Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0276/Э |
Дугаар | 2022/ШЦТ/307 |
Огноо | 2022-04-01 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/307
2022 04 01 2022/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч Д.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2211 00000 0527 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух хаягтай, урьд
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 139 дугаартай Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,
Д.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 13 настай, эрэгтэй, Г.Баяржавхланг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гараараа нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд “хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б нь:
Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 13 настай, эрэгтэй, Г.Баяржавхланг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гараараа нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд “хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Насанд хүрээгүй хохирогч Г.Баяржавхлангийн “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өглөө 08 цагт хичээл ордог бөгөөд 13 цаг 15 минутад тарсан юм. Хичээлээ тараад ангийн хүүхдүүд болох Мөнхтэмүүлэн, Эрдэнэбаяр, Улсболд, Ижилчулуун бид нар сургуулиас гараад 32-н автобусны буудал руу алхаж байсан. Тэгтэл автобусны буудлын хажуугийн явган гүүрэн дээр явж байтал 1 согтуу ах ирээд бид нарыг та нар намайг барахгүй шүү гээд дайраад байсан. Би айгаад зугтаасан бөгөөд Ижилчулуун миний ардаас гүйсэн. Энэ үед нь согтуу ах ирээд намайг эргээд хартал миний хамар луу 1 удаа мөргөсөн. Тэгээд хүмүүс ирээд салгатал нөгөө согтуу ах цагдаа дуудна гэж хэлсэн. Энэ үед утсаа гаргаж ирээд цэнэггүй байна гээд байсан. Тэгтэл манай ангийн хүүхдүүд ирээд цагдаа дуудсан. ...Яагаад хөөсөн талаар мэдэхгүй гэнэт намайг утас авсан гээд хөөгөөд байсан. Намайг барьж аваад мөргөсний дараагаар өөрөө утсаа гаргаж ирээд цагдаа дуудна гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэрч Н.Хишигчимэгийн “...Манай хүү 2008 онд Улаанбаатар хотод төрж 2014 онд Нийслэлийн 57 дугаар сургуульд элсэн орж Ууганчимэг багштай 8а бүлэгт суралцаж байна. Хичээл сурлагадаа идэвхтэй, даруу төлөв зантай, хэлэх үгээ шууд хэлдэг, бусдын үгийг дуулгавартай сонсдог хүүхэд байгаа юм...Манай хүү Ижилчулуун буюу манай эгчийн хүүхэдтэй найзалдаг ба тухайн өдөр Мөнх- Ирээдүй, Мөнх-Тэмүүлэн, Эрдэнэбаяр, Улсболд нартай явж байсан гэсэн...Манай хүү LG-x-2 загварын гар утас барьдаг ба одоогоос 2-3 жилийн өмнө авсан юм...Манай хүү хувийн эмнэлэгт үзүүлж хамрын зургаа авхуулсан мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эх нялхаст хамрын хагалгаанд орсон. Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хамрын чихээсээ авхуулсан юм. Одоо биед нь ямар нэгэн зовуурь байхгүй. 120.000 төгрөгөөр хамрын зураг авхуулж 41.600 төгрөгөөр шаардлагатай эм худалдан авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Ижилчулууны “...Тухайн өдөр Эрдэнэбаяр, Улсболд, Мөнх-Ирээдүй, Мөнх-Тэмүүлэн, Баяржавхлан нарын хамтаар хичээлээ тараад 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-н тойргийн автобусны буудлын баруун талын гүүрний орчимд найзын хамтаар автобус хүлээнгээ ярилцаад бөөндөө зогсож байтал нэг согтуу 30-35 орчим настай нэг согтуу ах бид нар луу дөхөж ирээд та нар намайг барах уу? үзэх үү гэх мэтээр чанга дуугаар хэлсэн. Баяржавхлан миний дэргэд зогсож байсан ба бид хоёр луу тэр согтуу ах дөхөж ирэхээр нь бид хоёр автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгийн ард талд очиж нуугдсан. Би удалгүй эргээд хартал Баяржавхлан миний дэргэд байхгүй байсан учраас би бусад найзууд руугаа орсон. Тэгтэл нэг хүн чангаар орилохоор нь хартал Баяржавхланг хэд хэдэн хүн тойроод зогсож байсан. Очоод хартал хамраас нь цус гарсан мөн уйлсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Улсболдын “...Тухайн өдөр Эрдэнэбаяр, Улсболд, Мөнх-Ирээдүй, Мөнх-Тэмүүлэн, Баяржавхлан нарын хамтаар хичээлээ тараад хөл бөмбөгийн талбай дээр хэсэг байж байгаад 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-н тойргийн автобусны буудлын баруун талын гүүрний орчимд найзын хамтаар автобус хүлээнгээ ярилцаад бөөндөө зогсож байтал нэг согтуу 30- 35 орчим настай нэг согтуу ах бид нар луу дөхөж ирсэн. Тэр ах бид нар луу намайг барах уу? үзэх үү? гэх мэтээр чанга дуугаар хэлсэн. Мөн намайг хоёр гараараа арагш түлхсэн түүнээс болж миний биед гэмтэл учраагүй. Тэр үед Эрдэнэбаяр тухайн ахыг та болиоч гэж хэлсэн. Мөн бид нар луу дайраад байсан учир бид нар тал тал тийшээ гүйж зугтсан юм. Гүйж байхдаа эргэж хартал найзуудыг хаана байгаа талаар хартал Баяржавхланг хэдэн хүн тойрсон зогсож байсан, би дөхөж очоод хартал Баяржавхлангийн хамраас цус гарсан мөн уйлсан байдалтай байсан. Тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ах ямар шалтгаанаар Баяржавхлангийн нүүр лүү дух хэсгээрээ мөргөсөн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн 3309 дугаартай Цагдаагийн ахмад Т.Сэлэнгийн “...Г.Баяржавхлангийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Шүүгдэгч Д.Б-ын “...Би тухайн өдөр 2 эмэгтэй найзтайгаа зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 13 цагийн орчимд тухайн зочид буудлаас гарч 2 эмэгтэй найзыгаа таксинд суулгаж өгөөд 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудлын баруун талын гүүрний баруун үзүүрт би ганцаараа зогсож байгаад самсунг эс 8 плас загварын гар утсаа гадуур хувцасныхаа халааснаас гаргаж ирээд хүнтэй ярихаар дуудлага хийх гэтэл тухайн утасны цэнэг дуусаад унтарсан байсан. Тэр үед тус гүүрний орчимд ойролцоо зогсож байсан 6-7 залуучууд буюу ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд байсан ба тухайн хүүхдүүд сурагч дүрэмт хувцас өмссөн бас үүргэвч үүрсэн байсан Тэдгээр хүүхдүүдээс саарал өнгийн гадуур хувцастай хүүхэд нь амжих уу? гэж чангаар хэлэхээр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн би тухайн хүүхдээс хэнийг вэ? гэж асуутал 6-7 хүүхдүүд над руу дөхөж ирээд гүүрний төмөр хашлага руу намайг шахаад тойрч зогссон юм. Гэтэл тод шар өнгийн өвлийн гадуур хувцас, ноосон малгай өмссөн, амны хаалт зүүсэн, сурагч дүрэмт хувцас өмссөн хүүхэд миний баруун гартаа барьж байсан самсунг эс 8 плас загварын гар утсыг миний гараас булааж аваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтсан. Би ардаас нь гүйж байгаад тэр хүүхдийн хувцаснаас бариад гар утсаа тухайн хүүхдээс булааж аваад нүүр хэсэг рүү нь дух хэсгээрээ нэг удаа мөргөсөн ба намайг духаараа мөргөснөөс болж тэр хүүхдийн хамраас нь цус гарсан. Тухайн хүүхэд 155 см орчим өндөртэй хүүхэд байсан ба би толгой хэсгээрээ тонгойж байгаад нүүр хэсэг рүү нь мөргөсөн юм. Би болсон асуудлын талаар тодорхой санаж байна мөн биеэ хянах чадвартай байсан юм. Тэдгээр хүүхдүүд миний биед ямар нэгэн байдлаар хүрээгүй. Мөн тухайн шар өнгийн гадуур хувцас өмссөн хүүхдээс гар утсаа эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан учир надад гомдол, санал байхгүй. Хүний гар утсыг булаасан учир тухайн үеийн уурандаа шар өнгийн гадуур хувцастай хүүхдийн нүүр хэсэг рүү мөргөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 45/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 74, 75/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Д.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 13 настай, эрэгтэй, Г.Баяржавхланг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гараараа нүүрэн тус газарт цохиж түүний эрүүл мэндэд “хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганболд нь “...165.000 төгрөгийг хохиролд авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэсэн тул хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 14.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулж Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 14.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-аас гаргуулж Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Б-д нь хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ