нийцээгүй...” гэж хүчингүй болгожээ. 

        Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүх хууль зөрчөөгүй...” гэж маргасан байна.   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Шүүх хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гэрч асуулгах хүсэлтийг хариуцагч тал шүүх хуралдаан дээр гаргажээ.

         Хэргийг хянан шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

        Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантайг хүсэлт гаргагч нотлож чадаагүй бол нотлох баримт бүрдүүлэх, тухайлбал гэрч асуулгах хүсэлтийг шүүх хангахаас татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчихгүй юм.

       Гэтэл шүүх гэрч асуулгах хүсэлтийг “..гэрчийн хаяг нь тодорхойгүй...” гэж хангахаас татгалзсанаар нотлох баримт гаргах боломжийг хэргийн оролцогчид олгоогүй буюу хариуцагчийн эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болгожээ. Өөрөөр хэлвэл, шүүх  хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. 

      Зээлийн гэрээгээр Ц.А- хэнд 30,000,000 төгрөгийг зээлүүлэх үүрэг хүлээсэн, гэрээний зүйлийг зээлдэгчид бүрэн хүлээлгэн өгсөн эсэх, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зээлдэгч нь хэн болохыг тогтоох нь нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд ач холбогдолтой юм.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.   

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн нэхэмжлэлд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 630 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 390,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ