Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

 

 

 

 

 

 

 

   2022        03         31                                   2022/ШЦТ/301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Н-д холбогдох эрүүгийн 2211 00000 0387 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин, “Тиси Моторс” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 1,        тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхийн хаяг:     тоот/, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,

  Б.Н, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Теди" худалдааны төвийн 4 дүгээр давхар, 13-5 тоот Ө.Хаш-Эрдэнийн эзэмшлийн лангуунаас бусдад худалдан борлуулахаар үзүүлж байсан 655.000 төгрөгийн үнэлгээ бүхий "Самсунг А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н нь:

2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Теди" худалдааны төвийн 4 дүгээр давхар, 13-5 тоот Ө.Хаш-Эрдэнийн эзэмшлийн лангуунаас бусдад худалдан борлуулахаар үзүүлж байсан 655.000 төгрөгийн үнэлгээ бүхий "Самсунг А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-З дахь тал/,

-Хохирогч Ө.Хаш-Эрдэнийн “... 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 20 минут орчимд манай лангуун дээр 4 хүн ирсэн. Би бодохдоо гэр бүл байх гэж ойлгосон. 2 нь том хүн, нөгөө хоёр нь сургуулийнх гэж харахаар 2 хүүхэд байсан. Тэгээд тэд нар үнэ тохиролцож үзэж хараад 2 утас авах гээд байх байтал өөр нэг хүн “Самсунг А52 утас ямар үнэтэй вэ гээд асууж орж ирэхээр нь утсаа гаргаад лангуун дээр тавихад үзчихээд лангуун дээр буцааж тавиад явсан...зарах гэж байсан нөгөө хоёр утсандаа дэлгэцэн дээр нь наалт нааж, дагалдах хэрэгслүүд болон баталгааг нь бичиж өгөөд гаргасан...энэ хүмүүсийг гарсны дараа лангууныхаа утаснуудыг шалгатал түрүүн хүн үзсэн Самсунг А52 утас маань байхгүй байсан...тэгээд камераа шүүтэл 2 утас зарсан хүмүүсийн том эрэгтэй хүн нь доош тонгойж утсанд нь дагалдуулж өгөх чихэвч авах хооронд лангуун дээр хүн үзээд тавьж орхисон байсан Самсунг А52 утсыг маань авсныг мэдсэн ...Камерийн бичлэг дээр ч тод харагдаж байгаа...тухайн хүмүүсийн утасны дугаар нь надад бичээстэй байсан учраас би тэр өдөр нь авчраад өгөх болов уу гээд хүлээж байгаад орой нь залгаж холбогдоход эмэгтэй хүн аваад би мэдээгүй юм байна ... цуг явж байсан залуугаасаа асуугаад танд хэлье гээд утсаа салгасан. Маргааш нь яасан бэ ахын дүү гээд залгатал аваагүй гэж байна та өөртэй нь ярьчих гээд надад дугаарыг нь явуулсан ... би тэр залуутай яриагүй шууд цагдаад хандсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-12 дахь тал/,

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дэх тал/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дэх тал/

Шүүгдэгч Б.Н-гийн “...тэгэхээр нь би лангуун дээр байсан Самсунг А52 гар утсыг үзэж байгаа болоод гартаа барьж байгаад тэр чигтээ аваад гарчихсан юм. Тэгээд би хулгайлсан гар утсаа фейсбүүк зар харж байгаад үд таних хүнд 350.000 төгрөгөөр зараад хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дахь тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 31/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 32/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 29/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 47, 48/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Теди" худалдааны төвийн 4 дүгээр давхар, 13-5 тоот Ө.Хаш-Эрдэнийн эзэмшлийн лангуунаас бусдад худалдан борлуулахаар үзүүлж байсан 655.000 төгрөгийн үнэлгээ бүхий "Самсунг А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Ө.Хаш-Эрдэнэ нь “...хохирлоо бүрэн барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Б.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ