Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0541

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “У*******” хүүхдийн цэцэрлэгийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч П.Д*******, хариуцагч Л.Ю******* нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “У*******” хүүхдийн цэцэрлэгийн нэхэмжлэлтэй, Х*******,*******,******* Л.Ю*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “У*******” хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Х*******,*******,******* Л.Ю*******ын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03, 36-05/04, 36-05/05, 36-05/06 тоот актууд, дотоод аудитын ажлын санхүүгийн тайланг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.6, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3, 52.4, Төсвийн тухай хуулийн 69.1, 69.5-д заасныг баримтлан “Х*******,*******,******* Л.Ю*******ын гаргасан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03 тоот “Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/04 тоот “Нөхөн олговор, цалин хөлсний давхардал төлүүлэх тухай” акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/05 тоот “Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” акт, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/06 тоот “Зориулалт бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай” акт, “Дотоод аудитын ажлын санхүүгийн тайлан”-г хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “У*******” хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д******* давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т төлөвлөгөөт бус шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл удирдамжинд заасан асуудлын хүрээнд хийхээр заасан бөгөөд хяналт шалгалт хийх болсон тухай үндэслэл нь Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт санхүугийн хяналт шалгалт хийлгэхийг хүссэн иргэдийн өргөдөл байсан гэж үзэхээр байна. Харин иргэдийн бичгээр болон амаар гаргасан өргөдөлд дурдсан асуудлын хүрээнд шалгалт хийсэн болох нь хариуцагч Л.Ю*******ын шүүх хуралдаанд гаргасан “...хяналт шалгалтыг зөвхөн иргэдийн амаар гаргасан өргөдөлд дурдсан асуудлын хүрээнд хийсэн...” гэсэн нь шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус иргэдийн өргөдөл, эсвэл иргэдийн биеэр ирж өгсөн гомдол гэж хариуцагч Л.Ю******* нь тодорхойгүй нотлох баримтгүй тайлбар гаргасан. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байсаар байтал үнэлсэн.

“...Би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт “нэг бүрчлэн бичиж авсан юм...” гэсэн нь тэмдэглэлийн дэвтэр нь хавтаст хэрэгт байхгүй. Мөн “санхүүгийн хяналт шалгалт хийлгэхийг хүссэн байсан... өргөдөлд тусгагдсан асуудлаар акт тавигдсан...” гэсэн нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах эрх зүйн үндэслэл болохгүй. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байтал шүүх буруу шийдвэр гаргасан.

Шүүх гэрч Ө.М*******гийн “Би Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт хяналт шалгалт ирэх талаар шалгалт ирэхээс өмнө мэдсэн… Шалгалт ирэхээс 3 хоногийн өмнө шалгалт ирэх талаар сонссон байсан” гэсэн мэдүүлгийг үнэн зөв үнэлээгүй.

Түүнчлэн шүүх “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж зааснаас үзвэл төрийн албан хаагчийг 7 хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоогүй байна...” гэж үнэлсэн. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус хуулийг гуйвуулж, дээрх цалин тушаалын баримт хэрэгт байхгүй байхад нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнд дүгнэлт гарах байтал удирдамжийн дагуу бус төрийн хяналт шалгалтын тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль зөрчсөн нь тогтоогдсоор байхад шүүх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн хариуцагчийн эрх ашигт нийцсэн, 1 талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж, дотоод аудитын ажлын тайлан зэргээс тодорхой харагдаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4, 5.2.3-т зааснаар манай цэцэрлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, хууль бус гарсан.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Х*******,*******,******* Л.Ю******* нь тус аймгийн Хатгал тосгоны “У*******” хүүхдийн цэцэрлэгийн 2014 оноос 2016 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийж, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/03, 36-05/04, 36-05/05, 36-05/06 дугаар акт тогтоож, буруутай этгээдүүдээс зохих төлбөрийг гаргуулж, төлбөрийг төрийн санд төвлөрүүлэхийг цэцэрлэгийн эрхлэгч П.Д*******, нягтлан бодогч Ө.М******* нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “У*******” хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч П.Д******* нь “иргэдийн өргөдөл, гомдолд үндэслэн өргөдөл, гомдолд дурдсан асуудлын хүрээнд шалгалт хийсэн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй, иргэдийн өргөдөл, гомдол нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэл болохгүй, нягтлан бодогч Ө.М*******гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг буруу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнд дүгнэлт гарах ёстой” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заажээ.

Х*******, аудитын албанд иргэнээс ирүүлсэн “Хатгал тосгоны цэцэрлэгийн эрхлэгчид ёс зүйн болон санхүүгийн шалгалт хийлгэх тухай” өргөдөл, Боловсрол соёлын газраас ирүүлсэн “Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийлгэх тухай” албан бичигт дурдсан асуудлын хүрээнд “У*******” хүүхдийн цэцэрлэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлүүд[1] болон “Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж”-аар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “иргэдийн өргөдөл, гомдолд дурдсан асуудлын хүрээнд шалгалт хийсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн “иргэдээс ирсэн өргөдөл, гомдол нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үндэслэл болохгүй” гэх гомдлын тухайд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, ...-д заасан үндэслэлээр хийнэ” гэж заасан, хариуцагч нь иргэдийн өргөдөл, гомдолд үндэслэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, шалгалтын удирдамж зэргээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийн энэ гомдол үндэслэлгүй байна.

Харин Санхүүгийн хяналт, аудитын алба тус албанд ирүүлсэн иргэний өргөдөл болон Боловсрол, соёлын газрын албан бичигт дурдсан асуудлаар шалгалт хийхээр шийдвэрлэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан ... өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шалгалт хийх удирдамжийг баталсан байна.

Ингэхдээ удирдамжид “шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын ...-аас эхлэн ажлын 5 хоногт багтаан явуулна” гэж шалгалт эхлэх хугацааг тодорхой заагаагүй атлаа шалгалтыг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн пүрэв гарагт эхлүүлсэн, энэ талаар хариуцагчаас “Шалгалтыг 03 дугаар сард хийсэн бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалт зөрчигдөх байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл түүнийг удирдамжид заасан хугацаанаас өмнө ажлын бус өдөр шалгалт хийсэн гэж шууд буруутгах боломжгүй.

Мөн хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулсан болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Ганбаатар, Ө.М******* нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүх гэрч Ө.М*******гийн мэдүүлгийг буруу үнэлсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн “Хатгал тосгоны төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон иргэний өргөдлөөр хүүхдийн цэцэрлэгт санхүүгийн шалгалт хийх удирдамж”-ийн Зургаагийн 1-д “Шалгалтаар илэрсэн ололттой тал зөрчилт үйлдлийн талаар шалгалтын акт, албан шаардлага, танилцуулгыг дотоод аудитын стандартад нийцүүлэн бичнэ” гэж заасны дагуу хариуцагч нь “У*******” хүүхдийн цэцэрлэгийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийж, акт тогтоосон нь зөв байхаас гадна нэхэмжлэгч нь актаар тогтоосон зөрчлийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.    

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН