Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/287

 

 

 

 

 

 

 

 

   2022        03         28                                   2022/ШЦТ/287

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Т.О-д холбогдох эрүүгийн 2211 00142 0326 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй,         тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 сарын 27-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгээд, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 09 сарын 08-ны өдрийн 2090 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай,

  Т.О /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.А-ын халааснаас “ХуавэйПи 20 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.О нь:

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.А-ын халааснаас “ХуавэйПи 20 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 540,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.А-ын “... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 40 минутын үед Их дэлгүүрийн 5 давхрын тоглоомын дэлгүүрт бараа хүргэж өгчхөөд доош баруун талын чулуун шатаар уруудаж байхдаа 4 давхраас цахилгаан шатаар доош буух үед миний гадуур куртикний халаасанд гар утас байсан бөгөөд улмаар их дэлгүүрээс гараад урт цагаан руу машин руугаа явж байхдаа гар утсаа алдсан гэдгийг нь мэдсэн...“ХуавэйПи 20 про” загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний газрын шинжээч Ц.Түвшинцэнгэлийн дүгнэлтээр тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр “Хуавэй Пи 20 про” загварын гар утсыг 540,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

Шүүгдэгч Т.О-ын “...би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүнтэй уулзах гээд гэрээсээ гараад Чингэлтэй дүүрэг Улсын их дэлгүүрийн зүүн талаар явж байтал миний гар утасны цэнэг дууссан. Тэгээд би 19 цагийн орчим байхаа хүний гар утсаар гуйж ярих гээд их дэлгүүрийн зүүн хаалган дээр очоод зогсож байтал шар өнгийн куртиктэй эмэгтэй хүүхдээ дагуулаад гар утсаа халаасандаа хийж байгаа харагдахаар нь би араас нь дагаад алхсан. Тэгээд тухайн эмэгтэй нь их дэлгүүрийн “CU” дэлгүүрийн урд очоод хальт зогсохоор нь би хажуу талын зогсоол дээр байсан цагаан өнгийн машиныг тойрч очоод тухайн эмэгтэйн куртикных нь баруун талын халааснаас нь Хуавэй Пи 20 про гар утсыг хулгайлсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 39/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 40/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 41/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 49/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Т.О нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Аын халааснаас “ХуавэйПи 20 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Д.А нь “...Гар утсаа буцаан авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Т.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ