| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0219/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/286 |
| Огноо | 2022-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/286
2022 03 28 2022/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Ө.Ц, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Ө.Ц нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0046 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Ө.Ц /РД: /,
2. Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,. ам бүл 5, эх, эхнэр хүүхдийн хамт, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Г.Г /РД: /.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Г, Ө.Ц нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 499 тоотод байрлах иргэн Ж.Б-гийн эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтрэн орж “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийн урд талын хос их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 114 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан болно,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь хавтаст хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дахь тал/, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хохирогч Ж.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/, Г.Г-ын ял шалгах хуудас /хх-ийн 51 дэх тал Ө.Ц-ын ял шалгах хуудас /хх-ийн 52 дахь тал/, шинээр гаргаж өгсөн Г.Г-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэл, эмнэлгийн тодорхойлолт, Г.Г-ын эхнэрийн төрөхийн өмнөх жирэмслэлтийн лавлагаа, хяналтад байдаг эмчийн хуудас, Г.Г-ын талаар гаргасан эхийн тодорхойлолт, мөн Ө.Ц-ын талаар гаргасан эцгийн тодорхойлолт, эхийн тодорхойлолт, өргөмжлөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтаас шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатараас Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дахь тал/-г нотлох баримтаас нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчийнд очиход хаалга үүд нь онгорхой байхаар нь Хонда Инсайт 2 их гэрлийг нүдэнд ил харагдахаар авчихсан. Эхэлж авсан хуучин гэрлээ солиулаад хямдруулаад шинэ гэрэл авах гэж л очсон юм. Хохирол төлбөргүй буцаагаад өгчихсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хоёр эхлээд хуучин гэрэл худалдаж аваад буцаад ажил дээрээ очоод юм хийж байгаад дахиж очсон. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. Эхнэр хүүхэд, ээж, дүү нарын хамт түрээсийн байранд амьдардаг. Эхнэр одоо жирэмсэн байгаа. Би ажил төрөл хийж гэр бүлээ авч явдаг. Маш их гэмшиж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дахь тал/,
-Хохирогч Ж.Б-гийн “...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 33-499 тоотод хувиараа авто машины сэлбэг зардаг болон засвар үйлчилгээ хийдэг. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед өөрийн автомашин сэлбэг хадгалдаг байшин руугаа ороход “Хонда инсайт маркийн урд их гэрэл хосоороо, радиатор алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн өдрөөс өмнөх 2-3 хоног манай гражаас хоёр залуу ирээд Хонда инсайт загварын машины сэлбэгүүд аваад байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ирж Инсайт машины хуучивтар, шарласан их гэрэл хосоор нь 300.000 төгрөгөөр аваад явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нөгөө хоёр залуу над руу залгаад авсан хуучин гэрлээ буцаая гэхээр нь дуудаж уулзаад “манай камертай, ахынхаа хоёр гэрлийг өгчихөө, мэдэж байна. Цагдаа нарт хэлчихсэн байгаа” гэхэд “уучлаарай авчихсан юмаа, таны хуучин гэрлийг өгөөд зөрүү мөнгийг нь буцаагаад өгье” гэж хэлээд надад хуучин гэрэл болон зөрүү мөнгө болох 400.000 төгрөгийг өгч ямар нэгэн гомдол саналгүй болгосон. ...би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ радиатор алга болсон гэж мэдүүлсэн байсан. Харин радиаторыг манай хамт ажилладаг дүү хүнд зарчихсан байсныг сая би мэдэлгүй тэгж мэдүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,
-“Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЧД2-22-57 дугаартай тайлан /хх-ийн 26-27 дахь тал/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51, 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54, 55/, шүүгдэгч Г.Г-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 57/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүхээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Миний үйлчлүүлэгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул өөрчилж өгнө үү.”
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэл тухайн хэрэгт тохирохгүй хүндрүүлэн зүйлчилсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж өгнө үү.” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарын бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 499 тоотод байрлах иргэн Ж.Б-гийн эд зүйл хадгалах зориулалттай агуулахаас “Хонда инсайт” маркийн тээврийн хэрэгслийн урд талын хос их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэргийн хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан агуулах” гэдэгт байнга болон түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, бүх төрлийн агуулах зоорь, автомашин, граж, хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин зэргийг хамааруулан ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хууль тогтоогч хуульчлахдаа “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн шинж хангагдахгүй байна.
Хохирогч Ж.Б-гийн эд зүйл хадгалах агуулах гэх боловч уг агуулах нь автомашины сэлбэг зардаг, мөн засдаг газар болох нь тэдгээрийн мэдүүлгээр, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нь уг агуулах байрыг тусгайлан хамгаалсан нөхцөл байдал тогтоогдохгүй,
мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-гийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед өөрийн машины сэлбэг хадгалдаг байшин руугаа ороход хонда инсайтын урд их гэрэл хосоороо болон радиатор 1 ширхэг алга болсон байсан.Би ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн..., ...сүүлийн хэд хоног цоожлоогүй үлдээсэн байсан...гэх” /хх-16 хуудас/, мөн хохирогчоор мэдүүлэхдээ “...Хонда инсайт хос гэрэл алга болсон байсан.Би өмнөх мэдүүлэгтээ радиотар алга болсон гэж мэдүүлсэн байсан харин дүү аваад зарчихсан байсныг би мэдэлгүй тэгж мэдүүлсэн юм ...гэх, ...манайхаас сэлбэг авсан хоёр залуу авсан байсан гэх...” / хх 14 хуудас/ мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...хохирогчийнд очиход хаалга үүд нь онгорхой, түгжээгүй байсан...гэх мэдүүлэг зэргээр бусдын эд зүйлийг хулгайлсан дээрх үйлдлүүд нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүйг мэдээгүй байж зөрчсөн үйлдэл нь тэдгээрийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субьектив нөхцөл байдалд хамаарахгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шинжийг бүрэн хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Ө.Ц, Г.Г нарыг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон шүүх өөрчлөн зүйлчлэв.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд хохирогч Ж.Б-гийн эд зүйл болох Хонда Инсайт маркийн автомашины их гэрэл авсан шүүгдэгчийн үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч нар нь иргэн Ж.Б-гийн эд зүйлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. Шүүгдэгч нарын хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 26 х/ 800,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын эд зүйл болох Хонда инсайт маркийн автомашины их гэрэл хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсэж үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байсан тул гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болно.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөдлөнгийн гэрч оролцуулах эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэснийг хангаагүй тул хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийг хавтаст хэргээс хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй тул уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 3-4 хуудсанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэгдсэн бөгөөд уг тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйл, мөн хуулийн 23.3 дугаар зүйлд заасан арга хэлбэрээр нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн, мөн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэж байна гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тогтвортой мэдүүлэг өгч чин сэтгэлээсээ үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо бүрэн төлсөн буюу хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулах 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг сонгох санкцтай буюу 240 цагаас 700 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялыг оногдуулахаар заасан байдаг. Шүүгдэгч нар засварын газар ажилладаг тул нийтэд тустай ажил хийх боломжтой, зорчих эрхийг хязгаарлах ял мөн боломжтой. Учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал, тухайлбал шүүгдэгч Г.Г-ын хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж 4-5 өрхийн гишүүнийг тэжээж байгаа, жирэмсэн эхнэр, нялх хүүхэдтэй, Ө.Ц-ын хувьд мөн адил эцэг, эхтэйгээ цуг амьдардаг, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялыг боломжит хэлбэрээр шийтгэж өгнө үү...” гэсэн болно
Шүүгдэгч Ө.Ц, Г.Г нар нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, бүлэглэн үйлдсэнг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал / Г.Г-ын хувьд ар гэрийн байдал эхнэр жирэмсэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, бага насны хүүхэдтэй, Ө.Ц-ын хувьд түүний хувийн байдал буюу шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Өргөмжлөл, Батламж/ зэргийг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй, засарч хүмүүжих бүрэн боломжтой гэж шүүх дүгнэлт хийсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Ө.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Ж.Б нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх тул шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Ө.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Г, Ө.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Ө.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ