Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-2 байр 36 тоотод оршин суух, Боржигон овогт Гансүхийн Хэрлэн /РД:ЦЖ69092566/-гийн хүсэлттэй,

           О.Өнөржаргалыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Г.Хэрлэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Хэрлэн миний бие О.Өнөржаргалтай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийг хүүгүй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. О.Өнөржаргал нь тухайн үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамжны 04 байрны 60 тоотод оршин сууж, хуваариа ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш зээлийн хугацааг 2017 оны 3 дугаар сар хүртэл амаар харилцан тохиролцож сунгасан. Энэ хугацаанд 11,000,000 төгрөгийг хэсэгчлэн өгсөн хэдий ч 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.  Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо оршин суух хаяг дээрээ байхгүй, гэрийн хаягаар удаа дараа очиход нөхөр нь бид тусдаа амьдарч байгаа хэмээн хэлдэг. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир О.Өнөржаргалыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Г.Хэрлэн нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Өнөржаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Г.Хэрлэн нь “О.Өнөржаргалыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

       О.Өнөржаргал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хариуцагч нь өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 04-60 тоот хаягт бүртгэлгүй болох нь  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. 

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Өнөржаргалын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Г.Хэрлэнгийн  “О.Өнөржаргалыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.Хэрлэнгийн  хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Суурь бодонгууд овогт Онолтуяагийн Өнөржаргал /РД:ЖЗ81090409/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Суурь бодонгууд овогт Онолтуяагийн Өнөржаргал /РД:ЖЗ81090409/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА