Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0993/з |
Дугаар | 440 |
Огноо | 2016-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 440
“Тэнгэр даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Магнайбаатар, Л.Мөнхзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваабилэг, Т.Энхжаргал нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0682 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Тэнгэр даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 441 дүгээр шийдвэрээр: Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.7, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан “Тэнгэр даатгал” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” актын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0682 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тэнгэр даатгал” ХХК-ийн гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 дугаар “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд үндэслэн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Орхонбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дэх хэсэгт “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, шүүхээс уг хэрэг маргааныг “...Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг нь захиргааны хэргийн шүүхийн шүүхийн харьяаллын бус хэрэг маргаан биш байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрлэвэл зохихоор байна" гэж дүгнэн гаргасан шийдвэр нь нэгдүгээрт, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, хоёрдугаарт, шүүхээс уг хэрэг маргааны шүүхийн харьяаллын бус хэрэг маргаан гэж дүгнэсэн явдал нь холбогдох иргэний болоод захиргааны хуулиудад хэргийн харьяаллын тухай заасанд нийцээгүй, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг буруу тайлбарласан, хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудад тулгуурласан болох нь ойлгомжгүй байгаа юм.
1. Нэхэмжлэгч талаас анх Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 9/4420 дугаартай албан тоот бүхий захиргааны акт нь даатгагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна гэж үзсэн учраас тус актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага, үндэслэл бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг. Тухайлбал даатгагчийн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2, 439.4-д болон бусад талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан эрхүүдийн тухай байсан.
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн 2016 оны 441 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсгийн "Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтуудын хувьд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, хэрэгт хамааралтай талаас нь бүрэн үнэлээгүй тухай, Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар шүүхээс даатгалын гэрээ болон даатгалын тухай хуулийн холбогдох заалтууд тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт, шийдвэр гаргасан тухай, мөн тогтоох хэсгийн 1-д шүүхээс Даатгалын тухай хуулийн 12.1, 13.1.1 дэх хэсгийн заалтуудыг буруу тайлбарлан, хэрэглэсэн байгаа нь хууль бус, хариуцагчаас гомдлын тайлбараа хугацаа хэтрүүлэн өгсөн явдлыг шүүх авч хэлэлцээгүй явдал нь захиргааны хэргийн шүүхээс процессын хуулийг зөрчсөн гэж үзсэн тухай тус тус байсан юм.
Иймд, даатгагчаас анх Захиргааны хэргийн шүүхэд хорооноос шийдвэрлээд гаргах эрх зүйн акт нь хуулиар тавигдсан шаардлагад нийцсэн эсэх, талуудын хооронд гарсан хэрэг маргааныг ямар процессын болоод эрх хэмжээний хүрээнд урьдчилан хянан шийдвэрлэдэг болох, ийнхүү явуулсан үйл ажиллагаа нь даатгагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тогтоолгон, шийдвэрлүүлж эрхээ хамгаалуулахаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 6.1, 7.4.2, 8.1.2, 12.1-д заасан зохицуулалтуудын дагуу хандаж нэхэмжлэл гаргасан байдаг.
Харамсалтай нь захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс уг хэргийг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болоод гомдлын шаардлагыг зөв тогтоон дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэж чадаагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс өөрийн зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулж чадаагүй гэж тус тус үзэхээр байна.
2. Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болно. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн үйл ажиллагаа, гаргасан захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд, тэдгээрээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар төрийн байгууллагын хууль бус гэж үзсэн үйл ажиллагаа, гаргасан акттай холбогдуулан гомдлоо харьяаллын дагуу Захиргааны хэрэг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүй ёсны хэрэг бөгөөд нөгөөтэйгүүр, Иргэний хэргийн шүүхээс Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан хэргийг иргэний хэргийн шугамаар урьдчилан хүлээн авч шийдвэрлэх эрхгүй юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Тэнгэр Даатгал" ХХК-аас анх Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан Захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгдүгээрт, хэргийн харьяаллын тухайд талуудын хоорон дахь маргаан, мэтгэлцээний тухайд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9523 дугаартай захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "...Санхүүгийн зохицуулах хороо нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.8-т заасан захиргааны байгууллага бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34,1-д заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байх тул.. захиргааны хэрэг үүсгэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн.
Мөн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 441 дугаартай шийдвэрт “захиргаа болон нэхэмжлэгчийн хооронд үүссэн маргаан бүхий захиргааны актыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх эрхгүй байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “...энэ хэргийн хувьд даатгуулагч буюу үйлчлүүлэгчээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй “даатгалын нөхөн олговор”-ын асуудлаар маргаж, улмаар уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ... хорооны 9/4420 дугаар албан бичиг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хоорондын дээрх маргааныг урьдчилан шийдвэрлэсэн агуулгатай байна” гэж зөв дүгнэсэн атлаа улмаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан “даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргаан нь хоёр үндсэн төрөл байна” гэж дараах байдлаар буруу тайлбарласан байна.
Тодруулбал, шүүхээс хорооны 9/4420 дугаартай актыг Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн хэрэг маргааныг урьдчилан шийдвэрлэхдээ “захиргааны чиг үүрэг хэрэгжүүлж, нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон" шийдвэр гаргасан бол Захиргааны хэргийн шүүхээр харьяалан шийдвэрлэх бөгөөд харин талуудын хоорондын даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх маргааныг Хороо нь урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрт гомдол гаргах тохиолдолд иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.
Гэтэл бодит байдал дээр Даатгалын тухай хуулийн 82.1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай 6.1.6, 8.2, 33.1 дэх хэсгийн заалтуудад хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлээд, гарсан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэсэн шууд утга агуулга бүхий зохицуулалттай, харин давж заалдах шатны шүүхээс тайлбарлан дүгнэлт хийсний дагуу хорооноос шийдвэрлэж буй асуудлын хүрээнд гарсан шийдвэр нь хоёр төрөлтэй болох тэдгээртэй холбоотой гомдол нь Захиргааны болон Иргэний хэргийн шүүхээр харьяалагдан шийдвэрлэгдэнэ гэсэн зохицуулалт нь дээрх хуулиудад байхгүй болно.
Иймд, нэхэмжлэгчийн дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны 9/4420 дугаар “даатгалын нөхөн төлбөр олгуулах” тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Дээрх албан бичгээр “Тэнгэр даатгал” ХХК-д хандаж, тус компанийг нөхөн төлбөр олгохоос нь үндэслэлгүй татгалзсан болохыг тогтоож, “Энержи ресурс” ХХК-д нөхөн төлбөрийг олгож, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захирамжилсан шийдвэр байх тул уг албан бичиг нь захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.
Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь өөрийн бүрэн эрхэд хамааралгүй гомдлыг буюу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ... тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.
Эндээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч Тэнгэр даатгал ХХК болон гуравдагч этгээд “Энержи ресурс” ХХК-ийн хооронд үүссэн бүх маргааныг шийдвэрлэхгүй, зөвхөн өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарах асуудлаар гарсан маргааныг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.4, Даатгалын тухай хуулийн 13.1.1 дэх хэсэгт даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, чиг үүрэг, оролцооны хүрээг тодорхойлсон бөгөөд даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэл, хохирол, төлбөртэй холбоотой асуудлаарх маргааныг шийдвэрлэх, хохирол төлбөрийг гэрээний аль нэг талд хариуцуулахаар тогтоох, хэн аль нь хохирсон талаар дүгнэлт гаргах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгоогүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид “... төлбөр төлж, хариу мэдэгдэх”-ийг даалгасныг захиргааны байгууллагын өөрийн “эрх хэмжээний хүрээнд” гэж үзэх боломжгүй.
Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянахдаа юуны түрүүнд захиргааны байгууллага өөрт нь харьяалан шийдвэрлэх өргөдөл, гомдлыг шийдсэн эсэх, тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон эсэхийг нягтлан шалгах ёстой.
“Тэнгэр даатгал” ХХК болон “Энержи ресурс” ХХК-ийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд даатгалын гэрээний үүрэгтэй холбогдуулан талуудын хооронд маргаан үүсч, улмаар “Энержи ресурс” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, “Тэнгэр даатгал” ХХК-ийг даатгалын нөхөн төлбөр төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан талаар гомдол гаргажээ.
Хэдийгээр Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн гомдол өргөдлийг хянан шалгах, тухайлбал даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж тогтоох, захиргааны шийтгэл оногдуулах, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түр зогсоох эрхтэй боловч “нөхөн төлбөрийг олгохыг даалгах” шийдвэр гаргах эрхгүй байна.
Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулах, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдийн даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдахаар зохицуулснаас үзэхэд даатгалын гэрээний талуудын хороонд үүссэн маргааныг иргэний шүүх шийдвэрлэх юм.
Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотойгоор хохирлын асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлөхийг даалгаснаараа өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс “...захиргааны чиг үүргээ хэрэгжүүлж, нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон шийдвэр гаргаж буй хэрэг биш, даатгалын гэрээний маргааныг урьдчилан шийдвэрлэсэн агуулгатай байна” гэж дүгнэхдээ захиргааны байгууллага анхнаасаа өөрийн чиг үүрэгт харьяалагдах гомдлыг хүлээн авсан эсэх, захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарах эсэхийг анхаараагүй байна.
Түүнээс гадна энэ тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгчид хохирол нөхөн төлж, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон, үүний улмаас нэхэмжлэгч захиргааны байгууллагын өмнө тодорхой үүрэг хүлээснээрээ эрх зүйн харилцаа үүссэн, эрх зүйн үр дагавар учруулсан шийдвэр гаргажээ.
Анхан шатны шүүхээс захиргааны шүүхийн харьяаллын бус маргаан болох даатгалын гэрээний нөхцөлийг шинжлэн судалж, “нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хууль бус, осол нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэлдсэн болох нь тогтоогдсон” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүхээс нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчид нөхөн төлбөрийг төлөхийг үүрэг болгосон албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийг хохирол төлөх үүргээс чөлөөлсөн үр дагавар үүсгэхгүй бөгөөд гагцхүү захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнээс хэтрүүлсэн шийдвэр гаргасан болохыг тогтоосон болно.
Маргааны гол үндэслэл болсон даатгалын гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, даатгалын нөхөн төлбөрийг хэн, хэдэн төгрөгөөр төлөхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 441 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0682 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Тэнгэр даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” албан бичгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ