Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 164/2022/0002/Э |
Дугаар | 2022/ШЦТ/41 |
Огноо | 2022-03-31 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Хэд холбогдох 2216000000029 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-нд төрсөн, ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ... регистрийн дугаартай, Хөшөөт овогтой Жанлавын Ж.Х гэв.
Шүүгдэгч Ж.Х нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Бүрнээгийн авто засвар”-н гадна автомашины зогсоолоос иргэн М.Бийн өмчлөлийн улсын дугааргүй “мустанг-5/150” маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хүний өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ж.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Архи уусан байж байгаад “Оргил цаг” дэлгүүрийн үүдэн дээрээс хүний мотоциколь унаад явсан байсан. Энэ нь миний буруу. Хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Хохирогчид хохирол төлбөр төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Бүрнээгийн засварын тэнд байдаг байранд хүр дүү Б.Бцогтыг хүргэж өгчихөөд явж байхад мотоциклийн бензин дуусаад клонкоос саваар бензин авах гэсэн чинь өгөөгүй. Тэгээд тэндээ мотоциколоо толгойг нь цоожилж үлдээгээд Харзат 2-16 тоот гэртээ очиж хоночихоод өглөө нь манай хүр дүү Б.Бцогт би хөдөө явлаа. Мотоциколоо ирж ав гээд залгасан. Тэгэхээр нь би за чи явж бай. Би очоод авчихъя гэж хэлсэн. Тэгээд 11 цагийн үед захын хойд талын клонкоос бензин аваад мотоциколио авах гээд очтол байхгүй байсан... Би мотоциколоо буцааж авсан тул надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ17, 22/,
Иргэний нэхэмжлэгч Б.Бямбын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын эхээр гадуур явж байгаад Ж.Хүрэлтэй таарахад мотоциколь зармаар байна. Чи аваадахаач гээд унаж яваа мотоциколоо заасан. Ямар үнэтэй юм гэхэд 250.000 төгрөгөөр авахгүй юу гэхэд би авахгүй гэж хэлсэн. Ж.Х 150.000 төгрөгөнд ав гэхээр нь авахаар тохироод гэртээ дагуулж очоод 100.000 төгрөгийг өгчихөөд бичиг баримтыг нь авч ирэхдээ үлдэгдэл мөнгөө ав гэж хэлсэн. Ж.Х маргааш өглөө нь манай гэрт ирээд би гэртээ хариагүй учир бичиг баримтыг нь авч ирж чадсангүй. Хөдөө мал руугаа явах гэсэн юм. 30.000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь 30.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,
Гэрч А.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Урьд мотоциколь хулгайлж байсан. Одоо мотоциколь хулгайлсан гэж надад хэлж байсан. Ж.Х нь уудаг болохоор уусан үедээ хулгай хийдэг... ” гэсэн мэдүүлэг /ХХ36/ болон эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /ХХ6/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Бүрнээгийн авто засвар”-н гадна автомашины зогсоолоос иргэн М.Бийн өмчлөлийн улсын дугааргүй “мустанг-5/150” маркийн улаан өнгийн мотоциклийг хулгайлсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд шүүгдэгч Ж.Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэж хулгайлсан мотоциколийг хохирогч М.Бт буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Бд 130.000 төгрөгний хохиролыг шүүгдэгч Ж.Х нь төлж барагдуулаагүй байна. Дээрхи гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн үед шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Х нь урьд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдэж байсан бөгөөд уг хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Х нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хөшөөт Ж.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хэд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хийн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хэд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Хийг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Хэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА