Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 

 

 

 

 

 

­

 

  2022       04         04                                     2022/ШЦТ/309

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, шүүгдэгч А.Б /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн “2211 00147 0539” дугаартай, 186/2022/0278/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын      29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 048-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баруун тасганы 14 дүгээр хороо, Нарт хотхоны 95 дугаар байр, 02-17 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, А.Б/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 03-265 тоотод Ө.Батцэцэгийн 1.044.905 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэг:    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг

         1.1 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхгүй” гэв.


         Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Батцэцэгийн:.. би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Ж.Мөнгөнчимэгийн хамт караокед сууж байгаад үл таних 2 залуутай танилцсан. Тэгээд тэр 2 залуугийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Бадар-Ууган гэх нэртэй зочид буудалд орсон маргааш нь тэр буудлаасаа гарч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн         03-265 тоотод ирж архи ууж байгаад үл таних нэг залуу нь миний гар утсыг аваад явсан буцааж өгөөгүй. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг      /хх-ийн 14-15 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Санжаагийн:..2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний бие өөрийн найз Баасанхүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх Бадаруун төвд байх буудалд хоёр эмэгтэйн хамт ороод архи уусан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх нөгөө хамт байсан эмэгтэйн гэрт нь Баасанхүү  болон хоёр эмэгтэйгийн  хамт архи ууссан. Би нилээд согтсон тухайн айлаасаа гараад нэг таксинд суугаад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 3-17Б тоотод очоод унтаад өгсөн. Тэрнээс хойш Баасанхүүтэй уулзаагүй. Би утсаар болон фейсбүүкээр харьцдаг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,

           2.3. Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28 дугаар тал/,         

           2.4. Баялаг дэлгэрэх ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /хх-ийн 40 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн  49 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28 дугаар тал/, Баялаг дэлгэрэх ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, шүүгдэгч нь шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч Ө.Батцэцэг нь А.Бгээс нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэж шүүхэд бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 03-265 тоотод Ө.Батцэцэгийн 1.044.905 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - хохирогч Ө.Батцэцэгийн:.. би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Ж.Мөнгөнчимэгийн хамт караокед сууж байгаад үл таних 2 залуутай танилцсан. Тэгээд тэр 2 залуугийн хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших  Бадар-Ууган гэх нэртэй зочид буудалд орсон маргааш нь тэр буудлаасаа гарч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 03-265 тоотод ирж архи ууж байгаад үл таних нэг залуу нь миний гар утсыг аваад явсан буцааж өгөөгүй. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар тал/,

           - гэрч Б.Санжаагийн:..2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний бие өөрийн найз Баасанхүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байх Бадар-ууган төвд байх буудалд хоёр эмэгтэйн хамт ороод архи уусан...би нилээд согтсон тухайн айлаасаа гараад нэг таксинд суугаад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 3-17Б тоотод очоод унтаад өгсөн. Тэрнээс хойш Баасанхүүтэй уулзаагүй. Би утсаар болон фейсбүүкээр харьцдаг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,

       -  Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28 дугаар тал/,                        

      -  Баялаг дэлгэрэх ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй А.Бгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Бг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж А.Бд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүхээс шүүгдэгч А.Бг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ө.Батцэцэг нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд  бичгээр гаргаж өгсөн байх тул  шүүх шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, учруулсан хор уршигийг арилгасан байна гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч А.Б-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан   “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бнг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч А.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

             

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ