Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/310

 

 

 

 

  2022        04        04                                  2022/ШЦТ/310

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Ц.Майбаяр, өсвөр насны шүүгдэгч Д.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч С.Болормаа, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, насанд хүрээгүй хохирогч Б.Маргад-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярцэцэг нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Өд холбогдох эрүүгийн “2211 00000 0027” дугаартай, 186/2022/0259/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11а ангид сурдаг, ам бүл 5, эцэг эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Ө,

Холбогдсон хэргийн талаар:

           Өсвөр насны шүүгдэгч Д.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 07 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн хичээлийн байранд насанд хүрээгүй хохирогч Б.Маргад- Эрдэнийг “ах захаа мэдэх үү” гэж гараараа нүүрэн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Өсвөр насны шүүгдэгч Д.Ө нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Тухайн үед манай ангийн Алтанхуяг гэдэг хүүхэд Маргад-Эрдэнийг дуудаж ирсэн байсан. Тэгсэн ангийн гадаа Маргад-Эрдэнэ гэдэг хүүхдийн дуу хадаад байсан. Тэгэхээр нь би гараад “...чи хэдэн настай билээ. Би хэдэн настай билээ...” гэж хэлээд 2-3 удаа алгадсан. Тэгээд удалгүй 00 ороход Маргад-Эрдэнэ нүүрээ угаагаад цусаа арилгаж байхаар уучлал гуйсан гэв.

           1.2. Насанд хүрээгүй хохирогч Б.Маргад-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярцэцэг нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өглөө энэ хэрэг үйлдэгдсэн. Би хүүхдийнхээ сургууль дээр нь очоод шүүгдэгчийн ээжтэй уулзсан. Тухайн үед манай хүүхдийн хамар нь хөхөрсөн байсан. Би тухайн үед хугарсан гэж арай ч бодоогүй учраас адилхан эрэгтэй хүүхдүүд гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би хүүхдээ дагуулаад гэмтлийн эмнэлэгт очиход хамрын яс нь 3 удаа хугарсан байсан. Би шүүгдэгчийн ээж рүү ярихад “...би хугал гэж хэлээд хугалуулаагүй...” гэж хэлсэн. Түүний дараа хагалгаанд орохын өмнө нь би шүүгдэгчийн ээжтэй ярихад “...чи мөнгө нэхээд байх юм...” гэж хэлж байсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Шүүгдэгч талаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насаны хохирогч Б.Маргад-Эрдэнийн:..өнөөдөр өглөө 07:10 цагийн орчим сургууль дээрээ ирээд ангидаа сууж байхад найз Батсүх 8д анги руу яваад хүнтэй уулзчихаад ирэх үү гэхээр нь тэгье гээд бид хоёр хамт 2 давхраас буухаар явж байхад араас нэг ах  хөөе гээд дуудахаар нь зоссон тэгээд зогсож байсан чинь хүлээж байсан ангиас 2, 3 ах гарч ирсэн. Тэр дунд байсан том биетэй ах хүрч ирээд “чи ах захаа мэдэх үү” гэж хэлээд гараараа миний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиод авахаар нь би юу болж байгаа юм болоо гэж гайхаад, толгой эргээд, хамраас цус гарсан. Би Тэмүүлэн гэх хүүхдийг танихгүй. 2021 оны 12 дугаар сарын         03-ны өдөр сургуулийнхаа 2 дугаар давхарт байж байсан чинь Тэмүүлэн гэдэг ах миний хажууд ирээд “муу пизда минь үеэ мэдээрэй, дүү рүү янз бүрийн чат бичих ээ болиорой, та нар шиг хүүхдүүд томрох болоогүй шүү” гэж хэлээд миний гэдэс рүү гараараа нэг удаа цохиод, зүүн шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь биеэ хамгаалахаар Тэмүүлэнтэй зууралдаад байж байтал багш нар гарч ирээд салгасан. Тэгээд бид хоёр,  хоёр тийш салаад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 7, 87  дугаар тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Э.Батсүхийн:...2021 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 07:00 цаг өнгөрч байхад биеийн тамирын заал орохоор сургуулийнхаа 2 дугаар давхарт хамт алхаад явж байсан чинь тэр ангийн хүүхэд Өсөх-Ирээдүйн ангиас гарч ирээд       Маргад-Эрдэнэ рүү хандаж ахын дүү ах нар руугаа асахгүй шүү гэж хэлээд баруун гараараа эхлээд 2 удаа алгадаад, 3 дахь удаад гараа атгаж байгаад хамар хэсэг рүү нэлээн хүчтэй цохисон. Тэр үед манай найз Маргад-Эрдэнэ хойш тэнцвэр алдаж саваад хана мөргөсөн. Тэр үед хамраас нь цус гарч бид 2 хамтдаа ариун цэврийн өрөө рүү очиж хамрын цусыг нь тогтоох гэсэн боловч тогтоогүй бараг 20-30 минутын хугацаанд цус гарч хамраа нойлын цаасаар бөглөсөн боловч цус нь тогтохгүй нэлээн удаан ариун цэврийн өрөөнд зогссон. Тэгээд хамрынхаа цусыг арай чүү гэж тогтоогоод би хамрыг нь харахад аймар улайгаад эвгүй болчихсон байсан гэх мэдүүлэг./хх-ийн 32-33 дугаар тал/, 

          2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн:...би яг тэр өдрийн он сарыг сайн санахгүй байна. Сургууль дээр байж байхад манай сургуулийн нэг хүүхэд “Маргад-Эрдэнэ гэдэг хүүхэд надруу сонин сонин чат бичээд болохгүй байна” гэхээр нь тухайн                Маргад-Эрдэнэ гэдэг хүүхэдтэй очиж уулзаад “битгий янз бүрийн чат бичээд бай, дахиад янз бүрийн чат бичиж болохгүй шүү” гэж хэлэхэд Маргад-Эрдэнэ миний урдаас хэгжүүрхээд байхаар нь элэг рүү нь нэг удаа цохиж, Маргад- Эрдэнэ миний өөдөөс харилцсан цохисон. Тэгээд би бас түүний гэдэс хэсэгт ганц нэг цохилцож байтал багш нар гарч ирээд бид хоёрыг салгасан....надтай зодолдоход болон зодоон хийсний дараа Маргад-Эрдэнийн биед ямар нэгэн ил харагдаж байгаа гэмтэл шарх юу ч байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 89 дүгээр тал/,

          2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Б.Маргад-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.      

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч О.Нансалмаа гэжээ.  /хх-ийн 11-12 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1.Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч:...Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 7 дугаар хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийн 29 дүгээр хуудас, 2 дахь камерын бичлэг хавтаст хэргийн 76 дугаар хуудас, багш Рэгзэдмаагийн мэдүүлэг хавтаст хэргийн 36 дугаар хуудас, шинчээж Нансалмаагийн мэдүүлэг хавтаст хэргийн 38 дугаар хуудас, ял шалгах хуудас хавтаст хэргийн 32 дугаар хуудас, өсвөр насны яллагдагч Өсөх-Ирээдүйн хувийн байдалтай холбоотой баримт хавтаст хэргийн 55-73 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

       3.2. Улсын яллагч:..Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гэмт хэргийн 1 Хохирогч Маргад-Эрдэний мэдүүлэг хавтаст хэргийн 7 дугаар хуудас, 87 дугаар хуудас, гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэргийн 34 дүгээр хуудас, хавтаст хэргийн 89 дүгээр хуудас, хавтаст хэргийн 37 дугаар хуудас, шинжээч эмчийн дүгнэлт хавтаст хэргийн 38 дугаар хуудас, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийг 20-76 дугаар хуудас, яллагдагч Өсөх-Ирээдүйгийн мэдүүлэг хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас, ял шалгах хуудас хавтаст хэргийн 32 дугаар хуудас, нас тоолсон тэмдэглэл хавтаст хэргийн 45 дугаар хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн эмчилгээний баримт хавтаст хэргийн 38 дугаар хуудас, эмийн сангаас эм авсан баримт хавтаст хэргийн 49 дүгээр хуудас, хохирлыг талаарх баримт хавтаст хэргийн 51 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Өсвөр насны шүүгдэгч Д.Ө нь 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 07 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн хичээлийн байранд насанд хүрээгүй хохирогч Б.Маргад- Эрдэнийг “ах захаа мэдэх үү” гэх шаалтгаанаар  гараараа түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулан,  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - өсвөр насаны хохирогч Б.Маргад-Эрдэнийн:..Өнөөдөр өглөө 07 цаг 10 минутын  орчим сургууль дээрээ ирээд ангидаа сууж байхад найз Батсүх 8д анги руу яваад хүнтэй уулзчихаад ирэх үү гэхээр нь тэгье гээд бид хоёр хамт 2 давхраас буухаар явж байхад араас нэг ах  хөөе” гээд дуудахаар нь зогсож байсан чинь хүлээж байсан ангиас 2, 3 ах гарч ирсэн. Тэр дунд байсан том биетэй ах хүрч ирээд “чи ах захаа мэдэх үү” гэж хэлээд гараараа миний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиод авахаар нь би юу болж байгаа юм болоо гэж гайхаад, толгой эргээд, хамраас цус гарч байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 7, 87  дугаар тал/,

          - насанд хүрээгүй гэрч Э.Батсүхийн:...2021 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг өнгөрч байхад биеийн тамирын заал орохоор сургуулийнхаа 2 дугаар давхарт хамт алхаад явж байсан чинь тэр ангийн хүүхэд Өсөх-Ирээдүй ангиас гарч ирээд Маргад-Эрдэнэ рүү хандаж ахын дүү ах нарлуугаа асахгүй шүү гэж хэлээд баруун гараараа эхлээд 2 удаа алгадаад 3 дах удаад гараа атгаж байгаад хамар хэсэг рүү нэлээн хүчтэй цохисон тэр үед манай найз Маргад-Эрдэнэ хойш тэнцвэр алдаж саваад хана мөргөсөн... гэх мэдүүлэг./хх-ийн 32-33 дугаар тал/, 

          - насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн:...надтай зодолдоход болон зодоон хийсний дараа Маргад-Эрдэнийн биед ямар нэгэн ил харагдаж байгаа гэмтэл шарх юу ч байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 89 дүгээр тал/

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 11-12 дугаар тал/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  хохирогчийг  “ах захаа мэдэх үү” гэх шалтгаанаар  нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Өн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч, болон түүний өмгөөлөгчийн зүгээс  хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс камерын бичлэгт алагдаж байгаа бичлэг байгаа түүнээс нүүрлүү нь гараараа  цохиж байгаа нь харагддаггүй юм иймд дээрх алагдалтын улмаас хохирогчид дээрхи гэмтэл учрах эсэхийг мэдэхгүй  байна гэхдээ бид гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж  мэтгэлцсэнийг  тэмдэглэх нь зүйтэй байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн  өмгөөлөгчийн зүгээс дээрхи хохирогчид учирсан гэмтэл алагдалтаас үүсэх эсэхийг тодруулах зорилгоор шүүх хуралдаанд  шинжээч  эмчийг  оролцуулах эрхтэй  бөгөөд энэ талаар хүсэлт гаргаагүйг шүүх дурьдаж  шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Өг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  8.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал дүгнэлт гаргасныг  шүүгдэгч  болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч энэ талаарх  дүгнэлтээ шүүх хуралдаанд гаргаж байгааг дурдах  нь зүйтэй байна.

Ингээд шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг  олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад өсвөр насны шүүгдэгч Д.Өг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн  буруутай үйлдлийн  улмаас  хохирогч Б.Маргад-Эрдэнийн биед учирсан гэмтлийг  эмчлүүлэхэд гарсан зардал болох 259.130 /хоёр зуун тавин есөн мянга нэг зуун гучин/ төгрөгийг  гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат дууссаны  дараа  шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Болормаагийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярцэцэгт 259.130 төгрөгийг төлж барагдуулсан  байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Өг бусдад учруулсан хохирлыг  төлж барагдуулсан гэм хорыг  арилгасан байна гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярцэцэг нь Б.Маргад-Эрдэнийн биеийг эмчлүүлэхэд цаашид гарах эмчилгээний зардлаа  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй  болохыг дурьдаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Д.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Өг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгчдэгч Д.Өн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

          4. Өсвөр насны шүүгдэгч Д.Ө нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч Д.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Өсвөр насны шүүгдэгч Д.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Өсвөр насны хохирогч Б.Маргад-Эрдэнэ болон түүний хууль ёссны төлөөлөгч Б.Баярцэцэг нар нь цаашид  гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

          10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ