| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06114/И |
| Дугаар | 2188 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 81-29 тоотод оршин суух, Солгой гарт овогт Дашдондогийн Батдорж /РД:ЦЕ75103074/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 81-29 тоотод оршин суух, Боржигон овогт Сандагсүрэнгийн Энхтүвшин /РД:ЧД73021164/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгой 41-118 тоотод оршин суух, Солгой гарт овогт, Дашдондогийн Дашдорж /РД:ЦЕ68013091/- нарт холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батдорж, хариуцагч Д.Дашдорж, С.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2001 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр танилцаж, 2002 оны дундуур нэг гэрт орж, 2003 оны 6 дугаар сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2003 оны 01 дүгээр сард тусдаа гарч байсан. Ингээд 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Өсөхбаяр төрсөн. Түүнээс хойш гэр бүлийн харилцаа хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2010 оноос хойш асуудал үүссэн. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр түүний хийсэн зүйлийг би мэдэж эвгүй байдалд орж түүнээс хойш мөнгө төгрөгний асуудал үүсч түүнд гэр бүлийн үл итгэх байдал үүсч, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл өгсөн. 2016 оны 01 дүгээр сард анхны шүүх хурал дээр би нэхэмжлэлээ татан авч байсан. Дахин нэхэмжлэл гаргаж хэрэг үргэлжилсээр Х.Энхзаяа шүүгч дээр хуваарилагдан ирсээр мөн 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн. Удаа дараа гэр бүл хэвийн амьдрах нөхцлийг алдагдуулсан. Түүнийг гэр бүлээ хууран мэхэлсэн гэж үзэж байна. Эд хөрөнгийн хувьд бид харилцан тохирч эвлэрийн гэрээ байгуулсан. Хүүхдийн асрамжийн хувьд өөрийн асрамжинд авах саналтай байна. Үндэслэл нь гэвэл С.Энхтүвшин нь хүүг өөртөө авлаа гэхэд түүнийг хэвийн амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Одоогоор өр төлбөрийн асуудал их байгаа. Олон удаа хувийн бизнес хийж байсан ч түүнээс гэр бүлдээ оруулж байсан орлогыг санахгүй байна. Сүүлдээ гэр бүлийн хөрөнгийг хүртэл өр төлбөрийн оронд тавьсан байсан бөгөөд тавьсан өрийг нь би зээл авч дардаг болсон. Энэ нөхцөл байдлаас болж хүүхдээ хэвийн байлгах боломжгүй гэж үзэж байна. Манай хүү тооны сонгоны дугуйлан, бассейн гэх мэт зүйлүүдэд байнга явдаг. Тэр болгонд зардал гарна. Миний арсамжинд өгөх юм бол би хэдийгээр ээжийнх нь өгч чадах хайрыг өгч чадахгүй ч гэсэн аль болох бүх зүйлээр дутаахгүй байх гэж бодож байна. Өмнө нь эхнэр ажил хийдэггүй байхад би төмөр замд ажиллаж ажлаа хийгээд л явдаг байсан. Иймээс хүүдээ зарцуулах цаг зав түүнээс бага байх нь тодорхой юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Өсөхбаярыг миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргааныг эвлэрлийн гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С.Энхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Энхтүвшин би өөрийн нөхөр болох Д.Батдоржтой 2001 онд анх танилцаж, 2003 оны 6 сарын 09-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан ба бидний дундаас 2003 оны 7 сарын 18-ны өдөр хүү Б.Өсөхбаяр маань мэндэлсэн. Гэр бүл болсноос хойш 2015 оны 01 сар хүртэл эвтэй сайхан амьдарч байсан хэдий ч би хүнд залилуулж мөнгөө алдсаны улмаас нөхөр маань намайг элдвээр гоочилж, найз нөхөд болон таньдаг мэддэг хүмүүстэй хардаж, тус шүүхэд салах өргөдлөө дөрөв дэх удаагаа өгөөд байна. Би Д.Батдоржтой танилцахдаа БНХАУ-ьн Дайлянь хотын Техникийн Их сургуулийн дизайнерийн ангид суралцаж байсан ч нөхөр болох хүнээ дагаж, сургуулиа Багшийн Их сургуулийн компьютер, физикийн багшийн ангиар солиулан 2003 онд тус сургуулийг төгссөн. Өөрийн сонгосон сургуулиа орхиж, өөр мэргэжлээр суралцсаны улмаас мэргэжлээрээ ажиллаагүй хэдий ч өнгөрсөн хугацаанд хувиараа бизнес эрхэлж, барьцаалан зээлдүүлэх газар, хувцасны лангуу, эмийн сан зэргийг ажиллуулан амьдралдаа өөрийн чадлынхаа хэрээр тус нэмэр болж, энэ амьдралыг босголцсон. Би бизнес хийж, амьдралдаа тус дэм болох л гэж хүнд мөнгөө залилуулсан. Энд тэндээс өр нэхэгдэж, зарим хүмүүст элдвээр хэлүүлэн явах ийм, хүнд хэцүү нөхцөлд миний нөхөр намайг өөрийн найз нөхөд, орчин тойрны хүмүүстэй хардаж сэрдэн, юм л бол элдвээр харааж доромжлон сэтгэл санааны дарамтанд оруулж байсан ч өнөөдрийг хүртэл би гэр бүлээ эхнэр хүний ёсоор халамжилж, үүргээ биелүүлсээр ирсэн. Энэ хугацаанд цалин мөнгөө өгөлгүй өөрөө өөртөө зарцуулан Арабын Эмират Улс, Америк, Европын орнууд, Өмнөд Азийн орнуудаар аялж, хүү бид хоёрыг хоногийн хоолгүй орхин явж байсан ч би хүнээс авах авлагаа бага багаар цуглуулан хэнээс ч дуталгүй ар гэрээ зохицуулж, нөхрөө ирэхэд нь халуун хоол ундтай, цэвэрхэн гэр оронтой угтаж, хүнд итгэж өрөнд орсондоо өөрөө өөрийгөө буруутган, амьхандаа л нөхрөө баярлуулахыг хичээж, өөрийнхөө үйлдлээр уучлал зөндөө гуйж байсан. Миний 15 жил ханилсан хань минь зөвхөн мөнгө төгрөгнөөс болж надаас салах өргөдлөө удаа дараа өгч, шүүх дээр дуудуулан ийм байдалд оруулна гэж төсөөлсөнгүй. Иймээс гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болж байна.Хүүхдийн асрамжийн хувьд би хүүгээ өөрийн асрамжиндаа авна. Нөхөр өглөө гараад орой ирдэг. Тэр бүх хугацаанд би л хүүтэйгээ хамт байсан. Эд хөрөнгийн маргааны хувьд эвлэрсэн. Одоо ганцхан хүүхдээ өөрөө авахыг хүсч байна гэв.
Хариуцагч Д.Дашдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дүү болох Д.Батдорж болон С.Энхтүвшин нарын тохиролцооны дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцны миний өмчлөлийн 50 хувийг дүүгийн хүү Б.Өсөхбаярт шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч нар болох Д.Батдорж, Д.Дашдорж нарын Д.Дашдорж нь уг байрны өөрт ногдох хэсгийг дүү Л.Батдоржийн хүү Б.Өсөхбаярт шилжүүлэхийг зөвшөөрч, хариуцагч С.Энхтүвшин нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэх Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205001352 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, З дугаар хороолол, 23а байрны 67 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байрлах эзэмших эрхтэй газар, байшин, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын Ахмадын өргөөний хойд талд байрлах автомашины гарааш зэрэг 4 үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, шүүхээс хүү Б.Өсөхбаярыг эцэг эхийнх нь хэнийх нь асрамжид үлдээснээс хамаарч хүү Б.Өсөхбаяр нь шүүхээс асрамжинд нь үлдээсэн эцэг эхийн хэн нэгний хамт Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцанд амьдрах боломжоор хангахаар зохигч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдорж нь хариуцагч С.Энхтүвшинд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Батдорж, С.Энхтүвшин нар нь 2001 онд танилцаж, 2002 оноос эхлэн хамтран амьдарч, улмаар 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн гэр бүл болж, 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Өсөхбаярыг төрүүлсэн болох нь Г-368 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ болон №1267 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 16,17 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, хойшид эвлэрэн амьдрахыг хүсээгүй, байнгын хэрүүл маргаантай нөхцлөөс шалтгаалж хүүхдийн хүмүүжилд хохирол учирч болзошгүй, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй, “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргаснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 28-ний өдөр дуусгавар болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс талуудад эвлэрэх 3 сарын хугацаа дахин олгосон боловч талууд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Харин гэрлэгчдийн дундаас 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Өсөхбаярын асрамжийн асуудалд талууд маргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх тэтгэлгийн хэмжээг тогтоох... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
Насанд хүрээгүй хүү Б.Өсөхбаяр нь одоо 14 настай бөгөөд төрсөн цагаасаа эхлэн эцэг эхийн хамт амьдарч ирсэн, түүнийг эцэг эхийнхээ хэнийх нь асрамжид үлдэх талаар шүүхээс асуусан боловч ямар нэгэн санал гаргаагүй /хэргийн 18-19 тал/. Мөн талууд хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаж байгаа хэдий ч хэн алин нь өөрийн тайлбарыг нотлох ямар нэгэн бичгийн баримт болон хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан талуудын тайлбарт үндэслэн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Батдорж нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд, хариуцагч С.Энхтүвшин нь орон сууцны конторт ажилладаг, хэн алин нь тогтсон орлоготой гэх тайлбарыг гаргаж байх ба үүнд зохигч талууд маргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй
Д.Батдорж нь “хүү Б.Өсөхбаярын эх С.Энхтүвшин нь асрамжиндаа авснаар түүний амьдрах хэвийн нөхцөл алдагдана. Учир нь тэрээр бусдад төлөх ихээхэн өр төлбөртэй” гэж тайлбарлаж байх боловч энэ талаар ямар нэгэн бичгийн баримтыг гаргаж өгөөгүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Д.Батдорж нь “...С.Энхтүвшин нь хүү Б.Өсөхбаяртай хамт байх хугацаа нь илүү, эцэг эхийн хуралд суух, багш нартай нь илүү харилцаатай байдаг, хүү Б.Өсөхбаяр эх С.Энхтүвшинд их хайртай, ажлын шаардлагаар хааяа томилолтоор явдаг, өмнө нь 2 жил тусдаа амьдарч байсан...” гэх тайлбарыг гаргаж байх тул гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Б.Өсөхбаярыг эх С.Энхтүвшингийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул эцэг Д.Батдоржоос хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Б.Өсөхбаярыг тэжээн тэтгүүлэх нь насанд хүрээгүй хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Хариуцагч С.Энхтүвшин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж, Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205001352 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 дугаар хороо, З дугаар хороолол, 23а байрны 67 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байрлах эзэмших эрхтэй газар, байшин, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын Ахмадын өргөөний хойд талд байрлах автомашины гарааш зэрэг 4 үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаанд хамтран хариуцагчаар нэхэмжлэгч Д.Батдоржийн төрсөн ах Д.Дашдоржийг татан оролцуулсан.
Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эд хөрөнгийн маргаан дээрээ эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг эвлэрлийн гэрээнд хариуцагч С.Энхтүвшин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205001352 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 дугаар хороо, З дугаар хороолол, 23а байрны 67 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байрлах эзэмших эрхтэй газар, байшин, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын Ахмадын өргөөний хойд талд байрлах автомашины гарааш зэрэг 4 үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Дашдорж нь Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцны өөрийн өмчлөлийг дүү Д.Батдоржийн хүү болох Б.Өсөхбаярын нэр дээр шилжүүлэн, уг байрны өмчлөгчөөр Д.Батдорж, Б.Өсөхбаяр нарыг бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрч, хүү Б.Өсөхбаярыг шүүхээс тогтоосон асран хамгаалах үүрэг бүхий эцэг, эхийн хамт Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцанд амьдрах боломжоор хангахаар зохигч эвлэрсэн байх тул энэхүү эвлэрлийн гэрээний дагуу гэрлэгчдийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс насанд хүрээгүй хүү Б.Өсөрбаярыг эх С.Энхтүвшингийн асрамжид үлдээж шийдвэрлэсэнтэй холбогдуулан талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд зааснаар Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцанд хүү Б.Өсөхбаяр нь эх С.Энхтүвшингийн хамт амьдрахаар зохигч эвлэрснийг дурдав.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлимйн 5.3-д “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэжээ. Иймд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Солгой гарт овогт Дашдондогийн Батдорж /РД:ЦЕ75103074/, Боржигон овогт Сандагсүрэнгийн Энхтүвшин /РД:ЧД73021164/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн дундаас 2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Өсөхбаярыг эх С.Энхтүвшингийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Өсөхбаярыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Батдоржоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5. Хариуцагч С.Энхтүвшин нь Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2205001352 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 15 дугаар хороо, З дугаар хороолол, 23а байрны 67 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байрлах эзэмших эрхтэй газар, байшингийн хамт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын Ахмадын өргөөний хойд талд байрлах автомашины гарааш зэрэг 4 үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч Д.Дашдорж нь Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцны өөрийн өмчлөлийг дүү Д.Батдоржийн хүү болох Б.Өсөхбаярын нэр дээр шилжүүлэн, уг байрны өмчлөгчөөр Д.Батдорж, Б.Өсөхбаяр нарыг бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Улсын бүртгэлийн Ү-2205028174 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 81 дүгээр байр 29 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Батдорж, Б.Өсөхбаяр нарт шилжүүлсүгэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Батдоржоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтүвшинээс улсын тэмдэгтийн хураамжид 70,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдоржид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА