Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/316

 

 

 

 

 

 

 

 

  2022        04          04                                     2022/ШЦТ/316

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

улсын яллагч Б.Дөлгөөн,

өсвөр насны шүүгдэгч Х.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч М.Наран-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Х.Ө-д холбогдох эрүүгийн 2211 00000 0275 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 17 нас 4 сар 3 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын сургуулийн 46 дугаар сургуулийн сурагч, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт              тоот/, урьд ял шийтгэлгүй,

  Х.Ө /РД /.

Холбогдсон хэргийн товч утга:

Өсвөр насны шүүгдэгч Х.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, баруун санчигны зулгаралт, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Х.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, баруун санчигны зулгаралт, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Х.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маш их гэмшиж байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан...” гэв.

Шүүхэд хандаж эцсийн үгэндээ: Энэ жил 12 дугаар анги төгсөнө.Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Цаашдаа Дотоод хэргийн их сургуульд суралцах тул эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Наран-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:Миний хүүхэд их хүмүүжилтэй, гэр орныхоо бүх зүйлийг авч явдаг.Ийм зүйл болсонд маш их харамсаж байна гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Насанд хүрээгүй хохирогч М.Ган-Эрдэнийн “...2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд ганцаараа явж байхад нэг үл таних эрэгтэй 17-19 насны хүүхэд нэг 6-7 настай эмэгтэй хүүхдийн хамт явж байсан бөгөөд өнөөх 6-7 настай жоохон эмэгтэй хүүхэд нь зөрөхдөө миний мөрийг гараараа мөрлөсөн. Тэгсэн өнөөх 17-19 насны эрэгтэй хүүхэд намайг ирж мөрлөснөө яасан энэ тэр гээд хэл амаар доромжилж байгаад өнөөх 6-7 насны эмэгтэй хүүхдэд малгайгаа тайлж бариулснаа шууд миний зүүн талын нүд рүү 1 удаа гараараа цохиод, баруун талын хацар хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд, тонгойлгож байгаад миний толгой дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

Гэрч К.Хүрэлтогоогийн “...2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1001ж тоотод байсан бөгөөд манай том хүү Х.Ө нь дүү Энэрэлийн хамт дэлгүүр явсан. Тэгээд Х.Ө, Энэрэл нар нь дэлгүүр яваад дэлгүүрээс ирэх замдаа танихгүй хүүхэдтэй муудалцсан гэж хэлсэн. Х.Ө нь надаа бол зодоон хийсэн гэх зүйл яриагүй ээ. Тэгээд гэртээ байж байтал манай эхнэр Наран-Эрдэнэ нь гадаа хүнтэй муудалцаад байх шиг байхаар нь гайхаад гараад хартал манай хашааны гадаа хоёр танихгүй эрэгтэй хүүхэд ирчихсэн, манай хүү Өгөөдэйтэй юм яриад зогсож байхаар нь би гэрээс гараад Х.Ө гэгчийг хоёр танихгүй хүүхэд нийлээд зодох гэж байгаа юм байх гэж бодоод өнөөх хоёр хүүхэд рүү нь уурласан. Тэгсэн харин нэг эрэгтэй хүүхэд нь ахаа танай банди чинь намайг зодсон шүү дээ гэж хэлэхээр нь би юу болсон талаар нь асуугаад Х.Өг нөгөө хүүхдээс уучлалт гуй гэж хэлж уучлалт гуйлгуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №1861 дугаартай: “...М.Ган-Эрдэнийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, баруун санчигны зулгаралт, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс өмнө 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/,

Өсвөр насны шүүгдэгч Х.Ө-н “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Ган-Эрдэнийн зүүн талын хацар хэсэгт хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,  

Өсвөр насны шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 36/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 34/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 37, сурагчийн хувийн хэрэг /38/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар Өсвөр насны шүүгдэгч Х.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас М.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, баруун санчигны зулгаралт, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Ган-Эрдэнийн биед “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, баруун санчигны зулгаралт, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс өмнө 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэргээр энэ гэмт хэргийн обьектив талын шинж бүрэн тогтоогдсон байна.

Мөн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч өсвөр насны шүүгдэгч Х.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Х.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Харин өсвөр насны шүүгдэгч Х.Ө-н өмгөөлөгч энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдлын зүгээс 12 дугаар ангид сурдаг, сурлага сайтай-шилдэг сурагч тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлт шүүхэд танилцуулсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас өсвөр насны шүүгдэгч Х.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж түүний ерөнхий боловсролын 46 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Х.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. 130.000 төгрөг авсан..”, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 150.000 төгрөгийг төрийн сангийн 100900020080 дугаар дансанд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн байх тул өсвөр насны шүүгдэгч Х.Өг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Х.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч   Х.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Х.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч Х.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ